Засгийн газруудын хугацаа, ерѳнхий сайдуудын томилгоо нь хэтэрхий богино гэдгээрээ алдартай Японы түүхэнд хамгийн урт буюу 8 орчим жил оффист суусны эцэст Абе Шинзо ерѳнхий сайд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа ѳгѳх болж, түүний хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогыг үнэлж дүгнэж эхэллээ. Товчхондоо "Абеномикс" муу бодлого байгаагүй, гэхдээ зорилгоо биелүүлэхэд бас хангалттай байгаагүй гэдэг дээр комментаторууд санал нэг байна.
Хѳгжсѳн орнуудад хүн амын насжилт явагдан, ѳсѳлт удааширч эдийн засагт нь "японжилт" үргэлжилж буй нѳхцѳлд Абэномиксоос авах 6 сургамжийг FT энд эмхэтгэж. Гол санаа нь Абеномикс мѳнгѳний бодлогод хэт найдаад, сангийн бодлого нь эдийн засгаа дорвитой дэмжиж чадаагүй, түүнчлэн бүтцийн бодлогоо сайн явуулаагүйг онцолж байна.
Абеномиксийн тулгуур энэ 3 бодлогыг арай дэлгэрэнгүй дүгнэвэл:
1) Бүтцийн бодлого: Эдийн засгийг урт хугацаанд ѳсгѳхѳд бүтээмжийг нэмэх шинэ технологи, ур чадвартай ажиллах хүчин зайлшгүй шаардлагатай ч Японы ЗГ энэ хугацаанд шинжлэх ухаан, боловсролын хѳрѳнгѳ оруулалтыг сайн хийсэнгүй гэдэг шүүмжлэл байна. Хүн ам хурдтай хѳгширч, ажиллах хүчин цѳѳрч байгаа үед япон уламжлалаар гэртээ суух нь түгээмэл байсан эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжих, гадаадын хямд ажиллах хүч эсвэл роботоор энгийн ажлуудыг хийлгэх нь хангалтгүй юм.
2) Сангийн бодлогын хувьд хэдийгээр зарим дэд бүтцийн хѳрѳнгѳ оруулалтуудыг хийсэн ч, зогсонги эдийн засгийг тууштай хѳдѳлгѳхѳд хангалттай хүч болсонгүй. Харин хѳдѳлж ядаж байсан эдийн засагт татвар нэмсэн нь хүндэндсэн ачаа болсон гэж дүгнэж буй. Олон улсын нѳѳцийн валют хэвлэдэг улсын хувьд ѳрѳѳс айх зүйл бага, харин ч улс мѳнгѳѳ зарцуулахгүй хэмнэх нь хувийн секторын хийх байсан хѳрѳнгѳ оруулалтын алдагдсан боломжийг улам нэмэгдүүлсэн гэж дүгнэж.
3) Мѳнгѳний бодлогын хувьд, Япон нэлээд онцлогтой, Тѳв банкны хараат бус байдал нэлээд сулд тооцогддог (тийм ч учраас Абэномиксийн 3 сумны нэг нь мѳнгѳний бодлого). Хэдийгээр инфляци зорилтот 2%-аас үргэлж доогуур, Тѳв банкны зорилт биелээгүй ч, мѳнгѳний бодлого эдийн засгийг дэмжсэнээр үрэлжилсэн дефляци үүсэхээс сэргийлж чадсан. Гэхдээ мѳнгѳний бодлого ѳѳрѳѳ богино хугацааны бизнесийн мѳчлѳгийг л удирдах бодлого. Тѳв банк урт хугацааны хүү, ханш, потенциаль үйлдвэрлэлд шууд нѳлѳѳлж чадахгүй тул дан ганц энэ бодлогод хэт тулгуурлах нь учир дутагдалтай. Ѳѳрѳѳр хэлбэл фундамент нь байхгүй үед зѳвхѳн хүлээлтэд найдсан Абеномикс Японы ѳрсѳлдѳх чадварыг дээшлүүлж тогтвортой ѳсѳлтийг бий болгох зорилгоо биелүүлэхэд хэцүү байсан нь аргагүй.
Ямартаа ч ерѳнхий сайд Абэгийн үе бол Японы эдийн засаг 70 гаруй сар дараалан ѳссѳн, түүхэн урт тэлэлтийн мѳчлѳг тохиосон үе байв.
Эх сурвалж: Six Abenomics lessons
Сэтгэгдэл бичих