Хүн цагаан цаасан дээрх 1 хар цэгт тѳвлѳрдѳг. Бѳѳнѳѳрѳѳ инээсэн олон хүн дунд 1 ууртай царай хамгийн түрүүн анхаарал татна. Амьдралд гэгээтэй зүйл олон ч, хар бараан мэдээ нийгмийн гол фокус болдог. Энэхүү психологи нь бидний аюул, эрсдэлтэй зүйлд сонор байж, амьд үлдэх инстинкттэй холбоотой.
Сэтгэлзүйчдийн нэрлэдгээр бол "negativity bias". Медиа ч үүнийг маш сайн мэддэг. Сѳрѳг зүйлийн талаарх мэдээ, нийтлэл олон хандалт авч, илүү сайн "зарагддаг". Тийм ч учраас хэвлэл мэдээллээр муу мэдээ их байх нь түгээмэл. Амьдрал хэдийгээр "breaking news" биш боловч, мэдээний гарчгийг судлаад үзэхэд 80% нь сѳрѳг зүйл байна гэсэн барууны судалгаанууд байдаг. Энэ гэхдээ амьдрал хэвийн байх үед. Харин цар тахлын үед хаашаа л харна муу мэдээ дүүрэн. Ялангуяа, сошиал нетворк муу мэдээг маш хурднаар, олон хүнд хүргэх үржүүлэгчийн үүрэг гүйцэтгэж буй.
Пандемикийн үед "Infodemic" буюу хэт их сѳрѳг мэдээлэл яг л халдвар шиг тархаж, стресс үүсгэж, нийгмийн сэтгэлзүйн эрүүл мэндэд сѳрѳг нѳлѳѳ үзүүлэх эрсдэлтэй.
Цахим орчин уур бухимдлаар дүүрсэн нь санамсаргүй хэрэг биш болов уу. Иймд медиа эерэг сѳрѳг мэдээний баланст анхаарах шаардлагатай, албаныхан сѳрѳг мэдээллээр бѳмбѳгдѳх бус коммуникацийн стратегитай байх шаардлагатай, хувь хүмүүс ч дор бүрээ "negativity bias"-аа хянах, удирдах шаардлагатай.
Сэтгэгдэл бичих