Нийтлэл 09 сарын 25, 2020

Г.ЗАНДАНШАТАР: Шударга бусын хонгилыг нураана

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ хуулиар иргэн хүн шүүхээр шударга шүүлгэх эрхийг баталгаажуулж, Монгол улсад тулгамдаад буй эрх мэдлийн хуваарилалттай холбоотой олон чухал асуудлууд шийдэгдэнэ. 

Өөрөөр хэлбэл 1993 оноос эхлэн Үндсэн хуульд тусгагдаагүй шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх эрхийг, Улсын дээд шүүхээс бусад ерөнхий шүүгчийг томилох, 2002 оноос Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдийг томилох, 2006 онд Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх,  2012 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг томилох эрхийг Ерөнхийлөгчид олгоод  байсан. Мөн 2019 оноос Ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-н зөвлөмжөөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг огцруулж, чөлөөлөх зэрэг эрхийг хуулиар олгож хэт их эрх мэдлийг Ерөнхийлөгчид төвлөрүүлээд байсан. Энэ нь эрх мэдлийн хяналт тэнцлийг алдагдуулах суурь болсон бөгөөд Ерөнхийлөгч шүүх эрх мэдэлд нөлөөлдөг байх нөхцөлийг бүрдүүлсэн.

 Харин одоо хэлэлцэгдэж байгаа Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн хувилбар  батлагдсанаар  нэг хүнд төвлөрч байсан хэт их эрх мэдлийг салгах боломж бүрдэх бөгөөд ингэснээр шударга бусын хонгилыг нураах боломж бүрдэж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар  2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгийн үеэр дараах тайлбарыг өгч байсан юм.  

 

“Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг давхардуулан эдлэхээр шударга бусын хонгил бий болж байгаа юм. Ийм учраас энэ гурван эрх мэдэл салж бие биендээ хяналт тавих шаардлагатай. Гэтэл манайх Ерөнхийлөгчдөө энэ гурван эрх мэдлийг бүгдийг нь өгчихсөн. Тухайлбал Ерөнхийлөгч хууль тогтоох, хууль санаачлах, хориг тавих эрхтэй. Мөн гүйцэтгэх эрх мэдэл буюу АТГ-ын даргыг томилдог. Мөн шүүх эрх мэдэл ч ерөнхийлөгчийн гарт байна. Уг нь энэ гурван эрх мэдэл тусдаа байж, бие биендээ хяналт тавих ёстой байтал хэрэгжихгүй байна.  Ингээд хяналт тавих боломжгүй болчихоор шударга бусын хонгилоор хүний эрх зөрчигдөөд эхэлж байгаа юм. Энэ мэт Үндсэн хуулиас гадна органик хуулиар ерөнхийлөгчийн  эрх мэдлийг нэмэгдүүлж ирсэнээр шударга бусын хонгилын суурь тавигдаж оргилдоо хүрээд, одоо задран унаж байна. Өөрөөр хэлбэл энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлийн хуваарилалт салж, шударга бусын хонгил нурах болно”.  

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon