Нийтлэл 09 сарын 23, 2020

Эзэнтэй малд чоно хаанаас халдах билээ!

Эдийн засгийн хувьд бид нэг л мэдэхэд өмнөд хөршийнхөө бүрэн мэдэлд ороход бэлэн болчихжээ. Хятад хэмээх нь сайнаар харвал аварга том эдийн засаг, муугаар харвал аймшигт мангас... Харамсалтай нь бид түүний аварга том хэмээх давуу талыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсангүй, харин ч ашиглуулж, идүүлж, өөрсдийнхөө хувьд жинхнээс нь мангас болгож байна.

Нэг л мэдэхэд монголын бүх өнгөт металь, нүүрс, нефть олзворлолт бүрэн, авто замын ажлын ихэнхийг хятадууд хяналтдаа авчээ. Барилгажилт ч мөн хятадаас ихээхэн хэмжээгээр хараат байдалтай. Барилгын материалынхаа үлэмжхэн хэсгийг өмнөөс татаж байна.

Монголын үндэсний үйлдвэрлэл хөл дээрээ босож чадахгүй мунгинасаар буйн нэг шалтгаан нь мөн л өмнөд хөрш. Монголд ямар нэгэн юм хийгээд эхлэнгүүт л яг адилхан зүйл урд хөршид олноор үйлдвэрлэгдэн Эрээнээр дамжин ирж, хямд үнээр монголын Үндэсний үйлдвэрлэгчийг нам цохин унагаж байна. Дороо нүх ухдаг ийм ажилд манайхан ч өөрсдөө их идэвхийлэн оролцоно, төр засаг нь ч хамгаалж, хянах нь үгүй.

Бид хичнээн хичээсэн ч манай Эдийн засаг өмнөд хөршийнхөө түүхий эдийн бааз болох талруугаа. Манай томоохон ордуудаас гарч буй бүхнийг ганц худалдан авагч нь тэд. Нүүрсийг л гэхэд коксжуулаад гаргая гэхэд авахгүй гэдэг. Тэгээд тонныг нь 27 доллараар авдаг. (нүүрсний ОУ-ын зах зээлийн үнэ 100 доллар давсан) Хил давуулаад өөрсдөө коксжуулан дотоодынхоо зах зээлд 70-80 доллароор борлуулах. Заримыг нь шууд нөөцлөх.

Манай 60 сая малаас гардаг асар их хэмжээний түүхий эд бүгд хятадуудын хяналтад байна. Жил бүр 10 сая гаруй арьс шир, 200 мянган тонн орчим ноос ноолуур... Яс, дайвар бүтээгдэхүүн... Тэд үнийг нь зохицуулж, унагах бол унагаж, хаягдал ч болгон чадаж байна. Манай ХАА-н болон Уул уурхайн бүтээгдхүүний нэр хүндийг дэлхийн зах зээл дээр унагах, үнэгүйдүүлэхийг ч тэд чадаж байна. Оёдол, хөнгөн үйлдвэрүүдийн талыг нь тэд хянаж байгаа гэсэн мэдээлэл байна. Нийтийн хоолны салбар ч мөн ихээхэн хамааралтай. Ингэхэд манай ЭЗ-т өмнөд хөршөөс хамааралгүй зүйл гэж бараг үгүй. Манай гадаад худалдаа, банк санхүүгийн хичнээн хувийг тэд хянадаг болохыг бид гадарлана. Монголын жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа улам бүр өмнөд хөршөөс хамааралтай болсоор...

Ийнхүү ЭЗ-аар дамжин, ходоод, хэтэвчээр нь дөрөөлөн манай улс төр, цаашлаад үндэсний оюун санаанд нөлөөгөө тэлж байгаа үзэгдэл бидний нүдэн дээр өрнөж байна. Монголын түүх соёлын арвин баялаг өвийг бид булш бунхан тонох, тэр бүү хэл сүм хийд, музейгээсээ хүртэл хулгайлан хэдэн халтар юаниар хятад руу хулгай авилгалаар дамжуулан зарцгааж байна. Ялангуяа монголчуудын гарал үүсэл, түүхтэй холбоотой эд зүйлс ихээр урагшаа урсаж, оронд нь сөрөг утга санаатай, хуурамч билгэдлийн шинжтэй зүйлс олноор орж ирэх болсон.

"Мөнгөтэй л байвал хаана ч амьдарна шүү дээ", "Зөвхөн өнөөдрөөрөө л амьдарцгаая" гэж ойлгосон залуу үетэй болов. "Эх орон гэдэг бол их хийсвэр худлаа ойлголт байгаа юм шүү дээ" гэж номчирхдог сэхээтэн мэргэдтэй болов. Хэт ахуйч явцуу үзэлтэй оюун санааны удирдагчидтай болов. "Монгол гэж юу байсан юм. Хэдэн зэрлэг нүүдэлчин малчид л байсан шүү дээ" гэж хэлдэг мэргэдтэй болов. Сэтгэл нь эмзэглээд үглэж, хэлсэн, шүүмжилснээ "Муу Популист хорлон сүйтгэгч" хэмээн хараан зүхэж, буланд шахдаг болов.

Байчихаад "Өмнөговийг хятадад зарчихая, тэгээд өрнөөсөө салаад амар жаргана", "Дорнодыг Япон, эсвэл Солонгост зарчихая. Тэд баярлаад л мөнгөө бариад гүйгээд ирнэ. 3 сая монгол хүн бүрд зуун сая доллар ногдоно. Түүгээрээ бид хангалттай сайхан амьдарна" гэж тооцоо хийдэг эдийн засагчтай, эрх мэдэлтэнтэй ч болов. Түрүүчээс нь ил далдаар зараад ч эхлэв бололтой. Манай газар нутгийн ашиглалтын болон хайгуулын лицензийн 70 гаруй хувь нь мөн л өмнөд хөрш. Урдаас их хэмжээний хөрөнгө оруулалт орох ч ихэнхдээ монголд наалдац багатай, жишээлбэл хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмж, шинэ технологи ирэх нь үгүй, аар саархан, хадаас, зүү хийх хэмжээний зүйлс орж ирнэ.

Хятад бараа л гэхээр хэврэг, хортой, хямдхан байдаг юм биш. Хятадууд үйлдвэрлэгч ард түмэн. АНУ, Австрали, Японд гаргаж буй бараануудын чанар өндөр. Гэтэл манайд ихэнхдээ хамгийн хэврэг, хамгийн хортой нь орж ирэх. Бүр бодлогоор мэт гэмээр... Төр засаг ч тэр бүх бараа бүтээгдхүүнүүдэд чанарын стандарт, шаардлага тавьж мэдэхгүй, тавьсан ч ор нэр төдий, авилгын сиймхийгээр гоожчихно. Манайх нэг л мэдэхэд хорт хавраар дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрэв. Ялангуяа элэг.

Газар тариаланд рапсаас өөр зүйл тариад ашиггүй нөхцөл байдлыг тулган хүлээлгэж байна. Рапс гэдэг энэ ургамлын хор хөнөөлийг бид бүгдээрээ л шогшрон гайхах атлаа жил бүр тариалалтын талбай нь нэмэгдсээр л байна. Урд хөршөөр даржин орж ирдэг хар тамхины хэрэглээ газар авч, манай тагнуул, хуулийнхан хүчирхээ байлаа.

Манай эрх мэдэлтэн, ихэс дээдсүүд эд хөрөнгө, элдэв барьцаа, элгэн садан, эд эсээрээ хүртэл өмнө талаас улам бүр хамааралтай болж байна. Хаанаас санхүүждэг нь тодорхойгүй янз бүрийн бүлэглэлүүд элдэв сайхан нэр хаяг, шошгийн дор мөөг шиг олон болж байна. Эрх мэдэл, албан тушаал, одон тэмдэг, эд хөрөнгөнд дуртай хүмүүс гэнэтхэн ихээр баяжицгаагаад, их хөрөнгө мөнгөөр гуядаж төрийн сэнтий өөд зүтгэцгээх болов.

Товчхондоо өмнөд хөршийн нөлөөлөл хэт давамгайлах болов. Барууны томоохон хөрөнгө оруулалтууд ээлж дараалан хятадуудад байраа тавьж өгсөөр байгаа. Угаасаа манайд гурав дахь хөршийн бодлого, ашиг сонирхол гэдэг зүйл хүчтэй, нөлөөтэй байх боломжгүй юм. Тэр бол зүгээр л хоосон яриа.

Гэтэл Монгол Улс дахь хоёр хөршийн маань хүчний тэнцвэр хэт урагшаа хазайлаа. Хойт хөрш монгол дахь эрх ашгаа монголчууд биднээр өөрсдөөр маань дамжуулан хятадуудад найр тавин өгч байна. Тэр бүү хэл хойт хөршөө үзэн яддаг үзэл монголд гаарч, түүнийг нь санаатай болон санамсаргүйгээр улам дэвэргэн өөгшүүлэх болов. Тэр хэрээрээ бид хаашаа хальтарч буйгаа мэдэрдэггүй нь харамсалтай.

Бид монголыг задалж буй хоёр дахь шатлалын хүйтэн дайн, барууны неолибералимзын түрэлт, дэлхийн дэг журмыг сахиулагч люциферүүдийг буруутгах боловч, үнэн хэрэг дээрээ тэдний үйл ажиллагааны сүүдэр дор өмнөд хөрш маань сэмхэн хийдгээ хийж, шургуулдгаа шургуулж амжсан байна. Африкийн Зимбабе улс хятадын юанийг үндэснийхээ валют болгосноо зарлахад дэлхий даяар Хятад африкт томоохон колонитой болов хэмээн шуугиж байна.

Тив дамнаад сунаж чаддаг гар бидний өрцөн дор байгаа атал харин БИД ЯМАР БАЙДАЛТАЙ БАЙНА ВЭ????

Монгол үндэстний оюун санаа ардчилал нэрийн дор түмэн хэсэг сарниж, нэгдсэн итгэл үнэмшил, бишрэл, үнэт зүйл, эрхэмлэх юмгүй болж хаос байдалтай болчихсон. Зарим нь бүр ардчилал ийм л байх ёстой гэж онолдох. Бид түмэн үндэстэн, соёлын хольц болсон хүчирхэг америк биш. Үнэмлэхүй нэг үндэстнээс бүрдсэн, нэгдмэл соёл, түүх, уламжлал, үнэт зүйлтэй манай нөхцөл байдал огт өөр. Харамсалтай нь ийм хаос байх хэрээрээ бид хайлж, хүчээ барж, тарамдаж байна.

Бид хөлгүй эдийн засагтай, нийгмийн баялгийн үнэмлэхүй их нь хүн амын хэт үнэмлэхүй цөөнхийн гарт орсон. Мөнгө санхүүгээр дамжиж, төрийн эрх мэдэлд хүрдэг олигархи буюу мафижсан системтэй болсон. Үүнийг дагаад манайд антигонист буюу зөрчилт ангит нийгэм бий болсон. Кастийн систем маягийн. Кастууд хэзээ ч нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй.

Бид дотроо улаан цэнхэр намаараа солиортлоо талцан, эрх мэдлээ үхэн хатан булаалдан толхилцох зуур бидний тусгаар тогтнол бүхий л утгаараа хойт туйлын мөс шиг хайлж байна. Бидэнд санал нийлэх юм гэж өнөө бараг үгүй болсон. Түүхээрээ хүртэл хуваагдан талцаж, бие биеэ хараан зүхэцгээж байна. Бид энэ явцуурсан толхилцоондоо хэт автаад нийтээрээ хаашаа гулсаж буйгаа ч анзаарахгүй болчихжээ.

Ингэхэд мэдээж буруутан нь хэн бэ гэдэг асуулт гарна. Бид бас ихэнхдээ буруутныг гаднаас хайдаг, энэ тохиолдолд шууд л хятад гэх байх. БУРУУТАН НЬ ХЯТАД БИШ ШҮҮ. Тэд хийх ёстойгоо л хийж байгаа. Харин жинхэнэ буруутан нь бид өөрсдөө. Бид хэт жижиг эрх ашгаа эрхэмлэж, талцаж, хэмлэлдэж, тэмцэлдсээр эв нэгдэлгүй болж, хүчээ барж байна. Бид үл ойлголцож байна. Бид "Чи л буруутан нь" хэмээн нэгнийгээ чичилж байна. Бид хар хайрцагныхаа бодлогыг мартсан байна. Бид үндэсний хөгжлийн үзэл санаагүй, тэр үзэл санаагаа шингээсэн хөтөлбөргүй, стратеги зорилтгүй байна. Бид төрийн хуулиа бусдаар хийлгэж, төрийн бодлогоо, ялангуяа боловсролынхоо бодлогыг гаднаас заалгаж, зааварлуулж байна. Бидний лидерүүд зөвхөн өнөө маргаашийн л асуудал ярьдаг болж, улс төрийн хэмжээгүй эрх мэдэлд хүрч сонгогдохын тулд амаа ар дээрээ гартал нь амалж, дээд тал нь дөрөвхөн жилийн настай хэт явцуу улс төр, дэндүү харалган нийгэм эдийн засгийн бодлого явуудаг болж явцуурсан. Ард олноо зээлээс зээл, амлалтаас амлалт, амь зогоосон цалингаас цалин, нүд хуурсан халамжаас халамжийн хооронд амиа зогоодог, хүлээдэг тэжээврийн мэт сэтгэхүйтэй болгож байна.

Бид охорхон бодолтнууд, ойворгон явдалтнуудаа орой дээрээ залдаг болжээ. Бид шударга ёс байдаг гэдэгт ихээхэн эргэлздэг, зарим тохиолдолд шударга ёс гэдэг бол мааз яриа, эсвэл хийрхүү солиотой хүмүүсийн өөрийгөө илэрхийлэх тунхаг хэмээн ойлгох хэмжээнд хүрэв.

Бүхэлд нь харвал БИД зүгээр л зөнгөөрөө эзэнгүй бэлчиж яваа сүрэг хонь шиг байна. Эзэнгүй сүрэг хонинд чоно орох нь ойлгомжтой. Хэрвээ эзэнгүй хонинд чоно орвол хэний буруу вэ? Бидний буюу малаа эзэнгүй тавьж явуулсан алмай хоньчны буруу. Чоно бол хэзээ ч, хаана ч байна. Чоныг байхгүй гэж бодох нь их гэнэн, жинхэнэ тэнэг явдал. Тэгэхээр чоныг биш, бид өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. Ингэхэд би өмнөд хөршөө харааж зүх гэж огт хэлээгүй шүү. Бүү мушгин гуйвуулаарай. Харин бид өөрсдийнхөө явдал үйлийг анхаарч цэнээсэй гэж хэлж байна. Өдөр өдрөөр хүчирхэгжин, ойрын ирээдүйд дэлхийн шинэ дэг журмыг сахиулагчийн байр суурь луу зүтгэж буй өмнөд хөршийгөө харааж зүхээд юу ч өөрчлөгдөхгүй. Их шуурганы өөдөөс нулимахтай адил. Тэр нулимадас бүхэн эргээд нүүрэн дээр чинь унах болно. Харин тэдний хүчирхэгжилтийг бид өөртөө мангас болгож бус эерэгээр ашигтайгаар ашиглах нь бидний ухаан, сэхээрлийн асуудал.

Өөрөөр хэлбэл монгол түмэн Нам болоод бүлэглэлийнхээ эрх ашгийг биш, нийт Монголынхоо язгуур эрх ашгийг тууштай хамгаалж чаддаг ХҮЧИРХЭГ ТӨР-тэй болох хэрэгтэй байна. Бас бид эрүүл саруул ухаанаар эргэцүүлэн тунгааж, зөв зүйл дээрээ нам, хүчин, баруун - зүүн, увс- халх, ардчилсан - ардчилаагүй, баян - ядуу, бөө - лам гэж явцууралгүйгээр нэгдэж чаддаг болох хэрэгтэй байна.

Бид манай нөхцөлд таарч тохирохгүй байгаа нь 20 гаран жилийн гашуун туршлагаар батлагдсаар байгаа Төрийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй байна. Ингэхэд эзэнтэй малд чоно хаанаас орох билээ...

 

Сэтгэгдэл бичих

    • zochin
    • 2020-10-07

    Ene huniig Han uul duuregt demjeed gargaasai gej ih husej bailaa. MAXNamaas ner devshij baigaa, ayultai geed l surtalchilgaa hiitsgeegeed baisan daa. Amartuvshin metees l deer bailaa.

    • Отгоо
    • 2020-09-23

    Хуулиа хэрэгжүүлж чадахгүй бол хариуцлага тооцох боломжгүй, хариуцлага тооцож чадахгүй, хүсэхгүй байгааг ард иргэд хараад төр засаг ийм байхад бид шудрага байх гээд өөрсдийгөө зовоох шаардлагагүй гэсэн сэтгэлгээтэй болж боломж л олдвол авилгал авах өгөх дээрээ уралдаж байна. Дээр дооргүй ийм тогтолцоо оршиж байхад Монгол улс эцэнтэй болох хол байхаа.

arrow icon