Нийтлэл 11 сарын 02, 2020

УРЛАГ: Хотулун гүнж УСК 2021 онд нээлтээ хийнэ

 Хятадын “Мулан” киног дэлхийн томоохон хэвлэлүүд хурцаар шүүмжилж, үлгэр домог биш үнэн бодит түүхт хүн, Чингис хааны үр удам Хотулун гүнжийн тухай бүтээл хийсэн бол амжилтанд хүрэх байсан гэх мэтээр мэдээлж байсан. Мөн Netflix компани “Марко Поло” цувралд монгол гүнжийн дүрийг Солонгосын жүжигчин Клаудиа Ким бүтээсэн ч ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа. Энэ мэт шүүмжлэлүүд нь Монголчууд өөрсдөө түүх соёлоо харуулсан, тэр дундаа түүхэнд тод бичигдсэн хатад, гүнжийн дүрийг уран сайхны кинонд мөнхөлж үлдээх шаардлага байгааг харуулж байна. Тэгвэл “Шүүдэр продакшн” түүхэнд Хотол цагаан, Хотулун гэж алдаршсан Сарангэрэлт гүнжийн тухай тулаант киног бүтээж байгаа юм. Тэгвэл тус киноны трэйлер буюу товч танилцуулага олон нийтийн хүртээл болоод байна.

Өгөдэй хааны гуч охин Хотулун гүнжийн талаар алдарт аялагч Марко Поло шагшин биширч түүх сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн Италийн суут хөгжмийн зохиолч Пуччини “Турандот” дууриа Монголын Хотулун гүнжийн түүхээс сэдэвлэн бичсэн. Хотулун гүнж киногоор  Хубилайг Хятад ёсонд оров хэмээн Хайду хаан илт давуу хөрөнгө, хүчний эсрэг 40 гаруй жил тэмцэхэд эцэгтээ түшиг тулгуур болон манлайлан тулалдаж байсан тухай, Хотулун гүнж алтан ургийн бүсгүй боловч эгэл цэрэгтэй хайр сэтгэлээрээ гэрлэсэн зэрэг сонирхолтой түүхийн уран сайхны аргаар харуулах юм.

Кино багийн хувьд Ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг нар ажиллаж байна.  Харин Хотулун гүнжийн дүрийг Оросын Театр урлагийн их сургуулийг төгссөн, залуу жүжигчин М.Цэрэндолгор бүтээжээ.

Кино 2021 оны 11-р сард нээлтээ хийх ч урьдчилсан байдлаар өнөөдөр буюу  нээлтээсээ жилийн өмнө анхны танилцуулгаа түгээж байгаа нь Монголд анхны тохиолдол болж байна. Хотулун гүнж кино төсөлд Мобиком корпораци, шинэ үеийн VOO аппликэшн хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-11-04

    Хөтлүн гэх нь зөв гсн шүүү

arrow icon