Нийтлэл 09 сарын 08, 2022

БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Хүүхдүүдээ өндөр хашаанаас гаргая!

“Монголын төр хамаг хүчээрээ ганц Соронзонтой зодолдсон нь” хэмээх элэг авмаар цуврал хэдэн сар үргэлжилж байна. Нарийн яривал хэдэн жил үргэлжилж байгаа юм. “Зохион байгуулалтад орсон цөөнхийн зохион байгуулалтгүй олонхоос илүү үр нөлөөтэй байдаг” хэмээх алдарт дүгнэлт Мансур Олсоных. Монголд нэгдсэн төрөөс хүчтэй явцуу эрх ашгийн голомт үүсэх амархан гэдгийг энэ үйл явдлаас харж болно. Энэ тухайд олон талаас нь бичсээр ирсэн тул энэ удаа гол асуудалдаа анхааръя: Монголын бага дунд боловсрол.

Монголын дунд боловсролд Бритиш, Канад, Хятад, Япон, Орос, Сингапур... газар газраас мөнгө татаж ирээд сургууль барьдаг. Барихдаа хамгийн хачирхалтай нь монгол хүүхдийг Монголын нийгмээс нь таслах өндөр хашаанууд барьчдаг. Эцэг эхчүүд өндөр хашааны цаана хүүхдээ хашихын тулд өндөр төлбөр төлөөд үүргээ биелүүлсэн нэртэй болдог. Тэдгээр хашаанууд дотор тусгаар улсдаа бууриа сахиж үлдсэн монгол үндэстэн хэдэн хэсэг хэлэнд, хэдэн хэсэг соёлд хуваагдсаар байна.

Дээр нэг гаднын хөрөнгө оруулалттай дунд сургуульд яриа хийхээр очсон. Гадаад багш нартай нь хэдэн үг сольж үзэхэд л Монголын талаар юу ч мэддэггүй нь илт байсан. Монголыг мэддэггүй хүмүүс яаж монгол хүнийг бүтээх юм? Англи, хятад, япон хэлээ бол заачна. Эцэг эхчүүд гадаад хэл сурах биелээгүй мөрөөдлөө хүүхдээрээ дамжуулан хүрдэг. Гэтэл гадаад хэл гэдэг юм тэр эцэг эхчүүдийн үед л ховрын бараа байснаас биш тийм сүртэй, балчир наснаасаа өндөр хашааны цаана хоригдон барин сурах албатай эд ч биш. Эх хэл бол өөр хэрэг. Эх хэлийг дараа нь эргэж сурна гэж байдаггүй. Үндэс угсаагаа бие сэтгэлдээ шингээж өснө гэдэг бас нэг өөр хэрэг. Тэрийг алтан ордон барьж, Билл Гейтс ирж заагаад ч суулгаж өгч чадахгүй. Sense of belonging, identity, өөрийн гэсэн үүртэй, эх олонлогтой, харьяалагдах мэдрэмжтэй амьдрал замналыг гадаад хэл орлохгүй. Энэ бүхнийг хүүхэд хашаанаас гарч, нийгэмдээ, үе тэнгийнхэн дундаа орж уусаж холилдож байж олж авна.

Жанхуу иддэг үхэр монголчуудтай холихгүй, миний хүүхэд өөр замаар явна гэж байгаа бол нэгмөр тэр орон руугаа нүүцэн нь шулуун шүү. Хүүхэд ядаж л тэндээ өөрийн гэсэн коммюнити, минийх гэж санах хот тосгонтой өснө. Хүүхдийг өндөр хашаанд гадаад хэлээр нүдээд глобал боловсон хүчин болох уу болно. Сайн корпорэт ажилтан болно. Гэхдээ улс орон иргэдээс бүрддэг болохоос корпорэт ажилчдаас бүрддэггүй. Энэ бүхнээс хувь хүний болон үндэстний түвшинд өөр хоорондоо уялдаатай сонин сонин асуудал урган гарна. Нэгд, эх хэл, эх коммюнитигээ мэдэрдэггүй хүүхдийг нөгөө коммюнити нь хүлээж авдаггүй. Энхбаярын Батшугар бн. Маш өндөр боловсролтой, сайн ч залуу. Монгол сонгогчидтой долгион барьж чаддаггүй. Намын аппаратаар нүдүүлж байж нэг юм арай гэж их хуралд суусан. Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байсан мань хүнийг монголчууд шууд л тэнэг бацаан гэж үзсэн байдаг юм хаха. Ер нь улстөрчдийн гадаадад сурсан хоёрдох үеэс Монголд лидер болчих хүн үзээд өгье гэсэн ч байхгүй. Маргааш ч асуудал давтагдана. Өндөр хашаанаас нэг өдөр гарч ирээд намайг дагацгаа гэвэл монголчууд зүгээр дунд хуруу өгөөд Чойномыг нь уянгалуулан уншиж өгдөг нэг нөхрийг сонгох болно. Бараг тэр нь ч зөв. Өнөөдөр хүүхдүүд яагаад нэг өндөр хашаанд өссөн лаг гадаад хэлтэй бачкаг биш сэксцагаанбогдыг сонсож бга юм? Өөрсөд дундаас нь төрсөн болохоор тэгж бга юм. Энэ мэт асуудлууд нийлсээр үндэстний түвшинд нийгмийн эв санаа эвдэрч, үл ойлголцол гүнзгийрч, нэгдлээс илүү хагарлын улстөр давамгайлах болно. Украйнийн дайн бол яг л энэ мэт олон зуун жил бүрдсэн хагарлын соёл дээр том гүрнүүд бөмбөг хаяж тоглож байгаа үзэгдэл. Шинэ монголчууд баяжих, лаграхын хүсэлдээ сохорч оршихуйдаа аюултай тоглоом тоглож байна гэсэн үг.

Тэгээд яах вэ гэдэг асуулт. Хуульч Боннын Алтангэрэл их зүйтэй санал дэвшүүлсэн байв. Нэгд, сургуулиудын нэрийг жигдрүүлж 1, 11-р сургууль шиг зүгээр дугаарлах хэрэгтэй. Нэг л их сургуулийнхаа урд бусад улс үндэстний нэрийг зүүсэн хүүхдүүд. Нэрээр зогсохгүй бага ангид хөтөлбөрийг жигдлэх. Хоёрт, хугацаа алдалгүй ядаж л 1-5-р ангид хувийн сургуулиудын  зөвшөөрлийг цуцлах. Санаа зоволтгүй, улстөрчид хүүхэд нь хувийн сургуульд явж чадахаа больчихвол аяндаа улсын сургуулийг хөгжүүлээд эхэлнэ. Тэгээд харьяа сургуульдаа явах болж түгжрэл ч алга болно. Эх хэлний сууриа тавиад авсан дунд ангиас дээш бол лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү одоо дүүрчээ.

Энэ бүхнийг нийгмээс захиалахгүй бол хэзээ ч улстөрчид санаачлахгүй. Орос 3-ын эцэг эхчүүд шиг миний хүүхэд л хашаандаа сайн сурч байвал болоо гэсэн аминч үзлээр бол Монгол Улс хэл соёлын болон нийгмийн анги задрал руу эргэлт буцалтгүй явсаар байна. Хүүхдүүдээ аль нэг улсын болон эсвэл шашин үзэл санааны фанатууд, культ болж өсөхөөс хамгаалах нь төрийн болон насанд хүрэгсдийн үүрэг. Эцэст нь: Орос 3-ыг татан буулгаж шинээр байгуулах хэрэгтэй. Ер нь улстөрийн түүхэнд нийгэмд хэт нягт масс үүсээд ирэхээр задлах хэрэгтэй байдаг юм.

arrow icon