Нийтлэл 03 сарын 23, 2022

''Self-reflection'' ЦУВРАЛ: Худалд донтох эмгэг

Сэтгэцийн эмгэгийн жагсаалтад донтох өвчин байдаг. Архинд донтох, тамхи хар тамхинд донтох, тэр бүү хэл худал хэтэрвэл сэтгэцийн эмгэг болох аюултай байдаг аж.

Үнэн худлаа тогтмол асууж лавлахгүй, харилцан ярилцаж учирлахгүй, агаар салхи оруулахгүй бол хар тамхи адил донтох аюултай байдаг талаар Карл Маркс “A Contribution to the Critique of Hegel’s Philosophy of Right” хэмээх бүтээлдээ онцолсон. Худал нь хүний зохиосон бас л нэг оюуны алдаатай бүтээл учир оюуны бүтээмжийг сайжруулахын тулд худлаа заавал шалгаж, нягталж байх шаардлагатай талаар тэрээр бичжээ.

Худлын голомт

Плато (Plato) Титетус хэмээх (Theaetetus) нэртэй диалогитоо мэдлэг гэж чухам юу болох талаар Сократ болон Титетус нарын хоорондын харилцан яриаг тэмдэглэн үлдээжээ. Товчхондоо, мэдлэг бол байнгын л асуулт тавих процесс аж. Үнэн мэдлэгт хүрэхийн тулд хүн олон алдаатай мэдрэмжүүдийг шалгаж, нягтлах шаардлагатай. Олон үг, нэр томьёонуудыг асууж лавлах ёстой. Мэдлэг бол аливаад хэзээ ч хар сохроор үнэмших бус харин олон талаас нь үнэн эсэхийг асууж, лавлаж, туршиж, учирлаж байж хүрсэн үнэн бөгөөд хаана ч хүчинтэй итгэл ажээ (“Knowledge=Justified True Belief”).

Бид нэгнээ өөртөө итгэ, өөртөө итгэлтэй бай гэж урамшуулахыг хичээдэг. Яг үнэндээ өөртөө итгэх итгэл нь үнэн мэдлэг буюу аливаад хар сохроор итгэхгүй асуудаг, эргэлздэг, учирладаг, критик буюу үнэн худлыг ялгах оюуны чадвараас ирнэ. Өөртөө итгэх итгэл худлааг асууж, эргэлзэж эхлэхээс ирэх ажээ.

“Би айх ёсгүй. Айдас бол оюуныг устгагч. Айсан үед бид аль хэдийн үхчихсэн байдаг, дараа юу ч үлдэхгүй. Тиймээс би айдастайгаа нүүр тулна. Би айдсаа биеийнхээ бүх хэсгээр дамжаад өнгөрөхийг зөвшөөрнө. Надаас гараад явсных нь дараа би оюуны мэлмийгээ нээж түүний явсан замыг сайтар харж авна. Айдас очсон газар бүртээ бүхнийг үгүй хийнэ. Харин айдсаас ангижирсан учир би үлдсэн байх болно” хэмээн Фрэнк Хэрбэртийн Dune нэртэй зохиолд (саяхан кино нь гарсан) гол дүрийн залуу өөрийгөө зоригжуулдаг. Үүнтэй адил бид худлааг асууж, нүүр тулж, ангижрах нь өөртөө итгэх, өөрийгөө зоригжуулах хамгийн үр дүнтэй арга болов уу. Олон тохиолдолд худал нь айдсаас үүдэлтэй өөрийгөө хамгаалах байгал-биологийн механизм байдаг.

(I must not fear. Fear is the mind-killer. Fear is the little-death that brings total obliteration. I will face my fear. I will permit it to pass over me and through me. And when it has gone past I will turn the inner eye to see its path. Where the fear has gone there will be nothing. Only I will remain.)

Тэгвэл асууж, ойлгож, учирлаж (Reasoning), критик хийлгүй дан цээжлээд хүчээр толгойдоо хийсэн мэдлэг юу вэ?

Цээжлэх гэдэг нь түр зуурын санамжтай холбоотой тархины, оюуны нэг л механик үйлдэл ажээ. Үнэн мэдлэгт хүрэхийн тулд хүн олон алдаатай мэдрэмжүүдийг шалгаж, нягталж, үнэн худлыг ялгаж (Critique), ойлгож, эцсийн дүгнэлт гаргах зэрэг процессыг дамжих шаардлагатай байдаг аж. Харин цээжлэх нь энэхүү бүх процессуудыг алгасаад эцсийн дүгнэлтийг л тоть аятай үг үсэггүй давтахыг хэлэх аж. Хүний оюун хөгжиж, мэдлэгт суралцахын тулд дээрх процесс хэрхэн явагдахыг ойлгох, сурах нь чухал болохоос биш эцсийн дүгнэлтийг дуржигнатал хар сохроор унших нь нэг төрлийн л донтолт гэлтэй. Хэт ихэдвэл эмгэг, оюуны хүчирхийлэгч ч болох аюултай.

Худлын эмчилгээ буюу “Учирлах”

Мэдлэгийг хүн бүтээж, хүнээс хүнд дамждаг ба түүнийг дамжуулах хамгийн чухал хэрэгсэл нь “Учирлах” (Reasoning). Яагаад тухайн дүгнэлтэд хүрсэн “учраа” логик дэс дарааллаар нь нэгд нэгэнгүй учирлах. Учирлах нь тэгэхээр эцсийн дүгнэлт бус үргэлжилсэн процесс. Учирлахыг цээжлэх боломжгүй харин ойлгох л боломжтой аж. Тиймээс хэрэв яг мэдчихлээ гэж байгаа бол дан ганц юуг мэдсэндээ давтах бус яаж мэдсэнээ учирлах нь оюуны хөгжилд илүү өгөөжтэй.

Харин манай нийгэмд учирлах гэдэг ойлголт шалчганасан, гонгиносон, олон үгтэй, нойтон хамуу шиг, ядаргаатай гэх имижтэй болсон мэт. Учирлаж, харилцан ярилцаж, хамт мэдэх гэсэн хүнийг номын хэнээтэй, цагаан солиотой, туйлширсан, амьдралд, хөрсөндөө буугаагүй гэх мэтээр хочлох, доромжлох хэдий ч нийтээрээ мэдлэг, хөгжлийг хүсэх нь нэг л таарч өгөхгүй. Худалд донтох эмгэгийн шинж тэмдэг гэлтэй.

Шүүмжлэл гэхээр л үстэй толгой арзайж байна уу?

Англи хэлний “сritic”, “criticism” гэсэн ойлголт нь эртний Грекийн критикос буюу үнэнийг худлаас, зөвийг буруугаас, сайныг муугаас, сайхныг муухайгаас ялгаж, салгаж чадах гэсэн философийн ойлголт ба оюуны чадвар. Монголчууд бид критикийг шүүмжлэх гэж хэрэглэж заншсан. Хүн төрөлхтний олон мэдлэгийн, оюуны томоохон бүтээлүүдийн гарчиг нь Critique of … хэмээсэн байдаг нь гайхах зүйлгүй. Хүн хөгжихийн тулд мэдлэгт суралцах хэрэгтэй. Гэтэл мэдлэгийг хүн л бүтээх учир алдаатай, буруу, худал мэдлэг бас олон бий. Тиймээс үнэн мэдлэгт суралцахын тулд критик буюу бидний хэлж заншсанаар шүүмжлэх зайлшгүй шаардлагатай. Шүүмжлэл байхгүй гэвэл үнэн худлыг ялгах боломжгүй, сайн мууг ялгаж чадахгүй харин улам өөхшүүлж, өвчлүүлэх хандлагатай. Үнэн худал, сайн муу, буруу зөвөө ялгаж чадахгүй бол амьтнаас ялгагдах зүйл үлдэх үү? Муна нь гадсаа нүдэхээс өөр яахав? Шүүмжлэл нь критик гэсэн ойлголтыг бүрэн илэрхийлж чадаж байна уу?

Амьтанд хөгжих ямар ч шаардлага байхгүй. Амь зуугаад явахад л хангалттай. Худал бол амь зогоож, амьд үлдэх гэсэн өөрийгөө хамгаалах нэг төрлийн л хэрэгсэл. Харин хүн хөгжихөд мэдлэг зайлшгүй шаардлагатай. Мэдлэгийг дан ганц цээжлүүлэх замаар дамжуулах нь эсрэгээрээ оюуны хүчирхийлэлд хүргэж, худлыг өөхшүүлж, нүдний өмнөх асуудлаа ч олж харж чадахгүйд хүрэх аюултай. Худалд донтох эмгэгийг эмчлэхэд “учирлах”, харилцан ярилцах зэрэг оюуны бусад чадваруудыг бас тэнцвэртэй хөгжүүлэх хэрэгтэй.

 

 

 

 

Холбоотой нийтлэл: 

''Self-reflection'' ЦУВРАЛ: Асуудалд дарлуулах биш асуудлаас томорч гарах амбицтай бай Б.Мөнхбат Хүн гэдэг угаасаа ямар нэг хүсэлгүй амьдрах боломжгүй ба хүсэл нь

Сэтгэгдэл бичих

    • boli boli
    • 2022-04-06

    chadahgui gar

    • Зочин
    • 2022-04-01

    Manai hed hulgai zelgiigee ch oligtoi hiij chadahgui ee chaawaas. Bernie madoff ene ter geed heden arwan terbumaar ni delhiin sanhuugiin zah zeelees hulgailj bn shd. Manai hed hajud ni yajin? Gadagshaa garaad jul shdee. Shuud shoron. Tinder swindler iin zaluu bna. Yaj tsewerhen luiwar hiijin. Tsagdaa ni yaj ch chadahgui. Manai hed hajuud ni bol huurhii chaawaas. Sain hulgai hiigeed baigaamuu geheer teriigee ch chadahgui. Ur huuhduud ni har tamhind hulgailsan hediig ni uguud duusna doo hahaha

    • Зочин
    • 2022-03-25

    Чаддаггүй нь дуугүй бай гэнэ үү? Чадаад байгаанууд нь яг юу чадаад байна вэ? Гэм зэмээ л гаргууд сайн чадаж байна уу?

    • Зочин
    • 2022-03-24

    Энэ мэт балай юм бичихээ больчих. Чаддаггүй нь дуугүй байх нийгмийг хөгжилд маш чухал. Зүгээр л боль

arrow icon