Нийтлэл 08 сарын 20, 2020

Бөх хүний бүдүүн зүрх

Сэдэв хөндсөн зураг гэж энийг хэлнээ. Иргэншил гэж юу вэ? Улс үндэстэн, эх орон гэж юув? Хувийн ажил амьдрал, амжилт бүтээл ба гарал үүсэл хоёрт чинь зөрчил үүсвэл чи яах байсан бэ?

Энэ бүх асуултын хоёр талд идеологи буюу үзэл хандлага, тэрийг амьдралд буулгасан тогтолцоо хоёр нэг зоосны хоёр тал шиг дагалдана. Тогтолцоо гэдэгт эх орон, үндэстэн улс зэрэг ойлголтыг бодит хэлбэрт оруулсан улсын хил, төрийн сүлд, пасспорт, иргэний бүртгэл зэрэг зүйлсийг хэлж бн. Улсын хил ч, пасспорт ч үнэндээ бол хүн нэг нэгэндээ дайсагнадаг, нэг нэгнээсээ хамгаалах хэрэгцээ байдаг учраас л үүсэж бий болсон. Тэр утгаараа яг тэр анх үүссэн (дайны) шалтгаан нь алга болчвол хилийн дотор оршин суух шаардлага байхгүй болж хүмүүс бид дэвэн дэлхийгээр хэрэн хэснэм зээ. Түүнтэй адил Монголын иргэн гэдгийг батлах пасспорт барьж байх шаардлагагүй бол шаардлагагүй.

Харин паспортоо солингуутаа тэрэндээ мөргөөд, даллаж үзүүлээд байх нь бол жоохон хатуу байлаа хаха. Заримдаа юу болж өнгөрснөөс илүү хэрхэн илэрхийлсэн нь, хэлбэр нь чухал байдаг биз дээ. Энэ миний эх орон, энэ миний элэг нэгтэн, миний элэг нэгтэн ингэж сайн явна... гэх мэт энэ бодлууд пасспортоос дутахгүй бодитой. Бодитойгоор барахгүй хүн төрөлхтөнд анхны омог, тосгоноос томорч хийсвэр үнэт зүйлс дээрээ нэгдэх боломж өгсөн тулах цэг нь юм. Тэр утгаараа жишээ нь Аса, Хакухо нар шиг хүмүүсийн амжилт монголчуудын хувьд тэр нэгдэх цэгийг нь дахин бататгаж өгдөг, үнэт зүйл нь үнэгүйдсэн мэт цөвүүн цаг дор итгэл үнэмшил өгдөг тулах цэг нь байсаар ирсэн билээ. Хүний амжилтаар хүүдэгнэлээ гэж над мэтэд шоолуулдаг хөөрхий монголчуудын бахархал, хүндлэлийн цаад талд нэгдсэн төрт улсыг улс болгодог ижилсэл, ондоошлын эрэл хайгуул, элдэв улсуудад шоглуулсаар байгаад өөртөө итгэлгүй болсон үндэстний комплекс, бас эргээд сэрэх юмсан гэж мөрөөддөг их гүрний синдром нь бий. Энэ зургийг хараад Хакуход энэ бүхнийг нь ойлгох, хүндлэх ухаан, мэдрэмж дутлаа гэж харлаа.

Япон хэлэнд 慎む цүцүшимү гэж ханз бий. Эмээх гэж орчуулж болно байх. Япон соёл бол аливааг эмээж үйлдэх соёл. Сумо барилдаанд ялсан ч дэвжээн дээр эмоц үзүүлдэггүй нь бас үүнийх. Хаана ил байж, хаана юуг далд илэрхийлэх вэ гэдэг дээрээ л аймар нюанстай тийм торго шиг соёл. Жишээ нь өөрийг нь үнэн сэтгэлээс хүндэлж хайрласаар ирсэн хүн ард, гарал үүсэл рүүгээ шинэ пасспортоо даллаж, мөргөж үзүүлэхээс эмээх гэх мэт. Багахан эмээж, багахан бантаж үзүүлвээс тэр чинь ямар нэг жижиг улаан дэвтэрнээс илүү сэтгэл зүрхэндээ монгол хүн хэвээр, эс бол ядаж хоёр нутаг дунд тэлэгдэж гарцаагүй байдалд орсон дүр болж тусах байлаа. Харин мань хүн ёстой эмээсэнгүй, ер нь бол монголчуудыг хүндэлсэнгүй. Бөх хүний бүдүүн зүрх гэдэг энэ бололтой. Бүдүүн зүрхээр хандаж боломгүй нарийн нарийн юмнууд бас байдаг биз дээ, улс үндэстнээ больё гэхэд хүний сэтгэл зүрхэнд.

 

arrow icon