Нийтлэл 07 сарын 13, 2021

Японы ахлах сургуульд сурсан миний туршлага ба илүү сонирхолтой, оролцоотой Монгол наадам

Би 15 настай байхдаа Японы ахлах сургуульд 1 жил суралцсан юм.

Явахаасаа өмнө Япон хэл чамлахааргүй үзсэн учир сургуульдаа очсоны дараа хэлний асуудал нээх байсангүй. Хэл ч гэлтгүй ер нь хичээлийн тал дээр нээх их түүртсэнгүй. Харин Японы сургуулийн өөр нэг соёл үнэхээр нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэж билээ. Тэр нь хичээлээс гадуурх урлаг, спорт эсвэл өөр ямар нэг төрлийн клуб дугуйлан.

Миний очсон сургууль 1930-аад онд байгуулагдсан нисэхийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг мэргэжлийн/ахлах сургууль байлаа. 1940-өөд оны эхээр бүх төгсөгчид нь ногоон гэрлээр армид элсэж байсан онцлог түүхтэй. Жил бүр нийт сурагчдын дунд 50 км марафоны тэмцээнд явагддаг нь бас тийм ч түгээмэл биш байх (миний хувийн рекорд 4 орчим цаг, 600-аад хүүхдээс 200 дотор орсон).

Дээр нь нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг учир аюулгүй байдлыг хамгийн дээд түвшинд чандлан сахина. “Тэнгэрт шувуу мэт эрх чөлөөтэй дүүлэн нисэх сайхан. Гэхдээ ингэхийн тулд аюулгүй байдлыг чандлан сахих хэрэгтэй. Аюулгүй байдлыг сахихын тулд эхлээд нисгэгч, нисэхийн мэргэжилтнүүд сахилга батад суралцах хэрэгтэй. Сахилга бат бол аюулгүй байдлын эхний алхам. Сахилга бат бол ур чадварын эхлэл. Мөрөөдлөөрөө жигүүрлэн нисч, улс орондоо, цаашлаад дэлхийн хариуцлагатай иргэн болоход сахилга батыг эзэмшсэн байх хэрэгтэй” гэж сургуулийн салбарт бичсэн байсан нь тод санагдана (тухайн үед ямар сургууль ийм байдаг байнаа гэж их л гайхаж билээ).

Манай сургуульд хичээлээс гадуурх клуб дугуйланд хамрагдаагүй хүүхдийн тоо 10 хүрэхгүй байсан даг. Гэхдээ бүгд хүндлэх шалтгаантай. Харин тийм шалтгаан байхгүй бол ямар нэг урлаг, спортын клубт орох дүрэмтэй (ядаж байхад сонирхдог төрлийн дугуйлан, клуб нь байж л байна). Манай ангид гэхэд бейсбол, жүдо, кендо, мотоцикл, сагс, хөлбөмбөг, гарбөмбөг, үлээвэр хөгжим зэрэг клубынхан байсан. Тэд зүгээр ч нэг тухайн спорт, урлагийн төрлөө сонирхдог хүүхдүүд биш шүү. Дийлэнх нь бага, дунд сургуулиасаа тогтмол хичээллэж буй. Өглөө оройгүй бэлтгэлээ хийгээд л, гүйгээд л, хичээл дээр унтах нь унтаад л, ядарсан хүүхдүүд их байдаг сан. Ядарсан хэдий ч бэлтгэлээ хийгээд л, гүйгээд л. Хэзээ нь хичээлээ хийдэг юм бүү мэд (сургуульд явах чинь хичээл хийхээс өөр юм байхгүй гэж боддог байсан би).

2019 оны Японы бүх ахлах сургуулиудын хөлбөмбөгийн аваргууд

Бүгд амандаа ИнтааХай гэсэн нэг юм яриастай. ИнтааХай гэдэг нь Inter High School Championship буюу Японы бүх ахлах сургуулиудын хооронд 35 (хөнгөн атлетик, усан сэлэлт, акробат, дугуй, хөлбөмбөг, сагсан бөмбөг, воллибол, гандбол, софт теннис, теннис, ширээний теннис, бадминтон, хокей, кану, завь, уулын авиралт, хүндийн өргөлт, чөлөөт бөх, жудо, сүмо, бокс, карате, кендо, сур харваа, марафон, цана, тэшүүр, мөсний хокей г.м) гаруй спортын төрлөөр зохиогддог спортын их наадмыг хэлдэг.

Жил тойрон болох уг тэмцээний муж мужийн финалистүүд, шилдэгүүд 8 сард улсын аваргаа тодруулахаар улс орныхоо өнцөг булан бүрээс цуглардаг ба эдгээр тэмцээнүүдийг телевизээр орон даяар шууд дамжуулж, бараг л ахлах сургуулийн спортын олимп шиг л өргөн дэлгэр болдог (Спортын төрөл бүр, жил бүр өөр өөр мужид зохиогддог).

 

Японы ахлах сургуулиудын Шаолины тэмцээний нээлт. 42 муж 194 сургуулийн 740 тамирчид (сурагчид) оролцсон. Окаяма муж. 2016 он

Би хөлбөмбөгийн клубт байсан ба манай сургуулийн баг тухайн жил мужийн аваргад өрсөлдөөд ёстой приткний зөрүүтэй л хожигдсон. Сургуулиараа очиж дэмжсэн болохоор тамирчиндаа ч, үзэгчиддээ ч олимп, дэлхийн аварга үзэж байгаа мэт уур амьсгал төрүүлдгийг талбайн хажуугаас (үзэгчийн суудлаас үзсэн надад ийм дурсамж үлдсэн байхад тамирчдад ямар байх нь ойлгомжтой биз ээ) мэдэрсэнээ мартдаггүй юм.

Улсын аваргын тэмцээн нь бүүр сүртэй. Тэмцээнд зориулж зохиогдсан дууг алдартай хамтлаг дуулна. Алдартай ахлах сургуулийн сурагчид тэмцээнээ рекламдана. Нийт оролцогчдын нөр их хөдөлмөрт баяр хүргэж, дараа дараагийн үеийн залуучуудыг уриалан дуудна. Үндэсний телевизээр, орон даяар финалын тоглолтуудыг гаргана. Хожсон, хожоогүй, финалд орсон ороогүй бүх тамирчдын алдрыг мандуулна, хөдөлмөрийг сайшаана. Тамирчин сурагчид, тэдний гэр бүл, найз нөхөд гээд 8-аас 80 настнууд өөрийн эрхгүй татагдан оролцдог инксүлив (Inclusive=бүгд оролцох боломжтой) спортын наадам болдог.

 

Усан сэлэлтийн тэмцээн, Күмамото муж, 2019 он

Миний очсон сургууль л ийм их спорт, биеийн тамирыг чухалчилдаг юм болов уу гэтэл энэ нь Япон даяар түгээмэл үзэгдэл байв. Японы боловсролын яамны статистикаас харахад сүүлийн 15 жилийн дунджаар нийт орон даяар дунд сургуулийн сурагчдийн 55%, ахлах сургуулийн сурагчдын 66% (энэ үзүүлэлт тогтмол байгаа) нь сургуулийнхаа спортын ямар нэг дугуйланд тогтмол явдаг аж.

Харин манай сургуулийн хувьд сахилга батыг нэг номерт тавьж байсан учир энэ тоо 80-ээс дээш хувьтай байсан. Бүр спорт тэтгэлэгээр, урилгаар ирсэн сурагчид ч цөөнгүй байсан. Спорт гэдэг “дэд бүтцээр” дамжуулан сурагчиддаа сахилга бат, тэвчээр, тэсвэр, хатуужил, оролцоо, багийн ажиллагааны ур чадварыг эзэмшүүлэх гэсэн хэрэг.

Японы сургуулийн системийн нэг онцлог нь сургууль бүр (бага, дунд, ахлах, их сургууль хүртэл) төрөл бүрийн дугуйлантай ба хүүхэд өөрийн сургуулийнхаа клуб, дугуйланд явах нь элбэг байдаг. Нэгэнт хичээллэх спортын төрлөө сонгоод элссэн бол ИнтааХай бүх ахлах сургуулийн спортын их наадамд өрсөлдөхийн төлөө л үзэх нь мэдээж. Ирээдүйд дэлхийд үзэх хүсэлтэй тамирчдын эхний даваа.

Сургуулиа, дүүрэг, тосгон, хот, мужаа төлөөлөөд аваргын төлөө явж буй сурагчид бол жинхэнэ баатрууд байдаг. Тэднийг дэмжихээр нийт сургуулиараа (ар гэрийнхэн хүртэл) хичнээн хол ч байсан тэмцээний талбар луу очно.

Спорт гэдэг талбай дээр гүйж буй тамирчид, арын албанд сайн дураар тусалж буй хүмүүс (ихэнх нь сурагчид), эцэг эх гэр бүл, сургуулийн захиргаа (багш нар), хөгжөөн дэмжигчид, эд материал эдийн засгаар тусалж буй өмнөх төгсөгчид, эцэг эхийн холбоо, тэмцээнийг зохион байгуулж буй байгууллага холбоод гээд маш олон хүний оролцоо, хүч хөдөлмөр байдгийг мэдрэхгүй байхын аргагүй.

Мэдээж хүүхэд бүр мужийн аварга, улсын аварга болохгүй ч гэсэн хүүхэд бүр өөрийгөө танин мэдэх, өөрийгөө ялан дийлэх тэсвэр, хатуужил, сахилга баттай болох нь тус спортын наадмын нэгэн зорилго. Дэлхийн түвшний мянга мянган мэргэжлийн тамирчид бэлтгэгдэж, тодрон гарч ирэх дэд бүтцийг маш энгийнээр, хүн бүрийн оролцоотойгоор шийдчихсэн.

Энэ бүхний үр дүн эцсийн дүндээ яг юу юм бэ? Эрүүл, сахилга баттай, хатуужилтай, зөв дадал зуршилтай Япон иргэд юм.

2019 оны 8-р сард Монголын төрөөс биеийн тамир спортын талаар баримтлах бодлогыг баталжээ.

Дэлхий нийтээр ажил, амьдралын хэв маяг огцом өөрчлөгдөж буйтай холбоотой эрүүл мэнд, эдийн засгийн олон асуудлууд үүсч байгаа ба иргэдээ идэвхитэй, эрүүл эдийн засгийн гишүүн болгож бэлтгэхэд спорт, биеийн тамирын ач холбогдол улам нэмэгдэж буй аж. Монголд л гэхэд бүх насныхан дундах хөдөлгөөний хомсдолтой холбоотой өвчлөл, эндэгдэл нэмэгдэж байна.

Бие бялдрын сорилын 2017 оны судалгаагаар өсвөр үеийнхний 80.2 хувь нь тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшингээс доогуур, илүүдэл жин, таргалалтын түвшингээр Ази тивдээ хамгийн өндөр, нийт хүн амын 55 хувь нь илүүдэл жин, таргалалттай байгаа тухай бодлогын үндэслэлд тусгасан. Дээрх тоонууд миний гаргалгаагаар биеийн тамир, спорт хүн бүрт хүртээмжтэй, оролцоотой байх шаардлага үүссэнийг хэлээд байгаа мэт.

Спортод оролцоо нэн чухал. Харин тэр оролцоо нь цаг үе, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй байх ёстой.

Монголын спортын ертөнцийн оргил болсон Эрийн 3 наадам бол энэ оролцоог идэвхжүүлж болох нэг л төрлийн дэд бүтэц. Эрийн 3 наадам эгнээндээ сагс, хөлбөмбөг, хөнгөн атлетик, акробат, бокс, бейсбол, усан сэлэлт, теннис, ширээний теннис (оюуны, кибер спорт хүртэл, өвөлдөө цана, тэшүүр, хокей) зэрэг олон төрлийн спортыг нэгтгэж, төрлөө нэмэгдүүлэх, цар хүрээгээ тэлэх нэг шийдэл байна. Спортын олон төрлөөр 10 жил, их сургуулиудын дунд жил тойрон тэмцээн зохион байгуулж, улсын аваргаа Наадмын үеэр шалгаруулдаг байвал үзэх ч юмтай, дэмжих ч багтай байх болов уу (Японы бүх ахлах сургуулиудын спортын их наадмыг ахлах сургуулиудын холбоо гэсэн цомхон байгууллага сурагчдын оролцоотойгоор зохион байгуулчихдаг. Мөнгөгүй гэдэг худал шалтаг болохыг сүүлийн жилүүдийн олон үйл явдал баталж байгаа.).

Ирэх жилийн наадмаар улсын аварга болоод сургуулийнхаа, аймаг хотынхоо нэрийг орон даяар дуурсгаж, үе тэнгийхнийхээ бахархал болохсон гээд өөрийн эрхгүй мөрөөддөг тийм л дэд бүтэц хэрэгтэй.

Спорт, биеийн тамираар (урлаг соёл ч хүртэл) багаасаа тогтмол хичээллэхийн эрүүл мэнд (сахилга бат, тэсвэр хатуужил сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй), эдийн засгийн олон давуу талыг энд нуршаад хэрэггүй биз. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэгтэй адил дэлхийн түвшний тамирчдыг эртнээс бэлтгэж эхлэх хэрэгтэй. Хүүхдийн спортоор хичээллэх хүслийг бадраахын тулд аль болох багаас нь оролцох боломжийг нэмэгдүүлэх, зоригжуулах нэг энгийн шийдэл нь Наадмыг бүх нийтийн оролцоотой (хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүртэл мартахгүй), илүү сонирхолтой, спортын олон төрлөөр зохион байгуулагддаг байхаар сайжруулах хэрэгтэй болов уу.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2021-08-14

    Olimpoor ajiglagdana lee. Manaih hedhen club iin bus, 10 jil, ih surguuliud tulguurlasan sport iin systemtei, bas shinjleh uhaand suurilj sudalgaa hiideg bh. Naad zah ni hool hunsnii sudalgaanaas, beltgel ene ter geed shinjleh uhaanchaat handah heregtei bna daa.

    • news
    • 2021-07-17

    Энэ бол миний амжилтын баталгаа юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй өвчтөнийг аврахын тулд Доктор Раж Девашис, ([email protected]) -д бөөрөө зарсан гэж мэдүүлэг өгч байсан нэг хүний би интернэтээс мэдүүлэг авсан. Тиймээс би доктор Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авахыг сонирхож байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд азаар тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн. Тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцсон бөгөөд өнөөдөр нэг бөөрийг ямар ч гаж нөлөөгүйгээр зарж байгаадаа маш их баяртай байна ($ 700,000 usd). Та нэг бөөрөө зарахыг хүсч байна уу? Дараа нь доктор Ражтай и-мэйлээр холбоо бариарай: [email protected]

arrow icon