Сүүлийн хэдэн зуунд дэлхийн хүн ам өссөн, тээврийн салбарт гарсан ахиц дэвшлүүдийн ачаар хүн төрөлхтөн халдварт өвчин тусах, тахалд нэрвэгдэх магадлал улам нэмэгдсэн нь үнэн.
Өнөөдөр "Хар үхэл" шиг тахал дэгдвэл хэдхэн цагийн дотор бүхий л улс орныг хамрах боломжтой болсон нь ч бас маргашгүй үнэн. Тэгэхээр бид үхлийн аюултай тахал, өвчин ар араасаа дэгддэг халдварын голомт бүхий тамд амьдардаг болж таарах нь. Үүнийг ч батлах мэт дэлхий ертөнц тэр аяараа Коронавируст өвдөг сөхөрч байна. Энэ цаг үед, цаашид хэрхэх тухай, угтаа хүн төрөлхтөн цар тахалтай хэрхэн нүүр тулж, тэмцэж даван гарсан түүхийг Homo Deus: Маргаашийн товч түүх номын хэсгээс та бүхэнд хүргэе.
Хүн төрөлхтний хувьд, өлсгөлөнгийн дараа орох хоёр дахь том дайсан нь тахлууд, халдварт өвчнүүд байлаа.
Хот тосгодоор зогсолтгүй холхилдох худалдаачид, албан хаагчид, бадарчид соёл иргэншлийн үндсийг тавигчид маргаангүй мөн боловч халдварт өвчин тээж дамжуулагч жинхэнэ голомт болдог байжээ. Эртний Египет эсвэл дундад зууны үеийн Флоренц хотод хүмүүс өвчин тусаад долоо хоногийн дараа үхэж магадгүйгээ, түүнчлэн өвчин бусдад халдварлан бүхэл бүтэн гэр бүлийг нь даруй үгүй хийх аюултайг мэддэг байв.
Хамгийн их халдвар тараасан тахал буюу “Хар үхэл” 1330-аад онд эхэлжээ. Зүүн Ази эсвэл төв Азийн хаа нэгтээ нохой бөөсөнд шимэгчилж амьдардаг Ерсиниа пестис (Yersinia pestis) гэгч бактери нохой бөөсөнд хазуулсанд хүмүүст халдварлаж эхэлсэн байна. Тахал тэндээс хулгана, нохой бөөсний сүргээр дамжин Ази, Европ, Умард Африкаар хурдацтай тархаж хорь хүрэхгүй жилийн дотор Атлантын далайн эрэгт хүрэв. Евроазийн нийт хүн амын дөрөвний нэгээс илүү буюу 75-200 сая хүн уг халдварт вирусийн улмаас нас нөгчсөн гашуун түүх бий. Англид арван хүний дөрөв нь энэ тахалд нэрвэгдэж хорвоог орхисноор тахлын өмнө 3.7 сая хүнтэй байсан уг улсын хүн ам тахлын дараа 2.2 сая болж буурсан юм. Флоренц хот зуун мянган оршин суугчдынхаа талыг нь уг тахалд алджээ.
Зургийн тайлбар 2: Дундад зууны үед хүмүүс “Хар үхэл”-ийг хүний хяналт, ойлголтоос давсан аймшгийн чөтгөрийн хүч гэж үздэг байв.
Аюул гамшгийн үед эрх мэдэлтнүүд юу ч хийж чадахгүй, аргаа бардаг байв. Олныг хамарсан залбирал мөргөл зохион байгуулахаас өөрөөр халдварыг эмчлэх нь битгий хэл тархалтыг нь зогсоох ямар ч аргыг тэд мэдэхгүй байлаа. Орчин үеийг хүртэл хүмүүс тахал, халдварын гол буруутан нь муу агаар, хорлолт чөтгөр, хилэнт бурхад гэж бодсоноос бус, бактери, вирус оршин байдгийг огт сэжиглээгүй билээ.
Хүмүүс тэнгэр элч, үлгэр домогт амархан итгэдэг хэрнээ бяцхан нохой бөөс юм уу дусал усанд бүхэл бүтэн үхлийг авчрагч бүхэл бүтэн арми байсныг төсөөлж ч чадаагүй юм.
