Нийтлэл 03 сарын 02, 2021

Ном бол ертөнцийг харах цонх мөн

Дэлхийн 200 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн арилжааны хэрэгсэл бүтээгээд түүнийгээ 167 сая ам доллараар зарсан бол та юу хийх вэ? Жилд нэг сая доллар зарцуулна гэж тооцвол танд 167 жил юу ч хийхгүй амьдрах боломжтой гэсэн үг. Тансаг зэрэглэлийн хаус авч, хэд хэдэн үйлчлэгчтэй, өдөр бүр найз нөхдөө гэртээ авчран шоудаж, дэлхийгээр аялж өнгөрүүлсэн ч таны амьдралын сүүлийн өдрийг хүртэл хангалттай хүрэлцэхүйц мөнгө. Олсон мөнгөө амьдралдаа ингэж зарцуулбал таныг тэнэг хүн гэж хэн ч хэлэхгүй нь лавтай.

Гэтэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн төлбөр тооцооны Paypal системийг бүтээсэн Элон Маск харин юу хийв?

Олон жилийн нөр их хөдөлмөр, бүтээл, хөрөнгө оруулагчдын оролцоо шингэсэн Paypal компаниа 1.5 тэрбум доллараар зарж түүнээс өөрт ногдсон 167 сая доллараараа жаргаж хэвтэхийн оронд сансрын пуужин үйлдвэрлэхэд оруулсан гэвэл та түүнийг галзуу гэх үү, юу гэх вэ? Өнөөдрийн өнцөгөөс биш, Гагарин, Гүррагчаагаас цаашгүй, сансрын технологи гэхээр Орос Америкийн хүйтэн дайн, хиймэл дагуул л боддог байсан үед гээд төсөөлдөө. Англи хэлэнд бүтэшгүй хэцүү зүйлийг “Рокет Сайнс” гэж зүйрлэдэгдээ.

Өөрөөр хэлбэл Элон Маск олсон бүх мөнгөн дээрээ өөрийн хадгаламжийг нэмээд 10 сая долаларыг ногоон эрчим хүчний “Солар Сити” компанид, 70 сая долларыг “Тесла” компанид, 100 сая долларыг Спейс Икс компанид тус тус хөрөнгө оруулсан байна. Гурвуулаа нэг нэгнээсээ ч өндөр эрсдэлтэй салбар. Мэдээж мөнгөө өгсөн хүн хөгжмөө захиалдаг бас эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг ч гэдэг шүү дээ. Харин энэ гурван тусдаа нэг нэгнээсээ галзуу төсөл түүний ганцхан том зорилгын төлөө байна гэж хэн төсөөлөх ч билээ дээ.  

Ер нь Цахиурын хөндийгөөс урган гарсан компаниуд эргээд мэдээллийн технологид хөрөнгө оруулалт хийж, тэр салбартаа л амжилтын араас хөөцөлддөг. Гэтэл Элон Маскын толгойд манайхны ярьдагаар “тэнгэрийн санаа” орж ирсэн байв. Энэ бол зүгээр ч нэг эрсдэл биш ямар ч суутныг галзуу болгож харагдуулж чадах солиотой эрсдэл юм. Элон Маск үүнээс цааш компаниудтай биш улс орнууд тэр дундаа дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдтэй өрсөлдөх болно.  Учир нь энэ төвшинд зөвхөн ОХУ, АНУ, БНХАУ гэх том гүрнүүд л морио уядаг шүү дээ.

100 сая долларын хөрөнгө оруулалт хийчихээд 19 тэрбум долларын жилийн төсөвтэй НАСА-тай яаж өрсөлдөх вэ? Ийм компани ер нь бүхэл бүтэн улс оронтой өрсөлдөж чадах уу? Өрсөлдөхийн тулд юу хийх ёстой вэ? Гэх мэт асуултууд таныг хэдийнээ зовоож эхэлсэн нь мэдээж.

Манай галзуу Элон Маск сансар, пуужин гэсэн үг орсон бараг бүх номыг цуглуулан уншиж эхлэхээс ажлаа эхэлж, удалгүй энэ сэдвээрх бараг бүх бүтээлийг уншиж дуусгасан байна. Ингэснээр тэр сансар судлал, сансрын технологийн талаар онолын үндсэн ойлголтуудыг авч, өөрийн гэсэн суурь үзэл баримтлалтай болж, энэ салбарын хэнтэй ч ижил төвшинд ярилцаж хэмжээнд хүрчээ. Түүгээр ч зогсохгүй “Спейс Икс” компанид ажилд авсан эхний 1000 ажилтантай өөрөө биечлэн ярилцлага хийсэн гэдэг.  Улмаар зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай мэдлэгийг олж авахын зэрэгцээ, дэлхийн хамгийн шилдэг мэргэжилтнүүдээр компаниа хүчирхэгжүүлсэн байна. Миний хувьд түүний энэ галзуу алхамуудаас илүү энэ компанийг яах гэж байгуулсан талаар ярих нь илүү сонирхолтой санагдсан юм.

Элон Маск Ажлын өрөөнийхөө коридорт 2 зураг өлгөсөн байдгийн нэг нь Марс гаригийн зураг бөгөөд өнөөгийн төрх буюу хов хоосон, улаанаар эргэлдсэн гариг, харин эсрэг талд нь далай, ургамлаар хучигдсан Марс гаригийн зураг байдаг аж. Мань эрийн мөрөөдөл нь Марсыг ийм цэнхэр гариг болгох. Энэ мөрөөдлийнхөө талаар тэрбээр ярихдаа “хүн төрөлхтнийг гайхалтай ирээдүй хүлээж байна гэж итгэсээр нас барахыг би хүснэ” гэж хэлсэн байдаг.

Автомашин үйлдвэрлэдэг Тесла гэж компаниа байгуулахад "...бүтээгдэхүүн нь хэтэрхий үнэтэй, зах зээлээс удахгүй арчигдана, юу ч мэдэхгүй салбарт орлоо" гэж бараг амтай болгон л шоолох нь халаг байсан. Манайд ч хэд хэдэн ТВ ийм агуулга бүхий контент мэдээ гаргаж байсансан. Гэтэл өнөөдөр Теслагийн загварлаг, байгаль орчинд ээлтэй машиныг хүн бүхэн л шагшин магтаж байна. Түүгээр ч барахгүй Тесла компанийн эзэмшдэг бүх патент олон нийтэд нээлттэй болсон гэдгийг та мэдэх үү? Яг л комьпютерын нээлттэй эх сурвалж бүхий програм шиг хэн ч аваад илүү сайныг хөгжүүлэн хэрэглэх боломжтой. Асар их ашиг олох боломжтой бизнесийнхээ нууцыг олон нийтэд ил болгоно гэдэг бас нэг галзуурал биш гэж үү, гэж та хэлэх байх.  Энэ талаараа тэрбээр тайлбарлахдаа  “Бид бүгдээрээ бүх талаасаа цоорч, ус нэвчиж, аажмаар живж буй хөлөг онгоцны зорчигчид. Тийм атлаа хөлөг онгоцныхоо цоорхойг бөглөх аргыг олсон нэг нь бусдаасаа нуухын утга учир бий гэж үү?” гэж сөргүүлэн асуусан байдаг.

