Нийтлэл 07 сарын 31, 2020

КОВИД19: Эрүүл саруул ухаанаар асуудлыг шийдэх нь

ТОМё БОДё,  “Тархи угаалт” нийтлэлээс хүн гэдэг амьтан рационал биш, өөрийн зохиосон үлгэртээ итгэгч болох тухай жаахан ч гэсэн ойлголттой болсон гэж найдья. Цар тахлын үед дунд сургуулийн хичээлийг 3х2 загвар буюу гурван өдөр танхимд, багшийн хараа хяналт дор, хоёр өдөр онлайн эцэг эхийн хараа хяналт дор суралцахаар зохицуулав. Хүмүүс шүүмжлээд сүйд. Шүүмжлэгчдийг бүлэглэн асуудал нь юунд байгааг тайлбарлахыг хичээе

Шүүмжлэл нэг: Хоёрын хооронд гурван өдөр танхимаар хоёр өдөр цахим орно гэдэг үр өгөөжгүй. Корона хоёр хоног амардаг юм уу г.м

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн өгч байгаа гол заавар нь хүний бөөгнөрлийг сарниах, нэг ангид максимум 20 хүүхэд гэсэн шаардлага тавьж буй. Улаанбаатарт ганц ээлжээр хичээллэдэг төрийн өмчийн сургууль байхгүй. Дээр нь хамран сургах тойрог гэдэг ойлголт социалист стандарт боловсролтойгоо цуг дууссан тул нэг ангид 60+ сурагчтай хичээллэдэг. Бүр нэгдүгээр ангид элсэн орсон зургаан настнууд хүртэл шүү дээ.

МАН гурван ээлжгүй болгоно гэсэн хөтөлбөр (2016-2020) дэвшүүлж ажиллаж эхлэсэн 2015-2016 оны хичээлийн жилд 24 байсныг 2018-2019 онд 11 болгож буулгасан. Хөл хорио тогтоохоос өмнө  буюу 2019 оны 12-р сард ийм сургууль Улаанбаатар хотод найм байв. Ардын намын аз нь гийж хичээл сургуультай манатай цаг эхлэн энэ асуудлаар нэхэл дагуул болох эцэг эх, идэвхтэй иргэн үлдсэнгүй сонгуультай золгосон доо.

Сонгуулийн амлалтаа биелүүлдэг сайндаа ч биш, нэг ангид байх хүүхдийн тоог нэмчихсэн болохоор бидний хойч үе нэг ширээнд гурвуулаа суугаад эрдэм боловсролд шамдана. Нэг ангид 20-22 ширээ байгаа. Тэгэхээр шинэ зохицуулалтаар нэг ширээнд нэг хүүхэд суух нь. Үлдсэн 25-45 хүүхэд нь өөр нэг ангид хичээллэнэ гэсэн үг. Багш нар нэг хичээлээ өглөө, үдээс хойш ээлжинд заах нь. Өөрөөр хэлбэл тавдугаар ангийн А-В бүлгүүд өглөө, Г-Е бүлгүүд үдээс хойш орох нь дээ.  Хэрэв багшаа солихгүй гэвэл 5-А-гийн Номин өглөө, харин Билгүүн үдээс хойш хичээллэнээ л гэсэн үг.

БСШУЯамнаас зааварчилгаа гарна байх, сургалтын менежерүүд хүүхдийнхээ тоонд тааруулж өглөө, үд, үдээс хойш  анги гаргаж, гурван ээлж рүү орох биз. Багш нар хүүхдээ хуваарилна. Ялангуяа бага анги, үүний дотор II-V ангийн хувьд энэ их асуудалтай, анги даасан багшаар нь хичээл заалгах уу, эсхүл анги харгалзахгүй хичээл заалгах уу гэдэг нь жинхэнэ сурганы шийдэл болох учир үүнд их анхаарах шаардлагатай болж байна. Дээр нь нэмээд багшийн ажиллах цаг, ачааллыг бууруулахын тулд нэг хичээлийн үргэлжлэх хугацааг 30-40 минуутаар тооцож байгаа. Гурван ээлжээр орж буй 4-А гийн багш Туяа орой хэрд бараг шургаж унах биз. Өнгөрсөн хагас жил сайхан амарсан юм даа гээд гүрийх (гүрийлгэх) л байх даа.

