Нийтлэл 02 сарын 22, 2021

Технологи Монголыг ардчилах уу, дарангуйлах уу?

“Цахим засаглал” гэдэг холбоо үгийг задалж бодох дасгал хийе.  Цахим гэдэг нь ТЕХНОЛОГИЙН, харин засаглал нь УЛСТӨРИЙН асуудал болно. Тэгэхээр “цахим засаглал” гэдэг нь эртнээс эдүгээг хүртэл янз бүрийн хэлбэрээр илэрч ирсэн “УЛСТӨР x ТЕХНОЛОГИ” гэсэн харилцан хамаарлын л үргэлжлэл, хамгийн  “нялх хүүхэд” нь гэж хэлж болно.  Энэ нялх хүүхэд өсч том болоод хэн болох бол? Жорж Орвеллын бүхнийг цагдагч “том ах” болох уу? Эсвэл дэлхий ертөнцийг сүйрлээс авардаг супер баатар Волтрон болох уу? Улстөр ба технологийн харилцаанд ямар нэг зүй тогтол байдаг уу? Эдгээр нь хүн гэдэг ер нь ямар гээч амьтан болоход хүртэл холбоотой суурь асуултууд учраас шийдсэн хариулт хаа ч алга. Тиймд шинжлэх ухааны онол, судалгаанд түшиглэхийн сацуу өөрсдөө чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй загварчлах орон зай нээлттэй хэвээр байна.

Анхдугаар эдийн засгийн хувьсгал: Технологи x Улстөр

Технологийн хувьд түүхэнд хоёр томхон үсрэлт гарсан гэж  Дугласс Норт зэрэг эдийн засгийн түүхчид үздэг.  Нортын тодорхойлолтоор “Технологи гэдэг нь хүн төрөлхтний байгалийн нөөцийг засаглах чадамж юм. Энэ чадамжид 10 мянга орчим жилийн өмнө хувьсгал гарсныг хөдөө аж ахуйн буюу эдийн засгийн анхдагч хувьсгал гэх нь бий.

Анхдагч хувьсгалын нөлөөгөөр ан гөрөө, түүврийн аж ахуй газар тариалан, мал аж ахуйд байраа тавьж өгсөн. Өнөөдөр бид технологи хэт шүтэгдэх маягтай цаг үед амьдарч байна. Гэтэл технологид олон нүүр бий. Газар тариалангийн хувьсгал хүн амын огцом өсөлт, баланс муутай хүнс, суурин газрын өвчлөл дагуулсныг зарим археологийн баримт баталдаг. Энэ тэмдэглэлийн гол сэдэв болох улстөрийн хувьд ч баялгийн тэгш бус хуваарилалт үүсч, анчид түүвэрчдийн харьцангуй либерал дэг журам эвдэрсэн гэж үзэх түүхч цөөнгүй. Цэрэг зэвсгийн технологи хөгжихийн хэрээр омог аймаг дундын зөрчил ширүүсч, дайн дажин, байлдан дагуулалтын эрин зуунууд эхэлжээ. Өөрөөр хэлбэл технологи гэдэг түүхэнд улстөрийн тогтворгүй байдал үүсгэж ирсэн нэг гол хүчин зүйл байсан гэж хэлж болно.

Хамаг Монголын Тэмүүжин орондоо орох завгүй олзолдон тэмцэлдэж асан олон омгийг нэгтгэж Их Монгол улсыг байгуулсан. Яг түүн шиг дайн дажныг эцэслэхийн тулд хүчирхэг нэгдсэн төр улс үүсэх явц бусад улсад ч давтагдаж иржээ. Энэ утгаараа технологийн хөгжил төрт улсын үүсэлтэй салшгүй холбоотой.  Технологиос төрөн гарсан улстөр, нийгмийн бүтэц нь эргээд технологи үүсэх, хөгжих боломжийг тодорхойлох болов. Өндөг тахианы үлгэр л гэсэн үг.

Том өндөглөдөг тахиа буюу сайн засаглалыг бий болгосон Европт, тухайлбал Англиас хоёрдогч эдийн засгийн хувьсгал буюу үйлдвэрлэлийн технологийн хувьсгал эхлэв.  Хөдөлгүүрийн технологид гарсан хувьсгалын араас Европын колоничлол, улмаар дэлхийн түүхэнд гарсан хамгийн гамшигт хоёр дайн дагалдаж, тэр байтугай хийсэн технологио ашиглан нэгийгээ цөмийн галд хайлуулахад хүрлээ. Хоёрдугаар эдийн засгийн хувьсгал ч дэлхийн дэг журамд урд өмнөхтэй харьцуулшгүй хөнөөл сүйрэл дагуулсан нь тэр.

Хоёрдугаар эдийн засгийн хувьсгал: Технологи x Улстөр

Ингээд харахаар смарт утас хэрэглэж, ардчилсан сонгуульд оролцож, эдийн засгийн өсөлтөөс хүртэж ая тавтай амьдарч байгаа 21-р зууны иргэд бид хэзээ хаанаас бий болов гэдэг их сонирхолтой асуулт.

Ардчилал бол юун түрүүнд хүний оюун санааны бүтээл. Их сэтгэгчдийн либерал үзэл санаа, үнэт зүйл үгүйгээр өнөөдрийн дэвшилд хүрэхгүй байсан. Гэхдээ түүхийн динамикыг тодорхойлдог гол хүчний хувьд технологид нийгмийг ардчилах ямар нэг хүч агуулагдаж байгаагүй бол идей дангаараа биежихгүй. Технологи нь зүүн гараараа эрх мэдлийг хүчирхэгжүүлж, баялгийн тэгш бус байдал үүсгэхийн сацуу баруун гараараа нийгмийг чөлөөлж, өөрийн гэсэн өмчтэй, боловсролтой бие даасан индивидаул, хүчирхэг бие хүнийг ч бүтээж иржээ. Хорьдугаар зуун гэдэг яг л энэ технологийн паралелл нөлөө аль аль нь оргилдоо хүрсэн гэдэг утгаараа хүний түүхийн хамгийн сэтгэл татам, бас хамгийн харгис нэг эрин болж өнгөрсөн билээ. Харин хориннэгдүгээр зууны бид цахим засаглал ч юм уу, ер нь “УЛСТӨР x ТЕХНОЛОГИ” гэсэн үржвэрийг авч үзэхдээ нөлөө нь аль талдаа илрэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Нэн ялангуяа бүтээх ба сөнөөх эффект нь улам бүр хүчтэй, улам бүр хурдтай болж байгаа өнөө үед. Эндээс хамгийн гол асуулт, технологи хэзээ нийгмийг ардчилж, хэзээ хувь хүнийг хүчирхэгжүүлж эрх мэдлээс хамгаалдаг юм бэ? 

Хоёрдугаар хувьсгал, нэгээс гуравдугаар шат

1) Эхний шат буюу уурын хөдөлгүүрийн технологи бол баронууд гэгдсэн эздийн тоглоом байлаа.   Арван мянган жилийн тэртээ анхны технологийн тэсрэлт агнуур түүврийн ахуйг эвдсэн хэв маяг давтагдав. Машинт үйлдвэрлэлд уламжлалт гар урлал шахагдаж, Англи, Европт үүссэн үй олон ажилгүйчүүд Америк руу цагаачлав. Энэ явц ид өрнөсөн 19-р зуунд капитализмын хамгийн хатуу ширүүн шүүмжлэл “Капитал” бичигдэж марксизм өндрөө авч, дэлхийн тал нь коммунист туршилтаар ороход хүрсэн.

2) Харин хоёрдугаар шат буюу Фордын масс үйлдвэрлэлээс эхлээд Орост хааныхаа толгойг авч хаясан ядуусыг Америкт бол ажилтай, масс хэрэглээний нийгэм болгож хувиргажээ. Гэхдээ 1930-аад онд санхүүгийн их хямрал гарч технологийн хөгжил ба нийгмийн сайн сайхны дунд дахиад ан цав гарлаа. Энэ хямралаас хойш Америкт нийгмийг технологи буюу зах зээлд бүрэн даатгах итгэл унтарч, төрийн зарцуулалт моодонд орлоо. Зэрэгцээд Италид фашизм, Германд нацизм, Японд Азийн империализм гарч ирэв. Япон, Герман гэдэг маань хөнгөн үйлдвэрлэлийн хувьсгал буюу технологи улам бүр шинжлэх ухаан, мэдлэг шингээх шинжтэй болж хөгжсөн хоёр гол орон. Энэ хоёр орны төр, тэдний бодлогоор хөгжиж асан технологийн гигантууд цэргийн технологидоо эрдэж дэлхийн дайн өдөөсөн байдаг.  Технологийн сөнөөх ир ажиллаж, дэлхийн дайн өдөөсөн гэсэн үг.  Хоёр том дайны сүйрлийн дараа их гүрнүүд технологийн бүтээх сөнөөх хүчний тэнцвэрийг хангах системийн архитектурыг хүний түүхэнд анх удаа хамтдаа нухацтай тунгааж, НҮБ болон бусад олон улсын хамтын бодлогын байгууллагууд үүссэн юм. Өнөөдөр бид дайны дайвар бүтээгдэхүүн болох дэлхийд амьдарч байгаа тухай “Дайн ба Энх” тэмдэглэлд дэлгэрэнгүй өгүүлсэн.

Дайны дараа төрийн зарцуулалтаар эдийн засгийн хямралыг удирдах, ажлын байр үүсгэх бодлого улам хүчийг авлаа.  Япон Герман зэрэг орны капиталистууд экспортоос гадна дотоодын хэрэглээг дэмжих Фордизмыг тууштай хөгжүүлэв. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар дайнаар дал шархадсан дэлхий технологийн бүтээх хүчинд түшиглэн хөгжих бодлого барив.  Орлоготой нийгэм, тэдний масс хэрэглээ хөгжлийн загвар боллоо. Нөгөө талаар харилцаа холбоо, масс медиа технологи хөгжиж, Пакс Американо дор тэрхүү нийгмийн нэгж болох хувь хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа дэлхий дахинд тархав. Үйлдвэрлэлийн хувьсгалын анхны шатанд колоничлогдсон Африкын орнууд тусгаар тогтнолоо.

3) Дайнаас үлдсэн тооцоолон бодох технологи 1970-аад онд ердийн амьдралын хэрэглээнд орж ирснээр үйлдвэрлэлийн хувьсгалын гуравдугаар шат эхлэв. Энэ шат эхлэхтэй зэрэгцэн дэлхий дахин ужиг инфляцид нэрвэгдэх болов. Төрийн зарцуулалтаар нийгмийн тогтвортой байдлыг хангах загвар ширүүн шүүмжлэлд өртөх болж зах зээл эргээд төвд орж ирэв. Энэ үеэс хойш буюу технологи дахиад жолооны суудалд суусан 50 орчим жилд баялаг огцом нэмэгдэж, түүний зэрэгцээ орлогын тэгш бус байдал огцом нэмэгдсэн тухай бол “Монголын улстөр, эдийн засгийн асуудлууд дэлхийн чиг хандлагаас урган гарсан нь” нийтлэлд дэлгэрэнгүй бичиж хүргэсэн.  Дайны технологи энх тайвны арга хэрэгсэл болох замдаа санхүүгийн арилжааны технологи болж дүрс хувирлаа. Санхүүгийн технологийн хувьд цөөнхийн эдийн засаг улам тэлэх сөрөг эффект нь давамгайлснаар 2008 онд 1930 онтой дүйх их хямрал гарав. Энэ нь алсуураа дэлхий дахинд массыг хамарсан улстөрийн хямрал дагуулсан эрин цаг яг өдгөө үргэлжилж байна. Яг энэ үетэй зэрэгцээд дөрөвдүгээр шат буюу цахим сүлжээнд суурилсан системүүд, түүний өгөгдөл буюу дата, тухайн датаг боловсруулах хиймэл оюун ухааны технологи эрчимтэй хөгжиж байгаа үеийг бид гэрчилж амьдарч байна.

Том ах уу, Волтрон уу?

Энэ хүрээд дээр асуусан асуултаа дахиад асууя, шат шатанд бүтээх ба сөнөөх шинж нь улам бүр хүчтэй болж ирж байгаа технологи хэзээ нь бүтээж, хэзээ нь сөнөөгөөд байна вэ? Бид үүнд өөрийн гэсэн нухацтай хариулт өгөлгүйгээр харанхуй шилжиж болохгүй.  Дээр өгүүлснээс дүгнэж болох нэг зүй тогтол гэвэл технологийн хөгжил эрх мэдэл, эд баялгийн төвлөрлийг улам эрчимжүүлж байна уу, сааруулж байна уу гэдгээс аль эффект нь илүү хүчтэй илрэх эсэх нь шийдэгдэж иржээ. Жишээлбэл үүсмэл санхүүгийн технологи орлогын тэгш бус байдал үүсгэвч нөгөө талд нь төрийн гарт төвлөрч ирсэн мөнгө ба мэдээллийг decentralize хийх, төвлөрлийг задлах крипто мөнгө, блокчэин зэрэг хувьсгалт технологиуд бас зэрэгцээд үүслээ. Явж явж технологийн автор нь хүн учраас аль ирээр нь хэрэглэх вэ гэдгийг хүний нийгмийн үзэл санаа, үнэт зүйл шийдэх болно. Ямар ч гэсэн хүн өнөөдөртөө 1000 жилийн өмнөхөөс эрх чөлөөтэй, илүү орлоготой амьдарч байна. Үүнийг урт хугацаандаа технологийн либерал хүч илүү үйлчилж болохын баталгаа гэж харж ч болно. Үүний тулд ард нь либерал үнэт зүйлс, итгэл үнэмшил, хүний оюун санаа ажлаа хийх хэрэгтэй.  

Нийгэм нэг нэгнийхээ үйл хөдлөл бүрийг камераар бичдэг болж болох уу? Камерын бичлэгийг хэн дуртай нь задалдаг, мэдээлдэг байж болох уу? Цар тахлын үеэр хүний эрүүл мэндийн мэдээллийг хувийн компанид дайчилж бүртгэж болох уу? И-баримт аппаар хаа явааг чинь газар сайгүй мөрдөж болох уу? Мөрдсөн датагаа хэрхэн хадгалж хариуцаж байгааг төр иргэддээ тайлагнахгүй байж болох уу? Улстөрийн нам хаана амьдардгийг чинь, хэнийг дэмждэгийг чинь хээв нэг вэбсаитаар асуугаад бүртгэж болох уу? Энэ бүх асуултын хариултад монгол хүний чөлөөт хүсэл зорго, оюун санааны захиалга шингэх ёстой.

Цаг цагт их зөнчид төрж, хүний хүсэл эрмэлзэл хийгээд түүнийхээ араас зүтгэж яваад Франкенштэйн төрүүлэх аюулыг урдчилан хэлж өгдөг.  “Том ах” төрөх аюулыг Жорж Орвелл “1984” зохиолдоо зөгнөж өгсөн. Коммунист дэглэмтэй Хятад улсад бол технологи Орвеллын том ах болж хувирсан. Ардчилсан Монголд бол сонголт биднийх.

Боломж

Энд одоо зарим нэг нэр томьёог ялгаж салгамаар байна. Дижитал шилжилт, эсвэл цахим хувьсгал гээд байгаа нь ерөнхийдөө энэхүү дөрөвдүгээр шат руу дэвших бүх салбарыг хамарсан явцыг хэлж буй. Цахим засаглал гэдэг нь энэ хувьсал өөрчлөлт дунд төрийн үйлчилгээг цахимжуулах тухай гэж ойлгогдож байна. Цахим засаглалаас арай өргөн агуулгад цахим ардчилал гэж хэлц бас байна. Нөгөө “технологи х улстөр” гэсэн үржвэрийг ардчилсан үнэт зүйлсийг хамгаалахын төлөө хөгжүүлнэ гэсэн үг.

Монгол Улс дэлхий дахинд нэгэнт өрнөж буй цахим хувьсгалд цэвэр технологийн хөгжлөөр манлайлагч хийх боломжгүй гэхэд хилсдэхгүй. Харин цахим шилжилт хийхдээ хараахан бусад улс өмчилж амжаагүй “дижитал ардчилал” зэрэг консептоор бүс нутагтаа загвар болох, экспортлох боломж нээлттэй байна. Технологийг хүний төлөө загварчлах бодлого тууштай барина гэсэн үг.   

Эцэс төгсгөлгүй сонголт, зах хязгааргүй боломжийг илэрхийлдэг технологийн их хүчний өмнө дэлхий дахин бидэнтэй л адил олон нээлттэй асуултад хариулт эрж байна. Үүнд авторитар улс олонтой бүс нутагт оршдог, эх газрын арал ардчиллын хувьд өөрсдийн загварыг гаргаж чадвал бид дөрөвдүгээр хувьсгалд нэг гол дүр болж үлдэнэ. Түүх хаанаас хаашаа эргэж ирснийг харж байж дүрээ олох учраас олныг өгүүлэв. Монгол Улс дэлхийд цаг үеийн оролцон тоглогч байх эсэх, оролцохдоо ямар дүрээр оролцох вэ гэдгээ тодорхойлох боломж ба сонголтууд бидний өмнө нээлттэй байна.

arrow icon