Нийтлэл 06 сарын 11, 2015

Олонхийн ардчиллаас төлөөллийн ардчилал руу

               Ардчилал хөгжсөн орнуудад парламентийн сонгуульд зүүний болон барууны үзэл баримтлалтай ХОЁР голлох улс төрийн хүчнээс аль нэг нь давамгайлсан ялалт байгуулж, ялсан НЭГ нам дангаар Засгийн эрх барьдаг “мажоритар” сонгуулийн уламжлал улам бүр холдсоор байна.

Нийгэмд олон урьгалч үзэл, сонирхлын бүлэг, клубүүдийн үүрэг, оролцоо идэвхжиж, түүний хэрээр төрөл бүрийн үзэл баримтлал, бодлого санал болгосон улс төрийн намууд сонгуульд оролцож, сонгогчид хоёроос дээш тооны намд итгэл хүлээлгэн сонголт хийх болжээ. Ингэснээр нийгэм дэх олонх, цөөнхийн сонирхлын бүлгүүдийн тусгалыг төрийн эрх барих түвшинд төлөөлүүлэх, олонхийн хүчинд дулдуйдсан шийдвэр гаргалтаас олноороо зөвшилцөн шийдэлд хүрдэг ардчилсан засаглалын хэлбэрийг төлөвшүүлэх хандлага давамгайлж байгаа талаар өгүүлье.

 

                Тухайлбал, сонгуулийн мажоритар тогтолцоотой Их Британи улсад Консерватив болон Хөдөлмөрийн намууд ээлжлэн дангаар засгийн эрх барьж ирсэн уламжлалтай ч 2010 оны бүх нийтийн сонгуулиар нэг ч нам олонхийн санал авч чадсангүй. Сонгогчдын шинэ сонголтын үр дүнд эвслийн Засгийн газар байгуулах түүхэн үүрэг баруун-төвийн үзэлтэй Консерватив болон Чөлөөт ардчилсан намуудад ногдсон байна. Энэхүү уламжлалт бус засаглал буюу эвслийн Засгийн газрын тогтвортой байдалд олон нийт болон шинжээчид эргэлзэж байсан ч тэд үүргээ сайн биелүүлж, дараагийн ээлжит сонгуультай золгосон юм. Мөн Германы Бундестагд 316-аас дээш суудал авсан нам олонх болдог ба 2009, 2013 оны сонгуулиудад баруун-төвийн Христийн ардчилсан нам хамгийн олон суудал авсан ч дангаар засаглах хэмжээнд хүрээгүй тул бусад намтай хамтран эвслийн Засгийн газар байгуулж байв. Герман нь сонгуулийн холимог тогтолцоотой. Сонгуулийн пропорционал тогтолцоотой Финляндын парламент 200 суудалтай ба 101 суудалд хүрсэн нам олонх болдог бол 2015 оны сонгуулиар Төвийн нам 49, Финнс нам 38, Үндэсний эвсэл нам 37 суудал тус тус авч, мөн л баруун-төвийн баримжаатай эвслийн Засгийн газар байгуулсан.

Манай улсын хувьд 2002 оноос хойш явагдсан нийт 6 удаагийн сонгуулийн 5 нь мажоритар тогтолцоогоор явагдсан ба тухай бүр НЭГ нам олонх болж байв. Тухайлбал, 2000 оны сонгуулиар УИХ-ын 76 суудлын 71-ийг МАХН авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэхдээ тэд нийт сонгогчдын 50,4 хувийн л санал авсан ба үлдсэн 49,6 хувийн санал авсан сөрөг хүчинд дөнгөж 5 суудал ногдсон гэсэн үг. Мажоритар тогтолцоонд “нэгээр илүү бол мянгаар илүү” зарчмаар НЭГ нам хэт давамгай ялалт авч, цөөн саналын зөрүүтэй бусад нам дэмжигчдийн хамт нам ялагддаг дутагдалтай. Харин 2012 оны УИХ-ын сонгуульд холимог тогтолцоо ашигласны шууд үр дүнд аль ч нам олонхийг бүрдүүлээгүй ба УИХ-д 4-5 нам суудал авч, баруун-төвийн үзэл баримтлалтай Ардчилсан нам тэргүүлсэн албан ёсны эвслийн Засгийн газар байгуулагдсан.