Шүүмжлэл хоёр: Ерөөсөө хичээл орж яадаг юм. Тэр чигээр нь цахимаар оруулах

Сургууль, цэцэрлэг гэдэг хүүхдэд боловсрол олгохоос гадна нийгмийн иргэн болгодог суурь ур чадвар эзэмшүүлдэг газар юм. Тийм болохоор огт оруулахгүй гэвэл хагас зэрлэг бүхэл бүтэн үе гарч ирэх нийгмийн өртгийг энэ улс ирээдүйд дийлэхгүй. Тод жишээ нь худам монголд шилжсэн, анги алгасч үсэрсэн хүүхдүүд одоо 30-35 насныхан. Энэ үеийнхэн дунд зөв бичдэг, түмэн бодис, түмэн бодисын суурь сайтайчууд нэн ховор шүү дээ.  Дээр нь гэртээ бүтэн хагас жил түгжигдэж, ТВ-р хичээл үзсэн хүүхдүүдийн сургалтын хоцрогдол нь замбараагаа алдсан. Багш нар, боловсролынхонд яг юун дээр алдаа гарч буйг анхаарч харах боломж олдоно гэсэн үг. Эцэг эхчүүд сургууль цэцэрлэгт хүүхдээ даатгадаг үе ард үлдсэн гэдгийг ойлготол дахиад лавтай 25 жил байгаа шүү.

Дотооддоо халдвар тараагүй юм чинь нэг мөр танхимаар хичээллэх хэвийн горимд оруулах

Эхний бүлгийг дахин уншаарай. Одоогоор халдвар тараагүй гэдэг нь тархахгүй гэсэн баталгаа огт биш. Бидний эрсдэл маш өндөр, дотоодод халдвар тарах нь цаг хугацааны л асуудал. Баахан бэлдэж байтал 9 сарын 1-нд хичээл орохгүй ч байж магадгүй. Ямар ч байсан ойлгомжгүй байдлыг цэгцлээд энэ жил хичээл орно гэж Засгийн газар зарлав. Нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг одоогоор хэн ч мэдэхгүй.

Төгсгөлийн оронд

Халдвар тархалтын загварчлал ёсоор нөхцөл байдал хэцүүгээс муу, муугаас бүр муу руу л явж байна. Төр засаг ямар ч байсан загварчлал хийсэн  гэдгийг НЦГ даргын ТВ-д өгсөн ярилцлага нотолсон. Стратегиэ ч өөрчилж байна.

Эрүүл ухаанаар хардаг хүнд бол аль тавдугаар сар гэхэд стратегиэ өөрчлөх шаардлага үүссэн байсан боловч бүхнийг сонгуульд гэсэн уриа дэвшүүлж, Сараа сайдад сонгууль хүртэл “хүн үхүүлж болохгүй, дотроо алдаж болохгүй” гэдэг хатуу тушаал өгч ажилласны горыг амсав. Гадаадад байгаа иргэдийн асуудал хүндэрнэ гэдгийг аль дөрөвдүгээр сард л хэдэн эрдэмтэд нь хашгираад байсан. Дүлий годил царайлаад бид мундаг байгаа дотроо алдаагүй гэж ухуулсаар сонгуультай золгосны горыг одоо нийтээрээ хүртэх нь. Улстөрийн манлайлал үзүүлэх үүрэг хүлээсэн шадар сайд нь өөх ч биш, булчирхай ч биш өөрийн хүүхэд, үнэнч намаа л бодож суусаар одоо элчин сайд болоод нисэх гэж байгаа гэнэ лээ.

Сараа сайд сэтгүүлч- улстөрч хүн, төрийн хатан ижий болтлоо өргөмжлүүлж, дахиад УИХ гишүүн, сайд болоодохлоо. Энэ хүн яг жилийн өмнө АНУ-д сэхээнд орсон тамирчин залууд хувиасаа хандив өргөн залбирч явсан. Хүрэлсүх ерөнхий сайд нь ЗГХЭГ даргатайгаа Андлалын хөшөө яриад завгүй, хотын дарга нь музей буулгаж фонтан цутгаад завгүй, ОБЕГ дарга генерал нь элчин болох гээд завгүй, хэвлэл мэдээллийнхэн нь сонгуулийн сурталчилгаанд шогшоод завгүй. Бүгд л завгүй хавар зуныг барж наадам хүргэв.

Үнэнийг хэлчих чадалгүй мэргэжилтнүүд нь өөхөнд боосон үгээр хулдсан мэдээлэл хийж, өөрийн салбар, эмнэлгийн хөрөнгө оруулалтын асуудлаа л шийдүүлэх шив. УОК-ын шуурхай штаб нь бүр ч хошин гуравдугаар сард яригдаж байсан варень шидсэн хэрүүл нь үхрийн гуяны мах болж хоолны хэрүүлийн нэр төрлөө ч олшруулав.

Тусгаарлалтад байгаа иргэд ч бас зүгээр суусангүй. Цонхон дороо Хонхны дуу дуулуулсан ерөнхийлөгч аснаас эхэлж амралтын газар караокэдэж тусгаарлагсад болж, ФБ постоос эхэлсэн тэмдэглэл лайв сурталчилгаа болтлоо өргөжив.  Энэ хугацаанд иргэд нь өндөржүүлсэн бэлэн байдал онц байдал, тусгаарлалт, хөл хориогоо хооронд нь ялгаж салгахаа больтлоо самуурчээ.

Тэгээд цаашид яах юм бэ?

  1. Нөхцөл байдлын үнэлгээ, байгаа үйл явдлын өрнөлийн зураглал, эрсдэлийн матриксаа нийтэд ил зарла. Бид ингэвэл тэгнэ. Ийм ийм арга хэмжээ авна. Шаварт унасан шарын эзэн Нямхүү эмч л зайлуул дархлаагаа дэмж, 10 сард нийтээрээ миярна шүү л гээд байгаа.
  2. Нэг өвчтөний эмчилгээнд зарцуулж буй мөнгө, өвчтөний хэвтэн эмчлүүлж буй дундаж хоногийн тоог зарла. Миний уншсанаар лавтай дундаж хугацаа 10 хоногоор уртассан. Зардлын хувьд Эмчилгээ эрхэлсэн орлогч нь өдөрт 380 мянга, Нямхүү дарга нь 1 сая төгрөг гээд байгааг нэг тийш нь болго. Мөнгө санхүү, хандив тусламж нь яг юунд зарцуулаад байгаагаа ойлгомжтой байдлаар ард иргэддээ тайлбарла. Идсэн уусан гэх хар цаашид улам нэмэгдэнэ
  3. ДЭМБ хүн амын 1%-д тооцон зураглал хийсэн байгаа. Гэвч 1% даваад хэтрээд хэд хүртэл нь бид даах чадавхтай юм бэ гэдгээ тодорхой томьёол. Яг хэдэн хүний амиар бид давж гарах вэ гэдэг сэтгэл хөдлөлгүй, хатуу рационал тооцоо байгаа. Хийсэн байх ёстой.
  4. Хамгийн чухал нь УОК ШШ нийтэд чиглэж хов базах бус, ард иргэдийнхээ сэтгэл санааг бэлд. Бүгдээрээ нэг завинд суусан, хэдийгээ далай руу шидэж байж л үүнээс хохирол багатай гарна гэдгээ ойлгуул. Эв нэгдлээр давах болохоос харынхан ба улааныхан, төрийнхөн ба ард иргэд, гадаадад гацагсад болон эх орондоо бүгэгсэд гэсэн талцуулан хувааж айдсаар захирах менежмент чинь үүнээс цааш АЖИЛЛАХГҮЙ
  5. УИХ чуулганаа зарла. Хамгийн эхэнд төсвийн тодотгол, бас бус хуулийн зохицуулалтаа хийх хэрэгтэй байна. Энэ өвлийг яажшуухан давахаа яримаар байна шүү дээ...

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon