Нийтлэл 12 сарын 04, 2022

Уламжлал ба ардчиллын зарим асуудал

2014 онд Мизес институцээс "From Aristocracy to Monarchy to Democracy" гэж ном гарсан. Ардчилал язгууртны болон хаант засаглалаас юугаараа сул талтай болох тухай шинжилсэн агуулгатай. Аристокраси руу буцдаггүй юм гэхэд ардчиллын сул талуудыг оношилж засаж залруулахад туслах сонирхолтой материал байгаа юм.
 
Жишээлбэл аристокраси, эсвэл хаант засаглалд элитүүд "Юу сайн бэ" гэдгийг төлөөлж чадах удирдагч гэдгээ баталж байж ард түмнээс дэмжлэг авч үлддэг. Эр зоригтой, шударга гэх мэт ард түмний үнэт зүйлсийн илрэл гэдгээ батлах хүсэлтэй байдаг. Ардчилалд харин асар олон оролцогч, асар олон ашиг сонирхол үүсэж, моралийн хувьд "Юу сайн бэ" гэсэн асуултад хариулах тодорхой эзэн биегүй болдог гэжээ. Манай Монгол ардчилсан улс боловч соёл, сэтгэлгээний хувьд уламжлалт шинжээ хадгалсаар байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр төрд болон улстөрчдөд манай түүхэнд Чингис хаан тэргүүтэй хаад язгууртнуудын төлөөлдөг байсан "Юу шударга сайн" болохыг илэрхийлэх, төлөөлөх шаардлага тавьдаг. Төрийн ордны өмнө хогоор сүлд мод засахад дургүйцэж байгаа нь үүнтэй холбоотой. Төв талбай дээр хог засах, төрийн ордонд маажиг пүүз чирч орох, төрийн түшээд нь архидах завхайрах зэрэгт эмзэглэх, дургүйцэх нь төрийг хайрлах гэхээсээ төрөөр дамжуулан илэрхийлж байсан үнэт зүйлсээ буюу өөрсдийгөө хамгаалах зөн гэж үзэж болно.
 
Уламжлалаас модерн руу шилжихийн хэрээр энэ бүхэн өөрчлөгдөөд явна. Гэхдээ оронд нь санал болгох орчин үеийн хэм хэмжээнүүд биежээгүй байхад бүх юмс шилжин өөрчлөгдөж байх шатанд энэ бүхнийг нь тасралтгүй, ичгүүр сонжуургүй, үл хүндэтгэлтэйгээр гутаан доромжлоод байх юм бол нийгмийн эв санааг уялдуулж байдаг итгэлцэл, хүндэтгэлийн нарийн уялдаа холбоосууд тасарч, төрийн, улстөрийн болон нийгмийн элдэв хямрал дагалдаж "failed state" буюу ерөөсөө төр улсын хувьд фэилдсэн, задарсан, дотроо дайтсан олон улсын араас орох эрсдэлтэй. 20, 21-р зуунд ардчилалд шилжих, эсвэл ерөөсөө модернд шилжих шатанд олон орон энэ замаар орсон, Монгол араас нь орохгүй гэх баталгаа хаана ч байхгүй.
 
Нэн ялангуяа парламентад суугаа гишүүдийн элдэв асуудал ч энэ мэт төрийг үзэх үзэл, нэр хүнд, итгэлцэлтэй холбоотой бөгөөд айл гэрийн ор дэр, хана туургаар тогтох асуудал огт биш юм. Хувьдаа үнэт зүйлсээ, оршихуйгаа хамгаалах зөнгөөр бухимдаж, хилэгнэж байгаа монголчуудаа ойлгож дэмжиж байна. Ордны өмнө хог засаж, ордонд гутлаа чирч, ордноор архидаж завхайрч байгаа хямдхан халтар новшнууд ерөөсөө бүгдээрээ талбай хавиас зайлцгаавал Монголын оршин тогтнохуйд тустай.
 
Гишүүдийг хэн ч хүчилж гишүүн болгоогүй. Эд нарыг ер нь гишүүн биш төлөөлөгчид гэж нэрлэх нь зүйтэй. Би та нарыг төлөөлөөд өгье гэж өөрсдөө дур, мөнгө гаргаж санал цуглуулаад парламентад суудаг. Бид нарыг төлөөлнө гэдэг нь юуг төлөөлж байгаа билээ? Тодорхой хэмжээнд ёс зүй, сайн сайхныг төлөөлөх үүрэг хүлээнэ биз дээ. Нээх худлаа эр эмийн асуудал яана аа ийнээ. Ард түмний төлөөлөгчид хувь хүний төлөвшил, ёс суртахууны хувьд жир иргэнээс дээрдэхгүй юм гэхэд ядаж дунджийг төлөөлөх чадваргүй бол мэдээж шүүмжлүүлнэ. Ундрамын нөхрийн бичсэн зүйлсээс ялангуяа бид нарт хамаатай нь улстөрчдийн архидалт. 7 хоногт 2-3 өдөр согтуу ирдэг гэж бичсэн байна. 2 өдөр согтуу, 2 өдөр шартаад тэгээд ганц өдөр хууль баталсан болох уу? Энэ ганц Ундрамын асуудал мэдээж биш. Эртээд нэг МАН-ын гишүүн аминдаа сайн санаагаар -Чи манай намын архины соёлыг дийлэхгүй ээ гэж бсан. Юугаараа ч гайхуулаад бган арай тэнэг мунаг уу lol. Хууль бичнэ гэдэг төвлөрөл, цаг хугацаа, эрүүл ухаан, хөдөлмөр. Гостуу, шартсан хүмүүс хууль батлаад байхаар нийгэм тэр аяараа доройтож, хуулийн засаглал лөөлөө болно ойлгомжтой. Одоо яая гэхэв хамаг юмыг оюун ухаант хүний ухамсраар биш хяналт шийтгэлээр шийдэж явдаг нийгэм тэр аргаараа гишүүдийг чуулганд суухад өглөө болгон үлээлгэвэл таарна. Өглөө үлээчээд гарч яваад уучиж мэднэ, өдөрт гурав үлээлгэ. #ЗөвхөнМонголд цуврал: Архичин гишүүд Архидалтын эсрэг хууль баталжээ. Ёс зүйгүй гишүүд Ёс зүйн хороо байгуулжээ.
arrow icon