2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 70 сая гаруй иргэдийн санал хурааж авсан Доналд Трамп дахин сонгогдож чадсангүй. Ардчилсан засаглалтай улсын ерөнхийлөгч дахин сонгогдвол түүний дэвшүүлж буй, хэрэгжүүлж буй бодлого нь ард иргэддээ болон дэлхий дахинд ямар нэгэн хэмжээгээр эерэгээр хүлээн зөвшөөрөгдөж байна гэж ойлгогддог. Трампын засаглалд тийм заяа олдсонгүй нь АНУ-д тулгарч буй олон нийгмийн ээдрээтэй асуудлыг шийдэж чадаагүй, бас Трампын цаад зан чанар, түүний асуудалд хандаж буй хандлага иргэдийн сэтгэл зүрхэнд хүрч чадсангүйтэй шууд уялдаатай болно.
Ковид-19
2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль ковид-19 цар тахлын үеэр хүндхэн нөхцөлд болж өнгөрлөө. Анх ковид-19 эхэлснээр хойш АНУ-д 238,000 гаруй хүн нас барж, 9.96 сая хүн халдвар авч энэ тоо өдөр бүг нэмэгдсээр байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр ч олон мянган Трампын дэмжигчид маск зүүх зааврыг үл тоож цугларч байв. Өчигдөр гэхэд Joe Biden ялалтыг тэмдэглэж Чикаго, Сан Франциско, Атланта, Вашинтон ДС, Нью Йорк хотуудаар баяр ёслол хийсэнтэй уялдаж ковид-19 тоо улам нэмэгдэх нь ойлгомжтой болж байна.
Ковид-19 болон түүнээс үүдэж буй нийгмийн замбараагүй байдал нь нэг бодлоор Трампын засаглалын дэглэм журам сул байгааг харуулж байгаа.
Нөгөөтээгүүр АНУ, бүхлээрээ сул задгай байгаа байдал нь өрсөлдөгч улсуудад ардчилал, нээлттэй нийгмийн эсрэг пропаганда явуулах боломж бололцоог улам дэлгэрүүлж байна. Жишээлбэл БНХАУ-ын зүгээс Трампын ковид-19тэй тэмцэж буй чадваргүй байдал, дээрээс нь том хотуудаар болж өнгөрсөн арьс өнгөний ялгаварлалтаас үүдсэн нийгмийн эмх замбараагүй байдлыг мушгиж, Хятад иргэдийн АНУ-ын тухай түгээмэл ойлголт, дэмжлэг, хандлагыг өөрчлөх пропаганда явагдаж байна гэж судлаачид үзэж байна.
Aрьс өнгөөр ялгаварлах үзэл
Aрьс өнгөөр ялгаварлах үзэлд АНУ-ын муж болгон өөр, өөр байр суурьтай байгаа гэдгийг энд тодруулах нь зүйтэй болов уу. Сүүлийн 4 жилийн хугацаанд Ерөнхийлөгч Трампын ЗГ энэ асуудалд жинтэй өөрчлөлт гаргаж чадаагүй гэж хэлж болно. Түүний санаачилсан нэгэн зүйл бол төрийн албан хаагчдийн заавал суух ёстой "Арьс өнгөөр ялгаварлахын эсрэг" сургалтыг хориглосон билээ. Трамп Ерөнхийлөгчийн зүгээс бол иймэрхүү төрөөс санхүүжиж байгаа сургалт нь зорилтоосоо эсрэг хүмүүсийг илүү хувааж байна гэж үзэж. Эсрэгээрээ төрөөс ямар нэгэн хяналт, сургалт, соён гэгээрүүлэх бодлого явуулахгүй бол арьс өнгөөр ялгаварлах, бүр цаашлаад хүйс, шашнаар ялгаварлах үйлдэл ихэснэ гэдэг үзэл дээр энэхүү сургалт анх үүссэн ажээ.
Өнгөрсөн 6 дугаар сард хар арьстнуудын нэгдсэн "Black lives matter" хөдөлгөөн АНУ-ын 550 гаруй хотуудаар өрнөн, хагас сая (500,000) хүн оролцсон билээ. Энэхүү хөдөлгөөн нь Америкийн нийгэмд үе үед тулгамдаж байсан арьс өнгөөр ялгавларах үзлийн тэсрэлт байсан бөгөөд шийдэхэд ээдрээтэй асуудлуудын нэг яалтичгүй мөн. Зарим хотуудын хууль хүчний байгууллагуудыг татан буулгах, цомтгох, шинэчлэл хийх саналыг ч дэвшүүлж зарим цагдаа нар ажлаа өгөхөд хүртэл тулсан билээ.