Эндээс харвал тэрбээр дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт удахгүй хүн төрөлхтөнийг бүхэлд нь залгих аюул болно гэдэгт үргэлж сэтгэл зовнидог нэгэн аж. Иймээс ч тэрээр нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүчинд анхаарал хандуулснаар АНУ-д хамгийн томд орох “Солар Сити” компанийг байгуулжээ. Та боддоо байшингийн дээвэр чинь бүхэлдээ нарны цахилгаан үүсгүүр болж, та цахилгаанд мөнгө зарахгүй, ийм дээвэртэй болох зардал нь өнөөгийн дээвэрлэгээний зардалтай ижил төвшинд байна гээд. Тэр бусдаас хамааралгүй зөвхөн өөртөө хангалттай эрчим хүчээр амьдардаг, өөр хоорондоо эрчим хүчний хамааралгүй айлуудыг бий болгох мөрөөдлөө хэдийнээ бодит ажил болгоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Цаашдаа энэ хандлага улам өргөжнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Үүнтэй зэрэгцэн цахилгаан эрчим хүчийг нөөцлөх асуудалд анхаарал хандуулж ион, литиум батерей үйлдвэрлэх үйлдвэр байгуулсан нь одоо дэлхийн батерей үйлдвэрлэгч бүх үйлдвэрийг нийлүүлснээс их хэмжээтэйгээр батерей үйлдвэрлэж эхлээд байна. Цаашдаа дэлхийн 3 өөр газарт ийм үйлдвэр барихаар төлөвлөж байна. Нэг нь яагаад Монголд байж болохгүй гэж. Бид ч гэсэн түүнээс дутахгүй галзуу гэдгээ тэрэнд нотолж чадахгүй гэж үү.

Элон Маск Африк тивд төрж өссөн гэдгийг нь хүн болгон тэр бүр мэддэггүй. Овог аймгийн тэмцэл, гэр бүлийн олон асуудал дунд өссөн түүний бага нас бидний бодож байсан шиг аз жаргалаар дүүрэн байгаагүй аж. Энэ бүхний дунд түүний өөртөө хөгжүүлсэн чадваруудын нэг нь өдөрт 10 цаг тасралтгүй ном унших байв. Дөнгөж 3-4 ангид байх үедээ л сургуулийнхаа номын сан болон зэргэлдээ хорооллын сургуулийн номын санг дуусгаж, номын санчдаас нь шинээр ном захиалаач гэж хүсэлт гаргаж явсан тэрбээр хүн төрөлхтөнд өөрийн амьдралын замналаар “ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдгийг дахин нотолсоор байна. Энэ цаг үеийнхээ талаар хэлэхдээ “Та юу мэдэхгүй  байгаагаа төсөөлөх ч үгүй байгаа” гэж хэлсэн байдаг нь дэндүү оновчтой үг мэт. Элон Маскийн үг, үйлдэл болгоны ард байдаг итгэл үнэмшил эндээс эхтэй гэхэд буруудахгүй байх. Тэрбээр бага балчир наснаасаа оюутан болох хүртлээ уншиж судалсандаа тугуурлан цаашдын амьдралдаа баримтлах 3 чиглэлийг өөртөө тодорхойлсон байдаг аж. Эдгээр нь сэргээгдэх эрчим хүч, сансрын технологи, интернэт  байсан гэдэг. Бид өнөөдөр түүний амьдралынхаа турш хийж буй алхам, үйл ажиллагаа нь дандаа зорилгын хүрээнд байгааг харж байна. Түүний мөрөөдөл нь гариг хооронд аялах чадвартай соёр иргэншлийг бүтээж хүн төрөлхтөнд туслах бөгөөд байгуулсан компаниуд нь ч бүгд энэ зорилгыг биелүүлэхэд чиглэж байна.

Чадах уу, чадсан уу? гэх мэтээр түүний амыг нь асуух нэгэн гарах л байх. Бид тэртээ тэргүй түүний бүтээх түүхийн гэрч хамдаа болно. Нөгөө талаас Элон Маск гэж хүнийг тахин шүтэж гайхан бишрэх, даган дуурайх огтоосоо ч хэрэггүй. Гэхдээ хамгийн чухал нь гайхалтай том зорилгыг өөртөө тавьж, түүндээ хүрэхийн тулд тасралтгүй уншиж судалж өөрийгөө бэлдэж зорилгоо алхам бүрээрээ бүтээж амьдрах амьдралын энэ хэв маягаас хүүхэд залуус бид суралцах хэрэгтэй. Яг л түүний хэлсэн шиг “юу мэдэхгүйгээ мэдэх гэж,  олж харах гэж уншиж, сурч, судлах нь бидний Эх орондоо болон өөртөө хүргэх хамгийн том тус юм даа.  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon