Кембрижийн хөтөлбөрийн тухай боловсрол судлаач Г.Баянзулын бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын нэр бүхий гишүүд Кембрижийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг УИХ-д байгуулснаа саяхан мэдэгдэж ирэх дөрвөн жилд таваар нэмэх байсныг 82 болгох буюу улсын ЕБС-ийн 10%-д нь нэвтрүүлэх бодолтой байгаагаа зарлалаа. Нийгэмд боловсролын салбарын хөгжил шинэчлэлийн асуудлаар нэлээд маргаан дагуулсан энэ үйл явдлын эргэн тойрныг анхааралтай ажиглаж байхад Кембрижийн хөтөлбөртэй сургуулийн талаар үнэн, бодит мэдээлэл хомс байна. Иргэд, олон нийтэд хэрэгтэй байж болох зүйлсийг тайлбарлахыг хүссэн юм. Миний бие Австралийн Квинзлендийн ИС-д хэл шинжлэл, Их Британий Хаддерсфильдийн ИС-д боловсролын удирдлагаар тус тус мастерийн зэрэг хамгаалсан бөгөөд төрийн өмчит хос хэлний сургуульд ажиллаж байсан туршлагатай, багш, боловсрол судлаач хүн билээ.
Монгол Улсад одоогоор Кембрижийн олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн гурван сургууль (Шинэ Эрин, Шинэ Эхлэл, Монгол Тэмүүлэл) үйл ажиллагаа явуулдаг. Албан ёсны нэршил нь "хос хэлний" сургуулиуд юм. Боловсролын яам эдгээр төрийн өмчит сургуулиудыг байгуулсан зорилго нь үндэсний боловсролын чанар, өрсөлдөх чадварыг сайжруулахад олон улсын хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэх замаар сургалтын арга зүй, технологи, менежментийн ололтыг нэвтрүүлэх явдал юм гэж томьёолсон байдаг.
Боловсролын салбарт хийх бодлогын шинэчлэлд эдгээр сургуулиуд лаборатори сургуулийн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ Монгол Улсад хос хэлээр боловсрол олгох системийг нэвтрүүлэхэд зориулсан үндсэн институци байна гэж заасан байна.
Кембрижийн хөтөлбөртэй сургууль болж бүртгүүлэхэд Кембрижийн олон улсын шалгалтын төв (КОУШТ)-өөс тавигдсан шаардлагуудыг хангасан байх ёстой. Төрийн өмчит хос хэлний дээрх сургуулиудын хувьд анх Кембрижийн сургуулийн эрх олгохдоо зөвхөн Шинэ эрин сургууль дээр Кембрижийн шалгалт зохион байгуулах зөвшөөрөл өгч байсан. Одоо дээрх гурван сургууль бүгд сургалт явуулахын зэрэгцээ Кембрижийн шалгалт зохион байгуулах боломжтой болсон нь дэвшил юм.
Шинэ эрин, Шинэ эхлэл сургуулиуд тус бүр 6-12, Монгол тэмүүлэл сургууль 9-12-р ангитай. Эдгээр сургуулиуд үйл ажиллагаагаа эхлэхэд Боловсролын яам болон харьяа байгууллагуудаас сургалтын төлөвлөгөө албан ёсоор боловсруулж өгөөгүй, цалин хөлсний шатлал ямар байх талаар журам гаргаагүй, ер нь тоймтой удирдамж, чиглүүлэг байгаагүй дээ. Харин суралцагчдын элсэлтийг БҮТ /Боловсролын Үнэлгээний Төв/ зохион байгуулж яам хүүхдүүдийн нэрсийг сургуулийн захирлуудад дамжуулах ажлыг маш сайн гүйцэтгэдэг байсан. Сүүлдээ сургуулиуд өөрсдөө элсэлтээ зохион байгуулдаг болж өөрчлөгдсөн.
Бодит амьдрал дээр Кембрижийн хөтөлбөртэй хувийн сургуулиуд багшлах боловсон хүчин, мэдлэг ур чадварын нөөцдөө тохируулаад сургалтаа зохион байгуулах менежмент хийгээд явчихдаг бол Кембрижийн хөтөлбөртэй улсын сургуулиуд айдас болгоомжлол, дарамт төөрөгдөл дунд гацаж ажилладаг юм байна лээ. Англи, монгол хос хэлээр хичээл заах чадвартай, мэргэшсэн, сайтар бэлтгэгдсэн зарим багш нар ажлаасаа гарцгааж байгаагийн нэг шалтгаан нь энэ зохисгүй ачаалал, дарамтаас ч бас үүдэлтэй
Сургуулийн удирдлагуудын хувьд хичээлийн цагийг хөрвүүлээд тооцоод цөөрүүлье, сургалтын төлөвлөлтөө цэгцэлье гэхээр хэл ам гарах болов уу, энд тэндээс шалгалт ирээд ингэх ёсгүй, үндэсний хөтөлбөрөөр хичээллэсэнгүй гэж загнах болов уу, том толгойтой гэж дарамтлах, торгох болов уу гэж болгоомжлохоос өөр аргагүй. Нэг удаа бүр гурван сургуулийн удирдлагууд Боловсролын хүрээлэн дээр сургалтын төлөвлөгөөгөө батлуулах зорилгоор презентаци тавьж "яам, боловсролын хүрээлэн зэрэг байгууллагын зарим дарга, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хальт хариулж байж билээ". Кембрижийн зөвлөх үйлчилгээний хүрээнд КОУШТ-ийн зөвлөх хос хэлний сургуулийн удирдлагуудад сургуулиа хэрхэн удирдах талаар сургалт хийж чиглүүлсэн нь тухайн үедээ ихэд цагаа олсон дэмжлэг байсан.
Нийгэмд эерэг өөрчлөлт авчрахын төлөөх улс төрийн хүсэл зориг, төсөв хөрөнгийн нөөц, чадавх нь боловсролд тэгш хамруулах, тэгш байдлыг хангах хэрэгцээ шаардлагад хариу арга хэмжээ авах уу үгүй юу гэдгийг шийдэх ёстой.
Энэ нь өргөн утгаараа нийгмийн шударга ёсны төлөөх үйл хэрэг болох учиртай.
Лобби бүлэг байгуулснаа зарласан хэвлэлийн хурал дээр байгуулагдаад 9-10 жил үйл ажиллагаа явуулсан эдгээр сургуулиуд үндэсний болон Кембрижийн хөтөлбөрөөр зэрэг хичээллээд багш нар, сурагчдад бөөн ачаалал үүсэж байгааг өөрчилж чадаагүй өнөөдөр хүртэл туршилт хийгээд байгаа талаар УИХ гишүүн Х. Булгантуяа тайлбарлаад байсан.
Төрийн өмчит Кембрижийн сургуулийн төсөв нь ердийн ЕБС-иас 15-20%-ийн л зөрүүтэй байгаа, тэр нь цалингийн нэмэгдлийн зөрүү байна лээ гэж Х. Ганхуяг гишүүн мэдэгдэв. Шинэхэн гишүүн маань хос хэлний 5 сургууль байдаг гэж бас андуураад авсан.
2020 оны шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулсан төсвийн мэдээлэл сонирхож үзлээ. "Шинэ эхлэл" сургуулийн 2020 оны төсөв 1 тэрбум 175 сая юм байна. Нийт орон тоо (удирдлага, багш, ажилчид нийлээд) - 48, суралцагчийн тоо - 326. Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардал - 51 сая. Бараа, ажил үйлчилгээний зардал - 118 сая.
Харьцуулахад нийслэлийн ерөнхий боловсролын 115-р сургуулийн төсөв 1 тэрбум 759 сая. Нийт орон тоо - 111, суралцагчдийн тоо - 2500. Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардал - 2 сая 200 мянган төгрөг. Бараа, ажил үйлчилгээний зардал - 4 сая.
Зуугаад багш, 2500 хүүхдийн хичээл үйлдвэрлэлийн зардалд 4 саяыг зарцуулчхаад Кембрижийн сургуулийн 50 хүрэхгүй тооны багш, 326 хүүхдэд 118 саяыг хичээл үйлдвэрлэлийн зардалд өгч л байдаг. Миний ажиллаж байсан Шинэ эхлэл сургуулийн хүүхдүүд өөрсдөө мөнгөө төлж ном, сурах бичгээ авдаг, шалгалтын төлбөрөө өөрсдөө төлдөг. Тэгээд юунд 100 саяыг зарцуулдаг билээ? Жил бүр үнэтэй лабораторийн төхөөрөмж, ширээ сандал авахгүй, олон улсын шалгалттай холбоотой зардалд ийм их мөнгө ордоггүй баймаар. Энэ тэгээд тэгш хуваарилагдсан төсөв юм уу, 15-20%-ийн зөрүү юм уу?
Учрал гишүүн лобби бүлгийн зорилгоо танилцуулахдаа Кембрижийн төлбөрийн тарифтай брошурыг гартаа барьсан харагдана лээ. Шинээр байгуулагдсан 153-р сургууль дээр КОУШТ-өөс эрхийг нь авсан чинь 20 саяд багтсан гэх шиг боллоо. Өргөдлийн хураамж нь (application fee) 1981 паунд байгаа нь үнэн, (1 паунд ойролцоогоор 3,793 төгрөгтэй тэнцэж байгаа) шалгалтын үнэ бол ер нь гайгүй гээд цаасаа эргүүлэнгээ 22 паунд энэ тэр л байгаа байхгүй юу гэж "хадуурдаг" шүү. Учрал гишүүний яриад байгаа 9-12-р ангийн нэг хичээлийг үзээд шалгалтыг нь өгөхөд 61-111 паундын хооронд төлбөртэй байхад үүнийг яагаад огт дурдахгүй байна?
АРДЫН ХҮҮХДИЙГ Кембрижийн хөтөлбөрөөр сурах боломжийг нэмэгдүүлэх гээд зүтгээд байгаа гишүүдэд энэ ялгаа зөрүү юу юм бэ? 115-р сургууль шиг ийм бага төсөвтэй ЕБС-иудын хүүхдүүд ардын хүүхдүүд мөн юм уу биш юм уу, арай өөр төрлийн хүүхдүүд юм уу?? Энэ лобби бүлгийн гишүүд боловсролын ялгарал угаасаа байсан гэж байгаа нь "юун сүртэй юм" гэсэн үг юм уу? ЭД НАР ЯГ ЮУ ЯРИАД БАЙНА АА??
Кембрижд албан ёсны бүртгэлтэй сургууль болсноор жил бүр хураамж төлөх ёстой, 2020 оны байдлаар нэг сургуулийн жилийн хураамж хамгийн багадаа 11,600,000-аас 23,840,000 төгрөгний хооронд хэлбэлзэж байгааг сургалт явуулах эрхээ авсан ч мэдээгүй??
Дамдинням гэдэг гишүүн Кембрижтэй хамтран ажиллаж эхлэхэд Отгонбаярын сайдын зөвлөх байсан ч гэх шиг, энэ чанар муутай боловсролын үр дүнд хохирсон хүмүүсийн нэг нь би байна ч гэх шиг. Миний ойлгосноор энэ хүн Кембрижийн хөтөлбөрийг 10 жил бодож явж байгаад ойлгож аваад тэр гурван сургуулиар нэг тойроод төрийн ордонд ирж лобби бүлэгт нэгдсэн юм даг уу. Сонин сонин юм их үзэх нь л дээ.
IGCSE (International General Certificate of Secondary Education) түвшний хичээлүүдийг 9-10-р ангид үздэг ба ерөнхийдөө манай суурь боловсролын гэрчилгээтэй дүйцнэ.
Advanced (товчлоод А гэдэг) буюу Ахисан түвшин нь мөн 2 жилийн хөтөлбөр ба 11-12-р ангид үздэг. Аль алинд нь байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлийн сонголттой хөтөлбөрүүд бий.
Учрал гишүүн үргэлжлүүлээд ахлах ангид л 4 хичээл заана барина гэснээ 4 хичээлээр шалгалт өгөөд тэтгэлэг авах боломжтой гэж ярилаа. Бодит байдал дээр боломжтой ч байж болно, боломжгүй ч байж болно. Учир нь сурагчдын мэдлэг чадвар, гаргасан амжилт, англи хэлний түвшин харилцан адилгүй, мөн гадаадын их сургуулиудын элсэлтийн шаардлагууд ч өөр өөр байдаг. Зарим IGCSE хичээлүүдийг 1-1.5 жил судлаад шалгалтыг нь амжилттай өгч болдог.
А түвшний хичээлүүдийн агуулга нь хүнд, шалгалт нь ч амаргүй даваа байдаг бөгөөд нэлээд оюуны хүч хөдөлмөр, шалгалтын системтэй бэлтгэл шаарддаг. А түвшний хувьд нэг жил агуулгынх нь талыг судлаад AS (advanced subsidiary) түвшний шалгалт өгдөг. Хэрвээ AS түвшний шалгалт өгөөд амжилтгүй дүн авбал дахин AS өгдөг, А2 түвшний шалгалт өгөх боломжгүй. Жишээлбэл, би А түвшний физик сонгоод хичээллээд 1 жилийн дараа физикийн AS түвшний шалгалт англи хэлээр өглөө гэж бодъё. Шалгалт дээр хангалттай сайн дүн авч чадвал А2 буюу А түвшний 2 дахь жилийн хөтөлбөрөөр суралцана. AS түвшний шалгалтад амжилтгүй дүн авбал А2-оор сурах эрх үүсэхгүй, AS түвшний шалгалтаа дахин өгөх л сонголттой. Мөн түүнчлэн А2 түвшний шалгалт өгөөд хангалтгүй дүн авбал AS түвшний дүн буюу чи 2 жил үзсэн ч нэг жил\талыг нь үзсэн хэмжээний мэдлэгтэй байна гэж үзээд сертификат өгдөг. Эсвэл зөвхөн AS хийгээд шалгалт өгөөд дуусгаж болно. Мэдээж хангалтгүй дүн авбал олон улсын шалгалтын сертификат авч чадахгүй. Тиймээс хүүхэд бүр дөрвөн хичээлээр Кембрижийн А түвшний шалгалтуудыг өгч А, В үнэлгээ аваад топ сургуульд тэтгэлгээр суралцах боломжтой гэдэг нь гишүүдийн ярьж байгаа шиг амархаан зүйл биш юм. Шалгалтгүйгээр их, дээд сургуульд элсэж болдог гэж хэлсэн. Сайн ойлгосонгүй, энэ бол худлаа.
Англи, монгол хос хэлээр хичээл заах багш нарыг системтэйгээр бэлдэхэд цаг хугацаа, төсөв санхүү, чанартай сургалт шаардлагатай гэдгийг онцлох ёстой. Шинэ эрин сургуулийн анхны багш нарыг Энэтхэг улсад гурван сарын англи хэлний курст хамруулсан. Бусад багш нар Боловсролын яамнаас зохион байгуулсан англи хэлний сургалтад хамрагдсан. 2012 оны 5-6-р сард Шинэ эрингийн анхны хүүхдүүд Кембрижийн IGCSE (англи хэл, математик, хими, физик, биологи) шалгалт өгөх болоход сонгуулийн жил учраас оноо алдаж болохгүй, тэр хүүхдүүдийн шалгалтын дүн бүгд сайн байх ёстой гэж яамны удирдлага шийдээд Англиас тухайн хичээлийн зөвлөх багш нарыг урьж хүүхдүүдийг бэлдүүлсэн нь мөн гурван сургуулийн багш нарыг сургаж дадлагажуулахад их хэрэг болсон.
Ахлах ангийн AS/A түвшний хичээлүүд эхэлснээр эдгээр сургуулиуд, ялангуяа багш нар нэлээд том сорил бэрхшээлтэй тулгарсан. Учир нь энэ түвшний хичээлийн агуулгууд нэлээд хүнд, багш нарт танил бус, манайд дунд\дээд сургуульд заадаггүй тул МУИС зэрэг гадны байгууллагаас зарим багш нарыг урьж цагаар хичээл оруулж байсан явдал бий. Багш нарын англи хэлээр хичээл заах чадвар нь харилцан адилгүй байсан, байсаар байгаад тэд буруутай биш шүү. Насанд хүрсэн хүний гадаад хэл сурах чадвар тухайн хүний онцлогоос шалтгаалаад янз бүр байдаг. Манайд англи болон бусад хэлээр ерөнхий эрдмийн хичээл заах багш нарыг бэлддэг систем байхгүй. Багш нарын англи хэлээр хичээл сургалтаа явуулах чадварыг сайжруулахад системтэй, эрчимжүүлсэн сургалт шаардлагатай.
Лобби бүлгийнхний ярьснаар 160 оронд Кембрижийн сургууль байгаа, тийм олон тооны Засгийн Газартай хамтраад байгаа юм бол байхгүй. Эрхэм гишүүд 1990 оноос хойш манай улс үндэсний хөтөлбөрөө хийх гээд чадаагүй гэж хийрхээд авлаа. Үнэлэмжийн систем ч гэж юугаа хэлээд байгаа юм. За нэг иймэрхүү л лобби хийнгээ буруу зөрүү ярьж бужигнуулсан хүмүүс байна, товчхондоо.
Кембрижийн сургуульд ажиллаж байсны хувьд монгол хүний суралцах хөгжих гэсэн тэмүүлэл, уйгагүй оролдлого, хүчин чармайлт амжилт ололтод хүргэдгийг харж, мэдэрч бахархаж байснаа хуваалцах ёстой.
Англи хэлний анхан шатны сургалтад сууж байсан багш нар 2-3 жилийн дараа IGCSE, AS, A түвшний хичээлүүдийг англиар чадварлаг зааж, сурагчид нь Кембрижийн шалгалтыг амжилттай өгцгөөж эхэлсэн юм шүү. Одоо ажиллаж байгаа төрийн өмчит Кембрижийн сургуулиудыг хааж, хаалгыг нь барьж хэрхэвч болохгүй. Тэгэхгүй байх гэдэгт итгэлтэй байна. Учир нь бид муйхарлах, туйлшрах, хэт үндсэрхэх, хоосон онолдож хэнээрхэх, мэдэмхийрэх, цэцэрхэхээ хойш нь тавиад учир шалтгааныг нь эргэцүүлэх ёстой. Ер нь сургууль, соёлын байгууллагыг хааж, нурааж сүйтгээд урагшилдаг уу. Урагшаа харж, хөгжиж дэвшихийн тулд хос хэлний сургуулийн стандарт, дүрэм журмыг нэг мөр, боловсронгуй болгож, алдаа гажуудлыг нь засч залруулах арга хэмжээ тууштай авч туршилтын гацаанаас нь гаргах хэрэгтэй. КОУШТ уг нь Боловсролын Яаманд зөндөө зөвлөгөө өгч шийдэл санал болгосон доо. Тэнд ажиллаж байгаа багш нар, удирдлагууд үндэсний хөтөлбөр ба Кембрижийн хөтөлбөрийн ялгаа зөрүүг олж харж хэрэгжүүлж, судалгаа хийж үзсэн цөөн тооны хүмүүс. Тэд хүний нөөц, мэдлэг чадварын дутагдалтай байгаа боловсролын институтүүдэд, үндэсний хөтөлбөрийн шинэчлэл хийхэд олж авсан онол, практикийн мэдлэг, ур чадвараа хуваалцаж боловсролын салбарын шинэчлэлд хувь нэмрээ оруулах чадавхтай болсон гэдгийг онцлох нь зүйтэй. Хос хэлний боловсролын давуу талын хувьд төрөлх болон гадаад хэлний хэрэглээний чадваруудыг жигд хөгжүүлдэг, төрөлх болон гадаад хэлний соёл, уламжлал, зан заншлыг ойлгож хүндэтгэлтэй ханддаг, даяарчлалын эриний иргэн болон төлөвшихөд шаардагдах дадал заншил, танин мэдэхүйн болон нийгэмшихүйн чадварууд эзэмших боломжтой гэж үздэг. Тиймээс орчин үед дэлхий даяар зөвхөн үндэсний хэлээрээ эсвэл зөвхөн гадаад хэлээр сургалт явуулахаас хос хэлний сургалтыг илүүд үзэж, хошуурч байна.
Лобби бүлгийнхэн төрийн өмчит хос хэлний сургуулиуд "ардын хүүхдийг авдаггүй болсон" учраас арай өөр төрлийн Кембрижийн сургууль байгуулъя гээд байна гэж хардаж байна. Энэ сургуулиудаар очсон, ярилцсан ч хүндрэл, бэрхшээлтэй асуудлуудыг шийдэж үйл ажиллагааг нь төгөлдөржүүлэхэд дэмжлэг үзүүлье гээгүй байна. Тэд нар нь тэндээ гацаж л байг, Баянхошуу, өөр хаанахын ч гэнэ үү ардын хүүхдүүдийг Кембрижийн хөтөлбөртэй сургуульд сургая л гэнэ дээ.
Эдгээр лобби хийгч улс төрчид ярьж байгаа юмаа тааруу мэдэж байна, итгэл үнэмшил муутай байна. Бас их зоригтой байна.
Үргэлжлэл бий.
-Чамд чадал байна, зориг байна. Ганцхан бодол алга. -Юун бодол? Гэдэх байхаа 'Төөрсөөр төрөлдөө' кинон дээр. Манайх гишүүдэд зориг их бий, ганц бодол байхгүй. Хэлбэл -Юун бодол л гэнэ.
-Чамд чадал байна, зориг байна. Ганцхан бодол алга. -Юун бодол? Гэдэх байхаа 'Төөрсөөр төрөлдөө' кинон дээр. Манайх гишүүдэд зориг их бий, ганц бодол байхгүй. Хэлбэл -Юун бодол л гэнэ.
Зөв санаа дэвшүүлжээ. Дэмжиж байна.
Тэнэг зориг шүү
Зөв асуудлын ултай суурьтай хөндөжээ. Үргэлжлэлийг хүлээе