Технологийн дэвшлийг ашиглан хэдэн 100 сая ам.долларын үнэлгээтэй компанийн эзэд болж, хэдэн арван сая долларыг гадаад, дотоодоос босгон монгол залуусын эрдэм мэдлэг, ур чадварыг тамгалж буй шижигнэсэн залуусыг цувралаар танилцуулж байна. Энэ удаад Microsoft компанитай хамтран монгол дугаараар Skype, Teams ашиглах боломжийг нээж, гадаад зах зээлд гарч чадсан Call Pro компанийг танилцуулж байна.
В.Ганзориг: Өглөөний мэнд Тулга захирал аа? КоллПро (CallPro) компани Төв Азийн зах зээл рүү бизнесээ өргөжүүлэн гарлаа гээд та нэлээд хэд хоногийн өмнө жиргэсэн байсан. Гадаад зах зээлд гарсанд тань баяр хүргэе! Энэ мэдээллээ бидэнтэй хуваалцана уу.
Г.Тулга: Бид Япон, Сингапур, Киргиз гэсэн гурван орны судалгааг хийгээд явж байна. Киргизийн судалгааны ажил дуусаад тэнд салбараа байгуулан ажиллах боломжтой юм байна гэдэг дүгнэлт гарсан. Эхний ээлжийн хүний хүч, тоног төхөөрөмж, борлуулалтын ажлуудаа шийдээд хоёрын сарын өмнөөс эхний харилцагчаа холбоод ажиллаж байна.
Киргизийн зах зээл та хэдийн хүлээлтээс хэр байна вэ?
Ерөнхийдөө дажгүй. Төлөвлөгөөний дагуу явж байгаа. Пандемикийн энэ цаг үед тэнд 7050 гэдэг дугаартай Call Center байгуулан ажиллаж байна. Энэ ажил бидний хувьд нэлээд сайн сурталчилгаа болж өгч байгаа.
Та компанийнхаа үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг маш энгийнээр тайлбарлаж өгнө үү.
Байгууллагад зориулсан харилцаа холбооны бүтээгдэхүүн. Утсаар явагдаж буй бүх дуудлага, мэдээллийг дата болгон хадгалж, энэ дата дээр суурилан бизнесийн шийдвэр гаргах боломжийг бид харилцагчдаа олгодог. Харилцагчдийн хувьд компанитай холбогддог хамгийн том суваг нь утас байдаг. Бизнесийн харилцааны 60 хувийн утсан харилцаа эзэлдэг. Үүний дараа фэйсбүүк чат гэх мэт бусад сувгууд орж ирдэг. Утсан харилцаа холбооны мэдээлэл дээр дүн шинжилгээ хийн борлуулалтаа өсгөх үйлчилгээг бид харилцагчдаа үзүүлдэг гэсэн үг.
Ковид танай бизнест хэрхэн нөлөөлж байна?
Ерөнхийдөө бол харилцаа холбоо, мэдээлэл, технологийн компаниудын үйл ажиллагаа энэ үеэр маш их тэлж байгаа. Манай ачаалал ихээр нэмэгдэж байна. Бид дотоодын зах зээл дээр 17 салбарын 1000 гаруй компанид үйлчилгээгээ үзүүлдэг. Эдгээр компанийн ажилчдын дийлэнх нь гэрээсээ ажиллаж байна. Манай үйлчилгээ хэрэглэгч хаана ч байсан хамаагүй, байршил харгалздаггүй онцлогтой. Тэр хэрээр бид хүмүүст гэрээсээ ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг. Ялангуяа банк, банк бус санхүүгийн байгууллагууд, даатгал компаниудтай нягт хамтран ажиллаж байна.
2014 онд байгуулагдсан танай компани хэдийн 1000 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй болоод зогсохгүй Киргиз улсад анхны гадаад салбараа нээн, багагүй олон сая долларын үнэлгээтэй компани болж чаджээ. Гадаад зах зээлээ өргөжүүлэхийн тулд нэмж хөрөнгө оруулалт татах, IPO хийх төлөвлөгөө бий юу?
Япон, Сингапур улсын судалгааны ажил хараахан дуусаагүй байна. Энэ төслүүд дээрээ бид хөрөнгө оруулалт татаж магадгүй. Яг одоо хараахан шийд нь гараагүй байна. Киргизийн хувьд бид өөрсдийн нөөцөөрөө санхүүжилтээ гаргаад явж байгаа. IPO-гийн хувьд бодол байгаа ч нэгээс хоёр жилийн дараа яригдаж эхлэх болов уу.
Гадаад зах зээлд гарч байгаа монгол компаниудыг технологи суурьтай нь тэргүүлж байна. Бусад залуус маань үүнийг хараад дэлхийн дэвжээ рүү тэмүүлж эхэлж буй байх. Олон улсын зах зээлд гарахын боломж ба эрсдлийг та юу гэж хардаг вэ?
КоллПро яг өөрийн салбартаа Америк, Европт маш шилдэг гэгддэг компаниудтай харьцуулахад өрсөлдөхүйц технологитой компани. Технологийн хувьд бид нэг их санаа зовохгүй байна. Харин борлуулалт, маркетинг, технологио тухайн зах зээлд нутагшуулах ажлыг өөрсдийн боломжоороо хийхэд хэцүү. Иймээс тухайн оронд бизнесийн сайн түнш олох, зах зээлдээ тааруулж бизнесийн загвараа зөв сонгох хэрэгтэй болдог. Зөвхөн технологийн давуу талаа ашиглаад гадаад зах зээлд гарна гэдэг нь өрөөсгөл ойлголт. Иймээс дээр хэлсэн чиглэлүүдээр туршлагатай хүмүүстэй уулзаж зөвлөгөө аваад явж байгаа. Олон улсад хэдийнэ амжилттай гарсан Анд Глобал компанийн удирдлагуудаас бас зөвлөгөө авч байна.
Технологийн бизнест шинээр орж байгаа залууст интеграци гэдэг зүйлийг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн танай бүтээгдэхүүн мундаг байх нь чухал биш бөгөөд бусад олон төрлийн бүтээгдэхүүнтэй холбогдож чаддаг байх ёстой.
КоллПро-гийн хувьд дотоодын бараг бүх CRM, ERP системүүдтэй холбогдчихсон. Олон улсад ч гэсэн өргөн ашиглагддаг энэ төрлийн системүүдтэй интеграци хийгдсэн. Энэ манай давуу тал болж байгаа юм. Тэгэхээр залуучуудаа мэдээлэл технологийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхдээ бусад салбарын амжилттай яваа бүтээгдэхүүнтэй холбогддог, бие биенээ дэмжин ажиллах боломжтой бүтээгдэхүүн хөгжүүлбэл амжилт олно шүү.
Цахим шилжилт, Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, цахим хувьсгал гэдэг үгс хол сонсогддог байсан бол өнөөдөр бидний хаяанд ирчихлээ. Гэвч монголчууд маань Цахим үндэстэн болоход хэр бэлэн болсон гэж та боддог вэ?
Хангалттай бэлэн гэж бодож байна. Фэйсбүүк хэрэглээгээр гэхэд л Ази тивдээ тэргүүлж байгаа судалгаа байдаг. Дээрээс нь E-Barimt, E-Mongolia аппуудыг хэрэглэж байгааг нь харж байхад манайхан төвөггүй өөриймшүүлж байгаа санагддаг.
E-Mongolia-гаас үйлчилгээ авч үзсэн үү?
Үзсэн. Би дөрвөн төрлийн үйлчилгээ авсан. Хэрэглэхэд маш хялбар байсан. Төрийн байгууллагын тодорхойлолтууд англи хэл дээр давхар гардаг бол бүр амар болохоор байна гэж бодогдсон.
Хямралыг боломж болгон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслүүд дээр ажиллаж байна уу?
Бид КоллПро үйлчилгээний шинэ хувилбараа хийгээд дуусч байна. 2021 оны нэгдүгээр сараас манай харилцагчид шинэ хувилбар руу шилжээд явна. Энэ хувилбараар илүү олон тайлан, мэдээ, графикуудыг авах боломжтой болсон. Ингэснээр тухайн байгууллагын удирдлага, менежерүүд улам оновчтой зөв шийдвэр гаргах боломжтой болно гэсэн үг. Мөн Microsoft компанитай хамтраад Teams, Skype аппаас монголын суурин, гар утас руу дуудлага хийх, буцаагаад байгууллагын утас руу нь залгахад Teams, Skype дээр дуудлагаа хүлээн авах боломжтой болж байгаа. Энэ үйлчилгээ удахгүй нээлтээ хийнэ.
Бас нэг сонирхолтой ажил бол хүний дуу хоолойны өнгийг хурууны хээтэй адил дахин давтагдашгүй гэж үздэг. Тийм учраас Европ, Америкийн банкууд харилцагч нь утсаар холбогдож байгаа нөхцөлд дуу хоолойны өнгөөр нь баталгаажуулдаг технологийг өргөн хэрэглэдэг. Бид Америкийн компанитай хамтран энэ технологийг Монголд оруулж ирж байгаа.
Ингэснээр манай харилцагчид утасны цаана байгаа хэрэглэгчээ дуу хоолойгоор нь танин баталгаажуулах боломжтой болно гэсэн үг. Техникийн туршилтын ажлууд амжилттай дууссан. Маркетингийн ажлуудаа дуусгаад ирэх оны нэгдүгээр сард нээлтээ хийнэ.
Танай компанийн таницуулгыг харж байхад дэлхийн бүхий л том компанийн бүтээгдэхүүнтэй холбогдон ажилладаг тухай бичсэн байсан. Тухайлбал, HubSpot, Skype, Zoom, Google, SalesForce, Slack гэх мэт. Энэ системүүдтэй холбогдон ажиллаж буй монгол залуусын ур чадварын тухай таниас сонсмоор байна.
Манай компанид ажилд орсон залуус яг энэ чиглэлээр мэргэшээгүй байдаг. Гэхдээ ажиллаж эхлэснээс хагас жилийн дараа ямар ч технологийн компанийн бүтээгдэхүүнтэй интеграци хийх чадвартай болдог. Харин хэлний асуудал гардаг. Англи хэлний асуудлаа давчихвал API, интеграци хийх ажил бараг бүх байгууллагын хувьд стандарт ажил болоод эхэлсэн. Аль нэг том компанитай холбогдох ийм төсөл дээр ажиллаад туршлагатай болсон байхад бусад ажил хялбар болдог.
Эстони, Сингапур зэрэг улсууд шиг Цахим үндэстэн болоход Монгол Улсад хэдэн жил шаардлагатай гэж боддог вэ?
Таван жилийн дотор хийгдэх боломжтой ажил гэж харж байна. КоллПро компани 2014 онд үүсгэн байгуулагдаад 2019 он гэхэд 700 гаруй компанид үйлчилгээ үзүүлдэг болсон байсан. Ердөө таван жилийн хугацаанд манай компаниуд шинэ, үүлэн технологи руу айдасгүй шилжиж чадсан. ЛендМн гэхэд хэдхэн жилийн дотор монголчуудыг онлайнаар барьцаагүй зээл авахуулж сурган, өнөөдөр бүр хэвийн үзэгдэл болгож чадлаа. Ийм учраас таван жилийн дотор энэ бүх шилжилтийг бид хийж чадна гэж харж байна.
Цаг гарган сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Япон, Сингапурт нээх шинэ бизнест нь өндөр амжилт хүсье!
Сэтгэгдэл бичих