Нийтлэл 12 сарын 09, 2021

Эмэгтэй хүний үнэр(1992) киноноос авах манлайллын хичээл

Al Pacino болон Chris O’Donnel нарын дүр оруулсан “Scent of a Woman” (Эмэгтэй хүний үнэр, 1992 он) нэртэй кино нь үлгэр жишээ (Role Model) ба манлайлал хэмээх сэдвийн талаар өгүүлдэг.

Al Pacino тэтгэвэрт гарсан армийн дэд хурандаа Франк Слейд, Chris O’Donnel Байрд хэмээх элит (баячуудын) хувийн сургуульд тэтгэлэгээр суралцах Чарли Симсийн дүрд тоглодог. Франк тэтгэвэрт гарсанаасаа хойш сохроод хуучин шигээ эрч хүчтэй амьдралаа үргэлжлүүлж чадалгүй бусдын гарт орсондоо сэтгэл дундуур яваа нэгэн. Гэхдээ тэр цэрэг хүний үнэнч, шударга, нөхрөө гэсэн сэтгэл, үнэн үг, шулуун зангаа хаяагүй.

Киноны үйл явц Америкын талархлын баярын үеэр өрнөдөг. Чарли шинэ жилийн амралтаар гэртээ харихын тулд номын санд цагийн ажил хийх ба хагас бүтэнсайнаар сургуулиас холгүй нэгэн айлд асрагч хийхээр очсоноор Франктай танилцдаг. Богинохон ч гэсэн адармаатай амралтын өдрүүдээр тэд нэгнээ сайн ойлгож, дотно нөхөд болдог.

Чарли нэгэн орой номын сангаас Жоржтой хамт гарч явахдаа (өөр нэгэн эцгийн хэтэвч зузаан сурагч) чинээлэг гэр бүлээс гаралтай хэдэн сурагч сургуулийн захирлын шинэхэн машиныг сүйтгэх бэлтгэл ажлын гэрч болчихдог.

Хэргийн эзэд Жоржийн найзууд учир Чарлиг үг алдаж үл болохыг Жорж аминчилан гуйна. Захирал Чарли Жорж хоёрыг өрөөндөө дуудан, хэргийн эздийн нэрийг хэлэхийг шаардах боловч тэд ам алдсангүй. Жоржийн эцэг сургуулийн хандивлагчдын нэг учир захирал хэнийг буланд шахахаа сайн мэднэ. Тиймээс захирал Чарлид хэрэв нэрсийг хэлбэл Харвардад урилгаар суралцах боломжийг нь дэмжих хахуулын санал тавьж, Чарлиг худалдаж авахыг оролддог (Чарли угаас Харвардад урилгаар суралцах нөхцөлөө хангачихсан).

Чарли Жоржоос айсандаа эсвэл баян сурагчдад тал засах гэсэндээ бус харин мужик зан гаргаж, үе тэнгийн нөхдөө худалдахыг хүсээгүй учир захирал бүх сурагчид, сургуулийн захиргаа, багш нар, сахилгын хорооны өмнө тус хэрэгтэй холбоотой сонсгол явуулах шийдвэр гаргадаг.

Сонсголын өдөр ирж бүх сургууль тэр чигээрээ цуглажээ. Жорж эцэгтэйгээ харин Чарли ганцаараа сууж байтал Франк гэнэт зааланд ороод ирэв.

Захирал: Өнөөдөр нийт сургуулийн өмнө нийтийн сонсголыг зарлан, та бүхнийг энд дуудсаны учир гэвэл энэ Мягмар гарагт болсон хэрэг бид бүхэнтэй шууд холбоотой. Бусдын өмчийг сүйтгэсэн гэх нэг л хэрэг төдий биш харин манай нийгмийн өвчлөөд буй эмгэгийн шинж тэмдэг, энэ сургуулийн баримталдаг зарчмын эсрэг шинж тэмдэгийг илтгэх хэрэг юм аа.

Манай төгсөгчдийн дундаас хоёр нь АНУ-ын ерөнхийлөгчийн сэнтийд сууж байсан. Байрдын төгсөгчид төрийн өндөр албан тушаал хашиж, хөрөнгө оруулалтын сангуудыг удирдаж, том их дэлгүүрүүдийг байгуулж явсан түүхтэй. Бид энэ улсын манлайлагчдийг өлгийдөн авдаг гэдгийг дэлхий даяараа мэдэх билээ.

Харин энэ нэр хүндэд халдсан хэрэг гарлаа. Бидний эрхэм бүхнийг үл хүндэтгэлээ. Бидний тогтоосон хэм хэмжээг, заншлыг үл хүндэтгэлээ.

Энэхүү заншлын асран хамгаалагчийн хувьд бид заналхийлэгчлээс нэг нэгнээ, заншлаа хамгаалах ёстой.

Таны хажууд суугаа эрхэм хэн бэ ноён Симс?

Франк: АНУ-ын армийн дэд хурандаа Франк Слейд. Тэтгэвэрт гарсан. Чарлигийн эцэг эх ирж чадаагүй учир би тэднийг төлөөлж ирлээ.

Захирал Жоржоос хэргийн эздийн нэрсийг хүндэтгэлтэйгээр шаардаад хүчин мөхөсджээ. Харин Чарлитай нилээн ширүүн нүүр тулахаар шийджээ. Чарли эхний удаа нэрсийг хэлэхээс татгалзлаа. Орой байсныг ч хэлэх үү сайн хараагүй ч байх магадлал өндөр учир хэн нэгнийг хэлмэгдүүлэхийг хүсээгүй байж мэднэ.

Үүнээс хойш кино дараах байдлаар өрнөдөг:

Захирал: Ноён Симс (Чарли) би сахилгын хороонд таныг сургуулиас хөөх санал гаргаж байна. Та бол хэргийн эздийг хаацайлж буй худалч нэгэн байна.

Франк: Гэвч тэр бусдыгаа матаагүй шүү.

Захирал: (унтууцсан царай гарган) Өршөөгөөрэй?

Франк: Өршөөж чадахгүй л болов уу. Энд юун утгагүй жүжиг тавигдаад байна аа та минь ээ?

Захирал: Үгээ аядаарай ноён Слейд. Энэ бол алдарт Байрд сургууль болохоос цэргийн хороо биш шүү.

Ноён Симс би танд эцсийн боломж өгч байна.

Франк: Ноён Симс таны боломжийг авахыг хүсэхгүй байна. Түүнийг Байрд сургуулийн нэр хүндийг өргөж чадах хүн мөн биш гэж яаран дүгнэх хэрэггүй. Байрдын нэр хүнд гэж юу юм бэ?

Танай сургуулийн уриа юу вэ? Хөвгүүдээ, амь амиа л бодож байвал ангийн нөхрөө ч хамаагүй матаад бай. Хэрэв тэгж чадахгүй бол бид чамаар зулын гол хийнэ шүү гэж үү?

Тийм байж. Хэрэг явдал бишдэхэд зарим нь сүүлээ хавчаад зугатдаг. Зарим нь үлддэг. Чарли энд галыг нүцгэн гараараа бариад сууж байна харин Жорж тэнд аавын зузаан хэтэвчинд нуугдааж сууж байна. Харин захирал та юу хийж байна? Та Жоржийг урамшуулаад, Чарлигийн ирээдүйг сүйтгэж байна.

Захирал: Та хэлэх үгээ дууссан ноён Слейд?

Франк: Миний ам дөнгөж халж байна. Энэ сургуульд ямар эрхэм сурсаныг би хэлж мэдэхгүй юм. Виллиам Ховард Тафт (АНУ-ын 27 дах ерөнхийлөгч) уу? Виллиам Женнингс Брайн (АНУ-ын төрийн нарийн бичиг асан) уу? Ямар ч хүндтэй эрхэм байлаа гэсэн тэдний тэр эрхэм чанар энэ сургуулид аль хэдийн үхжээ. Эндээс арилаад өгч. Эсвэл байгаагүй ч юм бил үү хэн мэдлээ?

Онгоц живэхээр хархнууд зугатаад алга болдогтой адил та нарын бэлдэж буй хөвгүүд харх нар, сургууль чинь живж буй усан онгоц гэлтэй. Матаачдын усан флот ч юм уу?

Хэрэв та нар хөвгүүдийг амьдралд бэлэн жинхэнэ эр хүн болгон бэлтгэж байна гэж бодож байвал өөрсдийгөө эргээд нэг харах хэрэгтэй болжээ.

Учир нь та нар энэ сургуулийн төгсөгчид эзэмшдэг гэх тэр эрхэм чанаруудаа өөрсдөө устгаж байна шүү дээ. Ямар гээчийн луйвар, худал хуурмаг вэ?

Өнөөдрийн энэ жүжиг чинь яг ямар учиртай эд вэ? Жинхэнэ элит чинь миний хажууд сууж байна. Би энэ хүүгийн сэтгэл ариухнаараа байна гэдгийг та нарт хэлэхээр өнөөдөр ирсэн юм. Би яаж мэдэж байна вэ гэж үү? Энд байгаа хэн нэгэн, нэрийг нь хэлээд яахав, тэр ариун сэтгэлийг худалдаж авахыг завдсан. Харин Чарли худалдагдахыг хүсээгүй юм.

Захирал: Таны яриа хэрээс хэтэрлээ.

Франк: (сандаалаа ууртай босоод) Хэрээс хэтэрсэн гэнэ ээ? Хэрээс хэтрэх гэж юу байдгийг таньд харуулая байз. Ноён захирал та хэрээс хэтрэх тухай ярих ч хэрэггүй шүү. Хэрэв би хөгшрөөгүй, сохроогүй байсан бол хэрээс хэтрэхийг өөрт чинь мэдрүүлэхсэн. Хэрэв би 5 жилийн өмнөх шигээ эр хүн байсан бол энэ газрыг үнсэн товрог болгох байсан юм. Хэрээс хэтэрсэн гэнэ ээ? Хэнтэй ярьж буйгаа мэдэж байна уу?

Би олон ч хүнтэй уулзаж явлаа. Олон ч юм үзлээ. Эндхийн сурагчдаас балчир хөвгүүд дайны талбарт гар хөлөө алдаж явахыг харлаа. Гэвч хүний цэгц, шударга, үнэн, ариун сэтгэлийг эрэмдэглэх шиг муухай юм үзээгүй. Эрэмдэг гар хөлийг таягаар тулж болох ч эмтэрсэн сэтгэлд таяг гэж байдаггүй юм. Та нар энэ шалгарсан явган цэргийг (Чарли руу заангаа) сүүлий нь хавчуулаад гэр лүү нь буцааж байна гэж бодож байна уу? Миний харж буйгаар та нар түүний сэтгэлийг нэг мөр үгүй хийж байна. Яагаад тэр вэ? Яах гэж тэр вэ? Учир нь Чарлид Байрд сургуулийн эрхэм чанар байхгүй гэж тэр үү?

Байрдын эрхэм чанар гэнэ шүү. Энэ хүүг шийтгэж буй та нар бүгд Байрдын гэмтнүүд шүү. Бас Харри, Жимми, Трент (хэргийн эзэд) та нар сонсож байгаа биз дээ. Хараал та нарыг идээсэй.

Захирал: Та суудалдаа сууна уу ноён Слейд.

Франк: Би хэлэх үгээ дуусаагүй байна. Би энэ зааланд орж ирэхдээ юу сонсох нь тэр вэ? Энэ сургууль бол энэ улсын манлайлагчдыг төрүүлдэг өлгий гэв үү? Ямар өлгийгөөр ямар манлайлагчдыг бэлтгээд буйгаа эргэн нэг харах болсон биш үү?

Чарли өнөөдөр юу ч хэлэхгүй суугаа нь зөв эсвэл буруу эсэхийг би мэдэхгүй юм. Түүнийг шүүх эрх мэдэл надад байхгүй. Гэхдээ би нэг зүйлийг баттай хэлж чадна. Тэр бусдыгаа худалдан барин ирээдүйгээ худалдаж авахгүй. Үүнийг л зарчимдаа үнэнч, жанжин шугамаасаа хазайгаагүй (Integrity) гэж хэлдэг юм. Энэ бол жинхэнэ зориг. Манлайлагчдыг зарчимдаа үнэнч, жанжин шугамаасаа хазайдаггүй өлгийгөөр л өлгийдэх ёстой.

Хүн бүрт амьдралдаа ямар замаар явахаа сонгох цаг ирдэг. Би зөв зам ямар байдгийг үргэлж мэддэг байсан. Гэвч би зөв замаар явж чадаагүй. Яагаад гэж үү? Зөв зам маш хэцүү байсан болохоор тэр. Харин Чарли өнөөдөр сонголтоо хийсэн. Тэр зөв замыг сонгосон. Тэр зөв манлайлагчийг төрүүлэх хатуу зарчимуудаар дүүрэн замыг сонгосон. Тэр энэ аялалаа үргэлжлүүлэг л дээ. Сахилгын хорооны гарт энэ хүүгийн ирээдүй байна. Маш эрхэм нандин ирээдүй шүү. Надад итгээрэй. Энэ ирээдүйг битгий устга. Харин нандигнан хамгаалаарай. Та бүхний бахархалыг нэг өдөр төрүүлэх л болно.

Сахилгын хорооны шийдвэр Чарлигийн талд гардгийг киног үзсэн уншигчид мэдэх биз.

Үлгэр жишээ болон манлайллын талаар сургамжтай киноны хэсгээс орчуулан хүргэлээ.

Үлгэр жишээ байна гэж юуг хэлнэ вэ? Манлайлал гэж юуг хэлнэ вэ?

Эргэн тойрноо, өөрийгөө дахин нэг үнэлж, дүгнэх цаг иржээ.

Б. Мөнхбат

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2021-12-17

    Бид залуу үедээ яаж үлгэр болж байгаа билээ? Бодох л асуудал

    • munguu
    • 2021-12-13

    so what is the point

    • Зочин
    • 2021-12-11

    Saihan orchuuljee. Kinonoos awah ym uch tuchnuun duu

    • Найдъя.
    • 2021-12-09

    Col. Frank Slade Addresses Baird School Disciplinary Hearing - г урьд нь англи дээр уншиж байлаа. Мундаг сайн орчуулжээ. Гадаадад сурсан атлаа хүний юмыг өөрөө бичсэн мэт хуулж тавьдаг хулгайч ах нар шигээ сэтгэлгээгүй гэж найдъя.

arrow icon