Боловсролын багц хуулийн хүрээнд хийгдэж буй хүн бүрт ижил тэгш, чанартай, хүртээмжтэй боловсрол олгох бодлогын реформ, бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ зэрэг нь Монгол Улсын хувьд олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, ардчилсан нийгмийг цогцлоох зорилготой нягт холбоотой юм. Боловсрол бол хүн бүр эзэмших эрхтэй, нийтийн сайн сайхны зүйл, хүний хөгжлийн чухал хэрэгсэл учраас дунд, дээд боловсролын сургалтын байгууллагын чадавхийг бэхжүүлэх, хүн бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэж нийгмийн амьдралд ижил тэгш оролцох оролцоог сайжруулахад аливаа боловсролын бодлого, хөтөлбөр төлөвлөгөөний ач холбогдол оршино.
Монгол Улсын хүн амын ихэнх нь хүүхэд залуус эзэлдэг, хөгжиж байгаа орон бөгөөд БШУЯ багшийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхэд онцгой анхаарч байна.
Түүх сөхвөл Богд хаант Монгол улсын Засгийн газар 1912 оны 3-р сард Монгол Улсад Гадаад хэргийн яамны харьяа бага сургуулийг байгуулж анх орос, англи хэлийг зааж эхэлжээ. 1940-өөд оноос боловсролын байгууллагууд зөвхөн Орос хэлийг гадаад хэл хэмээн зааж байсан бол 1956 оноос МУИС-д Хятад, Герман, Франц, Англи хэлийг зааж эхэлсэн байна.
Манай улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос нийгмийн бүх салбарт шинэчлэл өөрчлөлт явагдаж гадаад хэлийг судлах, хэрэглэх хэрэгцээ хурдтай өсөн нэмэгдэв. Монгол улсын Гэгээрлийн яам \одоогийн БШУЯ\ 1992-1993 оны хичээлийн жилээс ЕБС-д англи хэлийг албан ёсоор заах, 1997-1998 оны хичээлийн жилээс эхлэн бүх шатны боловсролын байгууллагад англи хэлийг түлхүү заах зэрэг шийдвэрүүдийг гаргаж байжээ. 1991 онд БШУЯ АНУ-ын Англи хэлний институттэй хамтран ажиллах гэрээ байгуулж ЕБС-ийн англи хэлний багш бэлтгэх тогтолцооны үндэс суурийг тавьсан байна. Ийнхүү 1991-1993 онуудад хот хөдөөгийн 400-аад багшийг бэлтгэж зуны сургалтаар англи хэл заах арга зүйг дээшлүүлсэн бөгөөд МУИС, ГХДС эдгээр сургалтуудыг зохион байгуулахад хамтран оролцож байжээ. 1994 оноос эхлэн Англи хэлний институтээс \тухайн үед Боловсролын хүрээлэнтэй хамтарч байсан\ тасралтгүй зохион байгуулж буй англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх EXCEL хөтөлбөрт нийт 440 багш суралцаж төгсөөд байгаа юм. 1999-2009 онд тус хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн ЕБС-ийн англи хэлний 10 багш АНУ-д мэргэжил дээшлүүлэх 6-12 сарын хугацаатай тэтгэлэгт сургалтад хамрагдсан байна.
2001 оны 12-р сард Монгол улсын засгийн газраас баталсан "Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд англи хэлний сургалтын стандартыг боловсруулан мөрдүүлэх, англи хэлний багш бэлтгэх, тэдгээрийн заах арга, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, англи хэлний шаталсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх, бүх нийтийн англи хэлний боловсролыг сайжруулах зорилтуудыг дэвшүүлсэн.
Тухайн үед англи хэлний багшийн мэдлэг дутмаг, заах арга зүй сайтар бэлтгэгдээгүй байсан тул чанартай сайн мэргэжил дээшлүүлэх сургалт хийх хэрэгцээ үүсснийг Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн Холбоо мэдэрч дэлхий даяар 30 сая гишүүнтэй хамгийн том ҮЭ-ийн байгууллага болох "Олон Улсын Боловсрол" байгууллагад хамтран төсөл хэрэгжүүлэх санал тавив. Ийнхүү Канадын багш нарын холбооны санхүүжилтээр ЕБС-ийн англи хэлний сургалтыг сайжруулах төсөл 1998 оноос 2011 он хүртэл амжилттай хэрэгжсэн. Төслийн хугацаанд байнгын ажиллагаатай Англи хэлний сургалт арга зүйн төв байгуулагдаж ЕБС-ийн 1200 англи хэлний багшийг сургалтад хамруулах, 1-10-р ангийн англи хэлний сурах бичгийг багшийн номын хамт бүтээж сургалтад нэвтрүүлэх, багш нарт зориулсан зуны сургалтууд зохион байгуулах, англи хэлний сургагч багш бэлтгэх зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. 2003-2007 онд ЕБС-ийн англи хэлний 15 багш Канад улсад сургагч багш бэлтгэх 45-30 хоногийн тэтгэлэгт сургалтад хамрагдсан ба төслийн үр дүнд нийт 20 үндэсний хэмжээний англи хэлний сургагч багш бэлтгэгдсэн юм.
Монголын Англи хэлний багш нарын холбоо (МАХБнХ) 1997 онд байгуулагдаж англи хэлний хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах, багш нарын эрх ашгийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, сургах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсаар ирсэн. ЕБС-ийн англи хэлний үндсэн сурах бичгүүдийг бүтээх, англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад МАХБнХ голлох үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагуудын нэг билээ.
2008 онд баталсан англи хэлний боловсролын үндэсний хоёрдахь хөтөлбөрт англи хэл эзэмших таатай нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр тусгаж 2009-2020 онд гурван үе шаттай хэрэгжүүлэв.
2020 оны 9-р сард “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг төрийн ордонд зохион байгуулагдаж УИХ-ын гишүүд, БШУЯ-ны харьяа байгууллагуудын төлөөлөл болон ИДС, ЕБС-ийн англи хэлний багш нар оролцож ЕБС-ийн түвшинд англи хэлний сургалтын явц, үр дүн, англи хэлний багшийн заах арга, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар олон талын оролцоотойгоор хөндөн ярилцсан юм.
Монгол Улсын Засгийн Газар 2021 оны 372 дугаар тогтоолоор "БҮХ НИЙТИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ"-г баталсан.
Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн Гадаад хэлний төвийн зүгээс бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад ИДС, ЕБС-ийн багш нар, судлаачдыг урьж 2022 оны 4-р сард зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж багш нар, боловсролын байгууллагууд, орон нутгийн гадаад хэлний мэргэжилтнүүдээс санал авч талуудын идэвхтэй оролцоог хангахад хүчин чармайлт гарган ажилласан. БШУЯ-ны удирдлага дор БСҮХ-ийн Гадаад хэлний төв ба Боловсролын Ерөнхий Газар хамтран уг төлөвлөгөөний хүрээнд 2024 он гэхэд ЕБС-ийн англи хэлний багш нарыг чадавхжуулах, нийт багшлах боловсон хүчний 45%-ийг англи хэлний мэдлэг чадварын хувьд В2 түвшинд хүргэх зорилго дэвшүүлэн төлөвлөгөөт сургалтуудыг зохион байгуулж эхлээд байна.
БШУЯ, БСҮХ, БЕГ, Улаанбаатар дахь Бритиш сургуулийн англи хэлний тэнхимтэй хамтран нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн 10 англи хэлний багшийг “Англи хэлний сургагч багш бэлтгэх түргэвчилсэн хөтөлбөр”-т хамруулсан. Тус чадавхжуулах хөтөлбөрийн сургалт энэ оны 06 дугаар сарын 10-ны өдөр амжилттай өндөрлөж багш нар сертификатаа гардан авав. Бритиш сургуультай хамтран ажиллах хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд нийслэл, орон нутгийн сургуулиудаас нийт 70 багшийг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөрт хамруулахаар төлөвлөөд байгаа юм.
ЕБС-ийн англи хэлний багшийг чадавхжуулах зуны эрчимжүүлсэн 5 долоо хоногийн сургалтад англи хэлний багш нарын 17% буюу 520 багш хамрагдахаар хүсэлтээ ирүүлсэн. Зуны сургалт энэ оны 07 дугаар сарын 25-аас эхлэж байгаа бөгөөд орон нутагт 18 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт зохион байгуулагдах юм. ИДС-ийн англи хэлний багш нар, TESOL чиглэлээр суралцаж төгссөн сургагч, ментор, нийт 27 сургагч багш сургалтыг удирдах ба зуны сургалтыг амжилттай дүүргэсэн англи хэлний багш нарт 3 кредиттэй сертификат олгоно.
Түүнчлэн ЕБС-ийн 2261 багшийг хамруулан англи хэлний мэдлэгийн түвшинг оношлох, үнэлэх судалгааг зохион байгуулсан ба дунд сургуульд англи хэлний цахим сургалтын програмыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Цаашид бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд 2022-2023 онд хийж хэрэгжүүлэх ажлуудаас дурдвал:
- Ерөнхий боловсролын 15 сургууль дээр Англи хэлний институттэй хамтран EXCEL хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Англи хэлний ярианы 100 клуб сургуулиуд дээр ажиллаж суралцагчдын дунд англи хэлээр хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх, уран илтгэлийн уралдаан, дууны тэмцээн зохион байгуулах зэргээр англи хэлний сургалтад дэмжлэг үзүүлнэ.
- 12-р ангийн суралцагчдад \нийт 1000 сурагч\ олон улсын түвшний TOEFL Junior шалгалт өгч, түвшингээ тодорхойлуулах боломж бүрдүүлнэ.
- Ахлах ангийн суралцагчдад зориулсан англи хэлний нэг жилийн эрчимжүүлсэн ‘Welcome’ хөтөлбөрийг 20 ЕБС-д хэрэгжүүлнэ.
- Англи хэл сайн эзэмшсэн суралцагчид бусдынхаа англи хэлний түвшинг ахиулахад зөвлөгчөөр ажиллаж, хамтран суралцах “Зөвлөгч\ментор сурагч” хөтөлбөрийг 50 ЕБС-д хэрэгжүүлнэ.
- “Х-reading” зэрэг цахим номын санд түшиглэн, суралцагч, багш нарын англи хэлний чадварыг хөгжүүлнэ.
- Математик, байгалийн ухааны хичээлүүдийг англи хэлээр заах багш нарыг мэргэжлийн англи хэлний сургалтад хамруулж эхэлнэ.
- Англи хэлний багш бус, бусад мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн иргэдийг англи хэлний багшаар хөрвөн ажиллах боломж бүрдүүлнэ.
- Лаборатори сургуулиуд дээр англи хэлний сургалтын танхим байгуулагдаж мэргэшсэн сургагч багш нар ажиллана.
- Үндэсний их сургуулиудад TESOL түвшний сургалт явуулахад дэмжлэг үзүүлнэ.
- Багш нарт TESOL зэрэг олгох сургалтуудыг дотоодын байгууллагууд, мэргэжлийн холбоо, гадаад хэлний төвүүдтэй хамтран зохион байгуулна.
Австралийн Мельбурнын ИС-ийн профессор, боловсрол судлаач Жон Хэтти (John Hattie) 80 сая гаруй суралцагчдыг хамарсан 800 гаруй судалгаанд өргөн анализ хийсний үр дүнд "Visible Learning" хэмээх номоо туурвиж дэлхий даяар шуугиан тарьсан юм. Сургуульд хүүхдүүд амжилттай суралцахад нөлөөлдөг хүчин зүйлсийг олон талаас нь задлан шинжилсэн уг судалгааны үр дүнд нэгдүгээрт суралцагч өөрөө (50%), хоёрдугаарт багш нар (30%) сурлагын амжилтад чухал нөлөө үзүүлдэг болохыг тогтоогоод байна. Түүнчлэн судлаачдын үзэж буйгаар багшийн мэргэжил бол бусдыг удирдах манлайлах ажлаас зайлсхийх боломжгүй ажил мэргэжил юм. Багш нар хичээлээ зааж, ажлын байран дээрээ ажиллах явцдаа шийдвэр гаргаж, бусдын өмнөөс хариуцлага хүлээж суралцагчдаа янз бүрийн арга замаар зааж, хөгжүүлж, чиглүүлж дэмжиж бдаг.
БШУЯ-ны Сайдын зүгээс "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ"-ний хүрээнд Кембриж, Пиннакл Академи зэрэг гадны байгууллагуудтай хамтран англи хэлний багшийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ажилд эрс шинэчлэл хийхэд анхаарч англи хэлний үндэсний хөтөлбөрийг удирдлагаар хангах, төсөв санхүүжилтийг шийдвэрлэх талаар гаргаж буй хүчин чармайлт, яриа хэлэлцээ үр дүнд хүрч байгааг дурдах нь зүйтэй. Мөн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Т.Доржханд зэрэг УИХ-ын 10 гишүүд манлайлан "англи хэлний боловсролыг дэмжих" лобби бүлэг байгуулж төрийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна.
Дээрх байгууллагуудтай хамтран нийт 2000 англи хэлний багшийг, дотоодын багшлах боловсон хүчний нөөц ур чадварт түшиглэн 1000 орчим англи хэлний багшийг 2022-2024 онд чадавхжуулах, мэргэшүүлэн сургахаар БСҮХ, БЕГ-ын удирдлагууд, мэргэжилтнүүд хамтран дараах төслүүдийг боловсруулаад байна.
Кембрижтэй хамтран Мастер програм буюу өндөр түвшний сургагч багш бэлтгэх сургалтад 250, чадавхжуулах буюу англи хэлний мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалтуудад 750 багшийг тус тус хамруулна.
Пиннакл академитай хамтран англи хэлний түвшин ахиулах\чадавхжуулах сургалтад 500, ТСС (Teacher Certification Course) буюу өндөр түвшний сургагч багш бэлтгэх сургалтад 500 багшийг тус тус хамруулна.
БСҮХ-ийн Гадаад хэлний төв, БЕГ хамтран эдгээр төлөвлөгөөт сургалтууд, хөгжүүлэх хөтөлбөрүүдийг ирэх хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх бөгөөд оношлох үнэлгээний үр дүнд үндэслэн багш нарыг сургалтуудад хамруулахаар төлөвлөнө. Мөн бидний зүгээс англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх уламжлалт практикт өөрчлөлт оруулах зарчим баримталж байгаа юм. Багш нар дээрх англи хэлний чадавхжуулах хөтөлбөрүүдээс сонгон суралцах санал хүсэлтээ \сургалтууд зарлагдах үед\ илэрхийлж болох ба тухайн багшийн хэлний мэдлэгийн түвшин, хариуцлагатай байдал, амжилттай суралцах эрмэлзэл, тогтвор суурьшилтай ажиллах амлалт зэргийг харгалзан сургалтад хамруулна.
В+ англи хэлний түвшинтэй \түвшинд хүрэх боломжтой\ багш нар Мастер програм, ТСС зэрэг сургагч багш бэлтгэх хөтөлбөрт хамрагдах болзол хангах ба үр дүнг баталгаажуулах үүднээс сургалтын төгсгөлд Кембрижийн ТКТ \линкээр орж харна уу: https://www.cambridgeenglish.org/teaching-english/teaching-qualifications/tkt/prepare-for-tkt/ \ шалгалт өгч сертификат авна. Цаашилбал ТСС, Мастер програм болон бусад ижил төстэй хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн багш нарт тэргүүлэх, зөвлөх мэргэжлийн зэрэг олгодог болохоор төлөвлөж байна.
Түүнчлэн англи хэлний багшийн чадавхжуулах хөтөлбөрөөр амжилттай суралцаж өндөр ур чадвартай болсон багш нар англи хэлний заах арга зүй, сургалтын чиглэлээр судалгаа хийсэн, англи хэлний сурах бичиг, хөтөлбөр сайжруулах, англи хэлний стандарт \суралцахуйд тавигдах минимум шаардлага\ боловсруулахад оролцсон, жинтэй хувь нэмэр оруулсан бол магистр, доктор г.м боловсролын зэрэг олгох боломжийг судалж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Бидний төлөвлөгөөт ажлын үр дүнд 2024 он гэхэд англи хэлний мэргэжил арга зүйн сургалт явуулах мэргэшсэн сургагч багш нарын бүлэгтэй болсноор англи хэлний багшийн мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх тогтолцоог бэхжүүлнэ. Мөн орон нутгийн англи хэлний багш нарын чадварыг тасралтгүй дэмжих төр, хувийн хэвшлийн болон гадаад, дотоодын байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Англи хэлний боловсролын судалгаа, сургалтын мэргэжлийн институц бий болж, бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хүрээнд ЕБС-ийн англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад:
- Англи хэлний сургалтын/хичээлийн хөтөлбөр – (National standards and curriculum)
- Үнэлгээний систем – (National assessment system)
- Багш бэлтгэх тогтолцоо – (PRESETT – pre-service teacher training)
- Багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоо – (INSETT – in-service teacher training) зэрэг бодлогын чиглэлүүдийг цогцоор нь авч үзэх шаардлагатай байгаа юм.
Аливаа сургууль өмнөө тавьсан зорилгодоо хүрэх нөөц боломжоо дээд зэргээр дайчилж ажиллах, сургуулиа хөгжүүлэхэд амжилтын төлөөх хамтын хариуцлага маш чухал.
Амжилтад хүрэхийн төлөөх хамтын хариуцлага нь тухайн сургуулийн удирдлага, багш ажилтнуудын хоорондох харилцаа, уур амьсгалыг тодорхойлдог. Багш ажилтнууд ур чадвар, нөөц боломжоо дайчлан ажиллаж байхад сургуулийн удирдлагууд аюулгүй, найрсаг орчинд ажиллаж хэрэгцээтэй сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан эсэхэд анхаарч ажиллах ёстой. Мөн сургуулийн удирдлагууд багш ажилтнуудын мэргэжлийн ёс зүйн талаарх асуудлыг хөндөн тавьж хэлэлцэх боломжийг бүрдүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай. Ийм итгэлцэл, ил тод байдал, нээлттэй харилцаанд түшиглэсэн хариуцлагатай байдал нь боловсролын байгууллагын удирдлагуудын манлайллын эх үндэс болдгоороо чухал ач холбогдолтой.
Үндэсний хэмжээнд төрийн-өмчит ЕБС-иудад 150 эрэгтэй, 2910 эмэгтэй нийт 3,060 англи хэлний багш ажиллаж байна. Тэдгээр багш нарын дийлэнх нь дотоодын их, дээд сургуулийн төгсөгчид байгаа ба 9% буюу 266 нь МУИС-ийн төгсөгчид, 25.4% буюу 778 нь МУБИС-ийн төгсөгчид байна. Тиймээс дотоодын ИДС-иуд ЕБС-ийн багш нарт англи хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдээ санал болгож өрсөлдөх, улмаар төгсөгчдөдөө үйлчлэх, төгсгөсөн боловсон хүчнээ чадавхжуулах, давтан сургах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх чиглэлээр санаачлага гарган ажиллана гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.
Нөгөө талаар англи хэлний багшийн стандарт, сургалтын\хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгож баталгаажуулахад Кембрижтэй голлон хамтрах, англи\гадаад хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоог төгөлдөржүүлж бэхжүүлэхэд Пиннакл Академитай хамтран ажиллах тухайд үндэсний их дээд сургуулиудын удирдлага, эрдэмтэд, судлаачдын зүгээс мэргэжлийн дэмжлэг үзүүлж манлайлах, хамтрах талаар хэлэлцэх хэрэгтэй байна.
Ингэснээр CELTA (Certificate in English Language Teaching to Adults), DELTA (Diploma in English Language Teaching to Adults), TESOL diploma\advanced diploma, TKT (Teaching Knowledge Test) зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтуудыг нэвтрүүлэх, гадаад хэлний багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрэн зураглаж хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Бүс нутгийн улс орнуудыг харвал их сургуулиуд нь TESOL чиглэлийн сургалтуудыг явуулдаг чанартай хөтөлбөрүүдтэй, төрөлх англи хэлтэй мэргэжлийн багш нартай болж чадсан нь ажиглагдаж байна. Тиймээс дотоодын их сургуульд төрөлх англи хэлтэй багш, судлаачдыг авчирч ажиллуулах, англи хэлний багш бэлтгэх TESOL болон ижил төстэй хөтөлбөрүүдийг сайжруулахын зэрэгцээ дотоодын “Багш солилцооны хөтөлбөр” санаачлан хэрэгжүүлж дунд, их дээд сургуулийн англи хэлний багш нарыг 1, 1 сараар сольж ажиллуулах, мэдлэг мэдээлэл солилцох талбарыг идэвхжүүлж болох юм.
Нийгэм улс төрийн нөхцөл байдлаас үүдэн гарч буй болсон ярвигтай асуудал бэрхшээлүүдэд багш нарыг буруутгахгүй байх ухамсар, соёлыг тогтоох, багшийн хөгжлийг дэмжсэн эрх зүйн нэгдсэн зохицуулалтыг төгөлдөржүүлэхэд боловсролын салбарын удирдлагууд анхаарч байна. Багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх үндэсний хэмжээний хөтөлбөрийг үр дүнд хүргэхэд ЕБС-ийн хөгжлийг хамтатган авч үзэх, ЕБС-ийн удирдлагуудын зүгээс багшийн хөгжлийг дэмжихэд шат шатны боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллах соёлыг сайжруулахад хүчин зүтгэл гаргах хэрэгтэй.
Цаашид "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ" үндэсний хөтөлбөрийн хүрээнд багш нарын гүйцэтгэлийн үр дүн, чадавхжуулах хөтөлбөрөөр суралцаж онцгой амжилт гаргасан багш, мэргэжилтнүүдийг (нийт англи хэлний багш нарын 2-5%-ийг) Англи, Австрали, АНУ гэх мэт англи хэлтэй оронд дунд, богино \1-2 сарын хугацаатай \хугацааны тэтгэлэгт хөтөлбөр, солилцооны хөтөлбөрт хамруулах бодлого баримтална.
БОЛОВСРОЛЫН СУДАЛГААНЫ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАДААД ХЭЛНИЙ ТӨВ