Аливаа зүйлийг сайн, муу, сайхан, муухай гэж үнэлж дүгнэхээс өмнө тухайн зүйл нь яг байгаа эсэхийг лавлах хэрэгтэй. Хэрэв байхгүй бол хэдий сайн муу гэж дүгнээд, сайжруулах гэж яаж ч хичээгээд байхгүй учир засрал авахгүй нь ойлгомжтой.
Өнөөдөр бид амьдралынхаа эргэн тойрны маш олон зүйлийг яг мөн чанар нь юу вэ, байна уу үгүй юу гэдгийг лавлаж тодорхойлох шаардлага тулгараад байна. Яагаад тийм шаардлага үүссэн бэ гэхээр биднийг хүрээлэн байх олон зүйлс биет зүйлээс бүрдсэн эсвэл биегүй зөвхөн бидний оюунд оршиж байдаг. Гарт баригдаж нүдэнд харагдах зүйлсийг бид 5 мэдрэхүйгээрээ шалгах боломжтой ч гарт баригдахгүй нүдэнд харагдахгүй оюуны зүйлсийг байгаа үгүйг нь, байвал байх ёстой хэмжээндээ, газартаа байгаа эсэхийг яаж шалгах вэ?
Монголын төр, удирдагч, манлайлагч нар, менежерүүд, компаниуд, жирийн иргэд, ажилчид, залуучууд, хөгшчүүл муу байна, сайн байна гэж дүгнэлт хийхийн өмнө эхлээд “засаглал” гэдэг зүйл ер нь юу вэ? Монголд байгаа юу? Байгаа бол ямар хэлбэр дүрстэй засаглал байна вэ? гэж асуух нь логикийн хувьд зөв. Нэг барилга бариад л, дотор нь нэр, албан тушаал бүхий хүн суугаад л засаглал бүрэлдчихлээ гэвэл арай өрөөсгөл биз ээ.
Хэнээс юуг асуух вэ?
Бие өвдөхөөр бид эмчид очдог. Шүд бол шүдний эмч, нүд бол нүдний эмчид хандана. Машин техник эвдэрвэл механикч, мэргэжлийн засварчинд очно. Барилгын асуудал гарвал барилгын инженерээс зөвлөгөө авна. Ус алдвал сантехникч дуудна. Гутал урагдвал гуталчинд очно.
Хулгайд өмчөө алдвал хуульч, цагдаад хандана. Мөнгө санхүүгийн асуудал бол эдийн засагч, санхүүч, ня-бо дээр очно. Компьютертэй холбоотой асуудал бол компьютерийн инженерээс тусламж хүснэ.
Хүний амьдрал аар саар, том жижиг асуудлаар дүүрэн. Аз болж асуудал бүрийн ард хүний бүтээсэн мэдлэгийн салбар бий. Асуудал бүрийн учрыг олж, хужрыг тунгаах мэргэжлийн салбар бий. Асуудал байдаг учир мэдлэг үүсэх шалтгаан (raison d’être) нь болжээ.
Улс орон, албан байгууллага, аж ахуйн нэгж ч мөн адил асуудлаар дүүрэн. Хүн олноор бөөгнөрч, хотууд үүсч, эдийн засаг нийгмийн хамаарал улам нягтаршиж гүнзгийрэх тусам “асуудал” улам нарийсч, олон төрөл салааг үүсгэнэ. Түүнийг дагаад бас мэдлэгийн салбар, шинжлэх ухааны салбар, философийн салбар нарийсч, гүнзгийрнэ.
Асуудлаа зөв таньж, оношлохын тулд тухайн асуудлыг хариуцсан мэдлэгийн салбарт хандах нь хамгийн оновчтой.
Засаглалын тухай мэдлэг хүн төрөлхтөнд үүсээд 2600 гаруй жил болж, тусгай мэргэжил болон төлөвшжээ. Эртний Грекийн философич Аристотел “Никомакын Этикс” болон “Политикс” гэсэн 2 номоороо засаглал гэж юу вэ, засаглал яах гэж байдаг вэ, сайн засаглал, муу засаглал гэж юу вэ зэрэг гэдэг асуултуудад хариулсан.
Засаглал гэж юу вэ?
Аристотел онолдохдоо, аливаа нийгэм (гэр бүл, албан байгууллага, компани г.м) нь хүмүүсээс л бүрддэг учир ямар засаглал байх нь ямар хүмүүс байгаагаас шууд хамааралтай гэжээ.
Тэрээр бүх хүмүүсийг байгаа мөн чанараар нь 4 ерөнхий бүлэгт хуваажээ:
1. “The Virtuous” (The Virtue буюу эрдэм) буюу эрдэмтэй, ёс суртахуунтай, журамтай хүмүүс. Эрдэм гэдгээр тунг нь тааруулах, хатуужил, шударга (justice), цэцэн (wisdom), тэвчээр зэрэг ёс суртахуунын чадваруудыг хэлсэн. Эдгээр хүмүүс бол аливаа зүйлийг ядаж цөхөх зүйлгүй хамгийн сайн хийж чаддаг нийгмийн охь болсон, зөвийг эрхэмлэгч, өөрийгөө засаглагчид (self-governed, self-disciplined, self-righteous). Тэд нийгмийн, аливаа нэг бүлэг хүмүүсийн цөөнх байдаг.
2. The Continent буюу муугаас зайлсхийж сайныг хийхийг хичээдэг, эрмэлздэг ч үр дүн нь сайн муу ээлжилдэг хэсэг хүмүүс. Эдгээр хүмүүс нь Аристотелийн тодорхойлсоноор зөвийг эрхэмлэгч, “өөрийгөө засаглагч” байхыг эрмэлздэг. Тэдэнд хуулийн дэмжлэг хэрэгтэй.
3. “The Incontinent” буюу муугаас зайлсхийхийг хичээдэг ч эцэстээ шантарч муугаасаа салж чаддаггүй, эрдэм, ёс суртахуун сул хүмүүс.
4. “The Vicious (The Vice)” буюу мууг мэдээд, хүсээд, төлөвлөж хийдэг ба түүнээсээ таашаал авдаг хүмүүс. Тэд бас нийгмийн, аливаа нэг бүлэг хүмүүсийн цөөнх байдаг.
Нэгдүгээр бүлгийн эрдэмтэй, ёс суртахуунтай хүмүүсээр удирдуулсан засаглалын хэлбэрийг тэрээр “Сайнуудын засаглал буюу “Аристокраси” (Aristocracy гэдэг нь эртний Грек хэлээр Аристо=хамгийн сайн Краси=засаглал) гэж нэрлэсэн. Аристократууд аливаа нийгмийн охь, цөм байх ба тооны хувьд цөөн байдаг. Аристократууд дундаасаа хамгийн сайн, шилдэгээ ёс суртахуунын билэг тэмдэг болгон сонгож удирдуулах засаглалыг Монарки (Monarchy=Rule by the best буюу үндэстний удирдагчийн засаглал) гэж нэрлэсэн.
Харин хоёр, гуравдугаар бүлгийн хүмүүс нийгмийн дийлэнх олонхийг эзэлдэг учир Демокраси буюу олонхийн (Ардчилал) гэжээ (Democracy гэдэг нь эртний Грек хэлээр Демо=ард түмэн, олонхи, краси=засаглал, ард түмний засаглал). Энэ бүлгийн хүмүүсийн эрдэм, ёс суртахуунын хэм хэмжээ нийт нийгмийн дундажийг тодорхойлох учир дундаж анги, дундаж давхарга зэрэг эдийн засаг нийгмийн ойлголт эндээс үүсчээ.
Аристотел хамгийн сайн засаглалын талаар онолдохдоо: “Удирдагчийн засаглал+сайнуудын засаглал+олонхийн засаглал гэсэн 3 холимог засаглалаас аливаа нийгмийг тэнцвэртэй бүрдүүлсэн нөхцөлд л засаглал жинхэнэ утгаараа орших боломжтой ба тэгж чадаагүй нөхцөлд засаглал нь хэт нэг тал руу хэлбийн, цаашлаад ялзран доройтож, олон тохиолдолд амин хувиа хичээгчдийн хөлжих хэрэгсэл болдог тухай анхааруулсан. Тиймээс дээрх 3 засаглалын хэлбэрийг тэнцвэртэй хадгалж, ялзран доройтохоос сэргийлэхийн тулд бүтээсэн институци нь төр юм. Төр нь тэгэхээр засаглалын институци. Ямар төр байгааг ойлгохын тулд тэгэхээр засаглалын хэлбэрийг ойлгох шаардлагатай.
“Удирдагчийн засаглал” байхгүй бол засаглал эзэнгүй, аливаа нийгэм чиглэлгүй болж, хүн болгон өөрийгөө “удирдагч” болох боломжтой хэмээн эндүүрч, нийт нийгмийн амьдралыг тамын тогоо адил болгодгийг Аристотел өөрийн амьдарч байсан цаг дор олон ч удаа харжээ. Жинхэнэ удирдагч нь тухайн нийгмийн (гэр бүл, албан байгууллага) хүслийн илэрхийлэл, эв нэгдлийн илэрхийлэл, эрдэм, мэдлэгийн илэрхийлэл, ёс суртахуунын илэрхийлэл” гэж тэрээр дүгнэсэн байдаг. Харин хулгайч, хувиа хичээгч, хамгийн шааруудын (The Vicious — дөрөвдүгээр бүлэг) засаглалыг “Tyranny” буюу дарангуйлал гэж нэрлэсэн ба энэ нь удирдагчийн засаглалын ялзарсан ихэр нь.
Аристотел хэлэхдээ: “
сайнуудын засаглал гэдэг нь тухайн нийгмийн мэдлэг боловсролтой, ёс суртахуунтай хүмүүсийн засаглал бөгөөд энэ засаглал байхгүй бол нийтийн эрх ашгийн төлөө амь биеэ зориулах засаглалын бүтэц алдагдаж, төр бол хувийн шуналын төлөө хэрэглэдэх хувиа хичээгчдийн уурхай болдог”
гэж сануулсан байдаг. Яг ийм адгийн муугуудын засаглалыг “Олигархи” гэж тэрээр нэрлэжээ.
Аристотелийн “олонхийн сайн засаглал” (демокраси) гэдэг нь мухар сүсэгт автагдаггүй, ухамсартай, харийг шүтэн сөгддөггүй, жалга довны үзлээс ангижирсан үндэсний ухамсартай, ёс суртахуунтай, нийгэмшиж чадсан нийтийн эрх ашгийг дээдэлж чаддаг, хуулийн засаглалыг эрхэмлэдэг иргэдийн засаглал” гэж дүгнэсэн. Хэрэв тийм биш бол замбаараагүй засаглал ноёлоно.
Удирдагчийн засаглал, сайнуудын засаглал, “олонхийн засаглал”-ын аль нэг нь дангаараа тогтсон төр, засаглал тогтворгүй, тэнцвэргүй, хэт нэг талыг барьсан байх учир мөхлийн замдаа ордог талаар Аристотел номондоо олон түүхэн жишээ дурджээ.
Төрийг яах гэж бүтээсэн бэ?
Аристотел “Политикс” номондоо, хэрэв аливаа нийгэмд (улс орон, албан байгууллага, гэр бүл, компани г.м) хэт баян, хэт ядуу хүн олширвол төр, нийгэм, эх орон, албан байгууллага оршин тогтнох боломжгүй талаар сануулсан. Яагаад вэ гэхээр баян хүн бол хаана тав тух, тансаг амьдрал байна тийшээ байнга тэмүүлэх учир эх орон гэж байдаггүй. Харин ард түмэн ядуу байвал хаана амиа зогоож, амьдралаа босгох нөхцөл байна тийшээ тэмүүлэх учир бас эх орон гэж байхгүй болдог гэж сануулсан.
Тиймээс, Аристотел Никомакийн Этикс болон Политикс номоороо хүн байхын мөн чанар болон төр (засаглал) хоёр нягт холбоотой ба “төр гэдэг бол зөвхөн хүний сайн, сайханыг цогцлоох хүсэл дээр л тулгуурлаж, нийгмийн эрдэмтэй, ёс суртахуунтай, мэдлэгтэй хэсгийг түшиглэн, хүний зөвийг дээдэлсэн цагт л оршин тогтнох боломжтой институци ба хэрэв тийм биш бол зүгээр л хулгайч, дээрэмчин, худалчдын адгийн засаглал болдгыг анхааруулсан.
Аристотелын хүн төрөлхтөнд сануулсан хамгийн чухал мессеж бол
“Ёс суртахуунгүй бол хүн хүндээ дайсан хонь чоно шиг болж, муу муухай нь үндэстний соёл болж төрсөн ахан дүүс адил амьдрах боломж алдагдана шүү”
гэжээ.
Дундаж давхарга ба Алтан дундаж
Аристотелын 2 (Continent) ба 3 (Incontinent) бүлгийн хүмүүс бол мөн чанарын хувьд аливаа зүйлд хэт туйлшрахгүй яг алтан дундажыг барьдаг хүмүүс байдаг. Эрдэмтэй байна гэдэг нь аливаа зүйлийн 2 туйл руу хэлбийсэн бус харин алтан дундажыг барихыг хэлдэг аж.
Нийгмийн дундаж давхарга ямагт сайн сайхан амьдрахыг, бүтээхийг эрмэлзэх ба тэдэнд сайныг хийж, сайхан амьдрахад сайн төр, сайн хуулийн засаглал хэрэгтэй.
Аристотелын амьдарч байсан цаг үе Хомерын үлгэрт гардаг хэт фантастик баатрууд, Олимпын уулан дах бүхнийг чадагч бурхад, хаад язгууртнууд нэг талд, нөгөө талд нь тэднийг шүтэн бишрэгчид, тэдний амжилт, ололт, аллага хядлагаар наадан баясагчид, өөрийн амьдралаа бусдаар шийдүүлэгчид гэсэн 2 туйлд хуваагдсан байсан. Нийгэм тогтмол 2 туйлын хооронд хөлбөрч, тогтворгүйжихгүйн тулд дундаж давхарга тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэх ёстой ба энэ тэнцвэр эрдэм, ёс суртахуун дээр тогтох ёстойг Аристотел анх номондоо онцолсон.
Орчин үеийн нийгэмд дан ганц төр бус компаниуд, ашгийн бус нийгмийн байгууллагууд зэрэг олон төрлийн төр, хувийн болон олон нийтийн институциуд бий болсон ба эдгээр нь бас л засаглалын институциуд. Төр сайн менежер үү, компани сайн менежер үү зэрэг асуултууд ямар засаглал байгааг тодорхойлсоны дараа л хариулах боломжтой. Эцсийн эцэст, төр ч бай, хувийн хэвшлийн компани ч бай, ямар хүн байгаагаас хамаараас эцсийн үр дүн өөр өөр байх нь тодорхой.
Талх хийхэд нарийн боовны мэдлэг хэрэгтэй. Мэдлэг нь тааруу бол эцсийн бүтээгдэхүүн талх тааруу л байна. Үүнтэй адил нийгэм, төр, компани болж бүтэхгүй байна, хүн тогтохгүй байна гэвэл засаглалын мэдлэг болж бүтэхгүй байгааг илтгэнэ. Засаглалын хямрал нүүрлэсэнийг илтгэнэ хэмээн Аристотел бичжээ.
Сэтгэгдэл бичих