Нийтлэл 02 сарын 16, 2021

Өв

Та бүхэн 500 жил үргэлжлэх судалгаа байдаг гэвэл итгэх үү? Ер нь шинжлэх ухааны түүхэнд урт хугацаанд хийгдсэн судалгаанууд олон байдгаас зарим нь хачирхалтай, зарим нь бүр элэг хөшөөм агуулгатай байх нь олонтаа. Жишээлбэл 1948 оны Франингамын Зүрхний эрүүл мэндийн судалгааны төсөл шинжлэх ухааны болон түүхэн үр дагавраараа анхаарал татахуйц байдаг.[i] Анх 20 жил л үргэлжлэх төлөвлөгөөтэй эхлүүлсэн энэхүү төсөл шинжлэх ухааны хувьд өмнө төсөөлж ч багаагүй өндөр үр дүнтэй байсны улмаас одоог хүртэл үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд туршилтад анх хамрагдсан 5209 оролцогчдын үр хойч нэмэгдэж, одоо 3 дахь үе нь залгамжлан явж байна. Өнөөдөр туршилтад оролцогчдын тоо хэдийнээ 15447-д хүрээд байна. Энэ туршилт эхэлснээс хойш нийт 3698 шинжлэх ухааны судалгааны материал бичигдсэнээс хамгийн алдартай нь 1960 онд нийтлэгдсэн "Тамхи зүрхний өвчин үүсгэдэг" гэсэн дүгнэлт бүхий судалгаа аж. Үүнээс өмнө хүн төрөлхтөн тамхийг стресс бууруулдаг, бараг л зүрхэнд сайн гэж үздэг байсан шүү дээ.

Өөр нэгэн туршилтыг 1937 онд Харвардын их сургуульд эхлүүлсэн бөгөөд үүнд тус сургуулийн 237 оюутан, мөн тухайн бүс нутагт амьдардаг амьдралын боломж муутай 456 залууг тус тус хамруулжээ.[ii] Энэ судалгаанд хамрагдсан залуусыг хооронд нь нэгтгэж байсан ганц зүйл нь тэд бүгд эр хүйстэйд байв. Нэг хэсэг нь Харвардад сурдаг амжилттай яваа залуус бол нөгөө хэсэг нь амьдралд 1:0-ийн харьцаатай ялагдаж эхэлсэн буюу хэцүү амьдралтай давхаргын залуус. Судалгааны зорилго нь "хүний амьдралын амжилт, аз жаргалын нууцыг олох"-д оршиж байв. 2 жил тутам судалгаанд оролцогчидтой уулзаж, тэдний сургууль төгссөнөөс эсхүл судалгаанд хамрагдаж эхэлснээс хойш хаана, юу хийж яваа, хэнтэй гэр бүл болсон, амьдралын сэтгэл ханамж гэх мэт урьдчилан бэлдсэн тодорхой асуултуудыг асууж өөрчлөлтүүдийг  тухай бүр нь бүртгэж явдаг байна. Судалгаанд хамрагдсан залуус дотор олны танил маш олон хүн байсны дотор 141 дугаартай оролцогч нь 1965 онд бусдад хорлогдох хүртлээ амьдралдаа ч, карертаа ч маш амжилттай явсан байдаг. Энэ бол АНУ-ын бүх цаг үеийн хамгийн алдартай ерөнхийлөгчдийн нэг Жон Кенедди байв. Тэр амьд байх хугацаандаа 20 жил энэхүү судалгаанд оролцжээ. Мэдээж энэ судалгаанд оролцсон бусад алдартай хүмүүсийн тухай ярьвал тус тусдаа сонирхолтой урт түүх болох нь дамжиггүй.

1927 онд бидний хар зам гэж нэрлэдэг Асфалтийг шингэн гэдгийг нотлох санаа Австралийн Күйнслэндийн Их сургуулийн физик, математикийн эрдэмтэн Томас Парнелийн толгойд орж ирсэн байдаг.[iii] Та нар зөгийн балыг дуусах үед савнаас нь дусаах гээд хүлээж үзсэн биз дээ? Уснаас 10000 дахин өтгөн болохоор нэлээд хүлээлгэж байж дусдаг шүүдээ. Тэгвэл Асфальт үүнээс 230 тэрбум дахин өтгөн бодис бөгөөд хүн бүр л түүнийг хатуу биет л гэж боддог шүү дээ. Харин Томасын хувьд үүнийг шингэн гэж үздэг байж. Үүнийгээ батлахаар тэрээр хичээл заадаг танхимынхаа нэг буланд юүлүүр бүхий шилэн саванд асфальт хийн дусал үүсч, савнаас дусахыг нь хүлээн орхиж туршилтаа анх эхлүүлжээ. Анхны дусал хэзээ дуссан гээч? Яг найман жилийн дараа. Энэ туршилтыг эхлүүлсэн эрдэмтэн амьдралынхаа туршид зөвхөн 2 дусал дуссаныг л тэмдэглэн авсан гэхээр аймаар байгаа биз. Одоогоор хамгийн сүүлчийн буюу 9 дэх нь 2014 онд дусаад байна. Энэ туршилтын бас нэгэн анхаарал татсан асуудал нь эдгээр дуслуудыг яг дусах мөчийг хэн ч харж, баримтжуулж авч чадаагүйд байна. Хамгийн анхны дуслыг харж чадаагүй эрдэмтэн Парнель 2 дахь дуслыг дусах үеийг барагцаалан тооцож удаан хүлээж байсан ч байнга сахиж байсан туршилтаа орхин 5  минут гарчихаад ирэхэд нь дусчихсан байж. Үүнээс хойш технологи хөгжсөөр 9 дэх дуслыг баримтжуулж авахаар веб камер байршуулан хянаж байсан ч мөн л яг дусал дусах өдөр цаг минут нь тус сургуулийн цахилгаан 2 цагийн турш тасарсан үетэй таарч дүрс бичлэгийг нь мөн авч чадаагүй байна. Өнөөдөр тэгвэл энэ туршилтын 10 дахь дуслыг алдахгүй байх зорилгоор тусгай веб хуудас ажиллуулан, байнгын хяналтанд байлгаж байна. Гэхдээ харамсалтай нь эрдэмтдийн тооцоолж байгаагаар дараагийн дусал 2027-2028 оны үест байх аж.

[iv]

Мөн ийм туршилт Дублинд 1944 онд эхэлж 40 жилийн дараа анхны дусал дуссан байна. Тэгвэл эдгээрээс бүр өмнө 1914 онд Уэлсийн их сургуульд мөн ижил туршилтыг эхлүүлсэн бөгөөд харамсалтай нь туршилт эхлүүлснээ мартчихсан байж байгаад саяхан эргүүлэн олж авсан байна. Гэхдээ туршилтанд ашигласан асфальт хэт өтгөн байгаагаас эрдэмтэд анхны дуслыг 1000 жилийн дараа дусна гэж тооцоолжээ.

1864 онд Артур Беверли гэдэг эрдэмтний бүтээсэн агаарын даралтын өөрчлөлтөөр ажилладаг цаг бүтээгдсэн цагаасаа хойш нэг ч удаа дахин түлхэгдэлгүй өнөөг хүртэл хэвийн ажилласаар байна.[v] Цаашид хэзээ хүртэл ажиллахыг хэн ч мэдэхгүй байгаа ба одоо Шинэ Зеландын Отагогийн их сургуулийн Физикийн тэнхимд хадгалаастай хэвээр байна.

