Нийтлэл 07 сарын 22, 2020

Нүгэл улиг болох нь

Еврейчүүдийг хоморголон устгах Нацист германы төлөвлөгөө буюу 6 сая хүнийг “зохицуулах” маш үр дүнтэй нарийн систем бүтээж мөн түүнийгээ ажиллуулахад голлох үүрэгтэй оролцсон Адольф Эйхман гэгчийг 1960 онд Аргентинд нууцаар орогнож байхад нь Израйлын тагнуулын алба (буюу моссад) хууль бусаар хулгайлан зөөж Иерусалимд авчраад шүүхээр оруулан цаазалсан байдаг.

Тэр үед баривчлагдсан Эйхманы төрх байдлыг харсан албаныхан ихэд цочирдон гайхсан гэдэг. Учир нь Эйхман дэндүү “эгэл жирийн нэгэн” байжээ. Эйхманыг баривчилсан моссадын тагнуулууд “Нацист германы оффицер бөгөөд еврейчүүдийг хоморголон устгах төлөвлөгөөг гардан хэрэгжүүлсэн албан тушаалтан” гэх хувийн хэргээс нь түүнийг “хүйтэн цэвдэг дийлдэшгүй герман цэрэг эр” хэмээн төсөөлж байсан боловч, баригдсан хүн нь даанч нэг давжаа биетэй сороо муутай, байдаг л жирийн хүн байж гэнэ. Гэсэн ч шүүх хурал тэрхүү “сороо муутай эр”-ийн хийсэн гэмт хэргүүдийг ширхэг бүрчлэн дэлгэн тулгаж гарах нь тэр.

Энэхүү шүүх хуралд ажиглагчаар оролцсон философич Ханна Арендт тэр тухайгаа “Иерусалимын Эйхман” нэртэй ном болгон эмхэтгэсэн байдаг боловч, сонирхолтой нь Арендт номынхоо дэд гарчгийг “Нүгэл улиг болсон тухай илтгэх нь” гэж нэрлэжээ. Энэ нэр нэг л этгээд гэж санагдаж байгаа биз? Учир нь ердийн үед нүгэл буюу “муу муухай” гээч нь “сайн сайхан”-тай эсрэгцэх ухагдахуун шүү дээ. Тэгээд энэ хоёр ухагдахуун нь математик дахь хэвийн тархалтаар яривал хамгийн их болон хамгийн бага утгад харгалзах “хоёр зах”-д нь байрладаг гэж бид төсөөлдөг. Гэтэл Арендт үүн дээр “улиг” гэдэг үг ашиглажээ. Улиг гэдэг бол хаа сайгүй залхтал байх гэсэн утга шүү дээ. Тэгэхээр хэвийн тархалт дээр төсөөлөн буулгавал дундаж утга эсвэл медиан гэсэн үг болох тул, бидний ердийнөөр төсөөлдөг “муу муухай”-гийн байрлалаас нилээд ялгаатай болж байгаа юм.

Арендт үүгээрээ юуг илэрхийлэхийг зорьсон бэ гэхээр, бид бүхэн муу муухайг төсөөлөхдөө “ердийн биш, ямар нэг онцгой зүйл” хэмээн баримжаалдаг тэр мэдрэмжид хандсан өдөөн хатгалга юм. Арендт Эйхманы, еврей үндэстнийг мах цуснаасаа үзэн ядах заналт үзэл ч юм уу эсвэл Европ тивийг түрэмгийлэн сүйтгэх гэсэн сэдлээр бус, ердөө л Нацист намдаа хүчээ өргөх цэвэр сэтгэлээр өөрт оногдсон үүрэгтээ чин үнэнчээр зүтгэх гэсэндээ дээрх аймшигт гэмт хэргийг хийхэд хүрсэн процессийг сонсож, түүнийгээ эцсийн бүлэгт дараах байдлаар дүгнэсэн байдаг.

  • Муу муухай гэдэг бол системийг ямар ч шүүмжгүйгээр хүлээн авахын нэр юм.

Үүн дээрээ нэмээд Арендт “улиг” гэдэг үг ашиглан энэхүү “системийг ямар ч шүүмжгүйгээр хүлээн авч буй тэр муу муухай”-г бидний хэн маань ч үйлдэхийг байг гэхгүй хэмээн аюулын харанга дэлдсэн байна.

Арай өөрөөр хэлбэл, ердийн үед муу муухай зүйл гээчийг хэн нэгэн эзэн бие зориуд санаатайгаар идэвхийлэн үйлддэг гэж бид боддог бол, Арендт харин ч эсрэгээрээ зориуд санаатай бусаар идэвхгүй үйлдэгдэх явдал л чухам муу муухайгийн мөн чанар байж мэдэх юм хэмээн онцолсон учиртай.

Ердийн үед бид бүхэн мэдээж хэрэг оногдсон системд захирагдан өдөр тутмын аж амьдралаа залгуулж, тэр зуураа ажил хийж, амарч зугаацаж, бодож эргэцүүлж явдаг учиртай хэдий ч, бидний дундаас хэд нь системийн аюулын тухай шүүмжлэнгүй хардаг бол? Үгүй ядаж жаахан ч атугай зай аван системийг хөндлөнгөөс ажиглахыг хичээдэг бол?

Үнэндээ та ч би ч, бидний олонх маань өнөөгийн системийн буруу зөвийг уудлан шинжлэхээсээ илүүтэй, систем дэхь дүрэм журмыг гярхай ажиглаж, түүн дээр тоглолт хийн амжилтад хүрэх тухай л ямагт бодож явдаг. Гэтэл түүхээс харвал тухайн цаг үе бүртээ түгээмэл байсан системүүд илүү сайн системээр орлуулагдан солигдох байдлаар ертөнц хувьсаж ирсэн гэх бодит өнцөг ч бий тул, магад өнөөгийн бидний сандайлан амьдрах энэ систем ч бас хэзээ нэгэн цагт илүү сайнаар орлуулагдах ёстой ч байхыг үгүйсгэмгүй.

Хэрэвзээ тийм гэж үзвэл хорвоо дээр 2 янзын амьдрах хэлбэр бий хэмээн туйлшруулан хэлж болох юм.

1. Өнөөгийн системийг оногдсон зүйл хэмээн хүлээн авч, түүн дотор хэрхэн “амжилттай амьдрах” тухай л байдаг арга чарга, үг үйлдлээ төвлөрүүлэн амьдрах

2. Өнөөгийн системийг оногдсон зүйл гэж үзэлгүй, системийг өөрийг нь сайжруулахын төлөө байдаг арга чарга, үг үйлдлээ төвлөрүүлэн амьдрах

Харамсалтай нь дийлэнх хүмүүс 1 дэхь амьралыг сонгодог гэж санагдана. Номын дэлгүүрийн лангууг тойруулан харвал БЕСТСЕЛЛЕР гэгдэх номууд бүр тэр чигээрээ арай ч дээ гэж бодогдтол 1 дэхь асуудал дээр төвлөрөн бичигдсэн болохыг хялбархан үнэмших вий. Тиймэрхүү БЕСТСЕЛЛЕР-ууд гол төлөв тухайн системд “амжилттай амьдарч, хур баян болсон хүмүүс”-ийн гараар бичигдсэн байх тул, түүнийг уншсан хүмүүс ч бас ижил форматаар сэтгэж бас үйлдэх байдлаар систем нь өөрөө улам үржин чангарах үр дагавар тийш хурдасна. Гэтэл үнэхээр тийм систем тасралтгүй үргэлжлэн орших нь сайн хэрэг мөн үү?

Буцаад ярианыхаа сэдэвтээ ороход, Ханна Арендтын дэвшүүлсэн “улиг болсон нүгэл” бол 20-р зууны улс төрийн философийг хүүрнэхэд нэн чухал байр суурийг эзэлдэг. Хүн төрөлхтний бүх цаг үеийн түүхээс харсан ч ховор тохиох аймшигт муу муухайг, түүнтэй нь дүйх дайны “адгийн мангас” үйлдсэн бус, бодож сэтгэхээ зогсоон ердөө л систем дээр мордож суугаад хүрдэнд хийсэн усан гахай аятай байдгаараа системийг эргүүлэхэд л хамаг ухаан жолоогоо тавьсан өчүүхэн мунхаг албан тушаалтны гараар үйлдэгддэг гэх Арендтын онолын гаргалгаа тухайн үедээ мэдлэгт хүмүүсийг гүн цочролд оруулан бодлогошируулсан гэдэг.

Өчүүхэн мулгуу хүн ч туйлгүй муугийн үүр болж болно. Өөрийн толгойгоор тунгаахаас татгалзан залхуурсан хэн бүхэн Эйхман шиг болох боломжтой гэсэн үг. Тэр боломжийн талаар төсөөлөх нь аймшигтай байж болох ч, тэр тусмаа хүмүүс тийм боломж байдгийг гүнээ ухамсарлаж, бодохоо зогсоож болохгүй шүү хэмээн Арендт сануулжээ. Хүн бид хүнээрээ ч байж болно, муугийн үүр ч болж болно. Гагцхүү түүнийг шийдэх нь ердөө л “системийг шүүмжлэлтэйгээр тунгаах” явдал болой.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon