Нийтлэл 06 сарын 22, 2020

Ардчилсан улсын нэгэн иргэний хувиар бусад иргэддээ уриалах нь

Иргэдийг, ялангуяа залуучуудыг сонгуульд оролцохыг уриалж буй нь сайн хэрэг. Сонгуульд саналаа зүгээр нэг өгөөд зогсохгүй, саналаа ХАРИУЦЛАГАТАЙГААР өгөх нь илүү чухал. Юуны тулд өөрсдийн элчийг парламентад сонгож буйгаа анхаараасай хэмээн ардчилсан улсын иргэний хувиар бусад иргэддээ уриалж хэдэн зүйл хэлье.

2020.06.24-нд болох УИХ-ын ээлжит сонгууль бол маш хариуцлагатай үйл явдал. Нэгд, УИХ нь бусад парламентын нэгэн адил ард түмнийг төлөөлөх, хууль батлах, төсөв батлах, Засгийн газрын үйл ажиллагааг хянах гэсэн дөрвөн чиг үүрэгтэй. Эдгээр чиг үүргийг гүйцэтгэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэдгээ амьдрал үйл ажиллагаагаараа харуулж буй нэр дэвшигчдийг нас, хүйс үл хамааран сонгох хэрэгтэй. Залуу л бол мундаг, эмэгтэй л бол сонго гэх туйлшрал агуулга талаасаа утгагүй төдийгүй парламент өөрөө ард түмний өөр өөр бүлгийг тэнцвэртэй төлөөлж байх гэсэн мөн чанарт харш. Хоёрт, сүүлийн 20-иод жил яригдсан олон асуудлыг шийдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 онд баталсан. Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай ажиллах нөхцөлийг хангахын зэрэгцээ Засгийн газарт тавих УИХ-ын хяналтыг сайжруулах, хууль тогтоох ажиллагааг чанаржуулах, мөн шүүхийг илүү хараат бус, хариуцлагатай болгох олон заалт батлагдсан. Энэ нэмэлт өөрчлөлтийг дагаж гарах 40 гаруй хуулийг батлах ажлыг шинээр байгуулагдах УИХ хийнэ. Тэгэхээр эдгээр хуулийг батлахад хувь нэмэр оруулах нам, эвсэл, нэр дэвшигчдийг олноор сонгоосой гэж судлаачийн хувьд боддог.

УИХ-д сонгогдох энэ хоёр шалгуурыг сайн хангаж байгаа нэр дэвшигчид цөөнгүй бий. Тухайлбал, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, С.Бямбацогт, Н. Батбаяр хууль шүүхийн тогтолцоог хүний эрхийн төлөө ажилладаг болгох үйлсийг урагшлуулсан Х.Тэмүүжин, 2011 оны сонгуулийн шинэчлэл (сонгуулийн холимог тогтолцоо, гадаадад буй иргэдийн санал өгөх эрх гэх мэт)-ийг түүчээлсэн Ж.Сүхбаатар зэрэг туршлагатай улс төрчид УИХ-д сууж байх хэрэгтэй. Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх залуу хуульчдын төлөөлөл Ж.Эрхэмбаатар, Б.Гүнбилэг, Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх улс төр судлаач Ц.Мөнхцэцэг, боловсролын салбарын хөгжил, шинэчлэлийг эрчимжүүлэх мэргэжилтний төлөөлөл Ч.Ундрам, П.Наранбаяр гээд олон нэр дэвшигчдийг дурдаж болно.

УИХ-д сонгогдох наад захын шалгуур бол Үндсэн хуульт байгуулалд үнэнч эсэх юм. Нэгд, 1992 оны Үндсэн хуулийн амин сүнс болсон парламентын ардчиллаас татгалзах, ерөнхийлөгчийн нэртэй дарангуй дэглэмд шилжихэд чиглэсэн мөрийн хөтөлбөртэй эсхүл ийм үйл ажиллагаа олон жил явуулж ирсэн нам, эвсэл, нэр дэвшигч (“Та бидний эвсэл,” уг эвслээс нэр дэвшигчид, мөн АН-аас нэр дэвшигч З.Энхболд гэх мэт)-ийг ерөөс сонгож болохгүй. Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэх бүүхэл нураахаа ил тод илэрхийлж байсан этгээдүүд эсхүл эдгээртэй хамтрагчид нь хэчнээн залуу, боловсролтой, мундаг байлаа гээд тэднийг эрх мэдлээс хол байлгах хэрэгтэй. Энэ бол энгийн, ойлгомжтой зарчим. Хоёрт, хүний эрхийг шууд үгүйсгэгчид нэр дэвшиж байна. Нэр алдар олж авахын тулд бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийг сөхдөг төдийгүй цаазаар авах, хөнгөлөх замаар энэ сөрөг үзэгдлийг шийдчих мэтээр ул үндэслэл муутай, ёс зүйгүй зүйл ярьдаг улс төрчдийг бүү сонгоосой. Жишээлбэл, ийм зүйл ярьж ирснээрээ алдартай Г.Уянга, Р.Булгамаа нар сонгогдвол үүнийгээ л хийх байх гэдгээс болгоомжилж байна. Гуравт, бусдын бие махбод, өмч хөрөнгөнд халдах, ялгаварлан гадуурхах ажиллагааг зохион байгуулалттай хийж ирсэн, асуудлыг хүчирхийллийн аргаар шийддэг буюу үүнд уриалдаг бүлэг хүмүүс (жишээлбэл, “Босоо хөх Монгол”-оор овоглогчид) нэр дэвшиж байна. Энэ мэт хүмүүс сонгогдвол асуудлаа шийдэх биш бүр дордуулах нь бараг тодорхой. Та бүхэн ялгаж салгаад сонголтоо зөв хийнэ гэж найдна.

Үндсэн хуульт ардчилал өөрөө дархлаатай байх хэрэгтэй. Юуны өмнө, ардчиллын үнэт зүйл, Үндсэн хуульт байгууллын эсрэг ил ажилладаг намуудаас сэрэмжтэй байх хэрэгтэй. Уг нь, нам өөрөө ийм бурангуй юмыг саармагжуулж байх ёстой. Үндсэн хуульт байгууллын эсрэг мөрийн хөтөлбөр гаргах нь битгий хэл ийм санаатай нь тодорхой хүнийг нэр дэвшүүлэхээс татгалзаж, дотроо шүүрдэж байх ёстой. Гэтэл манайд намууд тэгж шүүрдэж чадахгүйгээр өөрийн төлөөллийн хүмүүсээ нэр дэвшүүлж байна. 1992 оны Үндсэн хуульд үнэнч биш нэгнийг 2017 онд төрийн тэргүүнд нэр дэвшүүлж сонгочхоод үндсэн хуульт байгууллаа яаж хамгаалах вэ гэж зовж байна. Гэтэл УИХ-д ийм хүмүүсийг дахиад олноос сонговол юу болох вэ? Эцэстээ, эрхээ эдэлж сонголтоо нухацтай хийх замаар ардчиллаа хамгаалах хариуцлага иргэд бидний өмнө тулгарч байна. Сонгуульдаа идэвхтэй оролцож, Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэн улсаа тогтвортой хөгжүүлэх хүмүүсийг ард түмний элчээр сонгоцгооё.

Жич: Үндсэн хуульт ардчилал судалдаг хүний хувьд урьд өмнө нь улс төрийн сонгуулийн ажиллагаанд ийм олон тодорхой хүнийг дурдан дэмжиж болон эсэргүүцэж оролцож байсангүй ээ. Гэхдээ, үндсэн хуульт ардчиллаа бэхжүүлээд урагшлах уу, үгүй юу гэдэгт энэ удаагийн сонгууль шийдвэрлэх үүрэгтэй тул энэ наад захын шалгуурыг хэлээд зогсохгүй үүнийг хангасан эсэхийг нэр цохон дурдахаас өөр сонголт надад үлдсэнгүй.

 

 

Сэтгэгдэл бичих

    • Zochin
    • 2020-06-23

    Chi zugeer l MAN-aa demjiye geech dee, hudlaa sur sur shaagaad. Bair suuri, erh medlee aldchih vii geed uheh gej bgaag chin medne. Ta nariin tugsgul irne, tsag hugatsaanii l asuudal. Tevcheertei huleej bai

arrow icon