Өөр нэгэн сонирхолтой туршилт Оксфордын их сургуулийн Кларендоны тэнхимд хадгалагддаг 180 гаруй жил ажиллаж буй хуурай батерей юм.[vi] Энэ нь 1840 онд бүтээгдсэн бөгөөд түүнд суурилуулсан 2 хонх батерейг ажиллаж буйг харуулан өнөөг хүртэл дугарсаар байна. Уг хонх 180 гаруй жилийн турш багцаагаар 10 тэрбум орчим удаа дугарсан гэж судлаачид үздэг байна. Гэхдээ хамгийн харамсалтай нь уг батерейг юугаар хийснийг мэдэх хүн үлдээгүй бөгөөд эрдэмтэд таамаг төдий л мэдээлэлтэй, туршилтыг зогсоохоос эмээн батераейг оролдож чадахгүй өдийг хүрсэн байна.

За одоо хамгийн эхэнд дурдсан 500 жил үргэлжлэх туршилтын талаар ярья.[vii] 2014 онд буюу одоогоос 7 жилийн өмнө эхлүүлсэн нэгэн туршилтаар хэсэг эрдэмтэд 800 хуруу шилэнд бактери хийн 500 жилийн турш түүнийгээ ажиглаж туршихаар зорьж байгаа аж. Хуруун шилэн дэх бактериудаа цацраг идэвхит болон цаг уурын аливаа нөлөөнөөс хамгаалах зорилгоор тугалгаар дүүргэсэн 2 тусдаа саванд хийж нэгийг нь Эдинбургийн их сургуульд, нөгөөг нь Лондонгийн Байгалийн түүхийн музейд хадгалах аж. 2038 оныг хүртэл 2 жил тутам 2 хуруу шилэн дэх бактерийн өөрчлөлтийг судлах ба түүнээс цааш 25 жил тутам 1 хуруу шилэн дэх бактерийг гарган авч судлах аж. Мөн хуруу шил болгон дээр тэмдэглэл хөтлөх болон хийгдэх ёстой ажлын талаар заавар байх ба хамгийн эхэнд судлах эрдэмтэнд хандан эдгээр зааврыг өөрийн цаг үеийн шинжлэх ухааны ололтыг ашиглан шинэчил гэсэн байдаг аж. Магадгүй өмнөх батерейний туршилтаас эрдэмтэд суралцсан биз. Энэ туршилт эхлүүлсэн эрдэмтдээс хойш магадгүй 15 үеийн дараа 2515 онд л эцсийн үр дүн нь гарна. Тэгвэл өөрт нь ямар ч ач холбогдолгүй энэ мэт туршилтыг эхлүүлэх нь  хэнд хэрэгтэй вэ?

Миний бодохоор ирээдүйдээ үлдээх хамгийн үнэтэй өв нь алт, мөнгө, барилга байшингаас илүү түүх, амьдрал, шинжлэх ухааны ололтоос олж мэдсэн туршлага, цаг хугацаанд өсөн нэмэгдэх мэдлэг л байх болов уу. Ерөөс хүн гэгч ухамсарт амьтан амьдралаа хамгийн үр дүнтэй өнгөрөөхийн нууц нь өөрөөсөө давах хойч үеийг бүтээн үлдээхэд л оршдог буюу.  

 

[i] https://framinghamheartstudy.org/

[ii] https://news.harvard.edu/gazette/story/2017/04/over-nearly-80-years-harvard-study-has-been-showing-how-to-live-a-healthy-and-happy-life/

[iii] http://www.slate.com/blogs/atlas_obscura/2013/06/18/begun_in_1927_the_pitch_drop_experiment_keeps_on_going_ever_so_slowly.html#:~:text=The%20Pitch%20Drop%20Experiment%20began,but%20a%20highly%20viscous%20liquid.&text=In%201930%2C%20he%20cut%20off,Which%20it%20did.

[iv] https://www.thevintagenews.com/2019/01/15/the-pitch-drop-experiment/

[v] https://en.wikipedia.org/wiki/Beverly_Clock

[vi] https://www.vice.com/en/article/9akg9d/this-battery-has-lasted-175-years-and-no-one-knows-how

[vii] https://www.theatlantic.com/science/archive/2019/01/500-year-long-science-experiment/581155/

 

Нүүр зургийн эх сурвалж: The New York Times

Сэтгэгдэл бичих

arrow icon