Нийтлэл 06 сарын 21, 2020

СОНГОГЧДОД: Шинэ хүнд саналаа өгье!

Хаа сайгүй сонгууль, улстөр ярьсан хүмүүс. Энэ бол зөв үзэгдэл, сонгуулийн үеэр л улстѳр ярихгүй бол өөр хэзээ ярих вэ? Олон нам эвсэл, сайн муу нэр дэвшигчдээс “хэнийг сонгох вэ?” гэхээсээ “ямар шалгуураар сонгох вэ?” гэдэг нь илүү нухацтай бодоход, илүү сайн сонголт хийхэд туслах болов уу. Олон суртал ухуулга явж байгаа дунд ойлгомжтой, зѳв мэт боловч илүү гүнзгий бодох шаардлагатай дараах 5 зүйл байна. Мөн төдийлөн яригдахгүй байгаа нэг чухал зүйл байна.

Залуус идэвхтэй саналаа өгье!

Энэ мэдээж зөв. Гэхдээ гол асуудал бол сонгогчийн биологийн нас, эсвэл сонгуулийн ирц биш гэдгийг санах хэрэгтэй. Хүн амын суваргаа харвал Монголд хөгшчүүл нь угаасаа цөөн (нийт хүн амын 90% нь 50-аас доош настай, сонгогчдын 60% нь 40-өөс доош настай). Мөн сонгуулийн ирц 70%+ гэдэг дэлхийн жишгээр муу үзүүлэлт биш. Монголд сонгогчдын нас, санал өгдөг хүний тоо гэхээсээ сонголтын чанар, сонгогчийн боловсрол гол асуудал болсоор ирсэн. Нэр дэвшигч ямар ч муу байж болно, харин хэнийг гаргаж ирэхийг сонгогчид шиидэх тул “Ямар ард түмэн байна тийм төр байдаг”. Иймд ямар үзэл баримтлал, үнэт зүйл, итгэл үнэмшил, шалгуураар сонголтоо хийхээ мэдэхгүй, сайн муу нэр дэвшигчийг ялгаж салгах судалгаагаа хийх чадваргүй бол залуу хүн байлаа гээд илүү сайн сонголт хийхгүй, сайн үр дүн хүлээх хэцүү. Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэхдээ хариуцлагатай сонголт хийж чадахгүй залуусыг Монголын ирээдүй гэж хэлэх хэцүү, улс орны ирээдүй бүрхэг.

Боловсролтой хүнд саналаа өгье!

Боловсрол мэдээж чухал. Гэхдээ зайлшгүй хүчин зүйл болохоос хүрэлцээтэй нөхцөл биш тул дараах “алтан дүрэм”-ийг бодууштай: "Мэдлэгтэй сайн хүн, Мэдлэггүй сайн хүн,  Мэдлэггүй муу хүн, Мэдлэгтэй муу хүн. Өөрөөр хэлбэл, муу хүн сайн мэдлэгтэй бол чөтгөрт зэвсэг бариулсантай ижил. Тэгээд эрх мэдэл атгуулах цагт юу болох нь тодорхой. Мэдэхгүйгээсээ болоод юм хийхгүй тохиолдолд “алдагдсан боломж” үүсдэг бол бодлогын түвшинд буруу зүйл хийх нь улс орны хувь заяанд бодит хохирол, аюул учуулна. Компаниуд зөвхөн дипломоор нь хүнийг ажилд авдаггүйтэй адил УИХ-д суух хүний хувьд боловсрол бол зөвхөн нэг л шалгуур.

Шинэ хүнд саналаа өгье!

Олон жил юм хийгээгүй, үр дүн гаргаж чадаагүй бол хуучин хүнийг солих нь мэдээж зөв. Гэхдээ дан ганц "шинэ" гэдэг нь мөн л сонгох хангалттай нөхцөл биш. Нэг л өглөө сэрээд хууль баталдаг хүн больё гээд нэр дэвшээгүй нь тодорхой. Цаана нь ямар эрх ашиг, мотив байна вэ, нийтийн албанд зүтгэхийг зорьсон тэр шалтгаан нь чухал. Тэгээд мэдээж ѳдийг хүртэл юу хийж ирсэн, аль салбарын ямар асуудлыг яаж шийдэх төлөвлөгөөтэй, тэр нь биелэх боломжтой эсэх нь чухал. Олон нийтэд танигдаагүй, сонгогчид мэдэхгүй байж болох ч ядаж ажилладаг салбартаа, мэргэжлийн хүрээлэлдээ ямар нэр хүндтэй вэ гэдэг нь чухал. Олигтой хийсэн зүйл байхгүй, ирээдүйн зүг чигээ мэдэхгүй, зүгээр л эрх мэдэлд хүрье л гэсэн хүнд төрийн жолоо атгуулах нь оновчтой сонголт гэхэд хэцүү.

Мэргэжлийн хүнд саналаа өгье!

Мэдлэг мэргэжилгүй хүнд юу найдах вэ, энэ мэдээж зөв. Гэхдээ яг ямар мэргэжил? Бөх ч мэргэжил, жүжигчин дуучин ч мэргэжил. Хүн сайн амарч цэнэг авч байж ажлаа сайн хийнэ, үүнд спорт урлаг чухал үүрэгтэй, бодлогын түвшинд авч үзэх ёстой л зүйл. Хууль батлах учраас зөвхөн хуульч, эсвэл улс орныг хөгжүүлэхийн тулд заавал инженер эсвэл эдийн засагч байх ёстой юу? (90 оноос Монголын парламентад инженер, хуульч, эдийн засагч мэргэжилтэй хүмүүс хамгийн олон байсан). Улстөрч болгоны ярьдаг "ард түмний амьдрал, амьжиргаа" гэхээр эдийн засагтай мэдээж шууд холбогдоно. Эдийн засгийг сайн байлгахын тулд эрүүл, бүтээмжтэй ажиллах хүч; чанартай үйлдвэрлэл үйлчилгээний дэд бүтэц; технологи болон ноу-хау, үр ашигтай санхүүгийн систем, бизнесийн, хөрөнгө оруулалтын, татварын сайн орчин; төв банк, шүүх гм хараат бус институциуд; гадаад улс орнуудтай дипломат болон худалдааны, санхүүгийн харилцаа гээд маш олон зүйлийг сайн байлгах шаардлагатай. Ард түмнийг ядаж санхүүгийн хувьд сайхан амьдруулъя гэвэл элдэв халамж, хямд зээл, өндөр орлого амлах бус эдгээр суурь хүчин зүйлсийг нэг нэгээр нь сайжруулах зайлшгүй шаардлагатай (Гэхдээ эцсийн эцэст хувь хүн өөрөө хичээж зүтгэж, ажил хөдөлмөр хийж байж л амьжиргаа нь дээшилнэ. Түүнээс эдийн засаг 1000% ѳслѳѳ ч зүгээр сууж байгаа хүнд үр шим нь хүрэх хэцүү). Үүнд салбар салбарын мэдлэг туршлагатай мэргэжилтнүүд мэдээж чухал үүрэгтэй. Тэгэхээр яг аль мэргэжлийн онолыг уншаад, ямар салбарын туршлагыг хуримтлуулсан хүн хууль батлах хэрэгтэй вэ гэдэг энгийн хэрнээ төвөгтэй асуулт.

Царайлаг хүнд саналаа өгье!

Ийм уриа мэдээж байхгүй ч бодит амьдрал дээр агуулгыг нь мэдэлгүй имижинд хууртаад саналаа өгөх нь хамгийн түгээмэл. Дундаж хүн олон жил цуг байсан найз нѳхѳд, эхнэр нѳхрѳѳ танилгүй явах нь хэвийн үзэгдэл тул хэдхэн хоногийн сонгуулийн кампанит ажлын үеэр нэр дэвшигчийг танина гэдэг боломжгүй шахуу зүйл. Америкт жишээ нь, радио байхад гоё хоолоотой улстөрчид амжилттай байсан бол ТВ дэлгэрснээс хойш улстөрчид дунджаар илүү царайлаг болсон гэдэг. Бизнест ч Fortune 500 компанийн CEO нар хүн амын дунджаас илүү нуруулаг өндөр байдаг. Ажлын ярилцлагын үед хаалгаар ороод мэндлээд гар барих эхний 5 секундэд үр дүн 90% шийдэгддэг гэдэг. Хүн бусдын ярианаас мессежийн 80%-ийг body language, 15% нь дууны өнгө, 5% нь хэлсэн үгээр дамжуулж хүлээж авдаг ч гэдэг. Тэгэхээр гаднах дүр төрх, имиж гэдэг бол магадгүй сонгогчид нѳлѳѳлѳх хамгийн хүчтэй суваг, хэрэгсэл учраас үүрэг ролийг нь дутуу үнэлж болохгүй юм. Хүн хувийн харилцаан дээр ч ажил хэргийн харилцаан дээр ч сайхан дүр тѳрх, имижид хууртдаг амьтан, энэ нь сонгуулийн үеэр ч ялгаагүй, санал ѳгѳхдѳѳ гэнэт ѳѳр болдоггүй.

Бас нэг чухал зүйл:

Ардчилал, парламентын үнэ цэнэ ба мѳнгѳний сонгууль. Нэгт, тухайн нэр дэвшигч Үндсэн хууль, эрх зүйт ёс (rule of law)-ыг баримтлагч мөн үү; Монголд парламентын тогтолцоог бэхжүүлэхэд ямар хувь нэмэр оруулах вэ; хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг хамгаалах уу зэрэг суурь асуултууд тѳдийлѳн яригдахгүй байгаа. Ялангуяа шүүх засаглалын хараат бус байдал суларч байгаад салбарын мэргэжилтнүүд нь санаа зовж, хуульчдаас ѳѳр хүрээллийнхэнд ч эргэлзээ төрүүлэх шийдвэр, үйлдлүүдийг хүчний байгууллагууд ар араас нь гаргаж байгаа үед ардчилал, хүний эрхийн суурь үнэт зүйлсийг хамгаалах хүмүүс парламентад суух нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Хоёрт, сонгуульд "серъёз" ѳрсѳлдѳхийн тулд нэр дэвшигчид хэдэн 100 сая, хэдэн тэрбумыг зарцуулж байна? Биелэх биелэхгүй гоё амлалтууд гэхээсээ энэ их мѳнгийг яаж олоод, юуны тулд ингэж цацна вэ гэж асуух нь маш бодитой, чухал шалгуур болно. Сонгогдох зорилгын ард ямар нэг хувийн, бизнесийн эрх ашиг байна уу эсвэл үнэхээр нийгмийн сайн сайхан байдлын тѳлѳѳ юу? Дундаж ардын насаараа цуглуулаад олохгүй их мѳнгийг хэдхэн хоногт асуудалгүй/инээж байгаад цацаж байгаа энэ мѳнгѳний сонгуулийн тогтолцоог, санхүүгийн ил тод бус байдлыг нийгмээрээ эргэж харах шаардлагатай.

Ер нь шашин, улстөр 2-оор маргаад дэмий гэдэг. Логик гэхээсээ эмоци холилдоод үр дүнтэй яриа болдоггүй учраас тэр. Иймд хэн бэ гэдэг нэр гэхээсээ зарчим, шалгуур ярьвал илүү үр дүнтэй. Мѳн энэ үед талцаж маргалдах гэхээсээ өөр үзэл бодолтой хүнийг ч сонсож сурвал хувь хүнд ч, улс оронд ч өгөөжтэй. Ингэж чадвал бид хоорондын ялгаа биш нийтлэг зарчим үнэт зүйлээ ойлгоход тусална, мѳн олон ургалч сэтгэхүйтэй илүү эрүүл нийгэм бүрдэнэ. Сонгууль дуусна, харин үнэт зүйл, энэ чадвар үлдэнэ, нийгэм урагшилна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon