Нийтлэл 04 сарын 30, 2015

Хямралын гарц бол экспорт

     Танилцуулга: 2015 оны босгон дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ Монголын эдийн засаг хямрлаа гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Эдийн засгийн тодорхойлолтын хувьд 2 улирал дараалан эдийн засаг агшихыг хямрал гэж нэрлэдэг. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын байдлаар ДНБ 16.5 их наяд төгрөгт хүрч, энэ эрчээрээ явбал манай эдийн засаг 7 орчин хувьтай өсөх аж. Гэтэл ард иргэдэд яагаад өсөлт хямрал мэт мэдрэгдээд байна вэ? Үүнийг цаана үндсэн хоёр хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт манай эдийн засаг 2011 онд 17.5 хувь, 2012 онд 12.3 хувь өсөж байснаа буурч 2013 онд Засгийн газрын зүгээс болон Монгол Банкны бодлогын үр дүнд 11.8 хувь өсөж, улмаар энэ жил 7 хувь өсөж байгаа нь бидэнд цагт 100км хурдтай явж байгаад хурдаа сааруулж цагт 50 км хурдтай болж буурсан мэт мэдрэмж төрүүлсэн байх. Хоёрдугаарт уул уурхайн салбар л үнэндээ 2014 онд эдийн засгийг авч гарч байгаа бөгөөд Дэлхийн Банкнаас гаргасан тайланд тусгаснаар 2014 оны эхний гурван улирлын хугацаанд ДНБ-ний өсөлтийн 71 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн байна.

 

 

Харин энэ хугацаанд барилгын салбар 11 хувь, бөөний болон жижиглэн худалдаа 6.8 хувиар тус тус унажээ. Хамгийн их өсөлттэй салбар болох уул уурхайн салбар нийт албан ёсоор хөдөлмөр эрхэлж буй ажилчдийн 4 хувийг ажлын байраар хангадаг. Гэтэл хамгийн өндөр хувиар богино хугацааны ажлын байр бий болгодог барилгын салбар, ажлын байр ихээр үүсгэдэг үйлчилгээний салбар хоёр 2014 оны сүүлд 10 хувь буурсан нь өнөөдөр нийт ард иргэдэд хямрал нүүрлэж байгаа мэт шууд тусаж байгаа юм. Эдгээр салбарыг тусгайлан тасалж авч үзэж болдог бол бөөний болон жижиглэнгийн худалдаа, барилгын салбарт хямрал бодит утгаараа нүүрлэжээ.

Манай бизнес эрхлэгчид одоогоор 2015 оны бизнес төлөвлөгөөгөө аль хэдийн гаргаад Төлөөлөн Удирдах Зөвлөлөөрөө батлуулаад дуусаж байгаа. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал дээр тавигдсан гол асуултын нэг бол 2015 онд үйл ажиллагаандаа ямар өөрчлөлт оруулах вэ, цаашид ямар арга хэмжээ авах гэдэг асуулт байсан гэдэгтэй та бүхэн санал нэгдэх байх. Эдийн засагчийн хувьд үзэхэд 2015 оныг бизнес эрхлэгчид маань эдийн засгийн хүндрэлтэй жил болох талаас нь бэлтгэлтэй хандах нь зөв.

Нөгөө талаас эдийн засгийн хямралтай үед гаргасан зоримог шийдвэрүүд цаашид компанийг үндэстэн дамнасан корпорац болгон томруулах үндэс болж өгдөг. Нэг ёсондоо бид 2015 онд хямралын дүр зурагтаа дарлуулж, дунд болоод урт хугацаанд бидэнд олдож байгаа боломжуудаа орхиж болохгүй, эдгээр боломжууд маань богино хугацаанд ч гэсэн хувийн хэвшлийн болоод улс орныг тулгарч буй хүндрэлээс гаргах хүч болж өгнө.

 Үүнийг бид гурван ойлголтоор тайлбарлая.

 

Нэгт бид зөвхөн Монгол гэсэн зах зээл дотроо өрсөлдвөл бие биенээ татаж унагаана. Өнөөдөр манай томоохон үндэсний гэсэн тодотголтой компаниуд маань дотоодын зах зээлээ хувааж аваад хангалтай хэмжээнд нийлүүлэлт хийж байна. Архи, ус, ундаа, гурилан бүтээгдэхүүн гээд хүнсний бараанаас эхлүүлээд цемент, бетон зуурмаг барилга гээд Монголд үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн бүрээр зах зээлээ хувааж аваад хангаж байна. 2010-2013 оны хооронд эдгээр бүтээгдэхүүний хэрэглээ хүмүүсийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засаг тэлэхийн хэрээр огцом өсөлт үзүүлж байсан бол одоо жам ёсоор хэрэглээний өсөлт тогтворжиж, эдийн засагтай улбаатай хэрэглэгчийн зүгээс үзүүлж буй эрэлт тааз мөргөн удааширлаа. Хэрэв манай компаниуд зөвхөн дотоодын зах зээл дээр үргэлжлүүлэн өрсөлдөнө гэвэл дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн бүр дээр үнийн дайн улам ширүүсч, ёстой оршихуй эс оршихуй дээр тулах болно. Энэ бол зах зээлийн зарчим.

Анхны хөрөнгө оруулалт өндөр байх ёстой салбарт үнийн дайн бүх оролцогчоо татан унагаах хэмжээнд хүргэхгүй ч гэлээ, ашгийн түвшинг эцэст нь хүртэл шавхах аюул бий. Харин хөрөнгө оруулалт хамгийн бага шаардагддаг блок мэт зарим нэг бүтээгдэхүүний хувьд 100 гаруй компани зэрэг өрсөлдөж, тал хувь нь бараг сул зогсоход хүрээд байна. Налайх дүүрэгт гэхэд л 8-н блок үйлдвэрлэгчид байгаагийн 6 нь сул зогсож байх жишээтэй. Энд компанийн хүчин чадлыг нэмэгдүүлж хэрэггүй гэж хэлэхийг зорьсонгүй, харин энэхүү компанийн тэлэлтийн бодлогыг зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлалгүйгээр экспорт руу чиглүүлэх боломжтойг дахин дурдахыг зорьж байгааг уншигч авхай зөвөөр ойлгоно буй за. Монгол үйлдвэрлэгчид бид дотроо өрсөлдөж, нэг нэгнийгээ барихад улайрах биш харин гадаад зах зээл дээр гарч дэлхийн дайнд хүч зориг, ухаан бодлоо уралдуулах том зорилго агуулах хэрэгтэй.

 

Хоёрт урьд хойд хоёр хөршийн зах зээл дээр бид л өрсөлдөх юм бол хангалттай том зах зээл боломж байна. Үүнийг бататгаж хэлэх хэд хэдэн шалтгаан бий. Хятадаас эхлэе. Юуны түрүүнд сүүлийн 30 жилд Хятад улсад 500 сая хүн ядуурлаас гарч, дундаж давхарга тэр хэмжээгээр хүрээгээ тэлсэн. Эдийн Засаг Хамтын Ажиллагааны Хөгжлийн Байгууллагын дэргэдэх судалгааны төвөөс гаргасан таамаглалаар бол 2026 он гэхэд Хятадын дундаж давхаргаа дахиад 200 сая хүнээр нэмэгдэнэ. Үүний улмаас 2009 он гэхэд Ази номхон далайн бүс нутаг дэлхийн нийт дундаж давхаргын 18%-г эзэлж байсан бол 2030 он гэхэд энэ бүс нутагт дэлхийн худалдан авалтын гол сегмент болох дундаж давхаргын 66% амьдарч байх болно. Түүний ихэнх нь Хятадууд байна. Хоёрдугаарт Монгол улс хуурай газраар Хятад улстай хамгийн урт хилтэй улсад тооцогддог. Бид элэг бөөрөөр нийлсэн мэт ойрхон оршиж байна. Хятад улсын хойд хэсэгт хамгийн чинээлэг амьдралтай хүмүүс амьдардаггүй ч гэлээ Монголчууд бид бүгдээрээ үйлдвэрлэгчид боллоо ч гэсэн нийлүүлээд хангаж дийлэхгүй том зах зээл энэ хэсэгт оршин байсаар байна.