Асуудал нь угандаа цагаан арьстай цагдаа нар хар арьстай хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гэмгүй иргэдрүү буу шагайлгаж, цагдаагийн хүчирхийлэл явагдаж байна гэх агуулга дээр үүдсэн. Ерөнхийлөгч Трампын байр суурь эхнээсээ "хорт пропаганда" болоx "Black lives matter" хөдөлгөөн нь "үзэн ядалт дээр суурилсан, нийгмийг хоёр хуваасан бэлэгт тэмдэг" гэж зарлаж билээ. Тэгэхээр Трампын иймэрхүү хандлагуудаас үүдээд боолчлолын эх түүхтэй Georgia муж Ардчилсан намаас нэр дэвшиж буй Joe Biden-г сонгох маш том шалтгаан болсон гэж хэлж болно. Georgia муж нь 2008 бас 2012 онд Barack Обама-г сонгосон хөвөгч мужуудын нэг билээ.
Олон улсын харилцаа
Ерөнхийлөгч Трамп 2016 оноос хойш гадаад бодлогын огцом шийдвэр гаргаж, зарим асуудалд нүдэн балай, чихэн дүлий мэт байсаар ирлээ. Ялангуяа хүний эрх хөндөгдөж байгаа газарт Цагаан oрдонд чимээгүй сууж байгааг дэлхий даяар харж буй. Энэ бүхний маш тод ойрийн жишээ бол БНХАУ-ын Шинжаан дахь 1 сая гаруй Уйгар үндэстний эсрэг хүчирхийлэл, Өвөр Монгол дахь Монгол хэлийг устгах бодлого, Беларусь улсын цагдаагийн хүчирхийлэл болон бусад холбоотон улсуудын нөхөрлөлийн харилцаанд алхам ухарч АНУ-ын нөлөөг багасгаж, тусгаарлагч бодлого явуулж байна гэж шүүмжлүүлсээр 4 жил өнгөрлөө.
Ямартай ч Ерөнхийлөгчийн алба хашсан хүн бүр сайнтай муутай ч өөрийн гэсэн хийсэн зүйлтэй ажлаа өгдөг жамтай. Түүхэн үйл явдлуудаас дурдвал, АНУ-д боолчлолыг эцэс болгосон Абрахам Линколин, Японд атомын цөмийн зэвсэг хаяж дэлхийн хоёрдугаар дайныг эцэслэсэн Трумен Харри, Хууль бусаар тагнаж чагнасан Ричард Никсон, Ирак болон Афганистаны дуусдаггүй дайныг эхлүүлсэн Жорж Буш, Цагаачлалын өршөөлийн хуулийг баталсан Барак Обама гэх мэт ерөнхийлөгчийн хийсэн зүйлүүд бий. Тэгвэл, Трамп ямар ажлаараа дэлхий дахинд дурсагдаж Цагаан ордноос явах вэ?
Олон улсын харилцааны хүрээнд БНХАУ-тай олон жил эцэслэж чадаагүй байсан худалдааны эрх тэгш байдал, татварын тэнцвэргүй байдлыг хөндөж, өөрсдийн эдийн засаг, теxнологийн давамгай байдлыг хамгаалах, оюуны өмчийг бэхжүүлэх, АНУ-ын эрх ашгийн төлөө тууштай зогсож чадсан. 2017 онд Ойрхи Дорнодод хөл авж байсан ISIS террорист бүлэглэлийн эсрэг тэсрэх бөмбөгнүүдийн эх болох MOAB-ыг ашигласан анхны ерөнхийлөгч болов. Мөн Израиль-Бахрейны энхийн гэрээнд зуучилж, Иерусалим хотыг Израилийн нийслэлээр зарлаж түүхэнд хийгдээгүй үйлдлийг хийсэн болно. Ази, номхон далайн бүс нутгийн аюулгүй байдалд нөлөө бүхий Хойд Солонгосын Ким Жон-Унтай уулзаж, амжилт гаргаагүй ч АНУ-ын түүхэнд бичигдэх нэгэн агшин болсон билээ.
АНУ-ын ардчилсан нийгэм, ардчилсан тогтолцоо нь иргэдийнхээ дуу хоолой, үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх хүчин зүйлээр улам бэхжиж, нийгэмлэг, дэлхийд ээлтэй засаглалыг байгуулахад оршдог. Тэгвэл 2016 онд сонгогдсон Доналд Трамп хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болох завшаан олдсонгүй, эсвэл тэр завшааныг өөрөө алдсан уу.
Ямартай ч АНУ-ын 59 дүгээр Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж хамгийн анхны эмэгтэй Дэд ерөнхийлөгчөөр Камала Харрис тодров. Нэг бодлоор АНУ-ын ардчилал нэгэн алхалмаар дэвшилт үзүүлж байна. Цаашдын 4 жилд АНУ-д сорилт их бий. Жой Байдены засаглал ковид-19 тэй хэрхэн тэмцэх, ковид-19 оос үүдсэн эдийн засгийн сэргээн босголт, эрүүл мэндийн даатгалын бодлогын шинэчлэл, цагаачлалын албаны тухай хуулийн шинэчлэл, уур амьсгалын асуудалтай тэмцэх гэх мэт маш олон ээдрээтэй асуудлууд хүлээж байна.
Л. Болор
2020 оны 11 дүгээр сарын 9
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн нь албан ёсоор зарлагдаагүй юмсан. Хуулиараа 2020 оны 1 сарын 20-нд ерөнхийлөгч тодорно,тэр болтол хуулийн процедур үргэлжлэх болно. Хэвлэл мэдээлэл хэзээ байтлаасаа ерөнхийлөгчийг зарладаг болчихвоо. Хэвлэл мэдээлэл бол үндсэн хуулиар эрх олгосон ерөнхийлөгчийг өөрийн дур зоргоор зарладаг эрхтэй субьект биш. Одоо дээд шүүх дээр маргаан явж байгаа. Mainstream media хэт нэг талыг барьж мэдээ хүргэдэг бүр улаан цайм *projected winner гэж мэдээллээ хүмүүст тулгаад ерөнхиилөгч болчлоо гээд зарлаад байх юм. Энэ бол буруу жишиг. Хүмүүст албан ёсоор гараагүй үр дүнг гарсан юм шиг мэдээллээд байвал юу болох вэ? Хүмүүс тэнцвэртэй мэдээлэл авах ёстой болохоос ингэж урьдчилсан мэдээллийг хэт нэг талыг барьсан байдлаар авах ёсгүй. Мэдээллийн олон эх сурвалж ашиглал даа. Зөвхөн CNN, ABC MNBC гэх мэт демократ намыг дэмждэг мэдээллийн эх сурвалж ашиглаад байх юм. Media is too biased. Media doesn't have constitutional power!!!!!
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн нь албан ёсоор зарлагдаагүй юмсан. Хуулиараа 2020 оны 1 сарын 20-нд ерөнхийлөгч тодорно,тэр болтол хуулийн процедур үргэлжлэх болно. Хэвлэл мэдээлэл хэзээ байтлаасаа ерөнхийлөгчийг зарладаг болчихвоо. Хэвлэл мэдээлэл бол үндсэн хуулиар эрх олгосон ерөнхийлөгчийг өөрийн дур зоргоор зарладаг эрхтэй субьект биш. Одоо дээд шүүх дээр маргаан явж байгаа. Mainstream media хэт нэг талыг барьж мэдээ хүргэдэг бүр улаан цайм *projected winner гэж мэдээллээ хүмүүст тулгаад ерөнхиилөгч болчлоо гээд зарлаад байх юм. Энэ бол буруу жишиг. Хүмүүст албан ёсоор гараагүй үр дүнг гарсан юм шиг мэдээллээд байвал юу болох вэ? Хүмүүс тэнцвэртэй мэдээлэл авах ёстой болохоос ингэж урьдчилсан мэдээллийг хэт нэг талыг барьсан байдлаар авах ёсгүй. Мэдээллийн олон эх сурвалж ашиглал даа. Зөвхөн CNN, ABC MNBC гэх мэт демократ намыг дэмждэг мэдээллийн эх сурвалж ашиглаад байх юм. Media is too biased. Media doesn't have constitutional power!!!!!