Дээр дурдсан баримтууд нь сонгуулийн тогтолцоо ямар байхаас хамаарч 1/ ХОЁР намын НЭГ нь давамгайлсан, эсвэл 2/ ОЙРОЛЦОО суудалтай ОЛОН нам бүхий парламент бүрддэгийг харуулж буй юм. Энэ хоёр үр дүнгийн алийг сонгогч Та хүсэж байна вэ?

Эхний тохиолдолд, сонгогчдын өгсөн санал парламентийн бүтцэд гээгдэж тусдагаас орхигдсон саналын дэмжсэн үзэл төрийн бодлогоос хаягдах үр дагавартай ба энэ нь нийгэмд тааламжгүй уур амьсгалыг аажмаар хуралдуулах саар талтай. Гэхдээ НЭГ намаас бүрдсэн Засгийн газар бодлогоо тууштай хэрэгжүүлж, тогтвортой ажиллах давуу боломжтойг санах хэрэгтэй. Их Британийн 2015 оны парламентийн сонгуульд намуудын авсан саналын хувь тэнцүүлэн хуваасан байдлыг /баруун талд/, парламентад авсан суудалтай /зүүн талд/ нь харьцуулан дараах диаграммд үзүүлжээ. Энд үнэхээр сонгогчдын санал эцсийн үр дүнд бодитоор тусаагүй буюу зарим нам парламентаас “алга болсон” нь харагдаж байна. Сонгогчид сонгуулийн мажоритар тогтолцоо Их Британийг эвдэж байна хэмээн халагласан байна.

 

Удаах тохиолдлын хувьд, сонгогчид ямар сонголт хийнэ тэдний санал төр, засгийн бүтцэд шууд тусгалаа олдгоороо давуу талтай. Тиймээс ч ардчилал хөгжсөн орнууд сонгуулийн дан пропорционал, эсвэл пропорционал ба мажоритар тогтолцооны холимог хувилбарыг ашиглах хандлага руу тууштай чиглэж байна. Монгол улсад 2012 онд сонгуулийн холимог тогтолцоо буюу УИХ-ын 48 суудлыг тойрогт олонхийн санал авсан нэр дэвшигчдээр, 28 суудлыг намуудын авсан саналд хувь тэнцүүлэн хуваарилах аргыг хэрэглэсэн.

Энд сонгогч өөрийн тойрогт нэр дэвшигч ба аль нэг намын төлөө гэсэн хоёр санал өгөх юм. Германы парламент 598 суудалтай ба дээрх харьцаа 299 ба 299 байдаг. Сонирхуулахад,

Германд улс төрчид нам сэлгэхийг хязгаарлах буюу намууд өөр намын гишүүн байсан хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хууль 2009 оноос үйлчилж эхэлжээ.

    Сонгуулийн пропорционал эсвэл холимог тогтолцооны үр дүнд харьцангуй олон нам парламентийн (ихэвчлэн 5 хувь) босго давах боломжтой ба парламент олонхгүй буюу ойролцоо суудалтай олон намаас бүрдэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Ингэснээр олон нам бүхий парламент нэгдсэн шийдэлд хүрч шийдвэр гаргах хурд удаашрах, хариуцлага сулрах, Засгийн газрын тогтвортой, бүтээлч  байдалд сөргөөр нөлөөлөх муу талтай аж. Сайн тал нь удаан ч гэсэн сайтар зөвшилцөн хэлэлцэж гаргасан эцсийн шийдвэр чанартай бөгөөд хэрэгжилт нь хүртээмжтэй байдаг. Намуудын бодлогын зөрүүнээс гадна хувь улс төрч гишүүд олон нийтийн өмнө хувийн идэвхтэй байр суурь илэрхийлэх сонирхол давамгайлдгаас парламентийн нээлттэй мэтгэлцээний явцад нэгдсэн зөв шийдэл гаргах боломж буурч, магадгүй эсрэг үр дүн гаргах эрсдэл түгээмэл байдаг аж.

 

     Тэгвэл олон намаас бүрдэх парламентийн дутагдалтай талыг давуу тал болгон нөхөх боломж, шийдэл, сайн туршлагууд түгээмэл байдаг байна. Нэгэн жишээ дурдъя:1990-ээд онд ЗХУ задарсны дараа Финлянд улс эдийн засаг, нийгмийн гүн хямралд орсны улмаас баруун Европын, улмаар дэлхийн зах зээлд нэвтрэх сорилт тулгарчээ. Тухайн үеийн парламент олон намаас бүрдэж байсан ба улсын ирээдүйн хөгжлийн бодлого, чиг хандлагыг шинээр тодорхойлох шаардлага бий болсон ч нэгдсэн шийдэлд хүрэхэд бэрхшээл учирч байв. Иймээс намуудын зөвшилцлийн буюу “Ирээдүйн төлөө түр хороо – Committee for the Future”-г байгуулсан байдаг. Тус хороо нь намуудын шилдэг” төлөөллөөс бүрдэх ба нийгэм, эдийн засгийн реформ хийх зөвшилцөл, шийдлүүдийг амжилттай гүйцэтгэж, боловсруулсан бодлого, санал, дүгнэлтүүд нь мэргэжлийн байнгын хороодоор дамжин маш түргэн парламентийн шийдвэр болон гарч байв. Парламентийн дэмжлэг сайн байснаас Засгийн газар тогтвортой, үр дүнтэй ажиллаж, шилжилтийн шинэчлэлийг амжилттай хийж чаджээ. Зөвшилцлийн түр хорооны өгөөж өндөр байсан тул хожим аль ч парламентийн бүтцэд заавал байх байнгын хороо болгон Үндсэн хуулиндаа оруулсан байдаг.

Үүнтэй адилаар намуудын болон улс төрчдийн зөвшилцөл явагдаж, шийдэлд хүрдэг бүтэц парламентад бий болсноор, тухайлбал одоогоор манайд ид яригдаж буй сонгуулийн тогтолцоо сонгох, үндсэн хуулийн өөрчлөлт хийх гэх мэт, чухал асуудлуудыг нэмэлт цаг хугацаа, хөрөнгө, хүч зарахгүйгээр ард түмний бүрэн эрхт төлөөллийн хувиар парламент өөрөө нягт шүүн хэлэлцэж, зөвшилцөн үндэснийхээ эрх ашгийн төлөө “төгс” шийдвэр гаргах чадамж нь бэхжих юм.

 

    Ардчилсан нийгэмлэгийн орнуудад хөгжлийн төлөөх нийгмийн бүлгүүдийг бүрэн төлөөлөх чадвар бүхий бүх улс төрийн хүчинд ээлтэй сонгуулийн тогтолцоог хэрэглэх, нийгэм, улс төрд зөвшилцлийн ардчилал төлөвшүүлэх, мэдлэг мэдээлэлд суурилсан баялгийн үйлдвэржилт хөгжүүлэх баруун-төвийн үзлийг хөхүүлэн дэмжих хандлага давамгайлж байгаа талаар дурдлаа. Мөн төр, засгийн эрх барих байгууллагууд төлөөллийн ардчилал хэрэгжүүлэх бүтэц, тогтолцоотой болж, олон нам хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд хамтран ажиллах болсноор тэдгээрийн үйл ажиллагааны тогтвортой бөгөөд бүтээлч байдлыг хангах шинэ арга хандлага бүрдэж, улс орнууд бие биеийн туршлагаас харилцан суралцаж байна. Энэ нь бидэнд ч бас хамаатай.

И.Цэрэн

Сэтгэгдэл бичих

arrow icon