Ямар институци орчин үеийн дэвшилтэт нийгмийг байгуулахад хамгийн их хувь нэмэр оруулсан бэ, аль институци орчин үеийн нийгэмд хамгийн хүчирхэг вэ гэсэн асуултад философичид, агуу удирдагчид дараах хариултуудыг өгчээ.
18-р зуунд Гегель хариулахдаа “Төр нь орчин үеийн нийгэмд хамгийн хүчирхэг институци юм” гэжээ. Харин Марксын хувьд “Коммун нь нийгмийн цөм, хамгийн нөлөө бүхий нэгж байна” гэж үзсэн. Ленин, Гитлер, Муссолини нар улс төрийн нам хамгийн хүчирхэг гэж үзсэн учир намын байр суурийг чухалчилсан байдаг. Гегель, Маркс, Ленин, Хитлер нараас өмнөх оюуны хүмүүс хаант засаглал, шашны сүм, эсвэл феодалын хамжлагат систем зэрэг тус бүрийнхээ амьдарч байсан үеийн институцийг нэрлэсэн байдаг.
Харин Экономист сэтгүүлийн Жон Миклетвайт болон Адриан Вүүлбриж нар The Company: A Short History of Revolutionary Idea (Компани буюу Хүн Төрөлхтний Түүхийг Орвонгоор нь Эргүүлсэн Гайхалтай Идей) номондоо дээр дурдсан удирдагчид, философичдын аль аль нь буруу болохыг нотолжээ.
Жон, Адриан нарын дэвшүүлсэн гол санаа бол:
“Компани” гэх институци нь дан ганц орчин үед ч биш хүн төрөлхтний түүхийн явцад хамгийн хүчирхэг нь байсаар ирсэн аж. Компани нь соёл иргэншилт нийгэм, эдийн засагт өсөлт буюу прогрессийг бий болгодог тул сайн зүйл гэжээ.
Христийн сүм хүртэл байр сууриа хадгалж үлдэхийн тулд компанийн, ялангуяа банкны үйл ажиллагаа (мөнгөн гуйвуулга, аккредитив г.м) явуулж байсан нь нэгэнт тодорхой болсон аж.
Түүхийг сөхөн харахад эртний Шүмэр, Ассир, Грек, Ромд, Арабт хүртэл компани нь өрхийн аж ахуй эсвэл түншлэл хэлбэрээр оршиж байжээ. 15, 16-р зуунд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг, аж үйлдвэртэй гэгдэж байсан (цаасан мөнгөн тэмдэгт гүйлгээндээ хэрэглэж байсан) Мин гүрэн ч компанийг институцийн түвшинд хөгжүүлж чадаагүй аж.
Харин 16-р зууны сүүл, 17-р зууны эхнээс Европын тэр дундаа Голланд, Их Британийн компаний концепц болон бизнесийн модел дэлхийд бүх талаараа давамгайлж, цойлж эхэлжээ. Чухам энэ үеэс л орчин үеийн нийгэм үүсэх эхлэл тавигдсан гэж зохиолч нар номондоо онцолсон. Европын колончлол ч мөн адил Голланд ба Их Британийн East India Company-аас үүдэлтэй түүхэн үйл явц байсан аж.
Тэгэхээр Европын “Компани”-ийн модел дэлхийд хүч түрэн гарч ирэх нууц юунд байв?
Харвардын их сургуулийн профессор асан Ниал Фэргусон “Civilization: The West and the Rest” номондоо, Европ дэлхийд цойлон гарч ирч, давамгайлахад “компани ба түүнтэй холбогдох хуулийн тогтолцоо” болон “ёс зүйн тогтолцоо”-г тодотгосон байдаг. Түүнчлэн, тус номонд “6 killer apps” буюу 6 нийгмийн институцийг нэрлэсэн байдаг. Эдгээр нь өрсөлдөөн (competition), science (мэдлэг, шинжлэх ухаан), property (хувийн өмч), анагаах ухаан (medicine), хэрэглээ (consumption), ёс зүйн тогтолцоо(work ethic). Энэ 6 killer apps-г интеграцичилж, хамгийн сайн үр дүнг гаргаж чаддаг институци бол компаний болохыг Ниал Фергусон тэмдэглэжээ.
Жон, Адриан нар ч гэсэн номондоо компани орчин үе рүү хөл тавьж насанд хүрсэн институци болоход цогц хуулийн тогтолцоо (Англо-Саксон маягийн хуулийн тогтолцоо ч гэж нэрлэдэг) болон төр компани хоёрын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн тухай онцолсон.
Тухайлбал, төр нь компаниудад бизнесийн үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд чөлөөтэй гүйцэтгэх зөвшөөрөл өгөхөөс гадна компаний эрх ашгийг дотоод гадаадад хамгаалах, хамгаалах хамгаалахдаа шаардлагатай үед батлан хамгаалах, тагнуулын байгууллага зэрэг бүхий л хүчний байгууллагуудаа дайчилж байжээ.
