Чикаго (2020.07.14) – Нэг найз маань өнгөрсөн амралтын өдөр надаас Др. Антони Фаучиг хэн нэгэн өмөөрөх нь үү ер нь гэж асуув. Тони чадалтай хүн, жанжин шугамаа бариад улстөрийн аливаа тэмцлийг туулаад гарч чадах хүн гэж хариулсан. Бодоод байсан чинь би буруу хэлж.
Цагаан Ордоны зүгээс Тони руу чиглэсэн шивнээ цуу яриа, нэр хүндийг нь гутаах явдал, ил далд дайралт ёсзүйгүй, шударга бус төдийгүй Америкчуудын эрүүл мэнд сайн сайхны төлөө төр засаг нь хүчээ дайчлахгүй байгааг харуулсан төдийгүй сөрөг үр дагавартай, хорлон сүйтгэлд ч хүргэх уршигтай юм.
Коронавирус мужийн хил хязгаарыг тоодоггүйг Мэйнь Алабама мужийн жишээнээс, улстөрийн намд хамаардаггүйг Бүгд Найрамдах, Ардчилсан намын засаглалаас харлаа. Шинжлэх ухааныг үл тоон эрдэмтэн судлаачид, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд рүү урд хожид дуулдаагүйгээр дайрч давшлах нь энэ улсын иргэн бүрийн амь насыг эрсдэлд оруулж буй явдал мөн.
Тони амьдралынхаа дөч гаруй жилийг нийтийн албанд зориулж, шинжлэх ухаан, судалгаа нотолгоог өөрийн баримтлах чиглэлээ болгон энэ улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн билээ. Эрүүл Америкийг дахин сэргээж, сургууль нь нээлттэй, иргэд нь чөлөөтэй зорчих, нийгмийн оролцоо, бизнес цэцэглэн нийгмийн хэвийн амьдралыг бүтээх цор ганц зорилго түүнд бий.
Бид түүнийг гүнээ хүндэтгэн, дэмжих үүрэгтэй.
Үүнийг уншиж буй хүн бүр хаана амьдардаг, улстөрийн ямар үзэл баримтлалтайгаас үл хамааран гараа угааж, бусдаас нийгмийн зай барьж, амны хаалтаа зүүхийг гуйя. Энэ хэцүү цагт бидний ганц найдвар болсон Др. Антони Фаучи болон түүний хамтран зүтгэгч Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн-NIH, Өвчний Хяналтын Төв-CDC-ийн болон улс даяарх мэргэжил нэгтнүүдийг хүндэтгэж буй надтай нэгдэхийг та бүхнээс хүсье.
Бүгдээрээ эрүүл байгаарай.
Эмч Ховард Баухнэр
JAMA- Journal of American Medical Association
Ховард Баухнэр-Бостоны Их сургуулийн Анагаахын сургуулийн захирал, хүүхдийн эмч, нийгмийн эрүүл мэндийн эрдэмтэн
Др. Антони Фаучи-Харшил, Халдварт Өвчний Үндэсний Хүрээлэнгийн (NIAID) захирал, эмч, дархлаа судлаач.
Эх сурвалж: Open Letter From JAMA Editor Bauchner
Орчуулсан: Алтан.Алим
Сэтгэгдэл бичих