Нийтлэл 05 сарын 01, 2021

Боловсролын чанарын үнэлгээний тогтолцоо ба PISA шалгалтын тухай эргэцүүлэхүй

Улс орнууд тогтвортой хөгжлийг цогцлоохын тулд боловсролдоо хөрөнгө оруулалт хийх нь хамгийн тохиромжтой, оновчтой шийдэл бөгөөд хүний эдлэх ёстой үндсэн эрхүүдийн нэг нь боловсрол мөн хэмээн ЮНЕСКО-оос гаргасан хүн бүрийн сурч боловсрох эрхийн талаарх баримт бичигт онцлон дурдсан. Монгол улс төрөөс иргэддээ олгож байгаа боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, боловсролын чанарын үнэлгээний тогтолцоогоо боловсронгуй болгон төгөлдөржүүлэхийг зорьж ажиллаж байна. 2008-2012 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  бага дунд боловсролын чанарын үнэлгээг хөндлөнгөөс үнэлж дүгнэх тогтолцоог бий болгох зорилт анх тавьжээ. Энэ үеэс суралцагчдын сурлагын амжилтын үнэлгээний системийг шинэчилж, олон улсын түвшний шалгалтын үнэлгээнд хамрагдах, хамрагдахаар бэлтгэл хангах талаар удаа дараа боловсролын салбарын бодлогын баримт бичгүүд болон МУ-ын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлалд ч тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

PISA (Programme for International Student Assessment) шалгалт нь 15 настай суралцагчдаас математик, байгалийн ухаан, унших чадварыг шалгадаг бөгөөд өнөөгийн мэдлэгийн эдийн засагт суурилсан нийгэмд учирч буй сорил бэрхшээлүүдийг даван туулахад суралцагчид хэр зэрэг бэлтгэгдсэн байгааг шалгаж тогтоох зорилготой  хэмээн тодорхойлсон.TIMSS (Trends in International Maths and Science Study) шалгалт нь 4, 8-р ангийн сурагчдаас математик, байгалийн ухааны шалгалт авч тухайн хичээлүүдийн агуулга, олгож байгаа мэдлэг чадварын хүрээ, чанарын асуудалд дүн шинжилгээ хийхэд зориулагдсан суурь мэдээлэл датаг цуглуулах, ингэснээр суралцагчдынхаа сурлагын чанарыг ахиулахад нь улс орнуудад туслах зорилготой гэдэг. PIRLS (Progress in International Reading Literacy Study) бол 4-р ангийн сурагчдын унших чадварыг үнэлэх зорилготой шалгалт юм.

2018 онд 80 орны 500,000 гаруй 15 настангууд PISA шалгалтыг өгсөн бол 2019 онд 64 улсын 580,000 гаруй 4, 8-р ангийн сурагчид TIMSS шалгалтанд, 2016 онд PIRLS шалгалтанд 53 орны 4-р ангийн суралцагчид тус тус хамрагджээ.

Сурагчдын сурлагын амжилтыг дүгнэх системчилсэн үнэлгээтэй эдгээр шалгалтуудыг Олон Улсын Байгууллага (ОУБ)-ууд санхүүжүүлэн удирдлагаар хангаж эрчийг нь авахуулсаар өнөө үед боловсролын бодлого, стандартын нэг хэсэг болгож чадсан. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд PISA шалгалтын идэвхтэй оролцогч болсноор чанартай боловсрол олгож буй улсуудын эгнээнд байгаагаа бусдад харуулах, хөгжиж буй орнуудын хувьд Дэлхийн Банк зэрэг ОУБ-аас тухайн олон улсын түвшний шалгалтад оролцож боловсролын стандартаа дээшлүүлэх оролдлого хийхийг санал болгох болон зарим улсуудын тухайд үндэсний хэмжээний шалгалт-үнэлгээний тогтолцоо нь сайн хөгжиж бэхжээгүй тул PISA шалгалтыг сонгодог зэргээс шалтгаалан дээрх (PISA, TIMSS, PIRLS) шалгалтууд боловсролын бодлогын хөдөлгөгч хүч болсон мэт түгээмэл дүр зургийг бүтээсэн юм.

Монгол Улсын хувьд энэ давалгаанаас хол хоцроогүй бөгөөд суралцагчдын сурлагын ахиц амжилтыг хөндлөнгөөс үнэлэх ажлын хүрээнд БСШУЯ, БҮТ, Дэлхийн банкны төслийн багтай хамтран 2008 онд 5-р ангийн суралцагчдаас математик, унших чадварын үндэсний үнэлгээг, 2011 онд 4, 8-р ангийн сурагчдаас TIMSS-PIRLS олон улсын шалгалтыг туршилт  болгон авсан бол 2012 онд БСШУЯ, БҮТ-ийн хамтарсан удирдлага дор 7, 10-р ангийн сурагчдаас стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалт зохион байгуулсан байна.

Эдгээр шалгалтуудын дүн үнэлгээ болон үр дүнг нь тодруулах, цаашид юун дээр анхаарч бодлогын шийдэл гаргах чиглэлээр хийсэн анализ, судалгаа шинжилгээний мэдээлэл судлаачдад болон олон нийтэд хаалттай байдаг. 2022 онд боловсролын чанарыг сайжруулах, монгол хүүхдүүдийн сурлагын амжилтыг олон улстай харьцуулах, мөн зарим нэг хэвлэлд гарснаар “бусад улсуудтай харьцуулахад хаана яваагаа мэдэх” зорилгоор дахин PISA шалгалтанд хамрагдаж олон улсын аргачлалаар үндэсний хэмжээнд үнэлгээ хийхээр болжээ.

TIMSS, PISA шалгалтуудын хувьд хэл соёлын онцлог, амьдардаг улс үндэстнүүд хоорондоо нэг хэлээр ярьдаг, ойролцоо боловсролын стандарттай улс орнуудыг харьцуулан дүгнэж гаргах боломж харьцангуй өндөр байх боломжтой. Харин азийн улс орнууд тэр дундаа монгол хүүхдүүд тэнд очиж харьцуулагдах хэмжээний ижил түвшний сургалтын хөтөлбөр, арга зүй, стандарттай гэж үзэхэд эргэлзээ төрөхөөр байгаа юм. Цаашилбал сургуульд 7 хоногт заадаг цаг, тухайн улс орон нутгийн түвшинд сургуулиудад хичээл сургалт хэрхэн явагддаг,сургуулиудын хөгжлийн төлөв байдлын талаар илүү дэлгэрэнгүй чанарын судалгааг нь харгалзан авч үзэж харьцуулах, ач холбогдлыг нь судлах шаардлага үүсэж байна.

Боловсролын хөгжлийн бодлогыг тодорхойлоход дахин нэг шалгалтад хүүхдүүдээ хамруулахаасаа илүүтэйгээр урьд өмнө шалгалт өгсөн туршлагуудаасаа юуг суралцсан, бодлогын түвшинд юуг өөрчлөн сайжруулж боловсронгуй болгох арга хэмжээ авсан нь ойлгомжтой, тодорхой байх нь илүү чухал байгаа юм. Монгол улсын хувьд NAT (National Assessment Test) буюу хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний шалгалтын систем, түүнд суурилсан “боловсролын чанарын үнэлгээний тогтолцоо” (Quality Assurance System) өнөөг хүртэл бий болж чадаагүй гэж үзэж болохоор, гэхдээ улсын хэмжээнд боловсролын үнэлгээний байгууллагаас тогтмол зохион байгуулдаг хөндлөнгийн шалгалтууд буюу сурлагын амжилтыг дүгнэх түүвэр судалгаа болон элсэлтийн шалгалт бий.  

