Нийтлэл 10 сарын 06, 2020

Төлөвлөлтгүй Улаанбаатар ба системийн хямрал

1.Улаанбаатарын түгжрэлийн нэг гол шалтгаан нь ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ХОТ.

Улаанбаатар хотын төлөвлөлтийг зоосны нүдээр харж, боломжит байтугай боломжгүй газрыг нь хүртэл зарж худалдаж орхисон юм. Бүр "Хотын мафи", "Газрын наймаачид" нэр алдар хүртэл бий болсон. 30 жилийн улс төрийн дампуурлын үрээр Улаанбаатар нэртэй цементэн ширэнгэн хот босож, түгжрэлийн үндсэн суурь хүчин зүйл болсон юм. Ийм зүйл яагаад бий болдог вэ гэхээр системийн хямралын үед.

Төлөвлөлтгүй хот - Төрийн дампуурал - хариуцлагаас ангид улс төр - Системийн хямрал.

Системийн хямралаас - Хариуцлагаас ангид улс төр - Дампуу төр - Төлөвлөлтгүй хот. Ийм л үр төлүүд гарчээ.

2.Түгжрэлийн хоёр дахь том шалтгаан: ХҮН АМЫН МЕХАНИК ӨСӨЛТ

30 жилийн өмнө хагас сая хүрдэггүй байсан хотын хүн ам одоо 3 дахин нэмэгдсэн. Ийнхүү хотын хүн ам механикаар өссөний шалтгаан нь орон нутагт ажил олдохгүй, ажлын байрны даацгүй.

Системийн хямрал - Хариуцлагаас ангид улс төр - Хөгжлийн тууштай бодлогогүй дампуу төр - Үйлдвэр хөгжөөгүй орон нутгийн хоцрогдол.

3Гуравт хариуцлагагүй, соёлгүй жолооч, замбараагүй машины хэрэглээ

Ямар ч оронд очоод тухайн орны хөгжил, соёлын түвшинг замынх нь хөдөлгөөнд оролцоод мэдэрдэг гэдэг. Манайд бол маш тодорхой. Туслах замаас төв зам руу орох гэж алаан болдог. Нэг машины ард орчих юм бол амьдралаас тэр чигтээ гээгдчих гэж буй мэт чичирдэг хүмүүс манай зам дээр олонх нь. Энэ нь Ирээдүйдээ итгэлгүй, нэгэндээ хүндэтгэлгүй, зөвхөн хувиа бодож довоо шарлуулсан сэтгэлгээ түгээмэл байгаагийн илрэл. Харин яагаад ийм байна вэ гэхээр амьдралын ядуурал 40 хувиас буухгүй, ёс суртхуун унаж, хүн хүндээ, нийгэмдээ итгэх итгэлгүй болчихсоных. Систем хямарчихаар ийм юм болдог байна.

За бас бус дагалдах шалтгаанууд бий бий. Тэгэхээр Улаанбаатарын алдарт түгжрээ бол манай систем хямраад гацаанд орчихсоны илрэл юм. Өвчний илрэлтэй тэмцээд бүрэн эмчлэх боломж хомс, яахав, ойр зууртаа, жишээлбэл замын хөдөлгөөний дүрэм журамд өөрчлөлт оруулах, ганц нэг гарц, зам гаргах сэтлэх мэтээр оролдлого хийж болно. Гэвч уг язгуурыг нь эмчлэхгүй бол нэмэргүй. Системийг өөрчлөхгүйгээр энэ гацаа тийм амархан арилахгүй дээ. 2019 онд энэхүү системийг эмчлэх, гацаанаас гаргах боломж уг нь бидэнд байсан юм…

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon