Нийтлэл 03 сарын 15, 2022

''Self-reflection'' ЦУВРАЛ: Асуудалд дарлуулах биш асуудлаас томорч гарах амбицтай бай

Хүн гэдэг угаасаа ямар нэг хүсэлгүй амьдрах боломжгүй ба хүсэл нь өчүүхэн бол амархан биелэгддэг. Харин хүсэл нь том, агуу байх тусам тэр чинээний мэдлэг, эрдэм тухайн хүнээсээ шаардана. Жижиг хүсэл нь хүнийг тогтворгүй, найдваргүй болгож, амьдрал нь чиглэлгүй, жанжин шугамгүй, урваж шарвасан, нааш цааш үсчсэн, туйлбаргүй болдог ба амьдрал нь утга учиргүй эсвэл хэзээ ч ойлгож амжилгүй явсаар дуусгавар болдог. Уулзах бүрт л танихын аргагүй төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байдаг учраас өчүүхэн бидэнд итгэж найдна гэдэг амьдралын там юм. Харин өчүүхэн хүсэлтэй хэдий ч хэрээсээ хэтэрсэн шуналтай, тачаалтай бид тамын тогооны жинхэнэ эзэд.

Философич Артур Шопенхаур “Ертөнц бол чиний хүсэл ба илэрхийлэл” гэсэн сонгодог зохиолдоо: 

өчүүхэн хүсэл, төсөөлөл болон илэрхийлэлтэй хүн хүн төрөлхтөнд аюултай, цаашлаад заналхийлэл учруулна шүү

гэж анхааруулжээ. Өчүүхэн хүсэлтэй биднийг олныг оройлох өндөр сэнтийд ойртуулах аваас бид бүх нийтийн сайн сайхныг уландаа гишгэн, амин хувийн шуналдаа хөтлөгдөн улс орон, албан байгууллага, нийгэмд аюул заналхийлэл авчирдагт л учир бий.

Өчүүхэн хүсэлтэй бидний ертөнцийн тухай төсөөлөл нь бяцхан, амьдрал нь өшөө хорсол, тулга тойрсон атаа жөтөө, үзэн ядалтаар цалгиж байдаг учраас өөртөө болон олны амьдралд аюултай бөгөөд заналхийлэлтэй. Бид аливааг аль болох л хайрцаглаж, нутаг ус, жалга дов, хөдөө хот, орц хонгил, хүйс насаар талцан ялгаварлан гадуурхаж байдаг. Хамтрал байна гэвэл юуны төлөө хамтрах вэ?

 Мань мэт шиг өчүүхэн хүсэлтнийг танихад маш амархан. Ийм хүмүүс улс орон, албан байгууллага, нийтийн төлөө юм хийж бүтээе гэвэл өөдөөс чинь бүтэхгүй ээ, болохгүй ээ, сэрүүн зүүд, эхлээд өөрийгөө хичээ, багаас жижгээс эхэлье гэж шалтаг тоочихоос гадна, өөрийн хүчээр амьдрах чадваргүй учир сэргэлэнтэх, залилан мэхлэх, гол гаргах, бусдыг ашиглаад хаях, мэддэг царайлах, бусдаас зай барих, хуйвалдаанд шунахайрах, өөрийгөө товойлгож өрөөл бусдыг золиосонд гаргах, авилгалаар амьдрах нь бидний түгээмэл онцлог байдаг.

Өчүүхэн хүсэлтнүүд бид улс орон хөгжихгүй ээ, энэ хүн чинь бүтэхгүй ээ гэнэ. Бид өөрийн дотоод үнэлэмжийн толин тусгалаа л ярьсан хэрэг. Их гүрнүүдийн дунд шахагдсан тоглоомын улс болохоор энэ хувь тавилантайгаа эвлэрээд амьдарья гэнэ. Өнөөдрийн өндөр хөгжилтэй Швейцарь улс ч гэсэн их гүрнүүдийн дунд хавчигдсан жижиг улс байсан ба түүнийг тойрсон их гүрнүүд хил, боомтоо хаах зэргээр шахалт үзүүлэх тохиолдол олон байсан ч гэсэн хутга, цаг зэрэг хил давуулан экспортолж болох бүхнээ зарсаар зарсаар өнөөдөр мэдлэг экспортолдог мэдлэгийн том улс болж чадсан. Асуудалд нухчин дарагдах бус асуудлаас томорч гарах амбицтай л байж дээ.

Харин д бид үүнд юу гэж хариулах вэ гэвэл Монгол бол өөр л дөө гэнэ. Цаг үе өөр болсон л доо гэнэ (Яг тийм. Цаг үе өөр болчихоод байна). Эсвэл зөв бичиж сурчихаад олон юм ярь гэнэ. Өчүүхэн хүсэлд шалтаг мундахгүй. Өчүүхэн хүсэл өчүүхэн асуудалд л хамгийн их ач холбогдолыг өгнө. Тиймээс буруу асуудалаа өчүүхэн шийдэлээр шийдэх гэсэн бүтэлгүй оролдлого нь дуусахгүй хий шарвасаар, цаг мөнгө үрсээр.

Ийм өчүүхэн бодолтой бид олныг оройлох, түмнийг манлайлах өндөр сэнтийд очвол хулгайч болохоос өөр ямар ч сонголт үгүй. Хулгайч хулгайчдаа ахан дүүсээсээ, ард түмнээсээ, өөрийн хойч үе, ирээдүүгээсээ амьдрал, мөнгө, боломжийг нь хулгайлдаг хамгийн адгийн шаар хулгайч нар.

Жирийн хүн бол өөрчлөгдөж болох хэдий ч бидэн шиг хулгайч, бидний хулгай хийх дадал өөрчлөгдөхөд тун бэрх болохыг психологи-антропологийн (Psychological anthropology буюу хүний танин мэдэхүй, эмоц, персепц, мотиваци зэрэг оюуны функцуудын хөгжилд соёл болон хүрээлэн буй орчин хэрхэн нөлөөлдөгийг соёлын болон психологийн үүднээс судалдаг мэдлэгийн дэд салбар) судалгаанууд нотолжээ.

Яаж вэ гэхээр өчүүхэн хүсэлтэй хулгайчид бид амьд организмын эволюцийн хэдэн зуун сая жилийн туршид зөвхөн амьд үлдэхийн тулд улаан шард хувирах, зүс хувиргах, жүжиглэх, дүр исгэх, хуурах, мэхлэх зэрэг техник, ур чадваруудыг гаргууд эзэмшсэн учир би л болж байвал бусад нь хамаагүй гэх аминчхан үзэл генийн төвшинд төлөвшсөн байдагтай холбоотой.

Бидний гаргууд эзэмшсэн хуурах, зайлах, мэхлэх, хуйвалдах, шантаажлах, сүрдүүлэх, заналхийлэх, дүр исгэх, жүжиглэх зэрэг үйлдлүүдийг дайны үед эсрэг талынхаа ёс суртахууныг устгах, дотоодын үймээн, самуун үүсгэх, хүчийг сулруулах, өөр хооронд нь талцуулах, дайтуулах зорилготойгоор зөвхөн дайсандаа л хэрэглэх дайны арга мэхүүд байдаг. Өнөөдөр монголд дайны үед дайсны эсрэг хэрэглэх ёстой арга мэхүүдийг монгол хүн нэг нэгэндээ, бүр ойр дотныхондоо өдөр тутам хэрэглэх нь хэвшмэл үзэгдэл болж төлөвшжээ. Өөртэйгөө ч учраа олж чадаагүй байгаа бидэнд бусад хүмүүс бол дайсан л гэсэн үг.

Өчүүхэн хүсэлтнүүд бид харилцан ярилцахаас үргэлж зайлсхийнэ. Бид хамтрахаас үргэлж зайлсхийнэ. Харилцан ярилцахад тухайн шийдвэр, дүгнэлтэд хэрхэн хүрсэнээ нэгд нэггүй логик гаргалгаатай учирлах, тоочих, шүүмжлэх (critique), сонсох бас ярилцах шаардлагатай учир бидний худал, алдаа, буруу бүхэн маань баригдчихвий гэж эмээнэ. Хамгийн чухал нь алдаагаа, буруугаа, худлуудаа залруулж, сайжруулж, урагшлахад харилцан ярианы зорилго оршино.

Харин бид үнэн худлыг, сайн мууг, зөв бурууг ялгаж, салгаж, муу муухай, буруу, алдаатайг нь сайжруулан улам өсөн дэвжиж хөгжихийн тулд асууж, шалгаасан жинхэнэ мэдлэгийн хүмүүсийг шизотой, солиотойгоор нь дуудаж, ард түмний соён гэгээрэх боломжийг хааж, хоцрогдсон бурангуй мухар сүсэг, мухар сүсэгжсэн шашин, худал мэдлэгийг тахин шүтнэ. Өчүүхэн бид нар ойлгосон мэдлэгээс илүү цээжилсэн фактыг илүүд үзнэ. Худлаар дүүрсэн бидний гараас гарах ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь худал, бидний бүтээмж дүр исгэсэн.

Тиймээс аливаа зүйлийн үнэн худал, зөв буруу, сайн муу, сайхан муухайг ялгах мэдлэгийг ойлгохыг хүсэлгүйгээр хар сохроор дуржигнатал цээжлэх, давтах, цэвэрхэн хуулж бичихийг бид чухалчилна. Асуух бол табүү (taboo=нийтээрээ дургүй, хориглодог заншил). Харилцан ярилцах, учирлахыг гоншигносон, шалчигнасан, уйлагнасан, хүүхэн шиг хэмээн таслан зогсооно. Асуух бүх нүх сүвийг бөглөнө. Иймд өчүүхэн хүмүүс бид худалд донтогчид.

Бид хүүхдээ багаас нь харилцан ярилцаж, учирлаж, нэгнээ ойлгож, бүтээлч зүйлсд цагаа өнгөрүүлж, баг хамт олон болж суралцахаас илүүтэйгээр хэдэн тоо үсэг цээжлэх, хуулж бичих, цээжилсэнээ ухаж ойлголгүйгээр дуржигнатал унших, хэн нь эдгээртээ илүүг нь үзэх зэрэг оюуны механик үйлдэл хийхийг тулгана. Гэтэл эдгээр үйлдлийг компьютэр төд удалгүй хүнээс илүү төгс хийдэг болж байгааг бид анзаарсан ч тоохгүй. Миний чадаагүйг хүүхэд маань чадах ёстой. Ингэж бид дараа дараагийн үеийн өчүүхэн хүмүүсийг боловсролын тогтолцоогоор дамжуулан масс массаар нь үйлдвэрлэдэг.

Өчүүхэн хүмүүс бид конструктив критисизмд хамгийн дургүй учир нэгнийгээ магтан дуулах, бялдуучлахаас өөр сонголт үгүй. Бид залуусыг зөв хандлагатай байхыг шаардана. Асууж, ярилцаж, муугаа таягдан хаяж, сайн уруу тэмүүлэхгүй бол ямар зөв хандлага вэ? Даргын хэлсэнийг үг дуугүй биелүүлдэг, тахин шүтдэг, устгадаг, сүйрүүлдэг, цавчаад л хаядаг терминатор (кинон дээрээ терминатор ирээдүйг өнгөрсөнд нь устгах даалгавартай) шиг байхыг хэлсэн үү? Гэтэл дарга биднийг хаашаа чиглүүлнэ вэ? гээд л асуугаад эхэлбэл тас цавчиж орхино. Бидний хүрээлэл, эргэн тойрныхон маань бидний толин тусгал л байдаг.

Бид хэлэхдээ жам ёсоороо хөгжөөд явж байгаа юмыг зөнгөөр нь орхи гэнэ. Гэтэл, жинхэнэ мэдлэгийн амин сүнс болсон “критик” нь (худлаас үнэнийг, муугаас сайныг, буруугаас зөвийг ялгах гэсэн утгатай эртний Грекээс гаралтай мэдлэгийн ойлголт) тэдний оршин байгаа шалтгааны эсрэг талд нь байдаг. Критик хийхгүй бол хэдэн мянган жил өнгөрсөн ч хий эргээд л хэвэндээ л байх болов уу.

Бүхэл бүтэн үндэстний төлөө бүтээгдсэн төрийн эрх мэдэлд өчүүхэн хүсэлтэй бид гарвал ард түмний амьдрал хаягдаж, төрийн гамшиг нүүрлэж, авилгал цэцэглэж, нийгэм тэр чигээрээ хийж бүтээх зүйлгүй, хүсэлгүй болж, өшөө хорсол болон хилмэгдэл нь нийгмийн түгээмэл амьдрал болж, муу муухай оргилдоо тулдгийг өнөөдөр харж байна.

Эцсийн эцэст өчүүхэн хүслийг биелүүлэхэд өчүүхэн эрдэм, өчүүхэн мэдлэг, өчүүхэн шийдэл, бага зэрэг хулгай хийх ширэн нүүр л хэрэгтэй учир бидэн шиг хүмүүс нийт улс орон, нийгэм, албан байгууллагыг удирдах албан тушаалд очсон бол чадал мөхөсдөх нь ойлгомжтой. Уулын өөд оргил уруу мацах тусам хүчил төрөгч багасдаг.

Хүсээд хүсээд чадахын тулд жинхэнэ мэдлэг хэрэгтэй учир амьд организмийн эволюцийн шатанд үүссэн өчүүхэн хүсэлтэй бүх шатны хулгайч биднээс хөгжилийг хүлээвэл 1000 жил өнгөрсөн ч бүтэхгүй биз. Коко Горил хэдий (Koko the Gorilla, Hanabiko Koko — хэл судлал болон антропологи судлалынхан дунд алдартай, дохионы хэл сурсан горилла) хүнд дохионий хэлээр идье, ууя зэрэг энгийн ойлголтуудыг дамжуулж сурсан ч горилла хэвээрээ л үлдэнэ. Хүнтэй эн дүйцэхүйц интэлижэнсийг Коко шиг чадвартай гориллануудаас бид хэзээ ч хүлээхгүй нь мэдээж. Хэдэн зуун сая жил үргэлжилсэн эволюцийг хэрхэн өөрчилж чадах билээ?

Холын зорилго үгүй бол ойрын зовлон дуусахгүй. Худал, буруу, муухайгаа ил гаргаж, хүлээн зөвшөөрч, ярилцахгүй нуугаад л, дүр исгээд л байвал ойрын зовлон дуусахгүй нь. Байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд, хүлээн авсан үед асуудлынхаа тал хувийг шийдчихлээ л гэсэн үг.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon