Өндөр уулаар яривал Уильям Шекспир бол зохиолчид дундаа Гималай юм. Бүх цаг үеийн ноён оргил болсон түүний бүтээлүүд хүмүүний зүрхийг эзэмдэж, сэтгэлийг эрхшээдэг. Бие хүн нь хэдэн зууны тэртээ бурхан болсон ч, хүний мөн чанар дотоод сэтгэлийг харамгүй дэлгэсэн эмгэнэлт жүжгүүдээрээ тэрээр мөнхийн хутгийг олсон билээ. Хэрвээ эмгэнэлт жүжиг ярьж чаддаг байсан бол “Уильям Шекспир” гэж хэлд орох байсан биз.
Тийм ээ, түүний суу билэгт түмэнтэй мөргөмуй. Өнөөдрийн арга билэг эвлэсэн энэ өдөр Лондонгийн Глобус театрын хамт олон манай улсад ирж Улсын Эрдмийн Театрт Шекспирийн алдарт зохиол “Гамлет” жүжгийг олон нийтийн хүртээл болгон тавих гэж байна. Миний бие хэдэн жилийн өмнө Н.Наранбаатар найруулагчийн тавьсан, С.Болд-Эрдэнийн гол дүрд жүжиглэсэн “Гамлет”-г шимтэн үзэж, сэтгэлдээ нэгийг тунгааж оюундаа нөгөөг буулгаж байсан. Харин энэ удаад Глобус театрын хамт олны толилуулж буй бүтээлийг өөрийн өчүүхэн ертөнцдөө буулгахын өмнө хэдэн үг тэрлэснээ энд хуваалцъя хэмээн бодлоо.
Бидний эчнээ мэдэх “орших уу эс орших уу” гэдэг алдарт үгийг Шекспир өөрийн бүтээлдээ Гамлетаар дамжуулан хэлсэн юм байна билээ. Саяхан даа, би түүнийг хэн гэдгийг ч мэдэхгүй байхдаа л “орших”-н төлөө картын бараанд оочирлож, тэр үед л сонины нүүрнээс “орших уу эс орших уу” гээд уншиж байснаа санах юм. Цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрчээ. Хорвоогийн тоосыг хором хормоор хөдөлгөж, хүний энэхэн орчлонд гэлдрэхүй дор бид бүхэн хүн гэдэг амьтныг бурхан тэнгэр хэрхэн бүтээснийг бага багаар ч атугай танин ойлгож, цаг явах тусам ухааны мэлмий тэнийнэ. Энэхүү танин мэдэхүйн замаар маажигнан сажлахдаа Гамлет хэдийгээр гадаад нэртэй, гадаад төрхтэй, гадаад далайн чанадаас үүсэлтэй авчиг өдөр бүр бидний дунд бодитоор оршин байгааг мэдэрч, гагцхүү бид зөвхөн Гамлет гэж хэн байдгийг ойлгож байна гэмээнэ л түүнийг эргэн тойрноосоо нээн илрүүлнэ. Нөгөөтээгүүр ийм зав чанартай, ийм авир араншинтай хүн нийгэмд хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу гэсэн бодол зөвхөн Гамлетын тухай мэдэж байж л төрнө. Хэдийгээр түүнийг төрүүлсэн Шекспир хадан гэртээ харьж, хэдийгээр тэрээр зөвхөн театрын тайзнаа амилдаг ч гэлээ энэ нийгэмд миний мэдэх олон хүнээс илүү бодитоор оршсоор байна.
Бид энгийнийг үзэж, энгийнийг л судалбал үүнээс энгийнийг л олно. Аугааг сонсож, аугааг үзвэл магад энэ төрхмөөс арай дээшилж, “зиндаа ахиж” ч мэднэ.
Үгүй ч байж мэднэ. Гэхдээ л “таны тэмүүлэл биднийг хөтөлнө” гэдэг шиг эрхэмсэг зохиолчид болох Толстой, Достоевский гээд ноён оргилуудыг Шекспир хөтөлж л байсан юм. “Толстой эмэгтэй хүний дүрийг бүтээж чаддаг байсан, харин Достоевскийн энэ тал дээр арай сул байсан ч гэлээ тэр хоёр хоёул төгс төгөлдрийг хайхдаа Шекспирээс суралцаж байв” гэж манай үеийн уран зохиолын шалгарсан шүүмжлэгч Харолд Блүүм өөрийн номдоо бичсэн удаатай.
Гамлетыг мэдэхгүйгээр бидний амьдрал сүйрэхгүй. Аа гэхдээ аугаа зохиолчийн тэнгэрлэг жүжгийг үзэж, зохиолын мөн чанарыг ойлгосноор Шекспирыг үнэлж, үнэлэхдээ гайхах бахархах хоёрыг хослуулан хүлээж авдаг. Түүний Гамлет жүжиг зуун зуун дамнасан зохиол гэдгээрээ биш зүрх хатгаж ухаан базалсан зохиол гэдгээрээ, хүний нийгмийн тусгал болсон үйл явцаар баялаг гэдгээрээ онцлог
. Хайр дурлал, атаа жөтөө, өс хонзон бүгд зэрэгцэн оршино, Оршихгүй гээд ч яах билээ.
“Өдрийн гэрэлд чи битгий итгээрэй
Өндөрт гялалзах одонд битгий итгээрэй
Энэ дэлхий дээр үнэн бий гэдэгт битгий итгээрэй
Эгэл миний хайр дурлалд л итгээрэй” (Polony, Act 2, Scene 2)
Энэ үгийг та өөрөө хэлээгүй ч гэлээ, илэрхийлэх гэсэн тэр утгыг өгүүлэх гэж зүдэрсэн зүрхний түмэн зовлонг бид бүгдээр мэдэхгүй юм гэж үү? Аль эсвэл зүрхний зүрхэнд хашгирч хоносон шөнө дөлүүд, догдолно догдолно гэхэд хорин дөрвөн хавирга нь бураа дотроо хангинатал догдолсон мөчөө мартаа юу? Тэр л амьдралыг чимж байдаг агшнуудыг санаж байгаа бол үгсийн хоршил, утгын холбоос нийлж, тухайн үедээ тэр үгээр илэрхийлж үсгээр бичишгүй гэж байсан мэдрэмжийг яасан яруу буулгаа вэ гэж бодогдохоор мөрүүд байгаа биз. Ийм ганганаар, тийм тодорхой хэлсэн мөр, бадаг зөвхөн Гамлет дээр ч биш, бас Макбет, Жулиас Цезарь, Лир Ван зохиолуудад түм бум бий.
Мэдэрч чадвал энэ бүгд тэр чигээрээ зүгээр л оргазмик.
Хурсан шар ус тарж, тарсан шар ус хуртал утга уянгыг мэдрэх аяа юутай гайхалтай, юутай таашаалтай.
“Энэ ертөнц дээр сайн муу зүйл гэж үгүй, гагцхүү бид юу гэж бодно бүгд тэр лугаа адил болно.” (“There is nothing either good or bad, but thinking makes it so.” Hamlet Act 2, Scene 2) Ингээд бодохоор нэг талаас амьдралаас урлаг төрөн гарч байгаа ч юм шиг, гэсэн хирнээ нэгэнт хайр дурлалын охин тэнгэр, атаа хорслын бие төлөөлөл, өс хонзонгийн амьд төрх гээд төрөл жанарт хувааж болдог бүгдийг утга зохиолд дүрслээд оруулчихсан юм шиг санагдахаар нөгөө талаасаа харин амьдрал ч урлагийг даган дууриагаад байгаа мэт. Энэ хорвоо ертөнцөд хүний оюун ухаанд тусахаас илүү олон зүйл бий шүү
гэж Гарациод Гамлет хэлсэн байдаг (“There are more things in heaven and earth, Horatio, than are dreamt of in your philosophy”. Hamlet Act 1, Scene 5). Тийм ээ тэр утгаараа энэ амьдрал баялгаар зогсохгүй бүр бидний бодсоноос ч илүү баялаг. Магадгүй хүн өөрөө харалган болохоороо энэ бүгдийг сэтгэлдээ багтааж чаддаггүй юм уу гэлтэй.
Хэрвээ энэ математикийн бодлого байсан бол бодож байгаад хариуг нь гаргаад тавихсан, даанчиг утга зохиол болохоор юуг эмгэнэлт юуг инээдмийн, юуг аугаа, юуг хог новш, юуг нь аваад юуг нь орхих ёстой юм гэдгийг хүлээж авч байгаа хүн та өөрөө л болгоох ёсон буй. “Бүү дуугар зүрх минь, тэс хүлц амаа барь” гэж Достоевский билүү нэг нь айлдсан билээ. Гамлетыг сонирхон үзэж, амтархан унших гэж байгаа танд магад би юуг ч хэлэлгүй, тэр амтыг өөрөө мэдэрнэ биз гээд дуугаа татах ёстой ч байж болох. Учир иймд, жанцан тиймд үүгээр өндөрлөе. Салахын ёс, гүнээ хүндэтгэн гүйцэтгэе! (Laertes, Act 1, Scene 3) Гамлет дээр уулзталаа баяртай!
Дөлгөөн гэдэг хүнийг эдийн засагч гэдэг талаас нь л хардаг байлаа. Энэ нийтлэл надад хувь хүнийг нь шинээр нээж өглөө шүү.
Би Болд-Эрдэнийн тоглосон ГАМЛЕТ-ийг үзэж амжаагүй. Сайн жүжигчин боловч миний ГАМЛЕТ-д хүрэхгүй дэг. 8-р ангийн пионер галстугтайгаа ГАМЛЕТ-ийг үзэж билээ. АЖ Жамсранжав гуай 16 настай миний цээжийг яриад зүрхэнд минь 'МАЙ ЧИ. Энэ бол ГАМЛЕТ юмаа' гээд сийлчихсэн юм. Түүнээс хойш би зүрхээ алдсан ФАУСТ шиг ГАМЛЕТ шиг 'хэзээ нэг цагт би нисэж л таарна' гэж стандарт бус шугам дээр хатуу зогссон. Үнэнийг хайж 8-р ангидаа нууцаар төвд ном үзэж багшаараа чогчин заалгаж цээжиллээ. Хэрэгтэй юм болов уу? Ленинийн 35 түүвэрээс хэрэгтэй зохиолуудыг шүүж уншаад аавтайгаа Социализмын мухардлыг Махны очертой зүйрлэн маргалддаг байж билээ. Одоо 30 шахам жилийн дараа буг нь, бурхан нь монголд биелэлээ олж мандан хөгжсөн ч МОНГОЛ улс маань шүүрэн шанага шиг навсайж орхиж дээ хөөрхий... Өшөө хорсол, Ганцаардал нь оюун ухааныг нь булигартуулсан ч үүлийн чөлөөний хурц нар шиг гэнэт гэнэт гялсхийх Гамлетын гайхамшигт үгийг Жамсранжав яг түүн шиг солиорох шахан, гүрээнийх нь судасны лугшилт нь мэдрэгдэж, цөхөрсөн харцанд нь улаа бууж хашгачих биш цөхөрсөн ядарсан чанга дуугаар 'ОРШИХ УУ? ЭС ОРШИХ УУ?' гэж толгойд минь хэлсэн тийм жүжиг үзээгүй удлаа даа. Глобусынхан МОНГОЛ-д ГАМЛЕТ-ийг авчирлаа. ГАМЛЕТ тоглогдсны дараа удалгүй Салхич шувуун дуу хатаж ӨӨРЧЛӨЛТИЙН САЛХИ шуурч ИХ САЛХИ НИЖИГНЭНХЭН ХӨДӨЛТҮГЭЙ болдог. \Би голдуу зохиолууд иш татлаа\