Энэ удаагийн 8 дахь удаагийн парламентын сонгуулиар манай улстөрд шинэ бүлэг эхэлж байна гэж сарын өмнө бичсэн. Энэ УИХ 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш бүрдэж байгаа эхний УИХ юм. Кабинетээ өөрөө томилж бүрдүүлэх анхны Ерөнхий сайд та бидний нүдэн дээр өнөөдөр мэндэлж байна.
Үүнээс цааш Монгол Улс Legislative буюу хууль тогтоох нь хууль тогтоохоороо, Executive буюу гүйцэтгэх засаглал нь гүйцэтгэх засаглалаараа явдаг төртэй байх уу
яг энэ суурь бүтцийн чанартай өөрчлөлтийг иргэдийг маш сайн ойлгож авч, хэрэгжилтийг нь хянаад явах хэрэгтэй байна.
Үндсэн хуульдаа бол парламентын ардчиллаа хөгжүүлэх, Ерөнхий сайдын бие даасан байдлыг хангах нэмэлт, өөрчлөлтүүд цагаан дээр хараар бичигдсэн. Жишээ нь өмнө нь Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг УИХ-д оруулах бүрэн эрхтэй гэж ойлгогдож ирсэн бол үг үсэгчлэн "УИХ-д оруулна" болгож өөрчилсөн. "Оруулна" гэдэг нь Ерөнхийлөгчийн эрх биш үүрэг гэж хуулиар зааж өгсөн гэсэн үг.
Харин амьдрал дээр хууль нь улстөрийн дээр байх ёстой юм уу, улстөр нь хуулиа дур мэдэн хэрэглэх юм уу? Үүний аль нь болохоос энэ шинэ бүлэгт чинь хуулийн засаглал тогтох эсэх нь хамаарна. Занданшатар спикер Ерөнхийлөгчид бараалхаж, зөвшилцөх санал өргөн барилаа гэх мэт ердөө өөрөө хэдхэн сарын өмнө манлайлан өөрчилсөн заалтуудаа мартсан мэт мэдээ гараад явж байна. Үндсэн хуульдаа "зөвшилцөх" үндэслэл заагаагүй бол эдгээр эрх мэдлүүд нийлж тэрийгээ зөрчих, хуульд заагаагүй эрх мэдлийн харилцааны практикыг хувийн болон хувьсгалын шалтгаанаар үүсгэх ёсгүй.
Эх нь булингартай бол адаг нь булингартай. Хуулийг оройноосоо эхлээд сахихгүй бол төгсгөл рүүгээ сахихгүй.
Сонгуулиар сөрөг хүчний хяналт тэнцэл муутай үр дүн гарсан. Энэ нь нэг талаар бодлогын тогтвортой байдал, нэгдмэл байдлыг илэрхийлэх боловч нөгөө талаар иргэд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байх хэрэгтэй гэсэн үг. Хувийн харилцааны болон улстөрийн шалтгаанаар шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох засаглалууд оройноосоо нягтарч холион бантан болвол нийгэм ч тийм л байна. Иргэд итгэл үзүүлж бүх эрх мэдлийг өглөө. Одоо хянах, шаардах шат эхэлсэн. Эзэн нь юмаа мэддэг, эрх мэдэл бол ард түмнээс төлөөллийн зарчмаар түр шилжүүлсэн зүйл гэдгийг эдэнд өдөр бүр сануул.