Дан ганц компаний эрх ашгийг хамгаалаад зогсохгүй компанийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүд зэрэг чухал хүмүүсийг гэр бүлийн хамт бүрэн хамгаалалтандаа авч гадна дотны халдлагаас сэргийлж байжээ. Их Британийн East India Company-г усан цэргийн флот байнгын хамгаалалтдаа байлгаж байсны дээр тус компани өөрийн 230,000-аад цэрэгтэй байнгын армитай байжээ.
Энэ тогтолцоо өнөөдрийг хүртэл дэлхийн хөгжилтэй орнуудад хэрэгжсээр л байна. Харин компанийн эзэд, гишүүд, ажилчид эрх мэдлээ хэтрүүлэн нийт улс орны эрх ашигт харшлах үйлдэл хийхгүй байх бүх хуулийн заалтууд, ял шийтгэлийг ойлгуулж хамтран ажиллаж иржээ.
Ийм нөхцөлд улстөр болон том бизнесийн хооронд үндэстний эрх ашгийг нэгт тавьсан ёс зүйн тогтолцоо бий болох ба аль аль тал нь энэхүү тогтолцоог жанжин шугамаа болгон чандлан мөрдөх үүрэг хүлээдэг аж.
Үүний үр дүнд, нэг хоёр усан онгоц хөлөглөсөн, тив доторх гадаад худалдааг түншийн харилцаанд тулгуурлан санхүүжүүлж, эрсдлээ үүрч байсан танилын хүрээний жижиг бизнесээс нэг, хоёр зуун усан онгоц бүхий флотууд тив дэлхийг хэрэн хэсч худалдаа хийхэд шаардлагатай өндөр эрсдлийг үүрч чадахуйц банк, санхүүгийн институциуд үүссэн явдал нь өнөөгийн үндэстэн дамнасан корпорациуд ба тэдний банкирууд болох үндэстэн дамнасан банкуудын сүлжээ бий болох суурь нь болжээ.
Петр Дракер Менежмент номондоо “том том корпорациуд байгуулагдсан нь орчин үеийн мэдлэг, инновацид тулгуурласан нийгэм, эдийн засаг бүтээх ажилд ихээхэн хувь нэмрээ оруулаад зогсохгүй энэхүү үйл явцыг хурдасгасан гэж тэмдэглэсэн байдаг.
Компани нь шинэ мэдлэгийг үйлдвэрлэх, шинэ мэдлэгийг практикт нэвтрүүлэн мөнгө бий болгох ажлыг ямар ч институциас илүү сайн хийж чаддаг.
Төр болон компани гэсэн хоёр институци хамтран ажиллахад гайхалтай синержи үүсдэгийн тод жишээг Голланд ба Их Британийн East India Company-н туршлагаас харж болно.
Компани нь төртэй маш олон нүх сүвээр холбогдож байдаг. Компани төрд татвар төлнө. Иргэдийг ажлын байртай болгоно. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлнө. Компани шинжлэх ухаан, мэдлэг үйлдвэрлэнэ. Компани ажилчиддаа ур чадвар, ёс зүй, нийгмийн тогтвор суурьшлыг өгнө.
Их Британий East India Company-ний ажилчдыг нийтийн албан хаагч буюу public servants гэж нэрлэдэг байснаас өнөөдрийн бидний хэлж заншсан нийтийн албан хаагч гэх нэршил үүссэн нь энэ синержигийн нэг л жишээ.
Америк англи хэлэнд “Company Man” гэх хэллэг бий. Орчин үеийн нийгэмд ямар нэг компани, аж ахуйн нэгжид харьялагдахгүй хүн гэж бараг үгүй болов уу.
Компани бол ямагт ирээдүй (Vision) рүү харж, шинэ сайхан ирээдүйг цогцлоох эрмэлзэлтэй байдаг. Тэр ирээдүйд тэргүүн эгнээнд алхахын тулд “хүн капитал эсвэл хүний баялаг” (Human Capital)-аа цаг тутамд бэлтгэх шаардлагатай.
Өнөөдөр дэлхийд тэргүүлэх их сургуулиуд ч мөн адил компанийн хэлбэрээр байгуулагдсан гайхах зүйл биш. Харвард, Чикаго, Иель зэрэг сургуулиудыг тухайн үеийн бизнесийн томоохон магнатууд эсвэл компаниуд байгуулжээ. Жишээ нь, Чикаго их сургуулийг үүсгэн байгуулахад Жон Рокфеллер ихэнх санхүүжилтыг хийсэн. Ирээдүйн манлайлагчдаа бэлтгэхийн тулд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийсэн хэрэг биз.
Бидний амьдарч буй өнөөдөрийн дэлхий бол буу шийдэм барьж, сэлэм эргүүлж гүйх бус харин мэдлэгийн дайн өрнүүлж, оюунаараа өрсөлддөг дэлхий болж өөрчлөгджээ.
Орчин үеийн мэдлэгт суурилсан дэвшилтэт нийгмийг байгуулахад компанийн институцийг хууль эрх зүйн тогтолцоотой нь иж бүрэн хөгжүүлсэнээр гарах үр дүнгийн шимийг нь төр ч , жирийн ард иргэд ч хүртэх боломжтойг Жон, Адриан нарын бичсэн номноос харж болох нь.
Нүүр зургийн эх сурвалж: Vilendrar Law
Сэтгэгдэл бичих