Зургийн тайлбар 3: Жинхэнэ буруутан нь “Ерсиниа пестис” гэгч бактери байв.
Тухайн үед “Хар үхэл”-ээс гадна өөр олон тахал дэгдэж, “Хар Үхэл”-ийн учруулснаас ч илүү хор уршиг тарьсан юм. Анхны европчууд цагаачилж суурьшихтай зэрэгцэн, илүү олон тахал Америк, Австрали, Номхон далайн арлуудад хүрч хор хохирлоо үлдээжээ. Аялагч, суурьшигчдын өөрсдөө ч мэдэлгүй тээн авчирсан шинэ халдварт өвчнүүдийн эсрэг тухайн нутгийн уугуул иргэдэд ямар ч дархлаа үүсээгүй байв. Үүний уршгаар нутгийн уугуул иргэдийн 90 хүртэл хувь нь нас баржээ.
1520 оны гуравдугаар сарын 5-нд Испанийн жижиг хөлөг онгоц Кубаас Мексикийг чиглэн гарчээ. Тус онгоцонд 900 гаруй испани цэргээс гадна морьд, буу зэвсэг, Африк боолууд ачсан байлаа. Тэдэн дунд Франсиско де Эгиуа гэгч нэгэн боол бүхнээс илүү үхлийн аюултай ачаа тээж явсан аж. Франсиско өөрийн биеийн түм живаа эсүүд дунд нь “цагаан бурхан” (smallpox) гэгч биологийн тэсрэх бөмбөг тээж явсныг хэн мэдэх билээ. Мексикт ирсний дараа Франсискогийн вирус маш хурдан бүх биеэр нь тархаж, аймшигтай загатнуулж тарчлаан зовоох болжээ. Халуунтай Франсиског Семпоаллан тосгоны индиан гэр бүлд хүргэн хэвтүүлэв. Түүний өвчин тус гэр бүлийн гишүүдэд халдаж улмаар хөршүүдэд нь дамжлаа. Аравхан хоногийн дотор тус тосгон тэр чигтээ оршуулгын газар болж хувирав. Тосгоноос дүрвэгсэд зэрэгцээх тосгонуудад халдвар тарааж, улмаар халдвар тээгчид нэг тосгоноос нөгөө рүү дүрвэсээр тус өвчин Мексик даяар тархсан төдийгүй халдвар хилийн чанад руу давлагаалжээ.
Юкатаны хойгийн маяачууд Экпетц, Узаннкак, Соякак хэмээх гурван хорлонт бурхан тосгоноос тосгоны хооронд шөнө дөлөөр нисэж хүмүүст өвчин тараадаг гэж итгэдэг байж. Ацтекчүүд өвчин тахалд Тескатлипока, Шипетотек бурхдыг, мөн магадгүй цагаан хүмүүсийн хар ид шидийг буруутгаж байв. Эмч нар, тахилч санваартнууд залбирах, хүйтэн усанд орох, биеэ замын хар тосоор үрэх, хар цох хорхойн шүүсийг шархандаа түрхэх зэрэг зөвлөгөөнүүд өгч байлаа. Гэвч аль нь ч тус болсонгүй. Тахлаар үхэгсдийн мянга мянган цогцос гудамжинд хөглөрч, хүн ард тэднийг булж оршуулах нь битгий хэл ойртохоос ч эмээнэ. Бүхэл бүтэн гэр бүл хэдхэн өдрийн дотор үгүй болж, засгийн газраас байшинг нь нурааж үхэгсдийг доор нь даруулахдаалгавар өгч байлаа. Зарим хот тосгоны оршин суугчдын тэн хагас нь тахалд нэрвэгджээ.
1520 оны есдүгээр сард цагаан бурхны тахал Мексикийн хөндийд хүрч, улмаар мөн оны аравдугаар сард Ацтек гүрний 250,000 хүнтэй эртний нийслэл Теночтитланд нэвтэрчээ. Ердөө хоёр сарын дотор хотын хүн амын гуравны нэг халдвар авч үхсэний дотор Ацтекийн эзэн хаан Куитлауак ч багтаж байлаа. 1520 оны гуравдугаар сард, Испанийн усан цэргийн флот Мексикт хүрэлцэн ирэхэд 22 сая хүнтэй байсан Мексик улс мөн оны арван хоёрдугаар сар гэхэд ердөө 14 сая хүнтэй хоцорчээ. Цагаан бурхан өвчин ердөө л эхлэл байсан аж. Испанийн шинэ эзэд баяжин хөлжиж, уугуул иргэдийг дарлан мөлжих зуур үхлийн аюултай ханиад томуу, улаан бурхан зэрэг халдварт өвчин ар араасаа газар авч Мексикийг сүйрүүлсээр 1580 он гэхэд хүн ам нь ердөө 2 сая хүрэхтэй үгүйтэй болсон байв.
Хоёр зууны дараа 1778 оны нэгдүгээр сарын 18-нд Британийн хайгуулч ахмад Жеймс КүүкХавайд хүрч очив. Хавайн арлууд Америк, Европ хоёр тивээс алс оршдог тул тус тивүүдийн өвчин эмгэг тархах боломжгүй, хагас сая орчим хүн бужигнасан хүн ам шигүү суурьшсан арал байлаа. Ахмад Күүк болон түүний нөхөд хамгийн анх Хавайд ханиад томуу, сүрьеэ, тэмбүү өвчний үүсгэгчийг тархааж халдаасан хүмүүс аж. Түүний дараа Европын аялагчид хижиг, цагаан бурхан зэрэг өвчнүүдийг уг арлынханд нэмж халдаав. Ингээд 1873 онд Хавайд ердөө 70,000 хүн амьд үлдсэн түүхтэй.
ХХ зуун хүртэл халдварт өвчнөөр олон арван сая хүн үхэж үрэгдсээр байв. 1918 оны нэгдүгээр сард Францын хойд нутгийн гуу жалгануудыг “Испани ханиад”-аар амь үрэгдсэн цэргүүд мянга мянгаараа дүүргэх болов. Тэр цагийг хүртэл дэлхийн хамгийн хүчирхэг хангамжийн сүлжээ ч дайны фронтод төдий хүрч чаддаггүй байлаа.Харин энэ удаад Франц руу Британи, АНУ, Энэтхэг, Австралиас цэрэг, зэр зэвсэг маш ихээр ирэв. Дундад Азиас шатахуун тос, Аргентинаас үхрийн мах, үр тариа, Малайягаас хаймар, Конгоос зэс хүргэгдэнэ. Энэ бүхний хариуд тэдэнд бүгдэд нь “Испани ханиад” халдварлажээ. Хэдхэн сарын дотор хагас тэрбум хүн буюу тухайн үеийн дэлхийн хүн амын гуравны нэг нь халдварт вирусийн улмаас нас барав. Энэтхэгт хүн амын 5 хувь (15 сая хүн), Тахит арлын хүн амын 14 хувь, Самао арлын 20 хувь нь тахлын улмаас хорвоог орхижээ. Конгын зэсийн уурхайнуудад таван ажилчин тутмын нэг нь өөд болж байв. Жил хүрэхгүй хугацаанд тус халдварт өвчин нийт 50–100 сая хүний аминд хүрсэн түүхтэй. Гэтэл 1914–1918 оны хооронд дэлхийн нэгдүгээр дайнд 40 сая хүн үрэгдсэн шүү дээ.
Хэдэн арван жил тутамд тахлын их цунамид хүн төрөлхтөн өртөхийн хажуугаар жил бүр олон сая хүнийг авч оддог халдварт давлагаатай байнга нүүр тулж ирсэн билээ. Дархлаа нь хөгжөөгүй хүүхдүүд ялангуяа энэ төрлийн өвчнүүдэд өртдөг тул ихэвчлэн “хүүхдийн өвчин” гэж нэрлэх нь олонтоо. ХХ зууны эхэн үе хүртэл гурван хүүхэд тутмын нэг нь хүнс тэжээлийн дутагдал, халдварт өвчний улмаас насанд хүрэхээсээ өмнө өөд болдог байв.
