Монгол дархны хийсэн модон машины түүхэн зураг байдаг. Гаднаас нь харахад яах аргагүй машин, гэхдээ явахгүй. Яагаад гэвэл доторх механизм байхгүй. Машины имитаци буюу дууриамал. Монголын төр яг л ийм имитаци төр байгааг энэ цар тахал бидэнд харууллаа. Гаднаас нь харахад УОК, НОК-той төр. Гэхдээ тэр нь яг ажиллахгүй, дотор нь байх ёстой механизм, пүрш, тос, цахилгааны утас нь байхгүй, эсвэл хуулбарлахдаа шал буруу хараад байрлуулчихсан.
Энхийн цагт ажиллаж байгаа эсэх нь гол биш, харахад байгаа эсэх нь гол. Төр ийм юмтай байх ёстой юм гэнэлээ, ингэсгээд хийчихье гэсэн бүтээл. Хэрэгтэй болвол олигтойхон шиг төсөв хуваарилаад өгчихнө, тэгээд амь орчихно биз.
Азаар гэх үү, харамсалтай нь гэх үү өдийг хүртэл төрийг жинхэнээсээ ажиллуулах шаардлага гарсангүй. Модон машиныхаа жолоочоор хэнийг тавих вэ гэдэгт л улсаараа анхаарч ирлээ. Жолоочийн гол хийдэг функц нь мөнгө хуваарилах. Биднээс, нүүрснээс хураасан мөнгөө хуваарилна. Үүнд нэг их мэдлэг боловсрол хэрэггүй, дөрвөн аргын тоо мэддэг, хулгай хийхдээ азаартахгүй байх чадвар байхад л болно.
Иргэд нь жолоочоосоо шударга хуваарилахыг л шаарддаг. Өөрөөр хэлбэл өөрт нь бусдаас дутахгүйг өгөх ёстой. Жолооч ч иргэд ч мөнгөөр бүх асуудлыг шийдэж болно гэж боддог. Аливаа асуудал гарвал мөнгөгүйгээс боллоо гэж тайлбарладаг. Өвчтэй хүүхэд байна уу, данс руу нь мөнгө шидчихье, хандивын аян хийчихье. Ахмадууд ядраад байна уу, тэтгэврийн зээл өгчихье. Хүүхэд муу сураад байна уу, үнэтэй сургуульд өгчихье. Жуулчин ирэхгүй байна уу, том хөшөөний мөнгө гаргачихья. Зам муу байна уу, том жийп авчихья. Агаар бохир байна уу, зайсан руу нүүчихье. Боловсрол муу байна уу, нэмээд сургууль барьчихья.
Харамсалтай нь өвчинтэй газар нь мөнгө наагаад хүмүүс эдгэрдэггүй, тал газар хөшөө барингуут жуулчид ирдэггүй, тэтгэвэр нэмлээ гээд хөгшид урт насалдаггүй, хүүхэддээ цаг зарцуулахгүйгээр хүүхэд сайн сурахгүй.
Мөнгө таныг, төрийг гоё харагдуулж чадна. Амжилттай мэт харагдуулж чадна. Асуудлуудыг шийдэж байгаа мэт харагдуулж чадна. Гэхдээ бүх асуудлыг мөнгөөр шийдчихэж болдоггүйг та бид бүгдээрээ харлаа, үзлээ. Олон цагдаад 800 000 төгрөг өгөөд гудамжинд зогсоосноор тахлыг алга болгож болдоггүйг харлаа. Хэдэн зуун саяар тест аваад тавьчихад оношлолтын асуудал шийдэгддэггүй нь харагдлаа. Олон хүнээс мөнгө аваад 21 хоног хорьчингуут халдвар алга болдоггүйг мэдэж авлаа.
Одоо эндээс бидний, төрийн авах гол сургамж бол дан имитациар хол явахгүйг ойлгож авах юм. Зүгээр машин шиг юм хийгээд орхих биш, яг явдаг, ажилладаг, илүү нарийн төвөгтэй бүтэцтэй машин хийе, тэр хирээрээ нарийн төвөгтэй асуудлуудаа шийдэж явья. Гоё фасаданд бүх мөнгөө үрдэгээ больё, байшингынхаа дотор сантехник, хундаамандаа бас анхаарал хандуулья.
Асуудлыг дан мөнгөөр шийднэ гэдгээ больё. Асуудлыг жижиг гэлгүй, углуургаар нь харж шийдэж явья. Үүнийг хийх чадалтай хүмүүсээ дэмждэг больё, ойлгодог больё. Нарийн төвөгтэй юм ярьлаа, гадаад нэр томьёо хэрэглэлээ, ард түмэн шигээ байсангүй гэж ад үзэхээ больё. Зөвхөн мөнгө хуваарилах тухай ярьдаг хүмүүсийг сонгодгоо больё. Яагаад гэвэл мөнгө хуваарилахыг та ч би ч бүгдээрээ хийчихэж чадна. Харин ажилладаг машин хийх бол шал өөр ажил.
Сэтгэгдэл бичих