Нийтлэл 04 сарын 13, 2015

Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлая

 1945 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монголын ард түмэн 100 хувийн саналаар тусгаар тогтносон улс байх хүсэл эрмэлзэлтэйгээ илэрхийлж, зовсон ч, жаргасан ч өөрийнхөө эрхээр байх замыг сонгосон. Үүний л төлөө тэд хэдэн зууныг дамжин халуун амь, бүлээн цусаа зориулж ирсэн. Энэ цагаас эхлэн хөрш зэргэлдээ орнууд, дэлхийн бусад улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-ын албан ёсны гишүүн улс болж, өдгөө 181 оронтой дипломат харилцаа тогтоон, Монголын ард иргэдийн тусгаар тогтнолын хүсэл эрмэлзлийг баталгаажуулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 5 улсаар Цөмийн зэвсэггүй бүсийн статусаа хүлээн зөвшөөрүүлсэн. Энэ бүхэн Монголын ард түмний хамтдаа хүрсэн амжилт, үнэлж баршгүй өв юм. 

Энэ замд дэлхийн 1, 2 дугаар дайн болж, баруун, зүүн гэсэн шинэ дэг журам тогтож, томоохон эдийн засгийн хямрал хэд хэдэн удаа тохиож, даяарчлал, дангаарчлалын шуурга өрнөсөн. Гэхдээ бидний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө хүсэл эрмэлзэл буурах биш улам батжиж ирсэн.

 

Сүүлийн үед хэдэн зууны турш өвөг дээдсийн минь хүсэл эрмэлзлээр бүрэлдэж, өдгөө 3 сая иргэний хамгаалалтад байгаа Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг дорд үзэх, хэзээ мөдгүй хагарчих гэж буй хэврэг зүйл мэт ярьж, үүнийгээ хүмүүст түгээх, эрх мэдэлд хүрэх хэрэгсэл болгох хандлага нэмэгдэж байна. Бидний тусгаар тогтнол зүгээр л хар аяндаа буй болоогүйтэй адил амар устаж үгүй болохгүй. Түүнийг бидний өвөг дээдэс цусаараа будаж, хөх тэнгэр дор алтан соёмбоор тамгалж, үр хойч бидэндээ өвлүүлсэн юм.

Энэ тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа нь Монголын газар нутаг, ард түмэн, тэдний дээдлэн ирсэн төр юм. Гэтэл төрөө хүндэлдэг, хайрладаг Монгол сэтгэлгээ алдагдахад хүрч байна. Чингис хаан айлдахдаа “Хатагтай хүнд гурван эр буй. Анхны эр нь алтан төр Дараах эр нь ариун нэр. Түүний дараах эр нь авсан эр мөн болой. Алтан төрийг хатуужин дагаваас ариун нэр бэлэн болмой. Ариун нэрийг бэхэлбээс авсан эр ангид үл болмой” гэсэн байдаг. Үүнийг эр хүн ч санууштай. Гэтэл алтан төрийг бус атгаг шуналаа дагасан хүн олширч ариун нэргүй болсон хүмүүс төрийн хаяа хатавчинд суух нь олширчээ. Харин алтан төрд өөрт нь буруу зүйл нэгээхэн бээр ч үгүй билээ. Тэр тэнгэр мэт оршсоор буй. Гагцхүү түүний орон зайг дүүргэн суугч сувдаг сэтгэлт цөөхөн хүн л төрийг муухай харагдуулж байгаа. Үүнийг ялгаж салгаж ойлгож байж л бид зөв сонголт хийнэ. Ард түмэн төрд биш өөрт чинь итгэхээ больж байгааг ойлгох хэрэгтэй улс төрч өө.

Тусгаар тогтнолд 1+1=2 гэдэг шиг томъё байхгүй. Тэр тусмаа уул уурхайн орд газар, эсхүл цахилгаан станц, өр зээл, төмөр зам хэзээ ч тусгаар тогтнолын үнэ цэнэтэй тэнцдэггүй юм.

Энэ нь аливаа улсад байдаг хөгжлийн л асуудал. Тэдгээрийг зөв ашиглаад явбал манай эдийн засагт хэрэгтэй л байх. Ашиглахгүй байсан ч Монгол Улс устаж үгүй болохгүй, сөнөж мөхөхгүй. Гэтэл зарим хүний хувьд үүнийг ашиглахгүй л бол Монгол Улс мөхөх гээд байгаа мэт, ашиглавал өөр баялаггүй хоосорчих гээд байгаа юм шиг, төмөр замаа өргөн эсвэл нарийн царигаар тавихгүй л бол бид устчих гээд байгаа мэт хоосон айдсаар иргэдийн толгойг угаасаар байх юм. Манай тусгаар тогтнол, аюулгүй байдал нэг орд,эсвэл төмөр замын цариг дайны хямдхан бас амархан гэж үү?

Тусгаар тогтнол мөнгөөр үнэлэгддэггүй юм. Монголын өвөг дээдсийн зуун зуун жил амь насаа өргөн ирсэн түүх үүний тод жишээ мөн гэдгийг дээр хэлсэн. Өнөөдөр Палестины асуудал хамгийн ойрын жишээ болно. Бусад улсаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд мянга мянган хүн амь насаа алдаж, хэдэн саяар тоологдох хөрөнгө урссаар л байна. Дипломат харилцааны хувьд “тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх” гэсэн үг хэчнээн үнэтэйг бидний туулсан түүх харуулна. Гэтэл манай улс гадаадын тийм улстай дипломат харилцаа тогтоолоо, эсхүл Монгол Улсыг төлөөлж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн гадаадад айлчиллаа гэхэд зарим иргэд “үхсэнээ хийж тэнэж байгаа юм, тэр улстай дипломат харилцаа тогтоож яах юм” хэлэхийг сонсоод халаглах юм. Дипломат харилцаа тогтооно гэдэг тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж байна гэсэн үг юм шүү дээ. Энэ ч утгаараа Гадаад хэргийн сайд асан Л.Болдын УИХ-ын чуулганд хэлсэн “Гадаад харилцааны яам бол тусгаар тогтнолын яам болохоос гадаад худалдааны яам биш” гэсэн үг айхавтар мэргэн үг санагддаг.

Мэргэн хүн та “Би Монгол эх орныхоо тусгаар тогтнолоор бахархаж байна” гэж үнэн сэтгэлээсээ хэлээрэй. Та бид тэгж бодож, хэлж байгаа цагт л Монгол өвөг дээдсийн минь сүнс амгалан нойрсоно.

Зургийг: https://www.dorgio.mn/news/society/busa/20332

Сэтгэгдэл бичих

arrow icon