Сүүлчийн зуунд, дэлхийн хүн ам өсөж, тээврийн салбарт чухал ахиц дэвшлүүд гарснаар, хүн төрөлхтөн халдварт өвчин тусах магадлал улам нэмэгджээ. Халдварт өвчин Токио, Киншаса зэрэг орчин үеийн, олон сая хүнтэй хотуудад дундад зууны үеийн Флоренц эсвэл 1520 оны Теночтитлан хотуудаас хэд дахин хурдан тархах боломжтой. Өнөө үеийн тээврийн сүлжээ 1918 оныхтой харьцуулбал улам бүр хөгжсөн нь тодорхой. Одоо үед “Испани ханиад” 24 цагийн дотор л Конго эсвэл Тахитад халдварлах магадлалтай. Тэгэхээр бид үхлийн аюултай тахал өвчин ар араасаа дэгддэг халдварын голомтот тамд амьдарч байж таарах нь.
Гэтэл үнэндээ тахал халдварт өвчний тохиолдлууд ч, үүний нөлөөлөл ч сүүлийн хэдэн арван жилд үлэмж багасаад байна. Ялангуяа дэлхийн хэмжээнд хүүхдийн нас баралт бүхий л цаг үеийн хамгийн доод түвшиндээ хүрч, 5 хувиас доошилж буурчээ. Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт 1 хувиас доош байна. Ийм хэмжээний амжилтад хүрэх болсон шалтгаан нь ХХ зууны анагаах ухааны салбарын ололт амжилттай яалт ч үгүй холбоотой. Анагаах ухааны салбарт хэний ч төсөөлөөгүй ахиц дэвшил гарч, вакцин, антибиотик хэрэглээнд нэвтэрч, эрүүл ахуйн салбар, эрүүл мэндийн дэд бүтэц хөгжиж дэвшсэний ачаар энэхүү ид шид биелжээ.
Giacomo Borlone de Burchis, The Triumph of Death with The Dance of Death, 15th century, Oratorio dei Disciplini in Clusone, Italy
Тухайлбал, 1979 онд цагаан бурхан өвчний эсрэг вакцины аяныг дэлхий даяар ер бусын амжилттай явуулснаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хүнд төрөлхтөн яллаа, цагаан бурхан өвчин бүрэн устлаа хэмээн тунхагласан түүхтэй. Энэ бол түүхэндээ хүн төрөлхтөн анх удаа халдварт өвчнийг газрын хөрснөөс ор мөргүй устгасан түүхэн үйл явдал байв. 1967онд цагаан бурхнаар 15 сая хүн өвчилж, 2 сая нь нас барсан бол 2014 онд тус өвчнөөр халдварласан эсвэл нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдөр хүн төрөлхтөн тус өвчнийг бүрэн ялсан учир ДЭМБ цагаан бурхны эсрэг вакциныг хэрэглээнээс бүрмөсөн халжээ.
Бид хэдэн жил тутамд нэг удаа шинэ халдварт өвчний тахал дэгдэж магадгүй нь гэсэн мэдээ сонсож айж мэгддэг. Тухайлбал, 2002-2003 онд SARS буюу Амьсгалын замын цочмог халтай хам шинж, 2005 онд шувууны ханиад, 2009–2010 онд гахайн ханиад, 2014 онд Эбола вирусийн өвчин дэгдсэн.
Гэхдээ эдгээр тохиолдолд бүрд сөрөг арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлснээр, өвчтөний тоог харьцангуй багад тогтоон барьж чаджээ. Тухайлбал Амьсгалын замын цочмог халтай хам шинж анх дэгдэхэд шинэ төрлийн “Хар үхэл” ирлээ хэмээн үлэмж их түгшилдсэн хэдий ч уг өвчин дэлхий даяар 1,000 шахам хүний аминд л хүрсэн. Баруун Африкт дэгдсэн Эбола вирусийн халдвар анхандаа хяналтаас гарч магадгүй шинжтэй байсан төдийгүй 2014 оны есдүгээр сарын 26-нд ДЭМБ-аас уг өвчнийг “орчин цагт тохиосон нийтийн эрүүл мэндийн хамгийн ноцтой гамшиг” гэж тодорхойлсон юм. Гэсэн хэдий ч 2015 оны эхээр тус өвчнийг хяналтад авч, 2016 онд ДЭМБ-аас Эбола вирусийн өвчнийг устсан гэж зарласан билээ. Уг вирус нийт 30,000 хүнд халдварлаж (үүнээс 11,000 нь нас барсан), Баруун Африк эдийн засгийн үлэмж хохирол учруулж, дэлхий дахиныг цочирдуулжээ. Гэхдээ тус өвчин Баруун Африкаас гарч тархаагүй бөгөөд Испани ханиад, Мексикийн цагаан бурхны голомтод халдваруудын дэргэд хор хөнөөл нь харьцуулшгүй бага өнгөрч байгаа юм.
Зураач Эдвард Мунк "Испани ханиад" хэмээх зураг. 1919 он.
Тэр бүү хэл, сүүлийн олон арван жилийн турш анагаахын салбарын гарцаагүй бүтэлгүйтэл гэж тооцогдох болсон Дархлалын олдмол хомсдол (ДОХ) өвчний хувьд ч ахиц дэвшил харагдаж эхлээд байна. Уг өвчин 1980-аад оны эхэн үед анх огцом дэгдэхэд үүний улмаас 30 гаруй сая хүн нас барж, олон арван сая хүн бие махбод, сэтгэл зүйн хохирол амссан билээ. ДОХ өвчин шинээр огцом дэгдлээ гэхэд үүнийг илрүүлж эмчлэх нь хүндрэлтэй; учир нь уг өвчин бусад өвчинтэй харьцуулахад тун далдуур газар авдаг. Цагаан бурхны вирусээр өвчилсөн хүн хэдхэн хоногийн дотор нас бардаг бол ДОХ-ын вирус авсан хүн олон сар, долоо хоногоор гаднаасаа эрүүл саруул харагдан амьдрах бөгөөд энэ зуур өөрийн мэдэлгүй өвчнөө бусдад халдварлуулдаг. Түүнчлэн дархлалын олдмол вирус өөрөө хүний аминд хүрдэггүй. Харин хүний дархлааны тогтолцоог устгаж, улмаар халдвар авсан хүнийг бусад өвчинд дархлаагүй болгодог. Тиймээс ДОХ туссан хүн уг өвчнөөр бус харин хавсарсан хоёр дахь өвчнөөр нас барна гэсэн үг. ДОХ анх халдварлагдаж эхлэхэд яг ямар үйл явц өрнөөд буйг эрдэмтэд ойлгож чадахгүй хүндрэлтэй учирсан нь чухам энэ шалтгаанаас үүдэлтэй. 1981 онд хоёр өвчтөнийг Нью Йоркийн нэгэн эмнэлэгт хэвтүүлэхэд, тэдний нэг нь уушгины хатгалгаагаар, нөгөө нь хорт хавдраар өнгөрсөн аж. Тиймээс ч олон сар эсвэл олон жилийн өмнө ДОХ-ын вирусийн халдвар авснаас уг хоёр өвчтөн нас барсныг хэн ч ойлгоогүй байна.
Энэ бүх хүндрэл бэрхшээлээс үл хамааран, эрүүл мэндийн салбарынхан ямар нэг нууцлаг шинэ халдварт өвчин гарч буйг мэдсэний дараа, эрдэмтэд тус халдварт өвчнийг тодорхойлж, вирус нь хэрхэн тархдагийг ойлгож, тус халдварын тархалтыг удаашруулах арга замуудыг олоход хоёр жилийг зарцуулав. Дахин арван жил өнгөрөхөд, ДОХ өвчний явцыг удаашруулах шинэ эмийг гаргаж авчээ (үгүйдээ л тус эмийг авч дийлэх мөнгө хөрөнгөтэй хүмүүсийн хувьд). Хэрэв ДОХ өвчин 1981 онд бус, 1581 онд дэлгэрсэн бол яах байсныг та бодоод үзээрэй. Магад тус халдварын шалтгааныг, хэрхэн халдварладгийг ойлгох хүн гарахгүй, яаж зогсоохыг (эмчлэх тухай ярих ч хэрэггүй) ч мэдэж чадахгүй л байсан болов уу. Ийм нөхцөлд ДОХ-ын улмаас хүн төрөлхтний нэлээд хувь, магадгүй “Хар үхэл”-ийн авч одсоноос ч илүү тооны хүн нас нөгчих байсан биз.