Саяхан хэвлэгдэж гарсан “Хятадыг 1 цагт” номд өнөөдөр Хятад улсад 700 сая гаруй хүн хотод амьдарч байгаа бөгөөд 2030 он гэхэд 1 тэрбум хүн хотод амьдрах бөгөөд ингэхийн тулд хотын тоо ч нэмэгдэнэ, хүн ам ч нэмэгдэнэ гэжээ. Өнөөдөр Хятадад нэг саяас илүү хүн амтай 160 хот байдаг бол Европт ийм дайны 35 хот байдаг байна. Тэгвэл МакКензи компанийн таамаглалаар бол 2025 он гэхэд Хятадад нэг саяас дээш хүн амтай 220 хот байна. Нэг ёсондоо Улаанбаатар хотын дайны 200 гаруй хот байна гэсэн үг. Бид ганцхан Улаанбаатар хотдоо бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлснээс урд, хойд хөршид байгаа Улаанбаатар шиг дайны зуун зуун зах зээл рүү хараагаа бэлчээх цаг ирсэн. Гуравдугаарт хойд хөрш маань Украины асуудлаас болоод тэдний худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа нийлээд хүндэрсэн. Мөн эдийн засгийн тодорхой хоригууд тавигдаж эхлээд байгаа. Цаашид ч богино хугацаанд энэ асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлт аль аль талдаа алга. Учир иймд Орос цаашид Европоос хамааралтай бүтээгдэхүүнээ бусад улсаас татан авах сонирхолтой байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол байтугай Чили, Бразил рүү өндөр түвшинд айлчлал, яриа хэлэлцээр хийж, эдгээр улстай хийж байгаа гадаад худалдааг тэлж эхэллээ. Өмнө ер стандартын хувьд тэнцэхгүй гэсэн ангилалд орчихоод байдаг байсан манай хэдэн махны үйлдвэрүүд маань нүд ирмэхийн зуур “онц” дүн авч, экспортлох зөвшөөрлөө авлаа. Энэ бол зүгээр мах, харин үүний цаана бидэнд олон боломж харагдаж байгаа гэдгийг нуух юун.

 

Гуравт Хятад улс хөгжихийн хэрээр олон үйлдвэр Хятадаас гарч бусад орон руу шилжиж байгааг бид өөртөө ашигтайгаар эргүүлэх хэрэгтэй. Манай өмнөд хөрш улс үйлдвэрлэлийн дараачийн шат руу аажмаар шилжиж байгаатай холбоотойгоор ойрын ирээдүйд 85 сая ажлын байр хөгжлөөр дутуу яваа улс руу шилжинэ гэж Дэлхийн Банкны Хятад гаралтай эдийн засагч Жастин Ифү Лин хэлсэн. Тэгвэл эдгээр ажлын байр шилжинэ гэдэг Хятадууд эндээс гарсан бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоно гэсэн үг биш бөгөөд илүү ашиг өндөртэй, технологийн илүү нарийн ажиллагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ анхаарлаа хандуулах учир эдгээр ажлын байрыг бий болгодог үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлж, эргээд бид Хятад руу экспортлох боломжтой болно гэсэн үг. Эдгээр ажлын байр Хятадаас “дүрвэх” гол шалтгаан гэвэл Хятадын ажиллах хүчний оролцооны түвшин 2012 онд хамгийн дээд цэгтээ хүрсэн бөгөөд нийт хүн амтай харьцуулахад ойрын ирээдүйд энэ түвшинд дахин хүрэхгүй учраас ажиллах хүчний хомстол руу бага багаар орно. Мөн 2013 оны байдлаар Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан тайланд Монголын нэг хүнд ногдох ДНБ 6 сая 54 мянган төгрөг буюу 3650 ам.доллар байхад Хятадад 6800 ам.доллар байгаа гэж Дэлхийн Банкны мэдээллийн санд байгаа нь тэнд хүний хөдөлмөрөөс хамаарал бүхий ажлын байр улам л өртөг өндөртэй болж байгааг илэрхийлнэ.

 

Эцэст нь гэж хэлэхэд Монгол улсын экспорт 2011 онд огцом өссөний дараагаар хоёр жил бууралттай явсан байна. Харин 2014 онд Оюу Толгой компани экспорт хийж эхэлснээр дахин огцом өсөлтийг үзүүллээ. Хэдийгээр манай экспортын бүтээгдэхүүн уул уурхайн бүтээгдэхүүнээс шууд хамааралтай байгаа ч гэлээ ирээдүйд үүнийг илүү төрөлжүүлэхийг төрийн зүгээс ч хүсч байгаа. Тийм ч учраас зөвхөн Монголын гэсэн үндэстэн дамнасан корпорацыг байгуулахаар зүтгэж байгаа хүмүүс ч биш, ер нь бизнесээ өргөтгөе гэсэн хүн бүр экспорт руу чиглэж ажиллах нь манай орны хөгжлийн гол гарц юм. Бидэнд асар том боломж байгаа гэдгийг мартаж болохгүй. Хятад хэлнээ хямралыг “危机” буюу “weiji” гэдэг бөгөөд үүнийг ханзаар бичихэд “боломж”, “аюул” гэсэн хоёр үгэнд ордог ханзыг нийлүүлж бичдэг. Цаад санаа нь хямралын үед боломж, аюул хоёр зэрэг оршдог гэсэн утгыг агуулдаг. Бүгдээрээ 2015 оныг боломжийн жил болгоцгооё.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon