Нийтлэл 11 сарын 11, 2020

'Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь' сэдэвт хэлэлцүүлгээс үүдсэн шүүмж

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Бидний нэр бүхий 5 гишүүн байгаад байгаа ш дээ … ?

(Сэтгүүлч өмнөөс нь толгой дохив) Боловсролын шинэчлэл бол өргөн хүрээний асуудал, цогц ажилбарын үр дүнд олон улсын түвшинд хүргэхэд хамтарч ажиллая гээд ороод ирсэн байна…

Амьдрал дээр залуус таалагдсан бүсгүйнхээ араас уйгагүй хөөцөлдөж найрч "гартаа оруулсны" дараа хэсэгтээ л хөөр баяртай явдаг даа. Улс төрд ч УИХ-ын нэр бүхий шинэхэн гишүүд ангийнхаа зарим бүсгүйчүүдийг "найрч, хүслээ гүйцэлдүүлээд" маасайтал инээмсэглэж цуг хөшилдөн нэгэн арга хэмжээн дээр сууцгаана. Тусгайлан бэлдсэн тайз, ая, фанфар, хөтлөгчтэй "танин мэдэхүйн шинжтэй" уг арга хэмжээний нэр "Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь" сэдэвт хэлэлцүүлэг. Өнгөрсөн намраас УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Н.Учрал, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар ерөнхий боловсролын салбарыг хөгжүүлэхэд Кембрижийн стандартыг нийт ЕБС-ийн 10%-д нэвтрүүлнэ хэмээн нийгэмд шуугиан дагуулсан мэдэгдэл хийж, лобби бүлэг байгуулснаа зарласан. Энэ үеэр олон нийтийн эрх ашгийн үүднээс боловсролын бодлогыг боловсруулна, боловсролын тэгш бус байдлын эсрэг тэмцэнэ, чухам зүгээр гэцгээж "өндөр авч" байсан Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нарын гишүүд саяхан болсон хэлэлцүүлгийн үеэр  "бид санал нэгдээд явж байна хө" гээд яриа өгцгөөв. Амин чухал асуудал дээр нэгдэж нийлээд, улс орны эрх ашгийн төлөө хамтраад шийдээд явахад болохгүй юу ч байх билээ. Ерөнхий боловсролын чанар, үр дүнг дээшлүүлж, хөгжлийн шинэ шатанд хүргэх талаар ярилцахад УИХ, Засгийн Газрын гишүүд, Боловсролын яам, бусад төрийн байгууллагын дарга, мэргэжилтнүүдээс гадна Их Британи, АНУ болон бусад орны элчин сайдуудын дуу хоолой манай эрхэм лоббичдод дутаад байсан гэж байна. Сонирхолтой нь, боловсролын чиглэлээр дуу хоолойгоо төрд хүргэж идэвхтэй оролцож ажилладаг талуудын нэг болох Иргэний Нийгмийн байгууллагуудын төлөөллийг энэ удаа огт оролцуулаагүй нь тэднээр санал, шүүмжлэл хэлүүлээд хэрэггүй гэж үзсэн бололтой. Ингээд хэлэлцүүлэг дээр тавьсан илтгэлүүдээс ерөнхий боловсролын чанар хүртээмж, үр ашгийг дээшлүүлэхтэй холбоотой яригдсан бодлого, үйл ажиллагааны мэдээллүүдийг тоймловол дараах дүр зураг тодорч байна. 

УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Ж.Мөнхбат уг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ:

Ерөнхий боловсролын салбар бол манай улсын тэргүүлэх чухал салбаруудын нэг мөн. Боловсролын шинэчлэлийг гажуудуулбал үр дүн нь хохиролтой тусна. Монгол улсын хөгжлийн суурь бол боловсролын хөгжлийн асуудал юм гэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Нийт  820 гаруй ерөнхий боловсролын сургуульд 32,085 багш ажиллаж байгаа нь төрийн нийт албан хаагчдын 16 хувийг эзэлдэг. Монголын хүн амын 20 гаруй хувь нь ЕБС-ийн суралцагч байна. Манай улс дотооддоо нэгдсэн чанарын үнэлгээний систем байхгүй, байгаа нь ЭЕШ-ын оноо. Энэ бол сургалтын чанарыг 100% үнэлэхгүй. 2021 онд PISA шалгалтаар ерөнхий боловсролын системийг үнэлүүлэх нь томоохон дэвшил болно. Америкт 9-р ангийн сурагч 9 төрлийн хичээл үзэж байхад манай 9-р ангийн суралцагчид 19 төрлийн хичээл үзэж байгаа нь шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байгаа юм.  Боловсролын салбарын санхүүжилт мөн асуудалтай байна. Дотуур байр нэг аймгаас бусдад нь хүрэлцээтэй байхад 11 аймагт 28 дотуур байр барина гэж төсөвлөж оруулж байна. Боловсролын төсвийн зардлын 60-70% нь хүн рүү чиглээгүй, оновчгүй байна гэж үзэж байна. Тиймээс энэ байдлыг засч залруулж багшийн цалинг улсын дунджаас дээгүүр байлгана.

БШУЯ-ны Бага, Дунд Боловсролын Газрын дарга Т.Ням-очир:

2008-2009 онд 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжсэнээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дунд боловсролын тогтолцоо бүрэлдэж хөгжсөн гэж үзэж болно. Дэлхий дээр 138 улс 12 жилийн тогтолцоотой байна. Суралцагчийн чанарын үнэлгээний журам 2018 оноос хэрэгжиж байгаа. 2012-2016 онд сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулсан. 2019 онд уг цөм хөтөлбөрт 8-30%-ийн тохиргоо хийж сайжруулсан. Бид 4-6 жилийн хугацаатай хөтөлбөрүүдийг сайжруулж ажиллаж ирсэн. Сургалтын хөтөлбөрийн удирдлагыг хэрхэн боловсронгуй болгох тал дээр ажиллаж, ойр ойрхон хөтөлбөрийг өөрчилж бужигнуулахгүйн тулд тодорхой менежментийн циклийг боловсруулж гаргасан байгаа. 

БШУЯ-ны харьяа Шинэ Эрин лаборатори сургуулийн захирал Б.Амартүвшин:

Төрийн өмчит, Кембрижийн хөтөлбөртэй Шинэ Эрин, Шинэ Эхлэл, Монгол Тэмүүлэл гээд 3 сургууль байдаг. Шинэ Эрин сургууль 2010 онд, Шинэ Эхлэл, Монгол Тэмүүлэл сургуулиуд 2011 онд байгуулагдсан. Бага ангийн сурагчдад төрөлх хэлээр нь боловсрол эзэмшүүлэх төрийн бодлоготой холбоотойгоор улсын Кембрижийн сургуулиудыг 6-р ангиас дээш ангитай байхаар зохицуулалт хийсэн. Элсэгчдээс математикийн хичээлээр шалгалт авч сонгон шалгаруулаад Кембрижийн хөтөлбөрийн байгалийн ухааны хичээлүүдийг түлхүү үздэг, энэ нь бүтээж чаддаг, бүтээлч иргэнийг бэлтгэх концепцтой холбоотой. Шинэ эрин сургуулийн хувьд, гадаадын их дээд сургуулиудад элсэн орсон төгсөгчид маань нийт 14 тэрбум төгрөгийн тэтгэлэг хүртсэн зэрэг амжилтууд олон байгаа. Бид багшийн ажлыг үнэлэхдээ олон улсын багшийн үнэлгээний системийг мөрддөг.  Манай сургуулиудын тухайд байгаа хүндрэл бэрхшээл гэвэл Монгол тэмүүлэл сургууль одоо хүртэл өөрийн гэсэн хичээлийн байргүй. Шинэ эхлэл сургууль спортын заалгүй, Шинэ эрин сургууль хичээлийн байр, заалтай боловч газрын маргааны асуудалтай зэргийг харгалзан үзэж шийдүүлэх хэрэгцээ, шаардлага байна. Манай улс дотооддоо олон улсын хөтөлбөрийн дүн, сертификатыг тооцох дүйцүүлэх систем болон үр дүнгээ хэмжиж чаддаг үндэсний үнэлгээний систем байхгүй нь зовлонтой.

МУБИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, профессор Х.Тамир:

Манай улсад ЕБС-ийн багш бэлтгэх тогтолцоог сайжруулж боловсронгуй болгох, багш бэлтгэх сургуулийг чанаржуулах ажлуудыг дэс дараатай хийсээр ирсэн. Бидэнд байдаг нэг гол бэрхшээл бол Монгол улс өнөөг хүртэл мэргэшлийн үндэсний хүрээ (National Qualification's Framework) ямар байхыг загварчилж боловсруулж гаргаж чадахгүй байгаа явдал юм.

БҮТ-ийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат:

Боловсролын чанарын үнэлгээг түүврийн аргаар бага, дунд боловсролын түвшинд зохион байгуулдаг байсан. Одоо суурь боловсролын түвшинд бүх сургуулиас шалгалт авсны үр дүнд хувийн хэвшлийн болон улсын 20 топ сургуулийг шалгаруулж зарласан байгаа. Бүх хүүхдүүдээс чанарын үнэлгээний шалгалт авч байгаа учраас чанарын үнэлгээгээр нь сургуулиудыг эрэмбэлэн жагсаах боломжтой болж байна. ЭЕШ-ын тайлан нээлттэй болж байгаа, шалгалтын үеэр, элсэгчдийн нүдэн дээр скантрон машинаар шалгалтын хуудсыг уншуулдаг болсон. ЭЕШ нь их, дээд сургууль, коллежд суралцах элсэгчдийг шалгадаг уралдаант шалгалт байтал үүнийг буруу ашиглаад тухайн орон нутгийн боловсролын чанар хүртээмжийг үнэлээд ярьж бичээд байдаг. Энэ бол ташаа ойлголт юм гэдгийг хэлэхийг хүсэж байна гэв.

Энэ хүмүүс үндэсний хэмжээний хэлэлцүүлэгт юу ярьсан бэ, юуг ярих ёстой байсан бэ гэдэг дээр саналаа хэлэхгүй өнгөрч чадсангүй.

Мөнхбат гишүүний уран, уянгалаг ярьж байгааг нь сонсоход ер нь бид боловсролын салбарт алдаатай бодлогын үр дүнд салбарын хөгжил нь гажуудсан, эсвэл одоо гажуудаад байгаа юм бол байхгүй, болгоомжтой байхад болох юм шиг.

Мөнхцэцэг гишүүний хувьд “АЛСЫН ХАРАА-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баримталж буйгаа илэрхийлж боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудаар, бидэнд хэдийнээ танил болсон зовлон бэрхшээлүүдийг тоочин сонордууллаа. Түүнчлэн хэлэлцүүлгийн үр дүнд олон улсын боловсролын тогтолцоо, хөтөлбөрүүдээс сайныг нь аваад үндэсний боловсролын тогтолцоогоо сайжруулах ёстой. Төрийн өмчийн Кембрижийн сургуулиуд их мөнгө төлдөг учраас, эдгээр сургуулиудыг өргөжүүлэх нь маргаантай асуудал гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

Ням-очир дарга орчин үеийн  боловсролын салбарын хөгжлийн түүхэн замналаас эхлээд бодлогын түвшинд хийж хэрэгжүүлсэн бүх мэдээллийг эвлүүлж, сургалтын хөтөлбөрт олон удаа өөрчлөлт оруулсан зэргийг ярилаа. Дунд ангийн сургалтын төлөвлөгөөг OECD орнуудтай харьцуулж ярив. Өөрийнх нь хэлснээр аливаа бодлого, үйл ажиллагаа судалгаа шинжилгээнд суурилсан байх ёстой юм бол яагаад салбарын хөгжлийн стратегийн шинэ төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн боловсролын бодлогын цогц тойм шинжилгээ бүхий тайланд үндэслэж нөхцөл байдлаа ярьдаггүй билээ. 2012-2016 онд сургалтын цөм хөтөлбөрийг БШУЯ дангаараа боловсруулсан ч юм биш. 2011 онд Монгол улсын засгийн газар, Кембрижийн их сургуулийн олон улсын шалгалтын төвтэй "Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар Монгол-Кембрижийн Боловсролын санаачилга (MCEI - Mongolia Cambridge Education Initiative) төсөл эхэлсэн. Уг төслийн зорилго нь манай улс ерөнхий боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, үнэлгээний системийг шинэчилж боловсронгуй болгосноор тэгш хамруулах зарчимд үндэслэсэн, боловсролын тэгш байдлыг хангасан төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын системтэй болох явдал байв. Энэхүү шинэчлэлийг амжилттай хийхийн тулд цөөн тооны төрийн өмчит Кембрижийн хөтөлбөртэй сургуулийг байгуулж ажиллуулах, ялангуяа IGCSE, AS/A түвшний хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх, үүнтэй зэрэгцээд ерөнхий боловсролын үндэсний хөтөлбөр, үнэлгээний системийг сайжруулж боловсронгуй болгохоор замын зураг гаргаж төлөвлөсөн. Энэ мэдээллийг Амартүвшин захирал ч, Ням-очир дарга ч сайн мэддэггүй бололтой, тайлбарлаж хэлсэнгүй өнгөрөөв. Боловсролын суурь мэдээллийн тайланд дурдсанаар дээрх шинэчлэл нь батлагдсан төлөвлөгөөний дагуу явагдаагүй бөгөөд үндэсний стандарт, хөтөлбөр, сурах бичиг, багшийн мэргэжил дээшлүүлэх талаар баримтлах бодлого, чиглэл бүхий албан ёсны баримт бичгүүд нь "олдоогүй" гэсэн байна. 1998 оноос хойш өнөөг хүртэл нийт 21 удаа сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулжээ. 2002-2018 онд боловсролын 20 стандарт, 252 сургалтын үндэсний болон цөм хөтөлбөр, 294 төрлийн сурах бичиг, багш боловсролын 6 стандарт, 154 багшийн ном боловсруулан гаргасан байгаагаас харахад дунд сургуулиуд, багш нарын нуруун дээр ямархуу ажлын ачаалал буусан нь илэрхий байгаа юм. Сүүлд эдгээр 252 сургалтын хөтөлбөрийн 70 гаруй хувийг хүчингүй болгосон ч гэх шиг. Цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн судалгааны үр дүнгээс харвал бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд хөтөлбөрийн хэрэгжилт сул, жигд бус буюу сурагчдын эзэмшиж буй мэдлэг, чадвар өнгөц байгаа нь хөтөлбөрөөр эзэмшиж буй боловсролын чанар, үр дүнг анхаарах цаг болсныг харуулж байна гэсэн байна. Ерөнхий боловсролын салбарын бодлого боловсруулж хэрэгжүүлж байгаа хариуцлагатай албан тушаалтны хувьд хөтөлбөрийн менежментийн цикл гэж ярьж зогсохын оронд бидний алдаа оноо, сургамж ийм байна, энэ байдлаасаа суралцаад ийм бодлого боловсруулж эрчимтэй хэрэгжүүлнэ гэдгээ зарлах, таниулах, хэлэлцүүлэх ёстой биш гэж үү.

 Кембрижийн хөтөлбөрийн тухайд байгалийн ухааны хичээлүүдтэй харьцуулахад англи хэлээр хичээл заах чадвартай нийгмийн ухааны багш нар илүү хомсдолтой байдаг. Гадны улс орнуудад ашигладаг багшийн үнэлгээний системийн талаар Кембрижийн зөвлөх үйлчилгээний хүрээнд цуврал сургалтууд хийгдэж, зөвлөхүүд нь монгол улсад багшийн ажлыг үнэлэх загвар ямар байж болох талаар боловсруулж өгөөд явсныг бас дурдаж хэлэх хэрэгтэй. Тэрнээс улсын Кембрижийн сургуулийн удирдлагууд олон улсын үнэлгээний систем нэвтрүүлээд өөрсдөө боловсронгуй болгоод дагаж мөрдөөд байгаа хэрэг биш шүү дээ. Кембрижийн хөтөлбөртэй хувийн сургуулиуд сүүлийн үед олшроод байгаад Амартүвшин захирал санаа зовж байгаагаа илэрхийлж болох ч элчин сайдынх нь өмнө ингэж хэлэх нь зохисгүй санагдав. Энэ цөөн тооны, төлбөргүй Кембрижийн сургуулиудад хэнийг хэрхэн элсүүлэх талаар бодлого, тусгай журам байхгүй, нэг сургууль нь хичээлийн байргүй 10-аад жил, нөгөө сургууль нь захиралгүй 2 жил болж байх жишээтэй. Ерөнхийдөө Кембрижийн хөтөлбөртэй, төрийн өмчит сургуулиуд байгуулагдаад 10 жил болсон ч тулгарч буй зовлон бэрхшээл, тэдгээрийг шийдэх арга замуудын талаар анхаарч шийддэг, шийдэл олох чадвартай мэргэжилтэн, боловсролын яамны албан тушаалтан байхгүй нь эмгэнэлтэй.

Түүнчлэн үндэсний хэмжээний чанарын үнэлгээний судалгааг Кембрижийн олон улсын шалгалтын төвөөс зөвлөх үйлчилгээ авах замаар зохион байгуулсан. Ганбат дарга мөн энэ мэдээллийг алгасаад чанарын үнэлгээгээр сургуулиудыг эрэмбэлэн жагсаах боломжтой болсон, хувийн хэвшлийн болон улсын топ сургуулийг шалгаруулж зарласан гэж зөрчилтэй юм ярив. Бид бүх сургуулиа сайн муугаар нь ангилж, бужигнасан дээр нь бужигнуулах уу. Чанарын үнэлгээний үр дүнг зөвхөн сургуулиудад мэдээлж тухайн сургууль сурлагын ахицдаа анхаарах, багш нараа хөгжүүлэхэд нь эргэх холбоо болгож ашиглах уу. Сурлагын чанарын үнэлгээний үр дүнг холбогдох байгууллагуудад судалгааны тайлан хүргүүлэх төдийгөөр хязгаарлагдаж байгаад БҮТ анхаарах хэрэгтэй. Ганбат даргын илтгэлээс харвал ЭЕШ-ын үр дүнгээр багш нараа дүгнэдэг ерөнхий боловсролын сургуулиуд, сургуулиудаа дүгнэдэг боловсролын төрийн байгууллагууд мөн энэ шалгалтын утга, зорилгыг ойлгодоггүй гэсэн үг ажээ. Монгол улсын боловсролын суурь мэдээллийн тайланд дурдсанаар анги танхимд хийгдэж байгаа бодит үнэлгээ нь дорвитой өөрчлөгдөөгүй, хөндлөнгийн шалгалт болон багш нарын үнэлгээ нь чадварыг үнэлэхэд чиглэгддэггүй, мэдлэг голлосон хэвээр байна. Багшийн ажлыг үнэлж дүгнэх журмын үзүүлэлтүүд оновчгүй, үнэлгээ нь бодитой бус, багшийн хөгжлийг дэмжиж чаддаггүй тул багшийн ажлын байранд тавигдах стандартыг боловсруулах хэрэгцээ шаардлага байна гэжээ. Хамгийн чухал асуудал бол янз бүрийн мэдээлэл нийлүүлж илтгэхэд бус, ингэж ажиллаад суралцагчийн сурлагын ахиц амжилтыг тооцох бодитой, найдвартай, ижил шалгуур, индикатортай үндэсний хэмжээний үнэлгээний системтэй болж байна гэж танилцуулах цаг болсон баймаар юм.

 Дамдинням гишүүн ярилцлага өгөхдөө үргэлжлүүлээд, бид бүх талын оролцогчдыг оруулж ирж сонсох гэж байна. Кембрижийн хөтөлбөр бол цогц шинэчлэлүүдийн хамгийн амжилттай болсон, 10 жил хэрэгжсэн хөтөлбөрийн жишээ юм. Кембрижийн хөтөлбөрөөс авах юм нь багшийг сайн хөгжүүлдэг. Бид цаанаа бодлоготой явж байгаа, мушгин гуйвуулсан зүйл хэрэггүй гэхчлэн ярив. Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх эрх авчхаад муу, амжилтгүй ажилладаг сургуулиудтай харьцуулахад манай төрийн сургуулиуд сайн ажилласан гэсэн утгатай, инээдтэй юмаа давтаж ярьсаар л. Байгалийн ухаан г.м хөтөлбөрүүдийг шууд аваад хэрэгжүүлье гэх юм, кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд шууд л хэрэгжүүлж ажилладаг шүү дээ. Тавхан үгэндээ танигдана гэдэг шиг цаана байгаа бодлого нь Кембрижийн хөтөлбөрийг шууд хуулахаас өөр бодлого байх шинж алга даа.

УИХ-ын гишүүн: Х.Ганхуяг бид нэгдсэн ойлголтод хүрэх гээд хэлэлцүүлэг хийж байна. Үндэсний сургалтын хөтөлбөрийг олон улсын хөтөлбөрт дүйцүүлэх, олон улсад өрсөлдөхүйц байдлыг ярьж байна. Үндэсний цөм хөтөлбөр, Кембрижийн хөтөлбөр гэсэн ойлголтуудыг тодорхой болгохгүй бол төөрөлдөөд яваад байна. Зарим хөтөлбөрүүдийг Кембрижийн хөтөлбөртэй 90-95%-тай дүйцүүлсэн, төрийн өмчит Кембрижийн сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлнэ. Кембрижийн хөтөлбөр гэдэг нь шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг олон улсын стандартын дагуу зааж явуулах л асуудал байхгүй юу гэнэ ээ.

(Юу ч гэмээр юм бэ дээ? Болдогсон бол нулимсаа гоожуулж инээсэн, далий эможи энд олныг өрмөөр байна. Г.Б.)

ИБУИНВУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малон мөн илтгэл тавьж Монгол Кембрижийн боловсролын санаачилага төслийн хүрээнд ерөнхий боловсролын чанарыг сайжруулахтай холбоотой сургалтын хөтөлбөр, багшийг хөгжүүлэх цогц ажлууд хэрхэн хийгдсэн талаар, зөвхөн төрийн өмчийн Кембрижийн хөтөлбөртэй 2, 3 сургууль байгуулах гэж боловсролын яамтай хамтраагүй гэдгийг тодруулж манай дарга нараас илүү цэгцтэй, дэлгэрэнгүй мэдээлэл өгч хариуг барих шиг боллоо. Элчин сайд товчхондоо гол, чухал шинэчлэлүүдийг хийж хэрэгжүүлэхэд Кембрижийн олон улсын шалгалтын төв Боловсролын яамтай хамтарч үр дүнтэй ажилласан, үндэс суурийг нь сайн тавьж өгсөн, үргэлжлүүлээд боловсролын реформоо ултай суурьтай хийгээч ээ л гэж битүүхэн хэлээд илтгэлээ дуусгав. 

Ундрам гишүүн Монгол улсад Кембрижийн ИС-ийн зүгээс юу хийснийг илүү нарийн тодорхой бидэнд хэлж өгөөч ээ гээд элчин сайдыг урьсан байгаа, илтгэл тавьж мэдээлэл өгсөн танд баярлалаа гэв. Үнэхээр ичмээр! Эд нарт мэдээлэл хэрэгтэй байсан юм бол тухайн үед төсөл удирдсан, хариуцсан, ойр ажиллаж байсан яамны дарга, мэргэжилтнүүдийг дуудаад өөрсдөө сонсож яагаад болоогүй юм. Нэг үеэ бодвол уншаад мэдээлэл авчихмаар судалгаа, тайлангууд гарч, нийтэд нээлттэй байдаг болсон үед эдний өөрсдийнхөө танин мэдэхүйд зориулсан хичээлд бултаараа сууж байх ч хөөрхийлөлтэй юм.

Илтгэлүүд дуусч, хэлэлцүүлэг эхэллээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг модератороор ажиллаж энд хэдэн асуулт ирсэн байна гээд элчин сайд Филип Малонаас нөгөө тэнэг, зөвхөн Монголчууд л итгэдэг яриаг "үнэн" эсэхийг англиар асуугаадахлаа:

- Why the UK adopted the Soviet Union education curriculum to the high schools and into the schools?

Бүр 2-3 давтаж асуулаа, орчуулагч нь хаана байна гэлээ заал руу, базар дарь минь гэж. Элчин сайд дотроо эгдүүцсэнээ нууж, хэсэг зуур ойлгоогүй дүр үзүүлэв. Мэдээж "тийм юм байхгүй ээ" гэж товч хариулт өгөв, тэр хүнд доромжлол мэт санагдаж хүлээж авсан нь гарцаагүй. Олон улсын жишиг гэж юу вэ гэсэн асуултад Б.Амартүвшин захирал олон улсын хөтөлбөр гэж ойлгодог хэмээж байна билээ. Ганбат дарга PISA-д хамрагдаж арга зүйг нь суурьшуулж үлдэх санаатай байгаа. Үнэлгээний шалгуурыг боловсруулж гаргаад, хэн хэзээ юуг юугаар яаж үнэлэх вэ гэдэг нь тодорхой болж зөвлөмж гаргана гэв. Олон улсын хөтөлбөрийн шалгалтууд, дүнг хэрхэн дүйцүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтыг олон улсад яаж хүлээн зөвшөөрүүлэх вэ гэдэг асуудал дээр дүйцүүлж тооцох журмын хэлэлцүүлэг явж байгаа, бид батлахаар ажиллаж байна гэж хэлсэн нь анхаарал татлаа. Учир нь 2014 онд дүйцүүлж тооцох журам боловсруулах баг эхэлж байгуулахад миний бие олон улсын хөтөлбөртэй сургуулийн хүүхдүүдийг шалгалтын давхардлаас ангижруулах гэж хуруу, хошуу нэмэрлэх санаатай оролцож явсан юм. Нэг журмыг зургаагийн зургаан жил хэлэлцүүлж л байдаг, ер нь энэ боловсролын үнэлгээний байгууллага өөрөө улсын хэмжээнд чанарын тохирц, шаардлага хангасан үнэлгээний систем бие даан хийж мөрдүүлэх чадамжтай эсэхэд дүн шинжилгээ, хяналт үнэлгээ хийх цаг болжээ.

 Ням-очир дарга сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд багш нар маань хөтөлбөрөө хэр ойлгов гээд судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд багш нар сургалтын хөтөлбөрөө ойлгоод ирмэгц арга зүйгээ сайжруулахад асуудал үүсэж байна гэсэн аргацаасан шинжтэй юмаа дахин давтав. Дэлхийн чиг хандлага гэдгээр хаацайлах биш, ямар онол, арга зүйг баримталсан сургалтын хөтөлбөр, заах арга зүйг ярьж байгаагаа бодмоор. Нотолгоонд суурилсан бодлого, төлөвлөлт хийх гээд байгаа юм бол онол, практикийн үүднээс авч үзэхэд ийм байна, бодлогын түвшинд ингэж өөрчилж реформ, сургалт, судалгаа хийнэ гэж ярьмаар, тайлбарламаар юм байдаггүй л юм байх даа.

Хэлэлцүүлгийн дундуур заалнаас Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Нямсүрэн:

 Надад асуулт алга. Би үг хэлье гэж бодсон юм, яагаад гэвэл бид өдөржингөө сайхан сайхан илтгэлүүд сонслоо. Үндэсний зөвлөгөөн асар олныг хийж байгаа. Маш хурдан өөрчлөлт шинэчлэл хийж бужигнуулдаг. Ингэхээр тухайн үед сурч байгаа үеийнхэн хохирч багш нар их ядардаг. Мэргэжлийн хяналтын байцаагч нар ажлаа хийгээд явахаар үнэхээр нэр хүндгүй болж байна. Боловсролын хуульд 2016 онд өөрчлөлт оруулахдаа боловсролын хяналтыг  бүрхэгдүүлээд орхисон. Тиймээс боловсролын систем цогцоороо ажиллаж чадахгүй, зовлонтой байдалд ороод байгаа юм. Хяналтын байгууллагыг ямар нэг байдлаар үйл ажиллагааны гадна үлдээгээд байдаг, хамтад нь авч явмаар байна. Кембрижийн хөтөлбөр, олон улсын хөтөлбөрийг эцэг эхчүүд, иргэд ойлгодоггүй. Бид нар энд гоё гоё юм яриад байдаг. Боловсролын байгууллагууд өрсөлдөөний зах зээл болох ёсгүй гээд хувийн сургуулиудыг шүүмжиллээ. Олон улсын хөтөлбөргүй, гоё нэр, рекламтай хувийн сургуулиуд шалгалтаар илэрсэн. Эдгээр сургуулиудын тухайд сургалтын зөвшөөрөл олгосон байгууллага нь буюу БШУЯ өөрөө шийдэх ёстой байдаг. Мөн багшийн боловсрол эзэмшүүлэх, багш бэлтгэх сургуулиудыг төрөлжүүлж бие даалгаж, их сургуулийн дагаварт байлгадгаа болимоор байна гэв. БШУЯ-ны сайд Л.Цэдэвсүрэн яригдсан асуудлуудыг анхааралдаа авахаа мэдэгдээд боловсролын хуульд санал авах хэлэлцүүлгийг хийнэ, ингэхдээ бүх аймаг, дүүргүүдээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөллийг оролцуулна гэлээ.

1990-ээд онд нийгмийн шилжилт зэрэг хийсэн бусад улс орнуудтай харьцуулахад Монгол улс боловсролын салбараа харьцангуй хурдан сэргээн хөгжүүлсэн гэж зарим гадны судлаачид бичсэн байдаг. Гэхдээ л бид ерөнхий боловсролын салбарыг хөгжүүлэх цогц шийдэл олж бүхэлд нь шийдэж чадахгүй байсаар байгааг дараах мэдээллүүд илтгэнэ. Боловсролын салбар дахь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтныг бэлтгэх, сонгон шалгаруулж томилох чиглэлээр нэгдсэн бодлого, тогтолцоо бүрдээгүй. 35,012 суралцагч буюу нийт сурагчдын 6.1% нь хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байна. Энэ нь Монголын боловсролыг 2006-2015 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд суралцагчдын 10.0 хүртэлх хувийг хувийн сургуульд хамруулна гэсэн зорилтод хүрээгүй байна гэж үзсэн гэсэн нь зөрчилтэй бодлогын илрэл юм. Сурах бичгийн хангамжийн тогтвортой, оновчтой тогтолцоо өнөөг хүртэл бий болж чадаагүй байна. Сургалтын технологийн болон мэргэжил, арга зүйн менежмент бүх түвшинд дутагдалтай учраас багшлах арга зүйн шинэчлэл явагдахгүй, түүнээс улбаалаад суралцахуйн арга зүйн хөгжил хангагдахгүй байсаар л байна. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн тоо төдийлөн буурахгүй байна.

Лоббич гишүүдийн хувьд ерөнхий боловсролын салбарын хөгжлийн асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд аваачиж олон нийтийн анхаарлыг хандуулж боловсролын реформ хийнэ гэсэн санаа бодолтой байгааг сайшааж болох ч боловсролын салбарт өрнөсөн шинэчлэл, өөрчлөлтүүдийг дүгнэн шинжлэх байтугай, анхан шатны мэдээлэл цуглуулаад суугаад нь шүүмжлэлтэй хандахаас өөр арга алга. Эдгээр нэр бүхий хууль тогтоогч гишүүд маань олон улсын боловсролоос авч нутагшуулах зүйлүүд юу байна, үнэлгээний дэвшилтэт системийг нэвтрүүлье гэж байгаа, ингэхээр багшийг үнэлж урамшуулах, хөгжүүлэх боломж олдоно гэхчлэн сонин сонин юм ярьж уран донгодохоо болимоор байна. Лобби бүлгийнхэн эхлээд Кембрижийн хөтөлбөртэй гурван сургуулиар тойрч, багш удирдлагатай нь уулзаж мэдээлэл авцгаасан. Дараа нь телевизийн нэвтрүүлэгт орж Кембрижийн хөтөлбөр, олон улсын хөтөлбөрийн талаар асууж ярилцаад байгаа харагдсан. Энэ удаа үндэсний хэмжээний хэлэлцүүлэг хийж ойлголтоо нэг мөр цэгцэлж, цөм хөтөлбөр, Кембрижийн хөтөлбөрийн талаарх төөрөгдлөөсөө салахаар шийдсэн нь гайхалтай. Бид боловсролын салбарыг хөгжүүлэхэд өнөөг хүртэл юуг хийж чадсан, юуг чадахгүй байгаадаа үнэлэлт дүгнэлт өгч байж бодлогоо боловсруулж реформ хийх болохоос биш онгорхой цоорхойгоо нөхнө гэдэг шиг юм ярьмааргүй байна, эрхэм гишүүд минь.

УИХ-ын дарга Г.Занданшатар хагас өдрийн хэлэлцүүлгийг хааж технологийн 4-р хувьсгалын эрин үед амьдарч байгаа бид бүхэн боловсролын салбараа тогтвортой хөгжүүлэх ёстой гэв. Тэрээр, Кембрижийн хөтөлбөрийг улсын гурван сургууль хэрэгжүүлж байгаа боловч бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадахгүй байна, шийдвэр гаргах асуудлууд ч байна гээд хүүхдүүдийг элсүүлэхдээ шалгалт авч байгаа нь буруу ч эрэлт ихтэй учраас үүнээс өөр арга алга гэж мэдэгдэв. Гуравхан сургуулийн үйл ажиллагааг зохицуулах бодлого, журмыг боловсруулаад эмх цэгцэд нь оруулчхаж чадахгүй 10 жил болж байхад УИХ-ын даргаараа ийм үг хэлүүлж байгаа нь далд явуургүй ашиг сонирхол үнэртсэн, санаатай үйлдэл байна гэж хардахаар байна. Парламентийн спикер маань үргэлжлүүлээд боловсролын салбарыг хөгжүүлэхэд ийм хэлэлцүүлэг олон дахин хийж цаг хугацаа хөрөнгө мөнгө зарцуулж шийдэх нь зүйтэй. Үр дүнд чиглэсэн, үнэлгээнд суурилсан тогтолцоо баймаар байна.  Боловсролын асуудал бол хоёр зуу дахин хэмжиж нэг удаа огтлох асуудал юм. Боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам бол бид нэгдэж ажиллах явдал. Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлснээрээ улс орнууд олон улсад хоцрогдоогүй гэдгийг харуулдаг гэнэ, тэр ч тийм биш л. Хөдөө орон нутагт нэг гомдлыг тасралтгүй хэлж байна, энэ бол шинэ багш нарын чанар муу байна гэв. Шинэ багш нарын мэдлэг боловсрол, заах арга зүй тааруу байгаа нь боловсролын системийн үйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүний үнэлгээ гэж ойлгоход болно.

Дамдинням гишүүн уг арга хэмжээг хааж, боловсролын асуудал нь нийгэм дэх баян хоосны ялгаа, баялгийн тэгш бус хуваарилалттай холбоотой учраас цаашид анхаарч ажиллана гэлээ. Хэлэлцүүлгийн оролцогчдыг 3 давхарт гарч оройн зоог идэж урлагийн тоглолт үзэнгээ хөшигний цаана ярьж амжаагүй юмаа ярьцгааж болно гэж урьж байгаа харагдана лээ.

Одоо бид боловсролын системийн хөгжлийг хангах бодлого боловсруулагчид, реформ хийх салбарын удирдлагуудын мэргэжлийн мэдлэг, чадамжид анхаарлаа хандуулах ёстой болсон байна. Хэлбэрдсэн, зарим улс төрчид, УИХ-ын гишүүдийн нэр төр хөөцөлдсөн ийм арга хэмжээг дэвэргэж, цуглаж процессийн шинжтэй юмнуудыг давтаж ярьж цаг заваа үрэхийг зогсоомоор байна.

Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөр, зээл тусламж, гадны зөвлөхүүдийн мэргэжил арга зүйн дэмжлэгийн ачаар бид ихэнх боловсролын шинэчлэлээ хийж тодорхой хэмжээнд монгол улсын гадаад өр зээлийг нэмэхэд хувь нэмэр оруулж байгаа. Тухайлбал, Дэлхийн банкнаас 30 сая ам.долларын зээлээр 2014-2022 онд хэрэгжүүлж буй "Монголын боловсролын чанарын шинэчлэл" төсөл болон Азийн Хөгжлийн банкнаас 50 сая ам.долларын зээлээр 2018-2021 онд хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд одоо яригдаад байгаа боловсролын шинэчлэлийн ихэнх ажлуудыг удирдлага, санхүүжилтээр хангаж явуулж байгаа юм. Иймд дараагийн хэлэлцүүлгээр эдгээр төсөл, хөтөлбөрийн үр дүнд хийгдсэн ажлууд, яам бусад байгууллагуудын зүгээс удирдаж хийсэн шинэчлэлийн ялгаа зааг, реформууд, тэдгээрийн харилцан уялдаа холбоо, хүрсэн үр дүн, боловсролын салбарын хүний нөөц, удирдлагын менежментийн чадавх, төсвийн зарцуулалтын байдлыг хаалттай хэлэлцмээр байна. Ерөнхий боловсролын салбарт, сургууль цэцэрлэгт ажиллаж байсан практик туршлага, онол, арга зүйн мэдлэгтэй яг хэдэн хүн боловсролын яам болон харьяа байгууллагуудад ажилладаг юм. Үнэхээр хоёр зуу дахин хэмжиж нэг удаа огтлохоор бодлого боловсруулагчид маань шийдсэн юм бол боловсролын салбар дахь улс төрийн популизм, авилга ёс суртахууны уналтын асуудлуудыг бас хөндөж хэлэлцэх, улмаар боловсролын салбарын бүх талын оролцоог хангасан үр дүнтэй уулзалт, ярилцлага хийж зөвшилцөлд хүрсний дараа Боловсролын багц хуульд оруулах өөрчлөлтийг зурагламаар байна.

 Боловсрол судлаач Г.Баянзул

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-11-14

    eedee ene cum hutulburch huuhded yum ugch baigaa bolov uu? Zorilgo n bagshaa hugjuuleh n yum uu? huuheddee zuv bolovsrol olgoh n yum uu? Onoldoh saihan l daa bodit amidral deer, Mongoliin hurs deer buuj baigaa n yamar yum bol.

    • Хасуур урваач
    • 2020-11-13

    Тэр хасуур гэгчийн өмнөөс ичиж байна, гудамжны тэнэмэл асуултыг элчингээс асуусаан? Арай гүй байлгүй дээ, тэгсэн бол үүнийхээ төлөө огцрох ёстой

    • Худалдагджээ
    • 2020-11-13

    Анхандаа овоо эхэлсэн 2 эмэгтэй гишүүн худалдагджээ хөөрхий

    • Батболд.Д
    • 2020-11-13

    Энэ арга хэмжээ хэлэлцүүлэг биш, сонсгол байсан. Одоо хэлэлцүүлгээ жинхэнэ утгаар нь хийж ухаан бодлоо уралдуулах хэрэгтэй.

    • Би
    • 2020-11-12

    Үнэхээр дээр суугаа улс боловсролын системийнхээ талаар ямарч ойлголтгүй байдаг, үнэлгээний төв гэж ямарч хэрэгцээгүй улсуудын цуглуулга, боловсролын хүрээлэн гэж чадвар сул, дорой хүчгүй хүмүүс, хамаг муу нэр ачааг багш нар л үүрдэг, үндэсний гээд байгаа хөтөлбөр нь зүгээр л орчуулга

    • Би
    • 2020-11-12

    Үнэхээр дээр суугаа улс боловсролын системийнхээ талаар ямарч ойлголтгүй байдаг, үнэлгээний төв гэж ямарч хэрэгцээгүй улсуудын цуглуулга, боловсролын хүрээлэн гэж чадвар сул, дорой хүчгүй хүмүүс, хамаг муу нэр ачааг багш нар л үүрдэг, үндэсний гээд байгаа хөтөлбөр нь зүгээр л орчуулга

arrow icon