Нийтлэл 06 сарын 30, 2020

Анхдугаар чуулганаар юу шийдэх вэ?

Анхдугаар чуулганыг шуурхай товлон зарласан нь зөв. Хуучин хуулийг ишлэж Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, эсхүл тэдгээрийг УИХ томилох мэт ТАШАА мэдээлэл тараагдаад байна. Гэтэл, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрыг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч, УИХ ийм шийдвэрлэх оролцоотой биш болгосон билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд танхимаа өөрөө мэдээд бүрдүүлнэ, Ерөнхий сайд болон дөрөв хүртэл ЗГ-ын гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэх мэт шинэ эрх зүйн орчин үйлчилж буй бөгөөд энэ нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн амин сүнсийн нэг билээ.

Анхдугаар чуулганд холбогдох хуулийн зарим заалтыг жагсаая. УИХ-ын тухай хуулийг 2020.05.07-нд шинэчлэн баталж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Энэ хуульд анхдугаар чуулганаар юу хэлэлцэх вэ гэдгийг ингэж бичсэн:


"17.1.Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.
17.2.Ерөнхийлөгч энэ хуулийн 17.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцсөн байна.
17.3.Анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
17.3.1.шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;
17.3.2.Улсын Их Хурлын даргыг сонгох;
17.3.3.нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;
17.3.4.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;
17.3.5.Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;
17.3.6.Ерөнхий сайдыг томилох;
17.3.7.Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн батлах;
17.3.8.Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;
17.3.9.шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;
17.3.10.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах.
17.4.Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно."

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийг 2019.11.14-нд дараах байдлаар өөрчлөн  найруулсан нь  парламентын засаглалыг бэхжүүлсэн маш чухал агуулга:


"1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө."

 

Сэтгэгдэл бичих

arrow icon