Дэлхийн 12 оронд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, нийт 229 тэрбум ам доллар бүхий хөрөнгийг менежмент хийж буй БНСУ-ын нэгэн компанийн тухай хийсэн Харвард Бизнесийн Их Сургуулийн кейс судалгаанаас (2010) танилцуулж байна.
Бизнес дундаа санхүү хэмээх өрсөлдөөн ихтэй салбарт дотоодын зах зээлдээ томоохон шинэчлэлийг авчирч, манлайлагч нь болоод зогсохгүй Морган Станли, Фиделити, Ротшильд зэрэг дэлхийн томчуудтай тэдний тоглоомоор эд өрсөлдөн яваа энэхүү компани нь хөгжиж буй орноос Харвард Бизнесийн Сургуулийн хичээл (case study) болтлоо өсөн дэвжиж байна.
Үүсгэн байгуулагч нь өдгөө 64 настай нэгэн Солонгос эрхэм ба компаниа 1997 онд Азийн санхүүгийн хямралын дараахан байгуулжээ.
Варрен Баффет, Жон Богл эсвэл Марк Мобиус зэрэг алдартай хөрөнгө оруулагчдыг бус харин Чингис хааныг үлгэр дууриаллаа болгож, түүний цэрэг, дайны стратеги, зохион байгуулалтын инновациас ихээхэн урам, зориг авдаг тухайгаа тэрээр олон ярилцлагадаа дурдсан.
Миний өнөөдрийн амьдарч буй дэлхий 13-р зууны Чингис хааны амьдарч байсан дэлхийгээс тэс өөр ч гэсэн, аливаа хүн сорилтод бөхийлгүй үргэлж шинийг эрэлхийлж, ирээдүй рүү харж, бодож, төлөвлөж явахад гаргаж болох үр дүнд өөрчлөлт гараагүй. Чингис хааны арми жижиг, улсын хүн ам цөөн байсан хэдий ч Ази ба Европыг хамарсан агуу том эзэнт гүрэн байгуулж чадсан нь замдаа тулгарсан олон саад бэрхшээлд сөгдөж уналгүй үргэлт урагш тэмүүлж байсантай холбоотой. Бидний Мираэ Ассетийнхаа үйл ажиллагааг олон улсад гаргах үйлс маань Чингис хааны замналаас маш олон сургамж, урам зориг авдаг хэмээн компанийн үүсгэн байгуулагч Парк Хёон Жүү хэлжээ.
Мираэ Ассет компанийн үүсгэн байгуулагч Парк Хёон Жүү
БНСУ-д 1980-аад онд түүнийг хувьцааны брокер болох үед хөрөнгийн зах зээлийн нэр хүн доогуур, брокерын цалин банкэрыхтай харьцуулахад 8 дахин бага (1 сард 100 ам доллар) байх үеэс тэрээр хөрөнгийн зах зээл, тэр дундаа Солонгосын хувьцааны хувьд маш гэрэлтэй ирээдүй буйг олж харсан (хувьцаат компаниудын үнэлгээ маш бага байсан) ба холыг харах, урт хугацаанд бодож, төлөвлөж бизнес хийхийг стратегийнхээ гол цөм болгожээ.
1997 оны Азийн санхүүгийн хямралаас өмнө БНСУ-ын дотоодын хөрөнгийн сангийн зах зээлийг Investment Trust Companies эзэлж байсан ба бондод тулгуурласан бүтээгдэхүүн элбэг байжээ. Олон нийтийн хувьд хувьцаа гэхээр эрсдэл ихтэй, богино хугацааны арилжаа хийхэд тохирсон гэх ойлголт төлөвшсөн байжээ. Өрийн дэвтэр нь зузаан байсан 30 том корпорацийн 17 нь дампуурахаас эхлээд санхүүгийн хямрал Солонгосыг нилээн хүндхэн дайрч өнгөрсөн ба засгийн газар нь гадны хөрөнгө оруулалтыг эдийн засгийг сэргээх нэгэн түлхэц хэмээн үзэж, дотоодын хууль дүрэмдээ өөрчлөлт оруулсаны нэг нь Америк маягийн хамтын хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэх бодлого ба Үнэт Цаасны Хөрөнгө Оруулалтын Компанийн Хууль (Securities Investment Company Act) байв.
Тус хуулиар шинээр хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулахад тавигдаж байсан шалгуурыг (33 саяас 5 сая ам доллар) багасгасан хэдий ч шинээр байгуулагдсан сангууд зах зээлийн тогтсон тоглогч нартай шууд өрсөлдөх болон олон нийтэд нээлттэй бүтээгдэхүүн гаргах (хаалттай сан) боломжгүй зэрэг хууль эрх зүйн орчны хязгаарлалтууд байсаар байж. Гэсэн хэдий ч энэхүү шинэ эрх зүйн орчин Парк Хёон Жүүд маш боломжийг нээж өгсөн аж.
Тэрээр анхнаасаа зээл, бондод тулгуурласан уламжлалт санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, нээлттэй болон хаалттай хувьцаанд суурилсан, дундаж давхаргын Солонгосчуудын урт хугацааны хэрэгцээ болон зорилгод нийцсэн хөрөнгө оруулалтын цогц шийдлүүдийг санал болгож, хөрөнгө оруулагчиддаа алсаа бодсон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахын чухалыг тогтмол сануулж байжээ. Энэ ч үүднээс тэрээр удалгүй “Хөрөнгө Оруулалтын Боловсролын Судалгааны Төв”-ийг байгуулсан ба тус төв нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа идэвхитэй явуулж буй аж. (Хөгжингүй орны жишээнээс харахад, хүү (interest) хэсэг хугацааны турш доогуур хэмжээнд тогтоход хөрөнгө оруулагчид эрсдэл өндөр хөрөнгө оруулалтыг сонирхдог.)
Мираэ Ассетын анхны сан нь 1 жилийн хугацаатай, хаалттай байсан ба хоёр цагийн дотор л зорилтот 42 сая ам доллараа олон нийтээс босгож, жилийн өгөөж нь 80 хувь байсан.
Мираэ Ассетын БНСУ-ын зах зээлд нэвтрүүлсэн инновациуд
Хөрөнгө оруулалтын компаниуд дундаас масс маркетингийн техникийг өргөнөөр ашигласан анхны компанийн нэг. Эхний хоёр жилийн ашгаа бүгдийг нь зар сурталчилгаанд зориулсан гэх.
- Бусад үнэт цаасны компаниуд болон арилжааны банкуудаар дамжуулан бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчдээ хүргэх. Ихэнх үнэт цаасны компаниуд нь томоохон банкууд эсвэл корпорациудтай эзэмшлийн хамааралтай байсан. Харин Мираэ Ассетын хувьд банкны бизнест оролгүй хөрөнгө оруулалтын шинэлэг бүтээгдэхүүнүүдийг хамтрах хүсэлтэй банкуудын сувгуудаар дамжуулан харилцан ашигтай хүргэх бизнесийн шинэлэг харилцааг бий болгожээ. Үүний нэг нь банкны хадгаламжийн данстай төстэй, сар бүрийн орлогоосоо тогтмол хөрөнгө оруулалтын сан руу хийх бүтээгдэхүүн (Regular Savings Plan) байсан аж.
Хөрөнгө Оруулалтын Боловсролын Судалгааны Төв (Investment Education Research Center)
Үнэт цаасны арилжааны компаниудын орлогоо өсгөх хэвшсэн нэг арга нь push strategy буюу арилжааны тоог нэмэгдүүлэхэд оршиж байсныг илүү хөрөнгө оруулагчийн урт хугацааны хэрэгцээг ойлгосон, түүнд нийцсэн хөрөнгийн болон хуримтлалын менежментийн цогц шийдлүүд.
Хүн амын насжилтын трендийг ажиглан, 2005 онд амьдралын даатгалын бизнест хөл тавьсан. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдийнхээ нэрийн өмнөөс хамтын хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах боломжтой Children’s Fund.
Мираэ Ассетын дэлхийд гарах стратегийн 3 багана
Дотоодын зах зээлээ сайн таньж, тэргүүлэх тоглогч нь болох
Парк Хёон Жүү бизнесээ гадаадад тэлэхээс өмнө эхлээд дотоодын зах зээлдээ тэргүүлэх байх суурьтай болохыг зорин урт хугацааг зарцуулжээ. Мираэ Ассет дотоодын зах зээл дээр өрсөлдөх чадвар өндөртэй, бизнес нь маш сайн саалийн үнээ болоогүй цагт гадаад зах зээлд хөлөө олоход маш хэцүү гэсэн бодлогыг тэрээр баримталж байсан аж. Өөрөөр хэлбэл, энтрепрершип моделоо дотоодын зах зээлд турших, батлах, сайжруулах
- Мираэ Ассет бизнесээ гадаадын зах зээлд гаргахын өмнө тухайн зах зээл:
- Сүүлийн хэдэн жил тогтмол өндөр өсөлттэй байсан
- Дэд бүтэцдээ хангалттай хөрөнгө оруулж, сайн хөгжүүлсэн
- Байгалийн баялаг ихтэй
- Хүн ам өсөлттэй
- Тухайн зах зээлийн суурь үзүүлэлтүүд эерэг байгаа
- Мираэ Ассет тухайн зах зээлд өөрийн өвөрмөц бизнесийн загварыг хэрэгжүүлэх боломжтой эсэх зэрэг хүчин зүйлсүүдийг судалсаны үндсэн дээр шийдвэр гаргадаг аж.
- Зах зээл дэх өөрчлөлтийг урьдчилан тооцоолж, урт хугацаанд хөрөнгө оруулах
Мираэ Ассет Солонгосын хойгоос дэлхийн тоглогч болоход компанийн эхнээсээ баримталж ирсэн түрүүлж хөдлөх стратеги (First Mover Strategy) буюу ирээдүйг урьдчилан тааварлах. Ирээдүйг урьдчилан тааварлахын тулд түүхээ сайн ойлгох хэрэгтэйг Парк Хёон Жүү онцолсон. Тэрээр оюутан байхдаа, ажилд гарсан хойноо ч Япон улсын эдийн засгийн түүхийг шимтэн судалжээ. БНСУ эдийн засгийн хувьд Японы замналыг дагах магадлал өндөр байсныг тэрээр түүхээс олж мэдсэн нь хөрөнгө оруулалтын менежентийн бизнест бусдаас түрүүлэн хөл тавихад хүргэсэн.
Яг дээрхтэй ижлээр, Мираэ Ассет ихэнх хөгжиж буй орнууд БНСУ-ын хөгжлийн замналыг дагана гэсэн таамаглалыг үндэслэж шийдвэр гаргаж байсан нь тэднийг Энэтхэг, Хятад, Бразил, Вьетнам зэрэг зах зээлүүдэд амжилттай хөл тавих боломжийг нээжээ.