Нийтлэл 09 сарын 28, 2020

Ковид19-ийн үеийн дэлхийн эдийн засгийг ойлгоход туслах сонирхолтой 3 индикатoр

Эдийн засаг багадаа гэхэд олон сая хүн, хэдэн мянган компаниас бүрдэх тул нүдээрээ хараад ямархуу байгааг нь хэлэх аргагүй, хэр сайн эсвэл муу байгааг нь дүгнэхэд тоо/дата хэрэг болдог. Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүн гэх мэт эдийн засгийн идэвхжлийг харуулдаг уламжлалт статистикийг нэгтгэж гаргахад тодорхой хугацаа шаардагддаг. Уг нь 1 улирлын дотор эдийн засаг орвонгоороо эргэх нь ховор тул статистик тоо бэлэн болохыг хүлээх нь тийм ч том асуудал биш. Гэтэл Ковид 19-ийн үед хүмүүсийн ажил эрхлэлт, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа маш хурдтай ѳѳрчлѳгдѳж буй. Жишээ нь, Хятадад вирус ид тархаж бүх зүйл зогссон байсан 2-р сарыг хѳл хорио суларсан 3-р сартай харьцуулахад амьдрал эрс ѳѳр байв. Дэлхийн бусад эдийн засгуудын хувьд ч вирусын тархалт, карантины хугацаанаас хамаараад нѳхцѳл байдал маш хурдтай ѳѳрчлѳгдсѳн. Энэ үед эдийн засагчид ихэвчлэн улиралдаа нэг зарлагддаг ДНБ эсвэл сардаа нэг зарлагддаг эдийн засгийн салбаруудын үзүүлэлтүүдийг хүлээлгүйгээр кредит картны хэрэглээ, тогны хэрэглээ гм ѳндѳр давтамжтай мэдээллээс тухайн үеийн эдийн засгийн байдлыг, ерѳнхий дүр зургийг мэдэхийг оролдож буй. Ковид 19-ийн үед дэлхийн эдийн засаг хэр идэвхтэй байгааг харуулах дараах 3 сонирхолтой датасет байна:

1) Google Mobility Index

Ѳндѳр хѳгжсѳн Европын улсуудад амын ердѳѳ 30% гэрээсээ ажиллах боломжтой учраас хүмүүс гэртээ сууцгааж байна уу эсвэл ажил сургуульдаа явж, дэлгүүр хоршоо хэсч байна уу гэдгээс ихэнх улс орны эдийн засгийн идэвхжлийг хэлэх боломжтой. Үүнийг Google mobility index харуулна. Google Map апп дэлхийн улс орнуудад офис, дэлгүүр эсвэл гэрийн байршил, хүмүүсийн хѳдѳлгѳѳн зэргийг бүгдийг мэдэж байгаа тул энэ боломжийг олгож байгаа.

Oxford Stringency Index

Вирусын эсрэг вакцингүй тул дэлхий даяар хүн амын эрүүл мэндийг хамгаалах ганц арга нь карантин, хѳл хорио болж, энэ нь эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлаж, түүхэнд байгаагүй уналтыг бий болгож буй. Оксфордын их сургуулийнхан 180 гаруй улсад Ковид 19-ийн эсрэг хѳл хорио, эдийн засаг болон эрүүл мэндийн бодлогын хүрээнд хэр хатуу арга хэмжээ авч буйг 17 үзүүлэлтээр хэмжиж нэгтгэх ажлыг хийсэн бѳгѳѳд, улс орнуудыг хооронд нь харьцуулах, арга хэмжээ нь цаг хугацааны явцад хэр чангарч эсвэл суларч буйг харах боломжтой.

3) John Hopkins Covid-19 dashboard

Хэрэглээ, борлуулалт, хѳдѳлмѳр эрхлэлт, хѳрѳнгѳ оруулалт гээд бизнесийн үйл ажиллагаа, хүмүүсийн амьжиргаанд шууд нѳлѳѳлж буй коронавирус дэлхийн 188 оронд ямархуу тархалттай явааг, бүс нутаг болон дэлхийн хэмжээнд нѳхцѳл байдал ямар байгааг харах боломжтой хяналтын самбарыг John Hopkins-ийн их сургуулийнхан боловсруулжээ.

Нэмэлт 1: Coronavirus vaccine tracker

Коронавирус улирлаас хамаарахгүй, нэг ѳвчилсѳн хүн дахин халдвар авахгүй гэсэн баталгаагүй, эмчилгээ тѳгс биш үед эдийн засгийг вирусаас хамгаалах гол найдвар нь вакцин болж буй. Харин вакцин бүтээх процесст дунджаар 10-15 жил шаардагддаг бѳгѳѳд түүхэнд хамгийн хурдан бүтээсэн вакцинд 4 жил зарцуулагдсан байдаг. Вакциныг лабораторид боловсруулаад, амьтан дээр туршаад, эцэст нь хүн дээрх клиник туршилт 3 үе шаттай явагддаг бѳгѳѳд, эхлээд хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлээд аюулгүй бѳгѳѳд үр дүнтэй нь бүрэн нотлогдсоны дараа хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх зѳвшѳѳрѳл олгогддог байна. Энэ процесст урт хугацаа, хэдэн тэрбум ам.долларын зардал шаардагддаг тул баргийн компаний хувьд зардал/ѳгѳѳжийн хувьд оновчгүй байдаг. 2002 онд дэлгэрсэн SARS-ын вакцин одоо хүртэл бий болоогүй нэг шалтгаан нь энэ юм. Ковид19-ийн хувьд дэлхий даяар тархаж, нэг тархсан улс оронд ч 2 дахь давалгаа бий болж буй тул Засгийн газрууд онцгой анхаарч, вакцинд хѳрѳнгѳ оруулцгааж буй. Одоогоор коронавирусын эсрэг 100 гаруй вакцин ямар шатандаа явааг NYTimes сонин эмхтгэсэн байна. Дэлхийн эдийн засгийг ойлгоход туслах ѳѳр ямар датасет бий болох нь сонирхолтой.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon