Монгол Улсад хэн засагладаг вэ? Мөнгөтэй цөөнх. Бид бүгд л мэдэж байгаа. Энэ бол бодит байдал - де факто. Гэхдээ бодит байдалтай эвлэрч, хүлцэж, хүлээн зөвшөөрч, хуулиар хамгаалж болохгүй. Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 08-р сарын 15-ны өдрийн хоёр тоот тогтоол бол Монгол Улсад “мөнгөтэй цөөнх засаглана” гэдгийг зөвшөөрсөн - Де Юре. Энэ бол Монгол Улсыг ардчилал, эрх чөлөө, хуулийн засаглал, хүмүүнлэг нийгмээс ухраасан шийдвэр.
Цэц олон сайн, муу шийдвэр гаргаж байсан. Энэ бол шинэ адаг. Олон үндэслэл хэлж болно. Олонхын хүсэл зориг, Үндсэн хуулиасаа дээгүүр Цэцтэй боллоо. Улс төрийн асуултад Цэц хариулж, улс төржлөө. Үндсэн хуулийн институтийг сулрууллаа, худалдлаа гэх мэт. Миний гол харамсал бол “баян цөөнх засаглана” гэдгийг хуулиар зөвшөөрсөнд байгаа юм.
УИХ нь Засгийн Газарт үндсэн хоёр сүрдүүлгээр эцсийн хяналт тавьдаг. Нэг нь Засгийн Газрыг гишүүдийн олонхын саналаар огцруулна. Нөгөө нь УИХ өөрөө тарж, шинэ засгийн газар байгуулна – сонгуулийн дүнгээс хамаарч. Хоёр дахь төрлийн хяналт бол том мөрийтэй тоглоом. Төдийлөн хэрэглээд байдаггүй. Харин эхний сүрдүүлгийг түгээмэл хэрэглэнэ. Харин Засгийн Газарт итгэл хүлээлгэх эсэх асуудал нь ЗГ-ын зүгээс УИХ-ыг сүрдүүлдэг механизм.
Зөвхөн Монгол гэлтгүй Парламентын засаглалтай улсад Засгийн Газар богинохон насалдаг. Судалгаа хангалттай байгаа. Ялангуяа дэлхийн 2-р дайнаас өмнө бол ердөө 2 гаруй жилийн настай Засагтай байсан Европын парламентууд, дайны дараа дунджаар 4 жил болж уртсан төдий. Энэ бол тийм муу зүйл биш. Учир нь Засаг солигдох уу? эсхүл Улс төрийн тогтолцоо өөрчлөгдөх үү? гэвэл Засаг солигдсон нь хамаагүй дээр. Улс төрийн тогтолцоо солигдоно гэдэг бол хувьсгал – хэт радикал, үндсэрхэг үзэлтнүүд, бидний жигшдэг попууд гарч ирэх хөрс.
Харин Монгол Улсын Үндсэн хуулиар Засгийн Газрыг огцруулах босгыг өндөрсгөсөн, нөгөө талдаа УИХ-ын сүрдүүлгийн картыг хумьсан. Их хурлын нийт гишүүдийн 50-ээс дээш хувь нь огцруулах эсхүл нийт гишүүдийн 66-аас дээш хувийн саналаар УИХ тарах замаар Засгийн Газарт эцсийн хариуцлага тооцно гэдэг бол маш өндөр босго. Ялангуяа гишүүд нь сайдаар суучих, гишүүн сайдыг дагасан сүлжээ үүсчихэд Засаг огцорч биш, хувьсгал гарч эрх мэдэл солигдох вий.
Улс төр зодоонтой байх, хоорондоо зөрчилдөх, засгийн газраа солих, баян цөөнх хуваагдах бол эрүүл үзэгдэл. Хамгийн чухал нь хуулийн дор учраа олдог механизм байх ёстой. Хууль - Үндсэн хууль энэ механизмыг хааж болохгүй. Ялангуяа “баян цөөнх засагладаг” манай тогтолцоонд ялагч төрүүлэхгүй байх, ялагчийг унагах механизмыг нээлттэй үлдээхгүй бол төр солигдоно, энх замаар уу? эсхүл эрүүл бусаар уу? гэдэг хамгийн үнэтэй тоглоом.