Нийтлэл 01 сарын 28, 2022

БОЛОВСРОЛЫН РЕФОРМ: Кембрижийн сургууль vs. хувийн сургууль, боловсролын засаглалын асуудалд

Нэг талаар боловсролын салбарын удирдлагуудын ажил нь бүхэлдээ итгэлцэлд суурилсан хүмүүс хоорондын харилцаа юм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хариуцуулан явуулж сургаж байгаа учраас салбарын шат шатны удирдлагууд суралцагчдад эрүүл, аюулгүй орчинд чанартай боловсрол олгох үүргийг хүлээж хариуцлагыг үүрдэг. Түүнчлэн боловсролын салбарын лидерүүд боловсролын төсөв хөрөнгө хэмээх татвар төлөгчдөөс цуглуулсан мөнгө боловсролын системийг ажиллуулахад зүй зохистой, зөв зарцуулагдаж байгаа эсэхэд шууд хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг юм. Ийнхүү олон нийтийн өмнө ил тод, хариуцлагатай ажиллах байдал нь итгэлцэл, тогтвортой байдлыг бэхжүүлдэг. Бид бусдын өмнө хариуцлагатай байдлаараа үлгэрлэж, бусдыг хариуцлагатай байх соёл төлөвшүүлснээр итгэлцэл хэрхэн бий болдгийг ойлгоно. Итгэлцэл бол аливаа системийг илүү үр бүтээлтэй, шинэлэг болгох чадамж бүхий нийгмийн үнэт зүйлсийн хүчирхэг хэлбэр билээ.

Сүүлийн 40-өөд жилд дэлхий даяар боловсролын чанарын асуудал олон нийтийн анхаарлыг татаж улс орнууд боловсролын салбартаа өөрчлөлт шинэчлэл хийсээр байна. Боловсролын реформууд амжилттай хэрэгжсэн эсэх нь хоорондоо нягт харилцан хамаарал бүхий дараах 3 үндсэн элементээс шууд шалтгаалдаг гэдгийг судалгааны үр дүнгүүд харуулж байгаа юм. Үүнд:

- Орон нутгийн түвшинд боловсролын асуудал эрхэлсэн анхан шатны байгууллагууд болон ЕБС-д ажиллагсдын чадавх, итгэл үнэмшил, хүсэл зориг, ур чадвар

- Багш, сурагчид, эцэг эхчүүдийн хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшил

- Оновчтой, зөв зохистой хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх улс төрчдийн ур чадвар зэрэг орно. Бодлогыг зөв, оновчтой боловсруулж хийнэ гэдэг бол реформын зөвхөн нэг үндсэн хэсэг бөгөөд "чадваргүй багш нар, хариуцлагагүй эцэг эхчүүд, чанарын шаардлага хангахгүй сургалтын хөтөлбөрүүд, сурах хүсэлгүй хүүхдүүд …. шинэчлэлд саад болсон шат шатны байгууллагууд" зэргийн учрыг олж өөрчлөлт хийх гэж эрх мэдэлтнүүд зүтгэдэг. Үүнээс болоод боловсролын реформ амжилтгүй болж нуран унах тохиолдол цөөнгүй байдаг тухайд эрх мэдэлтнүүд бусдыг буруутгаж цоллонгоо реформ хийдэггүй болохыг санах ёстой байна. Сургуулийн удирдлагууд, багш нар, сурагчид болон эцэг эхчүүдийг асуудал болгож харах бус, шийдлийн нэг хэсэг байна гэж авч үзсэн тохиолдолд л боловсролын реформ амжилттай болдог гэж судлаачид цохон тэмдэглэдэг. Боловсролын реформыг үр дүнтэй хийхийн тулд "боловсролын чанар, хүртээмж, тэгш бус байдал, нийгмийн баян хоосны ялгаа, ажилгүйдэл" гэх зэрэг бэрхшээлүүдийн далд учир шалтгааныг танин мэдэх, суурь өөрчлөлт хийх нь зөвхөн мэдээ баримтад суурилсан шийдвэр гаргана гэсэн үг биш юм.

Боловсролын реформ хийх тал дээр их бага үндсэн хууль ярьчихсан, өөрсдөдөө зориулсан мэт хандаж боловсруулсан, дээрээс харах өнцгөөс фокуслагдсан ойлгомжгүй, албан ерөнхий бичигдсэн, нийгмийн шударга ёс, эрх тэгш байдлыг ахиулах оролдлого хийсэн эсэх нь бүрхэг багц хуулийн төслөө өргөн бариад амжсан байдалтай, энд тэндгүй хэлэлцүүлэг хийж санал хүсэлтүүд цуглуулсан улс төрчид, салбарын яамныхантайгаа хамт исгэрээд л 2022 онд орж ирлээ дээ, хэдүүлээ. Тэд боловсрол бол бүх нийтийн сайн сайхны төлөөх үйл хэрэг мөн эсэх тухай боловсролын реформын түвшинд өрөнхийдөө дунд сургуулийн сурагчдыг 3-4 ангилалд хувааж авч үзээд байгаа юм.

  1. Энгийн, үнэ төлбөргүй ЕБС-д л ихэнх нь сурч боловсроход болно.
  2. Тэдний цөөхөн хэсэг нь өндөр өртөг зардалтай, нэр хүндтэй Кембрижийн хөтөлбөрөөр үнэ төлбөргүй суралцах ёстой, үүнийг албан ёсоор хуульчлах ёстой.
  3. Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд боловсрол олгох асуудлыг хуульчлахгүй, тушаал заавар байхад болно, энгийн ЕБС-д сурах нь сураад хаягдах нь хаягдаад явахад болно.
  4. Хувийн сургуульд сурах чөлөөт сонголт хийсэн хүүхдүүдийг сургуультай нь, эцэг эхийнх нь хамт арга хэмжээ авна. Тэнд суралцдаг олон мянган хүүхдүүд бол ирээдүйн монгол улсын иргэд бус, сургууль эцэг эхчүүдийн хооронд хийж байгаа бизнесийн "арилжаа наймааны хэрэгсэл" мөн тул ашгийн татвар авна. Хувийн сургуулиудад хувьсах зардал ч олгохгүй байвал зохино.

Боловсрол бол Дамдинням гишүүний хэлдгээр "асар үнэтэй бизнес", Энх-Амгалан сайдын мэдэгдснээр "сургуулиуд бол компаниуд" юм байна. Хувийн сургуулиуд зөвхөн хязгааргүй ашгийн төлөө, мөнгө олох гэж л ажилладаг. Бүх нийтийн боловсролд анхаарах ёстой учраас ардчилсан нийгэмд боловсрол эзэмших сонголтоо хийсэн суралцагчид, үр хүүхдэдээ зориулан боловсролын зах зээл дээрх үйлчилгээг чухалчилж сонгосон эцэг эхчүүд буруутай. Ашгийн татвар хурааж авснаар ямар нэгэн өөрчлөлт, сайн үр дүн хувийн сургуулиудад гарна. Ийм зөвхөн мөнгөн үр ашгийг тооцоолохоос цааш гарч сэтгэдэггүй, компанийн ашгийн татвар ярьсан гүн гүнзгий неолиберал үзэлтэй харалган улс төрчид боловсролыг "бизнес үү, нийтийн сайн сайхан (public good) зүйл үү, бизнес үү" гээд навч тасалж үлээгээд сууж байгаа юм шиг төсөөлөгдөнө. Товчхондоо Боловсролын яам хувийн хэвшлийн суралцагчдын тоо, хувь хэмжээ, сургууль\цэцэрлэгүүдэд тавигдах суурь стандартууд, хураамж төлбөрийн хязгаарын талаар судалж санал боловсруулж хэлэлцүүлж чадахгүй болтлоо засаглалын хомсдолд оржээ. Тэгэхээр боловсролын салбарын удирдлагуудад шударга ёсыг баталгаажуулж эрх тэгш байдлыг хангах хүсэл эрмэлзэлтэй, ёс суртахуунтай чигч шударга, хийх ажил, гаргах шийдвэрээ зөвтгөж, тайлбарлаж чадах мэдлэг туршлагатай, хариуцлагатай байх шаардлага тавих ёстой байна.   

Төрийн өмчит Кембрижийн сургуулиудын талаарх асуудлуудыг хөндөх, тэдгээр сургуулиуд руу өнгийж үзэж ярилцах шаардлага мөн тулгараад байна. Саяхан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Кембрижийн хөтөлбөртэй Шинэ эрин сургуульд нэг хүүхдийг сургаж буй урсгал зардал 2.7 сая төгрөг байгаа бол СБД-ийн 1-р сургуулийн нэг сурагчид 500 мянган төгрөг, СХД-ийн 67-р сургуулийн нэг сурагчид 600 мянган төгрөг ногдож байна" хэмээн мэдэгдсэн. Кембрижийн хөтөлбөртэй улсын сургуулиудын зорилгыг нарийн тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй бөгөөд анх зөвхөн улсын сургуулийн сурагчдыг өрсөлдөөнт шалгалтаар элсүүлэх бодлоготой байсан. Эхний жилүүдэд БҮТ уг элсэлтийн шалгалтыг зохион байгуулж Боловсролын яаманд шалгарсан сурагчдын нэрсийг явуулдаг байв. Одоо байдал өөрчлөгдөж эдгээр сургуулийн удирдлагууд элсэлтийн шалгалтаа өөрсдөө хариуцан зохион байгуулдаг болсон юм. Ингээд эдгээр Кембрижийн сургуулийн удирдлагууд өөрсдийнхөө болон багш ажилтнуудын хүүхдүүдийг давуу эрхээр сургахын зэрэгцээ нэмээд хувийн сургуулийн хүүхдүүдийг ч элсүүлэхээр болгож журмаа өөрчилж хэмжээгүй эрх мэдэл атгаж эхэлсэн. Боловсролын зах зээл дээрх өрсөлдөөнд ийнхүү улсын сургуулиуд хүч нэмж "солонгоруулснаар", хүүхдээ оруулахыг хүссэн хэн бүхний өмнө Шинэ Эрин, Шинэ Эхлэл, Монгол Тэмүүлэл сургуулийн захирлууд нийгэмд чухал нөлөөтэй хүмүүсийн имижийг амжилттай бүрдүүлээд байгаа юм. Жил бүр хэдэн мянгаар тоологдох хүүхдүүд тэнд тус бүр 25,000-30,000₮-ний хураамж төлж элсэн орохоор уралддаг. Монгол тэмүүлэлд 10-р ангид элсэгчдээс англи хэл, математик, нөгөө хоёр сургуульд 6-р ангид элсэгчдээс математикийн шалгалт авдаг. Сонирхолтой нь Кембрижийн олон улсын шалгалтын материалууд интернетд үнэгүй, нээлттэй байдаг бол Шинэ Эрингээс анх гаргаж байсанчлан урьд онуудын шалгалтын материалаа эмхэтгээд зараад сууж байдаг. Элсэлтийн шалгалт ил тод, нээлттэй бус байдаг төдийгүй шударга бусаар шалгаруулж байна, алдаатай материалаар шалгалт авсан зэрэг санал гомдлыг авч хэлэлцээд шийдэх механизмгүй тул тэгсхийгээд өнгөрдөг. Хэдэн жилийн өмнө 10 сая төгрөгний авлигын хэрэг шүүхээр шийдэгдэж байсан бол өнгөрсөн жил нэг хүүхэд оруулах авлигын хэмжээ 20 сая төгрөгт хүрсэн гэсэн яриа сонсогдов. Хүүхдүүдийн анкет, эцэг эхийн ажил, албан тушаалын байдлыг судалж харгалзан үзсний үндсэн дээр элсүүлдэг гэж мэдээлэлд ойр эх сурвалжууд ярьдаг, учир нь сүүлийн үед бизнесмэнүүд, янз бүрийн албан тушаалтнуудын хүүхдүүд элсэн суралцдаг нь илэрхий байгаа юм. Боловсролын яамны зарим удирдах албан тушаалтан сургуулийн удирдлагуудтай уулзаж шалгалтгүйгээр хүүхдүүд шууд оруулсан явдал ч гарч байсан. Боловсролын сайд болон нэр бүхий УИХ-ын гишүүд энэ байдлыг магтан сайшааж эцэг эхчүүд чанартай боловсролыг хүсэж байгаа учраас эрэлт их байна гэж ярьцгаадаг. Энэ бол манай боловсролын бодлого боловсруулагчдын мэдлэг ойлголтын түвшингийн илэрхийлэл юм. Улсын төсвөөр өндөр өртөг зардалтай Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа эдгээр сургуулиудад суралцагчид бүрэн тэтгэлгээр суралцдаг гэсэн үг. Сургалтын тэтгэлэг, тэр тусмаа 3-7 жил суралцахад олгогдох тэтгэлэг бол ирсэн хүүхдүүдийг бужигнуулаад ямар нэгэн аргаар хэсэг хүүхдүүдийг сонгож аваад сургаад байх зориулалттай бус, хязгаарлагдмал тоотой, тодорхой зорилготой хөтөлбөр байх ёстой. Тиймээс амжилттай суралцах, өөрийгөө нээн хөгжүүлэх чин хүсэлтэй боловч ар гэрийн нөхцөл боломж хязгаарлагдмал айлын зэрэг хүүхдүүдийг \дүүрэг бүрээс 5-10 сурагч гэх мэт\ сургуулиуд, багш нар санал болгож болно. Элсэлтийг зохион байгуулах хөндлөнгийн комисс тэдгээр сурагчидтай эцэг эх, асран хамгаалагчдыг нь байлцуулан ярилцлага хийх, зорилго тодорхойлсон эсээ бичүүлэх, шалгалт авах зэргээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай. Элсэлтийн үе шатуудын нийлбэр оноогоор сонгон шалгаруулалт хийж хүлээлгийн жагсаалтыг үүсгэх нь зөв, оновчтой арга зам байна. Ийм байдлаар элсэлтийн бодлого тодорхой, мэдээлэл нь ойлгомжтой, цэгцтэй, шилэн зохион байгуулагдах соёлыг төлөвшүүлбэл эцэг эхчүүд хүүхдээ дагуулан олноороо зүтгэж бужигнаж хэл ам, гомдол санал үүсэхгүй шүү дээ. Үндэсний болон Кембрижийн хөтөлбөрийн давхардлаас үүдээд хүүхдүүд олон цагаар хичээллэж ядрах, шантрах, сургуулийн онцлогийг гүйцэд ойлгоогүй хүүхдээ оруулсан эцэг эхчүүд маргаан үүсгэх, сургалтын чанарын талаар санал гаргах зэрэг асуудлууд байдаг. Хүүхдүүд сургалтын төлбөр төлдөггүй боловч жил бүр хичээлээс гадуурх арга хэмжээнд гээд багагүй мөнгийг сургуулийн дэргэдэх ТББ-д хураалгадаг. Кембрижийн шалгалтын төлбөрийг эхний жилүүдэд яамнаас төлж байсан бол одоо эцэг эхчүүд өөрсдөө төлдөг. 2013 он шиг санаж байна, нэг удаа English School of Mongolia гэдэг хувийн сургуулийн сурагчдын шалгалтын төлбөрийг Боловсролын яамнаас хамтад нь төлснийг хүлээн авсан тухай имейл Кембрижийн олон улсын шалгалтын төвөөс ирүүлж байсан. Захирлууд ярихдаа Боловсролын яамны холбогдох дарга, мэргэжилтнүүд манай сургуулиудын талаар нарийн сайн мэдэхгүй юм чинь "ингэж тайлбарлаад төсвөө батлууллаа, үнэмшүүлэх ийм арга хэрэглэлээ" гэж "хөөрөлдөн инээлддэг" байсныг миний бие сонсож, харж байсан удаа зөндөө бий гэж. Иргэн хүний хардах эрх гэдэгчлэн одоо бол Кембрижийн сургуулийн захирлууд сургуулийн төсөв, санхүүжилт дээр яамны холбогдох дарга түшмэлүүдтэй "харилцан ашигтай хамтран ажилладаг" гэж би хардаж байгаа. Яамны харьяа сургуулиуд гэдэг статустай болохоор дүүргийн боловсролын хэлтэс, НБГ зэрэг байгууллагын мэдээллээс хоцрох, хяналт шалгалтын гадуур өнгөрөх, хаана харьяалагдах нь тодорхойгүй байх явдал ч мэр сэр байна. Англи монгол хос хэлээр сургалт явуулдаг эдгээр улсын сургуулиудыг удирдах захирлуудад зохих түвшний англи хэлний мэдлэгтэй байх шаардлага тавих хэрэгтэй, учир нь хэлний мэдлэгээс үүдээд дутуу ойлгох, оновчгүй шийдвэр гаргах зэрэг хүндрэлүүд үе үе тулгарч байсан. Шинэ эхлэлийн захирал солигдсон ч сонгон шалгаруулалт явагддаггүй бөгөөд үндэсний хөтөлбөр хариуцсан менежер нь орлон гүйцэтгэсээр байгаа юм. Мөн анх англи хэлээр Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулахаар бэлтгэгдсэн багш нар харьцангуй цалин өндөр байдаг ч ажлын байрны дарамт зэргээс үүдээд тогтвор суурьшилтай ажиллах тал дээр асуудалтай. Шинээр ажилд авсан багш нарын англи хэлний мэдлэг тааруу байх нь нийтлэг үзэгдэл юм. Тухайлбал зарим сургуульд анхны бэлтгэгдсэн багш нараас ганц хоёр хүн л үлдсэн, сургуулиудын менежерүүдийн дийлэнх нь солигдсон байна. Их хурлын гишүүд, яамны сайд дарга нар зөвхөн захирлуудынх нь яриа илтгэлийг сонсож эдгээр сургуулиудын байдлыг нэг талын мэдээллээр дүгнэдэг. Түүнчлэн Кембрижийн лобби бүлгийн гишүүд шинээр байгуулагдах Кембрижийн сургуулиудын багш нарыг бэлдэх зорилгоор НИТХ-аас төсөв хөрөнгө гаргуулсан тухай ч яригдаж байсан. Эдгээр асуудлуудыг эргэцүүлж үзэхэд хөндлөнгийн мэргэжлийн судлаачдын баг томилж Кембрижийн сургуулиудын нөхцөл байдлыг нарийвчлан судлуулж дүн шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлага үүссэн байна гэж бодож байна. Кембрижийн сургуулиуд дээр улс төрчид тоглолт хийсэн утгагүй байдал, мэдлэг мэдээлэл хаалттай, тоо баримт хомс байх нь хэнд ашигтай, ямар хор уршиг дагуулж болох вэ. Дашрамд дурдахад би ажиглаж мэдэж байгаа зүйлийнхээ хүрээнд та бүхэнд санал бодлоо толилуулан бичиж байгаа бөгөөд үнэнээс зөрүүтэй элдэв дэгс мэдээлэл тараах санаа зорилго агуулаагүй болно. Уншигч танд  голлох мэдээллийг олон талаас нь нягтлан тунгаах боломж харьцангуй нээлттэй байгаа тул Кембрижийн сургуулиудийн нөхцөл байдал, давуу талын тухай  Шинэ Эрин сургуулийн захирлын илтгэлийг эндээс Кембрижийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, ололт амжилтын талаарх багш нар, суралцагчид, удирдлагуудын төлөөллийн яриа, илтгэлийг мөн эндээс, Ц.Мөнхцэцэг гишүүний байр суурийг,  Ч.Ундрам гишүүний байр суурийг УИХ-ын нэр бүхий гишүүдийн Кембрижийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлгийн мэдэгдэл, байр суурийг , миний өмнөх нийтлэлүүдийг болон эсэргүүцлээ илэрхийлсэн анхны бичвэр зэргийг уншвал илүү ойлгомжтой болох байх.

Боловсролын яамныхан өөрийн яаманд харьяалалтай гурван сургуульд хяналтаа тавьж бодлого журмыг нь тодорхойлж чадахгүй 10 гаруй жил болсон нь мөн засаглалын хомсдлын үр дагавар юм. Тэгсэн атлаа зүүн бүсийн аймгуудын хүүхдүүдэд зориулан Хэнтий аймгийн Бэрх хотод дөрөв дэх төрийн өмчит Кембрижийн сургуулийг дотуур байртай нь ид барьж байгуулж байна. Цаашлаад баруун болон төвийн бүсэд гээд барьж байгуулаад явах сурагтай, "Ямрав дээ жанжаан"? гэдэг шиг л. Ийнхүү 2010 онд үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэхээр эхлүүлсэн төрийн бодлого, "Монгол - Кембрижийн Боловсролын санаачилга" төсөл бүдгэрсээр оронд нь төрийн өмчит Кембрижийн сургуулиудыг хуульчлах, нэмж байгуулах ажил эрчээ авч популист улс төрчид оноо цуглуулж сууна. Тиймээс Кембрижийн олон улсын дунд боловсролын хөтөлбөрийн талаар шийдвэр гаргах түвшний хүмүүс, эцэг эхчүүд, иргэд, олон нийтэд хандаж доорх мэдээллийг хүргэх нь зүйтэй санагдав.      

Уг нь хүүхдүүд Кембрижийн хөтөлбөрийн шалгалтыг өгөхөд заавал Кембрижийн сургуульд сурсан байхыг шаарддаггүй. Cambridge Assessment International Education буюу https://www.cambridgeinternational.org/ вебсайт дээр Кембрижийн хөтөлбөрүүд \хичээлүүд гэсэн үг\ болон урьд оны шалгалтын материалуудыг олон нийтэд нээлттэй байрлуулдаг. Хүүхдүүд интернетд нээлттэй, онлайн курсууд болон бусад эх сурвалжуудаас ном, материал сонгон суралцаж хувиараа, багаараа бэлдээд монгол улсын хаана амьдарч байгаагаас үл хамааран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн боловсролыг үндэсний хөтөлбөртэйгээ хослуулан эзэмших, амжилттай шалгуулаад Кембрижийн олон улсын шалгалтын сертификат авах боломжтой. Ингэхийн тулд өөрийн сургуульдаа суралцах явцдаа сонгосон хичээлүүдээр Кембрижийн шалгалт өгөх бол 4-6 сарын өмнө бүртгүүлж шалгалтын төлбөрөө төлөх хэрэгтэй болно. Манай улсад байгаа ихэнх Кембрижийн сургуулиуд хичээлийн байрандаа "Private candidate - Yes" буюу өөрийн сургуульд суралцдаггүй хүүхдүүдийг Кембрижийн шалгалт өгүүлэх эрхтэй болохыг дээрх сайтаас харж болно. Нэг аймгаас олон хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлбэл төрийн өмчит Кембрижийн сургуулиас баг очиж аймгийн төвд олон улсын шалгалт зохион байгуулахаар зохицуулалт хийсэн ч болно, болохгүй юм ерөөсөө байхгүй. Гол нь гадаадад суралцахаар зорилго тавиад санхүүгийн асуудлаа зохицуулсан эсвэл тэтгэлэгт шалгарсан байх зэргээр багш нартайгаа, гэр бүлийн хүрээнд дараагийн шатанд дэвшин суралцах төлөвлөгөөгөө ярилцаж шийдсэн байх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ дотоодын их сургуульд сургахад Кембрижийн олон улсын шалгалтын сертификат төдийлөн хэрэг болохгүй байж магадгүй ч ерөнхий мэдлэгийг нь тэлж англи хэлийг сайтар эзэмшихэд хос хэлний боловсрол тустай хэмээн шалгалт өгүүлэхээр зөвөлгөө авах байдал ажиглагддаг. Манай зарим их сургуулиуд Кембрижийн AS\A түвшний хөтөлбөрийн шалгалтын оноог кредит цагт дүйцүүлж тооцохоор болсон бөгөөд саяхан БҮТ мөн эдгээр шалгалтуудын оноог ЭЕШ-ын оноонд дүйцүүлж тооцох шийдвэр гаргасан зэрэг суралцагчид, төгсөгчдөд сонголт, боломж олгосон нааштай арга хэмжээнүүдийг авч байна.

Боловсролын яамны "ажиллагаа явагддаг" дараагийн сургууль бол нийслэлийн ерөнхий боловсролын 1-р дунд сургууль юм. Захирлууд нь байнга солигддог, тойргийн харьяалалгүй хүүхдүүдийг өндөр мөнгөн дүнтэй авлигаар авдаг тогтсон соёлтой, тэнд ажилладаг нэлээд хүмүүст АТГ-аас шийтгэл оногдуулсан зэрэг асуудал, хэл ам ихтэй энэ сургуульд Боловсролын яамны дийлэнх ажилтнуудын хүүхдүүд явдаг гэсэн мэдээлэл байдаг. Яамны ажилтан, албан тушаалтнууд өөрсдөө хүүхдээ оруулаад мөн өөр хүүхэд оруулахаар багш нарыг нь үе үе гуйх тохиолдол байдаг бөгөөд "араа бодоод" шударга бус зүйлүүдийг өнгөрөөж, тэр байтугай зарим багш нарын зүй бус үйлдэл, гаргасан зөрчлийг дарж зохицуулж өгдөг гэж байгаа юм. Сургуулиудын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, хүний\хүүхдийн эрх зөрчигдөж, шударга ёс ганхах шинжтэй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгдөг үнэлгээний байгууллага, асуудлыг шийддэг дүрэм журам тогтолцоо, хүсэл зориг манайд байхгүй. Үүнээс үүдээд боловсролын салбар дахь барьцаалагдсан байдал гээд "хачин юм" ярихгүй өнгөрч болохгүй шинжтэй. Хариуцлагын механизмыг улс төрчид, боловсрол хариуцсан төрийн байгууллагууд (Аудит, мэргэжлийн хяналт зэрэг мөн орно), сургууль, цэцэрлэгүүдийн "нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй барьцаалалт орлон гүйцэтгэж" байна. Хүүхдийг доромжилсон, зодсон цохисон тухай яривал нэмж дарамталж мэдэх цэцэрлэг\сургуулийн багш нараас айж болгоомжилсон эцэг эхчүүд, зүй бус шударга бусыг хэлбэл ажилгүй болох эсвэл хавчлагад өртөх магадлалтай багш, менежерүүд, сургуулиудыг дээд газрууд удирдах чадамжгүй байгаа тухай шүүмжилбэл ажил албан тушаалаа булаалгах эрсдэлтэй захирлууд, боловсролын байгууллагуудын зөрчил дутагдлыг ил тод зарлавал ажлын байрны дарамтаас салахгүйгээ мэддэг багш нар, мэргэжилтнүүд, эрс ширүүн санал шүүмж дэвшүүлбэл "тооцоо бодож хатуурхдаг" улс төрчдөөс айж жийрхсэн хувийн хэвшлийн сургуулиуд … гээд нэгд нэгэнгүй дурдвал энэ жагсаалт их урт болно оо... 

Ардчилсан нийгмийн тогтолцоонд боловсролын салбарт барьцаанд, барьцаалагдсан байдалтай ажиллаж, сурч боловсрох зэрэг боловсролыг тойрсон зөрчилтэй асуудлууд нийтлэг, мухардмал, цогц нарийн төвөгтэй байх тусмаа шийдвэр гаргагчдаас хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг шаардаад байгаа билээ.

Боловсролын реформыг эхлүүлэх, хүрсэн түвшингээ тодорхойлж түүнийгээ сайжруулахаар чармайж ажиллана гэдэг бол хоёр өөр зүйл юм. Бодлого боловсруулагчид реформыг хэрхэн боловсруулж хэрэгжүүлэхээс амжилттай болох эсэх нь шууд шалтгаална. Хөгжингүй ба хөгжиж байгаа улс орнууд боловсролын реформыг хийхдээ:

- Шалгалтын стандартчилагдсан системийг нэвтрүүлэх (АНУ г.м)

- Хөндлөнгийн аудит ба мониторинг, үнэлгээний системийг хөгжүүлж хариуцлагад суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх (Их Британи г.м)

- Багшийг хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдийг боловсронгуй болгож өргөжүүлэх (Уганда г.м)

- Эцэг эхчүүд болон орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоог хангах (Колумби г.м)

- Сургуульд түшиглэсэн сургууль хөгжүүлэх цогц шийдэл бүхий төслүүдийг (Гвиней г.м) бий болгон хэрэгжүүлэх зэрэг механизмуудыг голчлон сонгож ашиглаж байна. Хариуцлагад суурилсан хяналтын тогтолцоо гэдэг нь бидний явцуу ойлгоод байдаг хяналт шалгалтын тухай бус, гаргасан амжилт, явуулсан үйл ажиллагаагаа байнга нягтлах, засаж сайжруулах мониторинг, үнэлгээний тасралтгүй үйл явцыг хэлж байгаа юм. Боловсролын системийн хөгжлөөр жишиг болж яваа улс орнуудыг харахад дээрх 5 элементийн ихэнхийг эсвэл бүгдийг агуулсан шинж ажиглагддаг. Бид эдгээр реформуудын эхлэлийн цэг, яагаад чухалчилж ач холбогдолтой гэж үзсэн, реформууд хүлээгдэж байсан үр дүндээ хүрсэн эсэх талаар харилцан адилгүй, өөр өөр байгаа байдлыг сайтар зураглаж ойлгож мэдэх хэрэгтэй юм. Боловсролын яам, Боловсролын Хүрээлэн болон манай их сургуулиудын Боловсрол судлалын тэнхимүүд энэ чиглэлээр судалж, харьцуулалт-дүн шинжилгээ хийж ажилладаг гэж найдаж байна. Ингээд ижил түвшний ойлголт мэдлэгтэй болж чадсан цагт боловсролын реформд татагдан оролцож байгаа хүмүүс өөрийн орны нөхцөл байдал, өмнөх реформуудын ахиц дэвшлийг тооцоход дөхөмтэй байна. Яагаад өмнөх реформуудыг хийж хэрэгжүүлэх болсон, ямар арга механизм ашигласан, гол оролцогч талууд, ололт амжилт, сорилт бэрхшээл зэргийг шинжлэн дүгнэхэд ашигладаг хүрээ, зураглалууд ч бий. Өөрийн орны боловсролын реформуудыг нарийн судалж авч үзсэн дэлгэрэнгүй дүн шинжилгээ нь ирээдүйд хэрэгжүүлэх бодлого, реформоо сонгон хэлэлцэхэд бидэнд замын зураг болно гэж үзэж байна.

Улсаа удирдаж байгаа эрх баригчдын хувьд иргэдээ амар амгалан нийгэмд эв найртай зохицон амьдрах, ажил амьдралын зорилгодоо үнэнч шударга, ёс суртахуунтай байх зан чанарыг эрхэмлэхэд чиглэгдсэн үзүүлэлт, параметрүүдийг нэмэгдүүлэх үүрэг хариуцлага давхар хүлээдэг. Ялангуяа боловсролын салбарын удирдлагуудын хувьд суралцагчдын сайн сайхан байдал, суралцахуйд сөргөөр нөлөөлөөд байгаа зүй бус, шударга бус нөхцөл байдлыг арилгах шийдлийг олох ёс суртахууны үүрэг хүлээж ажилладаг гэсэн түгээмэл ойлголт байна. Удирдагчид бусдаас биш өөрөөсөө хариуцлага нэхэж өөртөө шаардлага тавьдаг байх нь нийгмийн шударга ёс, эрх тэгш байдлыг ханган баталгаажуулах гарааны цэг болно гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс шийдвэр гаргагчид ардчилал, шударга ёс, эрх тэгш байдлын зарчмуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх төдийгүй авлига, хүний эрх, хүүхдийн сурч боловсрох эрх зэрэг сэдвээр нийгэмд өрнөж байгаа томоохон хэлэлцүүлгүүдэд дүн шинжилгээ хийх, боловсролын реформын чиглэлүүдийг тодорхойлж нийгмийн зөвшилцөл хийх зэрэг онцгой чухал ажлуудыг цаг алдалгүй хийх нь зүйтэй юм.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2022-02-11

    Ядаж сургууль дотор нь орж үзээд иймэрхүү юм бичээрэй.

    • Зочин
    • 2022-01-29

    Нэг л их барууныг шүтсэн хүмүүс бх юм. Английн гадаад хэргийн сайд Оксфордын төгсөгч сая: Монголын байлдан түрэмгийллээс Татарын эзлэн түрэмгийлэл хүртэл .. гэж хэлээд дэлхий даяар онигоонд орж бна шд. Кембридж гэж сонсох тусам өөрсдийгөө доошоо хийж бгаа юм шиг сонсогдох юм. Анго-Санксуудын үе өнгөрчөөд бна, Колончлогчид буюу саяхан Африкчуудын гарыг тайрч бсан, 20 жил Афганистаныг ардчилсан гэх мөртлөө зугтааж гарсан барууны ёс суртахуун, боловсрол ёроолдоо очиод бхад Монголчууд л баруун баруун. Болилдоо нэг л авцалдахгүй бна, тэд нар чинь Монголыг Анголтой холиод -Чи африкаас ирсэн юмуу гэж асуудаг юм, миний буруу бас бгаа бхаа хөдөө хөрөөд , гадаа гандсан монгол малчин хахахах

arrow icon