Орчин үеийн менежментийн онолын эцэг гэгдэх Петр Дракер (Peter Drucker) мэдлэгийн эдийн засгийн эрин үед улс орон, албан байгууллагууд (төр, төрийн бус болон хувийн хэвшлийн) хэрхэн оршин тогтнож, менежмент явуулж, ажилчдынхаа (иргэд) боловсролыг цаг үетэй хөл нийлүүлэн алхуулах талаар хийсэн судалгаанууд нь өнөөдрийг хүртэл менежментийн философийн өнгө төрхийг тодорхойлсоор байна.
Бүх манлайлагчид, өөрийн салбартаа амжилттай яваа хүмүүс “өөрийгөө менеж хийх буюу өөрийн эзэн болохоос” эхэлдэг гэж Петр Дракер номнууддаа онцолсон. Хүн бусдыг менеж хийх, удирдах, манлайлах, тэргүүлэх, заах, зөвлөх, даргалахаас өмнө нэн түрүүнд өөр дээрээ ажиллах, өөртөө эзэн болох тухай тэрээр Managing Oneself нэртэй богино номондоо бичсэн. Harvard Business Review сэтгүүлийн классик хэмээн нэрлэгдсэн “Managing Oneself” номын хураангуйг доор хүргэе.
Оршил
Аливаа улс орон, албан байгууллагын өсөлт, хөгжилд хамгийн их нөлөөтэй хүмүүс нь манлайлагчид болон менежерүүд байдаг. Саяхныг болтол (100 хүрэхгүй жилийн өмнө) эдгээр нөлөө бүхий давхаргыг цөөн тооны хүмүүс бүрдүүлдэг байсан бол өнөөдрийн мэдлэгийн эдийн засгийн эрин үед бүх шатны мэргэжилтнүүд энд багтах болсон. Тухайн байгууллагын гүйцэтгэл, бүтээмж, амжилт нь нийт ажилтнууд хэрхэн өөрийгөө боловсруулж, хөгжүүлж, (өөрийн эзэх байж) цаг үетэйгээ алхаж, компьютер програмын хэлээр ярьвал хэрхэн өөрийгөө байнгын апгрейд (upgrade) хийж байгаагаас шууд хамаарах эрин үе ирсэн тухай Петр Дракер онцолсон. Цаашид нийгэмд тулгарах асуудлууд улам комплекс, нарийн болохтой зэрэгцэн мэдлэг, шинжлэх ухааны салбар хүртэл комплексжиж, нарийсах ба үүнийг дагаад улс орон, албан байгууллагууд, хувь хүмүүс ч мөн адил хувьсах шаардлагатай.
Тиймээс цаг үе хувь хүмүүс болон мэргэжилтнүүдэд өөртөө дараах асуултуудыг (менежментийн суурь асуултууд) тавихыг шаардана:
- Би хэн бэ? Би юуг хамгийн сайн хийж чадах вэ? Би хэрхэн суралцдаг вэ? Би хэрхэн ажлыг “гараас” гаргадаг вэ? Би юуг эрхэмлэдэг вэ?
- Би хаана байх ёстой вэ?
- Би ямар хувь нэмэр оруулж чадах вэ?
- Хувь хүн болон мэргэжлийн харилцааны хариуцлага гэж вэ?
- Би тэтгэвэртээ гарсаны дараа юу хийх вэ?
(Энэ нийтлэлд эхний 3 асуултын талаар бичсэн)
Би юуг хамгийн сайн хийж чадах вэ?
Зөв шийдвэр гаргаж зөв алхам хийхийн тулд юуг сайн чаддагаа мэдэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс юуг хамгийн сайн хийж чаддагаа мэднэ гэж эндүүрдэг. Тэдний олонх нь юуг сайн хийж чаддаггүйгээ гадарлах боловч энэ нь бас буруу байх тохиолдол элбэг. Саяхныг болтол мужааны хүү мужаан, тариачны хүү тариачин болохоос өөр замгүй, сонголтгүй байсан учир хэн юуг сайн хийж чадахаа мэдэх боломж хомс байсан. Энэ байдал эрс өөрчлөгдөж, хэн юуг сайн хийдэгээ мэдэх шаардлага болон боломж үүссэн ба “Feedback Analysis (Фийдбак анализ)”-г ашиглан гүйцэлдүүлэх боломжтой.
Feedback Analysis (Фийдбак анализ): Ямар нэг чухал шийдвэр гаргах, чухал алхам хийхийн өмнө түүнийгээ хүлээж буй үр дүнтэй нь хамт тэмдэглэж бичих. Тэгээд жилийн дараа бодит үр дүнгээ хүлээлтэйгээ харьцуулж үзэх. Би хэн бэ гэдгийн нэг томоохон хэсэг нь би юуг сайн хийж чадах вэ гэдэгт хариулах учир Feedback Analysis богино хугацаанд үр дүнгээ өгдөг энгийн бөгөөд үр дүнтэй текник гэж Дракер бичжээ.
Юуг сайн чаддагаа тодорхойлчихоод дараах 4 алхамыг зайлшгүй хийх шаардлагатай:
- Чаддаг зүйлдээ бүх анхаарлаа төвлөрүүл
- Чаддагаа улам сайжруулах тал дээр ажилла
- Юу чамайг сайн хийхэд саад болж байгааг олж тогтоо
- Чаддаггүй зүйлдээ сайжруухад аль болох бага хүч зарцуул
Чаддаггүй зүйлээ шалдар булдар чаддаг болох нь (халтуурдаж сурах) хамгийн сайн хийж чаддаг зүйлээ бусдаас илүү хийж чаддаг болохоос илүү хүч, хөдөлмөр шаарддаг. Гэтэл олон багш сурган хүмүүжүүлэгчид болон албан байгууллагууд хүнийг чаддаггүй зүйлээ халтуурдаж сургахад хэт их анхаардаг. Тэр их цаг, нөөц бололцоог хүн сайн чаддаг зүйлдээ улам гаршихад нь чиглүүлэх хэрэгтэй гэж Петр Дракер зөвлөсөн.
Би хэрхэн ажлыг гараас гаргадаг вэ?
Хүний хэрхэн аливааг хийх нь юуг сайн чаддагтай адил байгаалиас өгөгдсөн эсвэл бүр бага насанд нь (ажилд гарахаас өмнө) төлөвшсөн байдаг учир бага зэргийн өөрчлөлтүүд явагдах боломжтой хэдий ч огцом өөрчлөх гэвэл бүтэхгүй.
Тиймээс энэхүү төлөвшилт хэрхэн явагдсаныг мэдэхийн тулд:
- Би сайн сонсогч уу? эсвэл
- Би сайн уншигч уу?
гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.
Олон хүн аль нь гэдгээ мэддэггүй. Саянхыг хүртэл олон хүмүүс өөрийгөө баруун гартан эсвэл зүүн гартан эсэхээ мэддэггүй байсан учир сайн хийж чаддаг зүйлээ олж таних нь бүү хэл хэрхэн суралцахаа ч мэдэх боломжгүй байсан аж.
(Ажлын байран дээр төсөөлөөд үзвэл, менежер эсвэл удирдах албан тушаалтан тань сонсогч ба та түүнд бичгэн хэлбэрээр тайлан, илтгэл, ажлын гүйцэтгэлээ дамжуулбал та хэрхэн дүгнэгдэх бол? Өөрийн төдийгүй хамтран ажиллагсад болон менежерийнхээ хэрхэн ажил гараас гаргадгийг мэдэх нь карьер өсөлт, цалин нэмэгдэл гээд олон давуу талтайг (мэдэж чадаагүй үед сөрөг тал бас бий) тус номонд дурдсан.)
Би хэрхэн суралцдаг вэ?
Хэрхэн ажил гараас гаргадгийг мэдэхэд тэгэхээр хэрхэн суралцдаг болохоо мэдэх шаардлагатай. Суралцах арга барил хүн хүнээс шалтгаалаад өөр ба маш олон төрөл байдаг:
- Уншиж суралцах
- Сонсож суралцах
- Их хэмжээний тэмдэглэл хөтөлж суралцах
- Зарим хүн уншсан, сонсон, үзсэнээ бичих замаар суралцах
- Өөрийхөө ярихыг сонсож суралцах ч хүн бий
- Гардан хийж байж сурах
- Танхмын орчинд бусадтай хамтж байж суралцах
- Ганцаар, бие дааж суралцах
Ажлын байртай холбон бодоход:
- Танхимд, бусадтай хамт байхдаа сайн суралцаж, ажилладаг уу?
- Ганцаараа, бие дааж суралцах болон ажиллахдаа сайн уу?
Хэрэв олны дунд сайн суралцаж, ажилладаг бол:
- Шийдвэр гаргаж, хариуцлага хүлээж ажиллахад үр дүн гаргадаг уу? эсвэл
- Тушаал гүйцэтгэгчийн үүднээс сайн ажилладаг уу?
гэж өөрөөсөө асуух.
Би юуг эрхэмлэдэг вэ? (What is my value?)
Петр Дракер “Mirror Test” буюу өглөө босоод толинд ямар хүнийг хармаар байна тэр хүн байж чадсан уу гэж өөрөөсөө тогтмол асуухыг зөвлөсөн. Хувь хүн эрхэмлэх зүйлтэй адил албан байгууллага, компани ч мөн адил эрхэм зүйлтэй. Этикс буюу ёс зүй нь хүн бүрт тэгш үйлчлэх дүрэм учир өөрийн эрхэмийг зөв тогтоож, түүнтэй таарах ажлын байрыг сонгох нь өөрийгөө менеж хийх нэг хэлбэр.
Би хаана байх ёстой вэ?
Дээрх асуултуудад хариулсан үед тухайн хүн (мэргэжилтэн) хаана байх ёстойгоо мэдэх боломжтой. Дөнгөж карьераа эхлүүлж буй залуучууд ийм шийдвэр гаргах хараахан болоогүй. Харин тэд хаана байх ёсгүй вэ гэдэг асуултад хариулах бүрэн боломжтой.
Бие даан шийдвэр гаргаж, хариуцлага хүлээж ажиллаж хараахан сураагүй эсвэл чадахгүйгээ мэддэг бол тийм ажлын санал ирэхэд татгалзах нь хожмын боломжоо хадгалахад тустай. Эсрэгээрээ дээрх асуултуудад хариултаа олсон хүн боломжийг алдахгүй.
Би ямар хувь нэмэр оруулж чадах вэ?
Энэ асуулт нь өөрийгөө таньсан, өөрийн эзэн болж чадсан хүний өөртөө тавих асуулт гэж Дракер бичжээ. Даалгасан ажлыг л хийсэн, дарга тушаасан, өөрийн ажлаа хийгээд явж л байвал хангалттай гэх нь тухайн хүн бусдыг менеж хийх бүү хэл өөрийгөө яая даа гэж байгаагийн илрэл гэлтэй.
Аливаа улс орон, албан байгууллага, компани бүтээмжээ нэмэгдүүлж, гүйцэтгэлээ сайжруулахад бүх шатандаа “Би ямар хувь нэмэр оруулж чадах вэ эсвэл би ямар үр дүн гаргавал өөрчлөлт авчирч чадах вэ” гэж асуух шаардлагатай. Ингэж асуух нь өмнөх асуултуудыг мөн асууж, хариулсан байхыг шаардана.
saingui niitlel bn