"Хүний ухамсарт найдах"-аас илүү "зѳв зүйл хийх сэдлийг бүрдүүлэх" нь чухал байдаг. Эдийн засагчид, ялангуяа сүүлийн үед Нобелийн шагнал цуглуулж буй зан тѳлѳвийн эдийн засагчид ингэж үздэг. Энэ гэхдээ цаасан дээрх хоосон онол бус, амьдралаас урган гарсан зүй тогтол.
Жишээ нь:
1) Та 75% хямдралтай сайжруулсан нүүрсээр гэрээ халаах уу, эсвэл 100% хямдралтай цахилгаанаар гэрээ халаах уу?
2) Ямар нэг барааг "үнэгүй" гэвэл тухайн барааны үйлдвэрлэгдэх боломжтой хэмжээг бодож үзээд ѳѳрт ногдох хэмжээгээр хэрэглэх үү, эсвэл дор хаяж ѳѳрийн хэрэгцээгээ бүрэн хангахыг зорих уу?
Дээрх 2 асуултад УБ-чууд дор бүрээ хариулсны үр дүнд цахилгааны хэрэглээ хотын хэмжээнд 10% ѳсѳлттэй явна. Дотор нь задалж үзвэл орон сууцанд амьдардаг иргэдийн хэрэглээ тогтвортой харин гэр хороололд цахилгааны хэрэглээ 24% (YoY) ѳсчээ.
Инсентив, үүнээс үүдэлтэй хүний үйл хѳдлѳл, эдийн засгийн зүй тогтол ажиллаж байгаа нь энэ. Цахилгаан тень гэр хороололд хүний л хэрэгцээ, үнээр хязгаарлагдаад урьд нь зарим хүн хэрэгцээгээ бүрэн хангаж чаддагүй байж. Хариннийлүүлэлт талдаа цахилгааны үйлдвэрлэл ч тэр, импорт ч тэр дэд бүтцийн хүчин чадлаараа хязгаарлагддаг.
УБ-д хэрэглээ 773 МвТ, импорт 247МвТ хүрээд байгаа нь дэд бүтцийнхээ хүчин чадалтай харьцуулахад "улаан гэрэл" гэж мэргэжлийн байгууллага нь хэлж байна. Ачаалал хэтэрсэн тохиолдолд системээ хамгаалахын тулд автоматикууд ажилласнаар хэрэглээ их газар тог тасардаг. Ѳнгѳрсѳн 1 ѳдѳрт тог тасарсан гэсэн 600 дуудлага ирсний 90% нь гэр хороололд байж. Энэ бүгд мэдээж хүсээгүй үр дүн.
Тэгэхээр, бид нэгэнт ухамсарт хѳтлѳгддѳг гэгээрэгсэд гэхээсээ инсентивт хѳтлѳгддѳг амьтад тул зѳв зүйлийг хийхэд түлхэх оновчтой "nudge" шаардлагатай.
Гэр хорооллын эрчим хүчний дэд бүтэц 20% ѳсѳлтийг даахгүй үед хэрэглээг хэвийн түвшинд хадгалахын тулд:
1) Даарч суугаа гэр хорооллын иргэнд цахилгаан ашиглах инсентив нь ѳндѳр үед хэргэлээгээ багасгахыг уриалах эсвэл ёс зүйг нь буруутгаад нэмэргүй. Та ч оронд нь байсан бол даарч суухаар тенээ асаах л байсан.
2) "Ѳмнѳхѳѳсѳѳ давсан хэрэглээг ѳѳрѳѳ тѳл" гэвэл үр дүн багатай: 100 (=урьдын хэрэглээ) хүртэл үнэгүй, түүнээс дээш үнэтэй гэвэл 120-ийн хэрэгцээтэй хүн яах вэ? 20/120=17% буюу энэ нь 83%-ийн хямдралтай үнээр хэрэгцээгээ хангах боломж гэсэн үг. Ѳѳрѳѳр хэлбэл, хямдрал хэрэглээг нь ѳсгѳх инсентив болно.
3) Хэрэв 100-аас хэтэрсэн тохиолдолд зардлаа 100% тѳл гэвэл цахилгааныг хэтрүүлж хэрэглэхгүй байх магадлал нь хавьгүй илүү. Мѳнгѳѳ тѳлѳѳд хэрэглэх байсан бол урьд нь ч хэрэглэх л байсан.
Сэтгэгдэл бичих