Нийтлэл 04 сарын 12, 2021

Япон лугаа адил хөгжих нь, өчүүхэн миний ойлголтоор

Дэлхийн 2-р дайнаас хойшхи Японы хөгжлийн замнал

Дэлхийн 2-р дайны дараа Японы эдийн засаг нилээд суларч хүн ам нь ядуурч, бүр өлсгөлөнгөөр үхэж байсан түүх бий. Дайны уршгаар Японы нийт суурьшлын бүсийн 44 хувь нь устаж, хүн амын 30 хувь нь орон гэр өмч хөрөнгөө алдаж, Нагасаки болон Хирошима хотод бүрэн сүйрэл нүүрлэсэн зэрэг статистик байдаг (бусад улс оронд учруулсан хор уршиг ч их). Энэ үед Японы төрийн удирдлагууд шийдвэртэй алхам хийхийг хичээж олон төрлийн бодлого баримталсан.

Ялангуяа Японыг дахин сэргээх бодлого нь АНУ-тай нягт холбоотойгоор хэрэгжсэн. АНУ-ын томоохон компаниуд болон Засгийн газраас асар их хэмжээний зээл, буцалтгүй тусламж Японы дайнд сүйдсэн болон шинээр хөгжиж буй аж үйлдвэрт санхүүжилтээр орж ирсэн (Маршалын төлөвлөгөөгөө).

Энэ үед Япон улсад дэлхийн зах зээлд өрсөлдөж чадах боловсон хүчин байгаагүй учир хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээлийн эдийн засгийг биш харин Германы хамтын зах зээлийн эдийн засагт (The Social Market Economy) суурилсан үндэсний капитализмыг төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлжээ.

Үүний үндсэн дээр “Toyota”, “Sony”, “Honda” зэрэг нийтийн өмчийн хэлбэртэй корпорациудыг байгуулж, түүний үр ашгийг Японы нийт хүн ардын эрүүл мэнд, ажлын байр, боловсрол зэрэгт зориулан ирээдүйг харсан хөгжлийн хөтөлбөрийг маш амжилттай эхлүүлжээ. Эдийн засгийн өсөлтөөс олсон орлого нь зөвхөн тухайн үндэстний сайн сайхны төлөө зориулагдах ёстой гэдгийг маш сайн ойлгож авилга болон хувийн ашиг сонирхлоос хамгаалж чадсан.

1950–1953 оны үед болсон Солонгосын хойгийн дайн Японы эдийн засагт их тэсрэлтийг авчиржээ. АНУ энэ дайнд Японыг гол түшиц газраа болгон японы боомт, аж үйлдвэр зэргийг ашиглан асар их хөрөнгө оруулалт хийсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япончууд аж үйлдвэрийн цогцолборуудаа дахин сэргээх, илүү орчин үеийн болгож шинэчлэх ажлыг өрнүүлсэн юм. Батлан хамгаалах салбарын хувьд Вашингтон Япон улсыг хамгаалж, Япон цэрэг зэвсгийн зардлаа бүтээн байгуулалтад, эдийн засгийн үсрэнгүй хөгжилдөө зарцуулсан байдаг. 1951 онд буюу дайнаас зургаахан жилийн дараа Японы ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) дайны өмнөх түвшиндөө очиж, асар богинохон хугацааны дотор сэргэсэн.

Дэлхийн 2-р дайны дараах Японы эдийн засгийн хөгжил 3 үед хуваагддаг. Эхний үе шатанд хүнд үйлдвэрлэлийн систем, суурь дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарсан. Үүнд гангийн үйлдвэр, хөлөг онгоц, модон материал зэрэг хүнд аж үйлдвэр, түүнчлэн хот, муж хоорондын зам, төмөр зам, агаарын тээврийн дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх байсан. Хоёрдугаар үе шатанд буюу 1960–1970 онд үйлчилгээний салбар, автомашин, цахилгаан хэрэгсэлийн үйлдвэрлэл эрчимжсэн. Дэлхийн зах зээлд Тоёота, Хонда, Тошиба дэлхийн зах зээлд түрэн гарсан хүчирхэг корпорациудыг бий болгосон. Гуравдугаар үе шат нь мэдлэгийн хөгжил дээр суурилж, мэдлэгийн эдийн засаг, инновац, мэдээллийн технологи, технологийн хөгжил, сансар судлалыг хөгжүүлж байна.

1990-оос хойшхи хөгжлийн замнал

Өдгөө Япон улсын Шизүока мужийн захирагчийн алба хашдаг Васэда, Оксфордын төгсөгч, эдийн засгийн доктор Кавакацү Хэита “Улс орон баян байх нь ёс суртахуун, ёс зүйн хэмжээ өндөр байхыг хэлнэ” хэмээх (川勝 平太:富国有徳論) номондоо Япон улсын 1990-ээд он хүртэлх эдийн засгийн хөгжлийг дүгнэж, цаашид ямар замналаар явах ёстой талаар онолджээ.

Тэрээр Япон улсын өнөөг хүртэл бүтээсэн баялагийн мөн чанар юу болох тухай асуусан.

Японы дэлхийн 2-р дайнаас хойшхи эдийн засгийн бодлогын гол зорилго нь нэгт дайны хөлд нирвэгдсэн дотоодын зах зээлийг босгох, хүн амын ядуурлын асуудлыг шийдэхэд оршиж байсан. Үүний хэрэгжилтийг үйлдвэрлэлийн гарц болон дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр хэмжиж болно. Харин үүний дараа эдийн засгийн бодлогоо хөгжилтэй орнуудыг эдийн засгийн хувьд гүйцэж түрүүлэхэд чиглүүлсэн. Энэ тал дээр тодорхой хэмжээний амжилт олсон хэдий ч төд удалгүй эдийн засгийн өсөлт огцом удааширч, уналт 10-аас илүү жил үргэлжилсэн.

Ядууралтай тэмцэх эдийн засгийн бодлогын лимит нь тулсан гэлтэй.

Эдийн засгаа дахин сэргээж, олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд ядууралтай тэмцэх, устгах гэсэн хоцорсон хөгжлийн философиосоо салж, харин баялаг гэх ойлголтыг дахин томьёолох шаардлагатай тухай зохиогч номондоо онцолжээ. Япон улсын, ард иргэдийн билэг тэмдэг болсон Фүжи уулыг ханзаар 富士 гэж бичих ба эхний ханз 富 нь баян, чинээлэг байдлыг, удаах ханз 士 нь ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээ өндөр Япон хүнийг (иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшлийнхэн г.м) илэрхийлдэг аж. Цаашид Япон улсын хөгжлийн зам нь нэг талд материаллаг баялаг нөгөө талд үнэт зүйл, ёс зүйг эрхэмлэсэн байх ба үүний тулд, ёс зүйн зарчимд тулгуурласан улстөр, бизнес, нийгмийн шинэчлэлүүдийг эхлүүлэх шаардлагатай тухай Кавакацү Хэита 富国有徳論 буюу “Улс орон баян байх нь ёс суртахуун, ёс зүйн хэмжээ өндөр байхыг хэлнэ” хэмээх 1996 онд бичсэн номондоо бичжээ.

Японы Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль

Кавакацү Хэита номоо хэвлүүлсэнээс гуравхан жилийн дараа 1999 онд Япон улс улстөрийн манлайллыг үзүүлж “Төрийн албан хаагчийн ЁС ЗҮЙН тухай хуулийг” баталжээ (National Public Service Ethics Act. Дүрэм төдий биш).

Тус хууль бүрэн хэрэгжиж байгаа эсэхийг үнэлж дүгнэх Төрийн Албаны Ёс зүйн Хороог (National Public Service Ethics Board) эзэн хааныхаа ивээл дор гишүүд нь төрийн албаны боловсон хүчний хороо болон олон нийтээс бүрдсэн байхаар байгуулжээ.

Тус ёс зүйн хороо нь төрийн албан хаагчид ёс зүйн хуулийг зөрчихөөс урьдчилан сэргийлсэн сургалт, семинар, гарын авлага гаргах ба төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээний үнэлгээ, хяналтыг бүх шатанд тогтмол хийж олон нийтэд танилцуулдаг. Мөн олон нийтээс санал асуулга, гомдол тогтмол хүлээн авч байдаг. Ёс зүйн хорооны гишүүд 4 жилд нэг удаа сонгогдохдоо олон шатны санал асуулгыг давах шаардлагатай байдаг.

Хэвлэлийнхний өмнө толгой бөхийлгөн, ард түмнээсээ уучлал хүсч, албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдэх Японы улстөрийн соёлтой бид аль хэдийн танил болсон. Гэвч энэ соёл 1990-ээд оны дунд үеэс бий болсон саяханы соёл ба төрийн албан хаагчийн ёс зүйн хууль чанга, ёс зүйн хороо ажлаа сайн хийж байгаагийн нэг илэрхийлэл.

Тус хуулинд төрийн албан хаагч гэдгээр ерөнхий сайд түүний кабинетийн гишүүд, дээд доод парламентийн бүх гишүүд, төртэй хамаарал бүхий бүх аж ахуйн нэгж, агентлаг, гүйцэтгэгч байгууллагуудын бүх түвшний албан хаагчдыг нэрлэсэн ба бүгд төрийн албаны хууль, төрийн албаны ёс зүйн хуулийн өмнө тэгш захирагдах ёстой. Ёс зүйн хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээх ял шийтгэлийг тус хуулинд бас тодорхой дурджээ.

Тус хуулийн тэргүүн зорилго нь төрийн албан хаагчийн алхам бүрийг алдалгүй цагдан хянахдаа бус тухайн төрийн албан хаагч нэг сэтгэлээр ард иргэд, улс орондоо зүтгэхэд хамгийн сайн замыг чиглүүлж өгөхөд оршино хэмээжээ.

Хаант засаглалтай Япон орон хүртэл ёс зүйг төрийн хэмжээнд эрхэмлэн үзэж ёс зүй, шударга ёс, үнэнч байдлыг хуульчилсан байхад Ардчилсан Монгол орны төрийн албатууд нь ноён, хаан адил дураараа аяглахыг хүсэх нь юу вэ? Дэлхийд эдийн засгийн чадавхаараа 3-т орох Япон улс хууль бүхний дээр ба хууль бүгдэд тэгш үйлчилнэ гэж байхад Ардчилсан Монгол улсад хуулийн дээр хэн байна вэ?

Ёс зүй бол дархлаа

Үндэстний удирдагчийн засаглал (Monarchy=Rule by One for the Rest) доройтон ялзарч Дарангуйллын засаглал (Tyranny=Rule for One), Үндэстний сайнуудын засаглал (Aristocracy=Rule by the Best) доройтон ялзарч Олигархи буюу цөөнхийн эрх ашгийн төлөөх засаглал (Oligarchy= Rule for Few), Ухамсарт ард түмний засаглал (Democracy=Rule by the Many) доройтон ялзарч (Mob Rule=Everyone for Themselves) амин хувиа хичээсэн, замбараагүй, дураараа авирлагчдын засаглал болж хувирахаас урьдчилан сэргийлэх цорын ганц манаач бол ёс зүйн (Ethics) тогтолцоо байна гэж Аристотел Политикс номондоо бичсэн.

Хүний бие организм хүртэл гадны халдвартай биетээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх механизмтай байдаг. Төр ч ялгагдах зүйлгүй. Орчин үед ёс зүйн дүрэм, ёс зүйн хороогүй бизнесийн байгууллага хүртэл үгүй болсон. Хүн үйлдэл хийсэн л бол тэнд заавал ёс зүй байна. Ёс зүй нь хүнийг өөрийн байж болох сайн хувилбараа гарган ажиллахыг дэмжих зорилготой зарчмууд.

Тэгэхээр Япон лугаа адил хөгжих хэмээх нь 富国有徳論 буюу “Улс орон баян байх нь ёс суртахуун, ёс зүйн хэмжээ өндөр байхыг хэлэх аж. Улс орны лидерүүд, үлгэр дууриалал болох ёстой манлайлагчид (хувийн хэвшлийнхэн хүртэл), хууль бичигч, бодлого боловсруулагч төрийн хар хүмүүс өөрсөддөө эхлээд ёс суртахууны, ёс зүйн өндөр хэм хэмжээ, шаардлага, зарчмуудыг баримтлахыг шаардахаас, хуульчилхаас, хэрэгжүүлэхээс эхэлнэ гэж жирийн иргэн би ойлголоо.

 

Хуулийн линк: 日本法令外国語訳データベースシステム - [法令本文表示] - 国家公務員法

Кавакацү Хэита: “Улс орон баян байх нь ёс суртахуун, ёс зүйн хэмжээ өндөр байхыг хэлнэ”『富国有徳論』(紀伊國屋書店 、1995年/中公文庫、2000年)

Сэтгэгдэл бичих

    • MONGOLIA NEWS
    • 2021-07-17

    Энэ бол миний амжилтын баталгаа юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй өвчтөнийг аврахын тулд Доктор Раж Девашис, ([email protected]) -д бөөрөө зарсан гэж мэдүүлэг өгч байсан нэг хүний би интернэтээс мэдүүлэг авсан. Тиймээс би доктор Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авахыг сонирхож байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд азаар тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн. Тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцсон бөгөөд өнөөдөр нэг бөөрийг ямар ч гаж нөлөөгүйгээр зарж байгаадаа маш их баяртай байна ($ 700,000 usd). Та нэг бөөрөө зарахыг хүсч байна уу? Дараа нь доктор Ражтай и-мэйлээр холбоо бариарай: [email protected]

    • Зочин
    • 2021-05-02

    haha alia yum

    • содоо
    • 2021-04-28

    япон лугаа хөгжих нь япон хүн шиг болж байж тэгж хөгжинөө гэсэн үг гэвж бид япон хүн шиг болохыг тэгэж амьдрахыг хүсч байна уу, ер нь хөгжил гэж юу юм бэ гэдгийг бодох хэрэгтэй.

    • Mалч Монгол
    • 2021-04-15

    Бусдын хөгжлийг 30 жил ярих байтугай нүдээрээ үзэж байна. Банхар мянга хуцаад овчарка болохгүй гэдэг үг үнэн , мөн ч олон жил хуцна даа цөмөөрөө

    • Сугар
    • 2021-04-12

    Японы хөгжилтэй монголчууд нилээн танил болсоон. Харин төрийн алба ёс зүйн хуультайг бараг ярьдаггүй байх. Эхний хэсгийг хасаад ёс зүйн хуулийх нь талаар дөхүү ярих байсан юм уу гэж санагдаж байна.

    • 爱国者
    • 2021-04-12

    Mash sain bichjee amjilt husye

arrow icon