Өнөөдөр ДОХ өвчнөөр нас барагчдын тоо эмгэнэлтэй хэмжээнд хүрч, олон сая хүмүүс удаан олон жил оршин тогтносон чичрэг зэрэг өвчнөөр хорвоог орхисоор байгаа ч өмнөх мянганыг бодвол хүн төрөлхтний эрүүл мэндэд халдварт өвчин үүсгэгч нянгийн аюул харьцангуй багассан билээ. Хүмүүсийн нэлээд хувь нь халдварт бус өвчнөөр, тухайлбал хорт хавдар, зүрхний өвчнөөр, эсвэл зүгээр нас дээр гарч нас бардаг болсон. (Хорт хавдар, зүрхний өвчнүүд, мэдээж, шинэ өвчин эмгэг биш, аль эрт цагт ч байсан зүйл. Гэхдээ өмнөх мянганд хорт хавдартай эсвэл зүрх судасны өвчтэй хүмүүс төдий урт насалдаггүй байв).
Энэ ердөө түр зуурын ялалт, бидний танихгүй “Хар Үхэл”-ийн хамсаатан хаанаас ч юм гараад ирж магадгүй гэж олон хүн айж түгшиж байхыг үгүйсгэхгүй. Тахал өвчин эргэн ирэхгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй ч эмч нарыг нян бактериудтай уралдууллаа гэхэд одоо үед эмч эрдэмтэд түрүүлнэ гэдэгт итгэх лавтай шалтгаанууд бий. Шинэ халдварт өвчин гол төлөв өвчин үүсгэгч нянгийн хувирсан буюу мутаци төлөвөөр илэрдэг. Нян бактери ийнхүү мутаци төлөвт шилжсэнээрээ амьтнаас хүнд халдах, хүний дархлаанд нэвтрэх эсвэл антибиотикт дарагдахгүй байх боломж нь нэмэгдэнэ. Өнөө үед эдгээр мутациуд хүний байгаль орчинд үзүүлсэн нөлөөнөөс үүдэн үүсэж, өмнөх үеэсээ илүү хурдан халдварлаж тархах болжээ. Гэвч анагаах ухаантай уралдах тухайд, өвчин үүсгэгч нян бактери нь сохор хувь заяанд итгэж найддаг.
Харин эмч нар, эсрэгээрээ, зөвхөн аз эзэд найдахаа больсон. Шинжлэх ухаанд гэнэтийн нээлт олонтоо тохиолдсон нь үнэн хэдий ч эмч нар янз бүрийн химийн элементүүд хольж туршаад л шинэ эм гаргачихдаггүй
. Жил өнгөрөх тусам эмч нар улам их мэдлэг хуримтлуулж, илүү үр нөлөөтэй эм эмчилгээг гаргахын тулд уг мэдлэг чадвараа ашигладаг юм. Үр дүнд нь, хэдийгээр 2050 онд бид улам бүр тэсвэртэй нян бактеритай нүүр тулах авч, тухайн цаг үеийн эм тан уг нян бактерийг өнөөгийнхөөс ч илүү сайн устгах нь лав.
2015 онд эмч нар цоо шинэ төрлийн антибиотик нээсэн нь теиксобактин юм. Үүний эсрэг одоогоор ямар ч бактери эсэргүүцэл үзүүлж чадахгүй. Теиксобактин, маш өндөр тэсвэртэй нян бактерийн эсрэг тулаанд тоглоомыг өөрчлөгч гол хүчин зүйл болж ч магад гэж зарим эрдэмтэд үздэг. Түүнчлэн эрдэмтэд өмнөхөөс огт өөр эмчилгээний шинэ аргуудыг хөгжүүлэхээр шаргуу ажиллаж байна. Тухайлбал, зарим судалгааны лабораториудад туршиж буй нано-роботууд магадгүй нэг өдөр бидний судсаар гүйж, өвчнийг тодорхойлж, өвчин үүсгэгч, халдварт эсүүдийг устгах ч боломжтой. Бичил организмууд (нян бактери) органик устгагчидтай 4 тэрбум жилийн турш тулалдсан туршлагатай хэдий ч бионик ангуучидтэй огт нүүр тулж байгаагүй учир үр дүнтэй хамгаалалтын арга гаргаж ирж чадахгүй л болов уу.
Тиймээс хэдийгээр шинэ Эбола вирус эсвэл үл мэдэгдэх ханиад томуу гарч ирж дэлхийг сүйрүүлэхгүй гэж баталгаатай хэлж чадахгүй ч гэлээ бид ямартай ч эдгээрийг байгалийн давшгүй аюул занал гэж үзэхээ больсон. Харин бид үүнийг хүний уучилшгүй алдаа гэж үзэн, хариуцсан хүмүүсийг нь шийтгэхийг шаардана. 2014 оны зуны сүүлээр Эбола вирус дэгдэж, дэлхий дахины эрүүл мэндийн байгууллагууд уг вируст ялагдаж буй мэт түгшүүр дүүрэн хэдэн долоо хоног өнгөрмөгц, судалгаа шинжилгээний хороодыг яаралтай хуралдуулсан юм. 2014 оны аравдугаар сарын 18-нд гаргасан анхны илтгэлд ДЭМБ-ыг тус өвчний тархалтын эсрэг хангалтгүй арга хэмжээ аваагүй гэж шүүмжлэн, Африк дахь ДЭМБ-ын салбар авлигад идэгдэж, үр дүнтэй үйл ажиллагаа явуулж чадаагүй улмаас уг халдвар тархсан гэж буруутгажээ. Цаашлаад олон улсын түвшинд тухайн халдварын эсрэг яаралтай, хүч нэмсэн хариу үзүүлээгүй гэж мөн шүүмжилсэн юм. Тэдгээр шүүмжлэлүүдээс харвал хүн төрөлхтөн өөрсдийгөө тахалт өвчнөөс сэргийлэх мэдлэг, арга хэрэгсэлтэй гэж итгэж буй нь илт. Халдварт өвчин хяналтаас гарвал, тус үйл явдлын шалтгаан тэнгэр бурхан уурлан хилэгнэснээс бус, харин хүмүүний хариуцлагагүйгээс үүдэлтэй гэж үзэх цаг үе иржээ. Үүний нэгэн адил, эмч нар хэдий ДОХ өвчний мөн чанарыг судалж ойлгосон хэр нь Африкийн өмнөд хэсэгт уг өвчин тархсаар, олон сая хүний амийг авч одож буйг хүн төрөлхтний бүтэлгүйтэл гэж харахаас бус, үйлийн үр гэж үзэхээ больсон билээ.
Тэгэхээр ДОХ, Эбола зэрэг байгалийн гамшгуудын эсрэг тэмцэлд, хүн төрөлхтөн ялах магадлал өндөр байна. Гэвч хүний мөн чанарт төрөлхөөс суусан аюул заналын тухайд юу гэх вэ?
Биотехнологи бидэнд бактери, вирусийн эсрэг тэмцэх боломжийг олгосон боловч эргээд тэдгээр нь хүн төрөлхтөн рүү өөрсдөд рүү нь чиглэсэн урьд хожид үзэгдээгүй аюул занал үүсгэж байна. Эмч нарт шинэ өвчнийг даруй тодорхойлж, эмчлэх боломж олгосон тэрхүү арга нь цэрэг арми, террористуудад улам дэлхийг сүйрүүлэх аюултай өвчин, нян бактери үүсгэх арга замыг мөн заана. Тиймээс улс төрийн харгис үзэл суртлыг баримтлагчид халдварт өвчнийг зориудаар үүсгэх тэр тохиолдолд л үй олныг нэрвэсэн халдварт өвчнүүд ирээдүйд хүн төрөлхтөнд аюул заналхийлсээр байх болно гэж ойлгож болно. Хүн төрөлхтөн байгалийн голомтот халдварт өвчнүүдийн өмнө хүчин мөхсөддөг тэр цаг хэдийн ард хоцорсон бололтой. Харин тэр үеэ санагалзах мөч бидэнд тохиож болзошгүй юм.
Сэтгэгдэл бичих