Боловсролын үнэлгээний төв  чиг үүргийнхээ дагуу боловсролын чанарыг үнэлж дүгнэх зорилгоор сүүлийн жилүүдэд 5, 9, 12-р ангийн нийт суралцагчдын 10 хувийг хамруулан сурлагын амжилтын түүвэр судалгаа хийж ирсэн, энэ хөндлөнгийн шалгалтыг цаашид ч үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Боловсролын үнэлгээний системийг сайжруулахдаа чанар, үр дүнг нь эцэг эх, суралцагчдын оролцоотой үнэлэх боломжтой болгох тухай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж 2020 онд дууссан ч энэ талаар хийсэн зүйлүүд тодорхойгүй байгаа юм. ЕБС-ийн суралцагчийн үнэлгээний журмыг сүүлийн 10 жилд 4 удаа шинэчлэх, боловсронгуй болгох оролдлого хийж шинэчлэн баталсан ч төдийлөн үр дүн багатай, багш нарын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч маргаан өрнөдөг тухай боловсролын бодлогын тойм шинжилгээний тайланд дурдсан нь анхаарал татаж байна.

Түүнчлэн АХБ-ны хийсэн судалгааны тайланд тодорхой стандарт хомс, мэргэжлийн багш дутагдалтай, багш нарын ур чадвар тааруу байгаа зэргээс улбаалаад ЕБС-ийн сурагчдын шалгалт нь ил тод бус байдаг гэсэн байна. Судалгаанд суурилсан боловсролын бодлого, нотолгоонд суурилсан практикийн үүднээс харвал сургуулийн барилга, байгууламжийн тоо хэмжээг өсгөж хүртээмжийг тэлж байгаа ч сургалтын чанар үр дүн дагаад сайжрахгүй, чанар, хүртээмж 2 нэг шугаманд зэрэгцэхгүй байгаа нь сурлагын амжилтад муугаар нөлөөлж байгаа юм.

Олон улсын жишиг аргачлалын дагуу 10 гаруй жил зохион байгуулагдаж байгаа Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) сүүлийн үед ЕБС-иудыг төгсөгчдийнх нь шалгалтын дүнгээр эрэмбэлдэг болжээ. ЭЕШ-ыг нэр бүхий 10 хичээлээр Ерөнхий боловсролын стандарт, агуулгын хүрээнд боловсруулсан материалаар төгсөгчдөөс дараагийн шатны боловсрол эзэмших ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой зохион байгуулдаг бөгөөд жилд дунджаар 40,000 орчим суралцагч ЭЕШ өгдөг.

ЭЕШ-ын дүн оноо нь өнөөдөр сургуулиудын чанарыг тодорхойлох, сургуулийн удирдлага багш нартай нь хариуцлага тооцох хэрэгслийн хэмжээнд ашиглагдаж байна. ЭЕШ-ын материалын дийлэнх хувь нь хаалттай асуултууд болон олон сонголттой асуултуудаас бүрдсэн форматтай, мөн тухайн хичээлийн\хөтөлбөрийн стандартаас давсан  агуулгатай байдаг нь уламжлалт аргаар шалгуулдаг ЕБС-ийн суралцагчид болон багш нарт бэрхшээл учруулдаг гэх хандлага түгээмэл байгаа юм. Судлаачдын үзэж байгаагаар психометрийн онол болон барууны тест боловсруулах эксперт мэдлэгт найдаж шалгалтыг зохион байгуулах нь ийм төрлийн шалгалтад төдийлөн танил бус суралцагчдын дүнд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй гэж үздэг. Гол асуудал нь энэ шалгалтыг зохион байгуулж буй арга хэлбэр өөрчлөгдөж шинэчлэгдэхгүй, шалгалтад нөлөө үзүүлж болохуйц улс төр, нийгэм соёлын бусад хүчин зүйлүүдийг хамтад нь тооцох болон шалгалт өгүүлсэн багш нар, шалгалтанд оролцогчдыг хамарсан судалгаа хийгээд үр дүнд нь ЭЕШ-ын бүтэц, арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авалгүй явж ирсэн юм. 2012, 2013, 2014 оны ЭЕШ-ын нэгтгэсэн тайлангуудыг үзэхэд зөвхөн шалгуулагчдаас санал асуулга авч нэгтгээд сурлагын амжилт өсөх нөхцөл харьцангуй сайн бүрдсэн байгаа талаар дурджээ. (Эдгээр онуудын тайлан олдсон тул энэ нийтлэлд ашиглав) Үүнээс гадна, БҮТ чадварлаг суралцагчдаа үндэсний их, дээд сургуульд элсэхийг дэмжих бодлого явуулдаггүй. Тодруулбал Кембриж, IB зэрэг хөтөлбөрөөр суралцсан сурагчдын дүн, SAT, IELTS, TOEFL шалгалтын оноо зэргийг тооцож ЭЕШ-аас чөлөөлөх арга хэмжээ авдаггүй бөгөөд энэ талаарх журмыг боловсруулахад сүүлийн 7-8 жилийг зарцуулж байгаа нь энэ байгууллагын чадавхийг харуулж буй үзүүлэлтүүдийн нэг мөн.  

Зайлшгүй хөндвөл зохих нэг сэдэв бол боловсон хүчин, хүний нөөцийн асуудал бөгөөд сурах бичиг зохиох, хөтөлбөр боловсруулахаас эхлээд боловсролын (ялангуяа СӨББ, ЕБС-ийн түвшинд) салбарт шинэчлэл өөрчлөлт хийх, боловсролын мастер төлөвлөгөө боловсруулах хүртэлх үйл явцад оролцдог 400-500 хүн байдаг гэсэн статистик тоог ярьцгаадаг. Хэн нэгэн багш, судлаач, мэргэжилтэн өөрийн үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ сургалт явуулах, ном сурах бичиг зохиох, ЭЕШ-ын бэлтгэлд дайчлагдах, сургалтын хөтөлбөрийн багт ажиллах, судалгааны багт орж ажилладаг гэх мэт тухайн үед оногдсон үүрэг даалгаврыг биелүүлж БҮТ, Боловсролын Хүрээлэн зэрэг боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллах нь түгээмэл. Ийм хоёрдмол байдалтай ажиллуулсан, тухайн цаг үеийг хамарсан ажил үүрэг гүйцэтгүүлсэн удирдлага менежментийн оновчтой биш шийдэл нь чанартай, урт хугацааны, ирээдүйгээ харж төлөвлөсөн бодлогын шийдэл гаргахад саад учруулсаар байх нь дамжиггүй юм.

Эдгээр нөхцөл байдлыг хамтатган авч үзэхэд бага дунд боловсролын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шалгалт, хөндлөнгийн үнэлгээний тогтолцоогоо сайжруулж боловсронгуй болгох замаар боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллах уу, PISA шалгалтыг “дахин” өгүүлснээр дунд нь байгаа цоорхой, тодорхойгүй орон зай нөхөгдөж нөхцөл байдал эрс дээрдэх үү гэдэг асуултууд хариултаа хайсан хэвээр байна. Боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бий болгож төгөлдөржүүлэх, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц шалгалтын системтэй болох ажил тасралтгүй, тодорхой төлөвлөгөөний дагуу нарийн зохион байгуулалттай явагдах ёстой. БҮТ одоо авч байгаа хөндлөнгийн шалгалтаа тэлж өргөжүүлэх замаар орон даяар бага, суурь, дунд боловсролын чанарыг үнэлэх үнэлгээний тогтолцоог бүрдүүлэн боловсронгуй болгох суурийг тавихаар ажиллаж байгаагаа илэрхийлж байсан билээ.

Боловсролын салбарт хүрсэн түвшингээ бататгахуйц  байхаар үндэсний нэгдсэн шалгалтын системийг буй болгож ажиллуулах бололцоо боломжийг эрэлхийлж суралцахуйн конструктив онолын зарчмууд, цогц чадамжид суурилсан боловсролын стандарт, киррикюлимаа цаашид боловсронгуй болгох, өөрийн орны онцлогт нийцүүлэх, сургуулиуд суралцагчдынхаа эрх ашигт нийцсэн сургуулийн хөгжлийн төлөвлөгөөтэй болох зэргээр боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал шаардлагатай дэвшилтэт арга хэмжээнүүд авах хэрэгтэй байгаад салбарын удирдлагууд анхаармаар байгаа юм. 

Нэгж байгууллага, сургуулиуд дээр хэрхэн чанарын үнэлгээг амжилттай хийх талаар судлах, дата цуглуулж дүн шинжилгээ хийх, бодит нөхцөл байдалтай тулж ажиллах, хуримтлуулсан туршлага, тайлан судалгааны үр дүнг ажил хэрэгчээр ашигласны үндсэн дээр боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бий болгох богино, дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж мөрдөх нь Боловсролын үнэлгээний асуудал эрхэлсэн төрийн байгууллагын үүрэг билээ. БҮТ үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран, үндсэн чиг үүргийнхээ дагуу бага, суурь, бүрэн дунд, дээд боловсролын түвшинд 20 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа ба Монгол-Кембрижийн Боловсролын санаачлага төслийн хүрээнд ЕБС-ийн сургалтын үнэлгээний системийг хэрхэн сайжруулах талаар зөвлөх үйлчилгээ авч ажилласан.

Сургуулиуд IB, Кембриж зэрэг олон улсын хөтөлбөрүүдэд төлбөр төлж, тодорхой шалгуурыг хангаж эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх авдаг шиг PISA зэрэг шалгалтыг өгөхтэй холбоотой бэлтгэлийг хангах болон гарах зардал, төлбөрийг тухайн улс хариуцдаг юм. Монгол улс Дэлхийн Банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хүрээнд “PISA 2022” олон улсын судалгааны төслийг хэрэгжүүлж байна. РISA шалгалтыг зохион байгуулснаар сургалтын үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт гарна гэх ямар итгэл үнэмшил, төсөөлөл бидэнд байна? Дээр дурдсанчлан БҮТ Кембрижийн олон улсын шалгалтын төвөөс зөвлөх үйлчилгээ авч үндэсний хэмжээний чанарын үнэлгээний судалгаа хийсэн, Дэлхийн Банктай хамтарч шалгалтууд  зохион байгуулсан зэрэг туршлагатай болсон. Өнгөрсөн жил болсон нэгэн хэлэлцүүлгийн үеэр БҮТ-ийн хэлтсийн дарга 2022 оны PISA шалгалтын талаар  ярихдаа "PISA шалгалтад оролцсны дараа хэн юугаар яаж шалгах нь тодорхой болж зөвлөмж гарна" гэж мэдэгдэв. Энэ бол манай улс албан ёсны, боловсролын үндэсний үнэлгээний системтэй болно гэсэн үг гэж ойлгогдож байгаа эсэхэд боловсрол судлаачид дүгнэлт хийх хэрэгтэй болж байна.

Ирэх жил PISA шалгалтыг өгөөд эрх баригчид ямар арга хэмжээ авах тухайд, дээр дурдагдсан (2008-2012 оны) шалгалтууд шиг 50%-даа хүрэхгүй амжилтгүй шалгагдвал дүнг нь нууцалж таг дарж өнгөрүүлэх аргаа хэрэглэнэ байх. Эсвэл бид анзааралгүй, мэдэлгүй үлдэж магадгүй. Эсрэгээрээ сайн дүн авлаа, манай ЕБС-ийн сургалт олон улсын чанарын стандартад тэнцлээ хэмээн улс төрчид “алгаа ташиж омогшоод, дараа нь улс төрийн зорилгодоо ашиглаж” амьдрал өрнөдгөөрөө өрнөнө.

Нөгөө талаар боловсролын чанарын үнэлгээний тогтолцоотой болох улс төрийн хүсэл зориг үе үеийн боловсролын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад байгаагүй байх. Учир нь үндэсний хэмжээний чанарын үнэлгээний тогтолцоо бий болоод амжилттай ажиллаад эхэлбэл зөвхөн сурлагын амжилтаас гадна далд байгаа олон доголдол, төрийн байгууллагуудын зөрчил дутагдал, төсөв хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт - шамшигдуулан завшсан баримт фактууд, тэгш бус байдал, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн цоорхой, хүнд суртал, оновчгүй, цагаа олоогүй шийдвэрүүдтэйгээ хамт ил болж хөвөн гарч ирэх магадлал ихэснэ. Эрх мэдэлтэй төрийн албан тушаалтнууд, салбарын удирдлагууд үүнийг хүсч байгаа билүү? Ингээд чанар, орц гарц, үр дүнг бодьтой хэмжиснээр боловсролын бодлого газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг олж мэдэх боломжтой юм байна гэдгийг ухаарсан улс төрчид ил тод, хариуцлагатай байхаас зайлсхийх арга хэмжээг сурамгай авсаар ч ирж дээ. Үр дүнд нь өөрчлөлт шинэчлэл хийж буй мэт дүр эсгэсэн байдалд бид итгэн үнэмшиж, PISA шалгалтын талаар хөөрөн ярьцгааж, боловсролын салбарт бугшсан олон асуудал олон нийтийн хурц шүүмжлэлд өртөж хариуцлага муутай шийдвэр гаргагчид гал унтраасан маягийн ажил хийхийг тойрч эргэлдэж байна.

Ийм мухардмал байдлаас гарахын тулд PISA шалгалт зохион байгуулагдах хүртэл ЕБС-ийн суралцагчдын үнэлгээний бодлого журмыг наад зах нь шаардлага хангасан түвшинд хүргэх, хичээлийн хөтөлбөр, шалгалтын хүрэх үр дүнг тодорхой болгох, энэ чиглэлээр мөрдөх бусад журмыг боловсруулах зэргээр шийдвэртэй алхам хийхийг боловсролын салбарын удирдлагуудаас шаардаж шахалт үзүүлэх хэрэгтэй байна. Боловсролын салбарын хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулж цаг үеийн шаардлагад нийцүүлэх, боловсон хүчний ба ур чадварын нөөцийг оновчтой ашиглаж СӨБ болон ерөнхий боловсролын хөгжлийг бодьтойгоор нэг шат ахиулахад мэргэжилтнүүд, эрдэмтэд, судлаачид, багш нар эрс шийдэмгий санаачлагатай оролцох ёстой. Мөн боловсролын салбарыг удаан хугацааны туршид доголдуулж байгаа улс төрчдийн явуургүй харалган бодлого, боловсролын салбар дахь мэргэжлийн удирдлагын хомсдлоос үүдэлтэй бодлогын гажуудлыг шүүн хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх цаг болжээ.

 Боловсрол судлаач Г.Баянзул

 

Сэтгэгдэл бичих

    • багш
    • 2021-05-07

    хаа хаанаа доороосоо аваад дээрээ хүртэл шалгалтыг хуурамч авдаг, өөрсдийгөө сайн ажиллаад байгаа гэж ойлгуулах дуртай, үнэнгээ сонсож чаддаггүй тал бна, PISA өгч өөрсдийнхөө дэлхийн түвшинд хүрч чадахгүй байгаа, хүрэхийн тулд юу хийж, яаж ажиллахаа мэдэж авах хэрэгтэй

    • Зочин
    • 2021-05-03

    Маш их өртөгтэй PISA. Үүнд орлоо гэхэд гарсан үр дүнг бүрэн ашиглахад систем бэлтгэгдсэн байх ёстой. Тэргүй бол мөнгө урсаад өнгөрөө.

    • О,Жаргалсайхан
    • 2021-05-02

    2009 онд анх удаа PISA шалгалтын талаар судлаж бичиж, үүнд оролцдог болохыг уриалж ирлээ, гэтэл 10 гаруй жилийн дараа хэрэгжээгүйд харамсч байна

arrow icon