Нийтлэл 10 сарын 29, 2020

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: Эсрэг тэсрэг үзэлтнүүд

АНУ-ын 59 дүгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн мэтгэлцээн өнгөрсөн 7 хоногт болж өндөрлөлөө. 200хан гаруй жилийн түүхтэй энэ агуу гүрний сонгууль, нийгэмд тулгамдаж буй ээдрээтэй асуудлууд зөвхөн АНУ-д ч хамааралтай бус дэлхий дахинд нөлөөлөхүйц цаг үед оршин амьдарч байна. АНУ-ын улс төр-нийгэм-эдийн засгийн хүрээнд ямархуу сонгуулийн орчин үүсэж байгаа, ер нь яагаад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль чухал юм, дэлхий дахинд ямархуу нөлөөтэй юм гэдэг тухай өгүүлье.

2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан Намаас Жоү Байдэн нэр дэвшиж байна. Энэ удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг үеийн байдал дотоодын тогтворгүй байдал, арьс өнгөөр ялгаварлахаас үүдсэн бослого, ковид-19 цар тархалт, гадаад харилцааны болон геополитикийн шинэ асуудлуудтай давхцаж хэцүүхэн цаг үед болж байгааг тодруулахад илүүдэхгүй болов уу. Хоёр нэр дэвшигч маань доорх асуудлуудад өөрсдийн байр суурийг илэрхийлэхээс гадна хэрвээ Ерөнхийлөгч болбол цаашид ямархуу бодлого явуулах тухайгаа хөндсөн болно.

Ковид-19-тэй тэмцэх эдийн засгийн бодлогын хүрээнд

Өнөөдрийн байдлаар АНУ-д нийт 8.7 сая хүн ковид-19-ын халдвартай байна. Энэ жилийн 3 дугаар сараас хойш Ерөнхийлөгч Трампын боловсруулсан ковид-19-тэй тэмцэх үндэсний бодлого нь ажилгүйдлийн тоо 20.5 сая (5 дугаар сарын үзүүлэлтээр) хүрсэнтэй уялдуулан хувь хүнд $1200, гэр бүлд $2400 ам доллар нийгмийн халамж маягаар өгж, хуурай болон агаарын хилийг хаасан билээ. Ажилгүйдэлийн тоо өсөж байгаа нь жижиг дунд бизнесүүд олон мянгаараа үүдээ хааж байгаатай шууд холбоотой. Ковид-19 эхэлсэнээс хойш 600,000 жижиг дунд бизнесүүд болон 25,000 гаруй том брандын дэлгүүрүүд жижиг салбаруудаа бүр мүсэн хааж байна.

Сонгуулийн мэтгэлцээний үеэр Ерөнхийлөгч ЗГ-ын бодлогыг хамгаалж БНХАУ-ыг ковид-19 тархаасан гэж буруушааж, энэ жилийн эцсээр АНУ вакцинтай болохыг олон нийтэд зарлав. Мөн муж, хот, бизнесүүдийг үүдээ нээх цаг нь болсон, тэгэхгүй бол АНУ улс биш болно гэж анхааруулав. Тэр хэлэхдээ "АНУ дэлхийн эдийн засгийн 25% хувийг эзэлдэг, сайхан сүмбэгэр Нью Йорк хотыг минь хар—сүнсэн хот болсон" гэж харамсаж байв. Трамп болон Трампын ЗГ-ын шийдэл улс орны болон дэлхийн зах зээлд хэр нөлөөтэй вэ? 

Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрийн маргааш DJI 257 oноо өсөж 18,332.74 хүрч, S&P 500, Nasdaq хүртэл 1.1%-иар өсч байсан. Тэрээр сонгогдсон мөчөөсөө хойш, эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн өсөлтөө өөрийн хамгийн том амжилтад тооцсоор ирсэн гэж хэлэхэд буруудахгүй. COVID-19-ийн цар тахлын аюул нүүрлэн, ажилгүйдэл эрчимтэй өсөж, хөрөнгийн зах зээл унасан ч, богино хугацаанд эргэн өсгөж, бүх алдагдлаа нөхсөн гэж удаа дараалан зарлаж байгаа юм. 2-р сарын 5-нд 29,276.34 хүрч байсан DJI, 3-р сарын 18 хүртэлх хугацаанд 29.3%-иар унаж 20,704.91 болж байж. Харин 10-р сарын 26-ны байдлаар 27,695.61 байгаа юм. Засгийн газрын мөнгөний бодлого, эдийн засагт оруулсан их хэмжээний мөнгө үүнтэй гарцаагүй холбоотой. Харин үр дүнд нь бий болсон төсвийн алдагдал, өссөн улсын өр дараачийн сорилт болох нь гарцаагүй.

Харин Жоү Байдэн Ерөнхийлөгчийн ковид-19 тэй тэмцэж буй бодлогыг бүрэн няцааж, өнөөдөр АНУ-д 226,000 хүн нас барсан нь түүний урьдчилан сэргийлэх арга хэмжээ муу авсан гэж цохилт өгөв. Жоү Байдэний зүгээс цаашид "зөөлөн нээлт" хийх бодлогыг дэвшүүлэв. Энэхүү "зөөлөн нээлт" бодлогод сургууль, ресторан болон үйлчилгээний газруудад өндөр стандарт тавьж аль болох хүн багатай, холын зайнаас, шилэн халхавчтай үйлчилгээ хийхийг санал болгов.

Хэрвээ Жоү Байдэн сонгогдох юм бол, мөрийн хөтөлбөрт нь багтаж буй шинэчилсэн татварын тогтолцоо эдийн засгийн өсөлтийг зогсоон, хөрөнгийн зах зээлийг унагаах болно гэсэн довтолгоог бүгд найрамдах намын кампанит ажил идэвхтэй явуулж байгаа юм. АНУ-ын тэтгэврийн хувийн хадгаламжийн 401k тогтолцооны дор ажил эрхлэгч ажил эрхэлж буй хугацааны турш хуримтлал үүсгэж, хөрөнгө оруулдаг тул, хөрөнгийн зах зээл ямар байхаас шууд хамаардаг ба сонгогчдын хувьд чухал сэдэв юм.

Аюулгүй байдал, Гадаад харилцааны бодлогын хүрээнд

2016 оноос хойш Ерөнхийлөгч Tрампын хэрэгжүүлж буй гадаад бодлогыг судлаач нар олон өнцгөөс харж байна. АНУ-ын дэлхий дахин дахь нөлөө багассан уу эсвэл бусад өрсөлдөгч улсуудтай "тэнцвэржсэн" бодлого явагдаж байна уу гэх мэт хүнд геополитикийн асуултууд өрнөсөөр ирлээ. Ямартай ч Обама-гийн засаглалын "Ази руу чиглэсэн бодлого" нь улам өргөжиж "Индо-Номхон далайн стратеги" болсон нь Ази, номхон далайн бүс нутгийн улс төр, эдийн засаг, геополитикийн ач холбогдол хэрхэн чухал болохыг харуулж буй. Энэхүү бодлогын хүрээнд Монгол улс ч хамрагдаад байгааг тодруулах нь зүйтэй.

Дэлхийн хоёр дугаар дайны дараахан АНУ олон улсын харилцаанд улам идэвхтэй оролцож, ардчилал, чөлөөт зах зээл, хүний эрх, олон улсын норм, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд нөлөө бүхий гүрэн болж чадсан. Үүнээс гадна, АНУ-ын зэвсэгт хүчин, оюуны өмч, теxнхологийн шинэ дэвшилтэд дэлхийн сүпэр хүч хэвээр байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн ач холбогдол маш өргөн билээ.

Ерөнхийлөгч Трамп мэтгэлцээний үеэр НАТО-гийн гишүүн улсуудаас нийт $420 тэрбум долларын санхүүжилт яригдаж байгааг тодрууллаа. НАТО-гийн нэгэн том зорилго нь ОХУ-ын нөлөөг сөрөх стратегитай, тийм ч учраас Трамп НАТО-гийн байр суурийг бэхжүүлсэн бодлогоо шууд-бус аргаар танилцуулж байв.

Жоү Байдэний зүгээс АНУ-ын сонгуулийн үйл явцад нөлөөлж буй ОХУ, Иран, болон БНХАУ-д хатуу хариуцлага тооцохоо Трампаас илүү хүчтэй хэлсэн. Тэрбээр Ерөнхийлөгч Трампыг 2016 оны сонгуульд ОХУ-ын нөлөө байсныг яагаад Путинээс асуухгүй байгааг тодруулж, зэвүүцсэн байдлаа үзүүлсэн билээ.

Цаг агаарын өөрчлөлтийн бодлогын хүрээнд

Өрсөлдөж буй хоёр нам болон Трамп-Байдэн цаг агаарын өөрчлөлтийн хөр нөлөө, хүн төрөлхтний оролцооны түвшин сэдэв дээр ихээхэн зөрчилддөг билээ. Ерөнхийлөгч Трампын байр суурь эрчим хүчний салбараа улам хөгжүүлэх, тогтолцоог нь бэхжүүлэх нь байгаль орчны бохирдлын алдагдсан боломжийн зардал нь бага гэж үзэн, ажлын байраа хадгалах нь өнөөдрийн чухалчилж байгаа зүйл юм.

Ерөнхийлөгч Трамп 2016 оны "Парисын хэлэлцээр"-ийг эдийн засагт сөрөг нөлөөтэй хэмээн, хэдэн тэрбум ам долларыг цаг агаарын өөрчлөлтэй холбоотой төсөлд зарцуулахгүй гэдгээ хэлсэн юм. Ерөнхийлөгч Трампын засгийн газар 2017 онд АНУ-ыг уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрээс албан ёсоор гаргасан. Мөн БНХАУ 2030 он хүртэл Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж, АНУ-БНХАУ 2-ыг харьцуулж байгаа мэт хэлж байв. 

Жоү Байдэн ирээдүйг сэргээгдэх эрчим хүч гэж тодорхойлж, газрын тос, газрын тосны олборлолтыг ирэх жилүүдэд багасгаж, байхгүй болгох тал дээр төлөвлөгөө боловсруулна гэж төгсгөлийн мэтгэлцээн дээр мэдэгдсэн юм. Тус төлөвлөгөө амжилттай хэрэгжих юм бол нийт 18.6 сая шинэ ажлын байр бий болгон, 1 их наяд ам. долларын эдийн засгийн өсөлт авчирна гэв.

Дүгнэлт

2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал төдий чухал байр суурь эзлээгүйн шалтгаан нь АНУ-ын дотоодын тогтворгүй байдал, арьс өнгөөр ялгаварлах, дэд шүүхийн томилгоо хийх, болон ковид-19 тэй тэмцэж эдийн засгаа сэргээх гэх мэт олон чухал дотоодын асуудлууд байсан учраас болов уу гэж бодож байна. Гэсэн хэдий ч хэрвээ Трамп ерөнхийлөгч дахин сонгогдвол АНУ-БНХАУ ын худалдааны дайн үргэлжилж, цагаачлалын хууль улам чангарч, жижиг дунд бизнесүүд ямар нэгэн байдлаар төрөөс дэмжлэг аван үүдээ хаахгүй байх нь хүлээгдэж буй.

 

Нөгөөтээгүүр Жоү Байдэн Ерөнхийлөгч болбол АНУ-БНХАУ ын харилцаа одоогийн байгаагаасаа илүү сайжрахгүй ч арай "зөөлөн хэлэлцээр" бий болох боломж бий. Цагаачлалын хуулийг бүтнээр шинэчлэх хэрэгтэй ч, олон сая хууль бусаар байгаа цагаачид ямар нэгэн өршөөлийн хуулиар хууль ёсны болох бодлогыг дэмжиж ажиллана.

 

Л. Болор

Б. Гэсэр

 

  1. Wall Street Welcomes Trump with a Bang” CNN, November 9,DJI,Yahoo finance 
  2. These chains are permanently closing the most stores in 
  1. Unemployment rose higher in 3 months of covid-19 then it did in 2 years of the Great Recession.
  2. Debate Transcript. USA Today.

Сэтгэгдэл бичих

arrow icon