Манай Монголчууд юмыг нь тулгаж хийдгийн адилаар би ч гэсэн олон ажлынхаа хажуугаар Оросын Байгаль далай цаашлаад Карсандарск тосгон руу аялал хийе гэж эртнээс төлөвлөөд байсан юм. Ингээд хамгийн түрүүнд гадаад паспортаа хайлаа. Олдохгүй юм. Учир нь шинэ байранд орох гээд хамаг зүйлээ хураасан учир олдохгүй байгаа нь тэр. Ингээд паспортын хэлтэс дээр очиж торгуулаад шинэ паспорт захиаллаа. Визээ ч мөн захина. Вокзалын зүүн хойно байрлах Амур Трайвил дээр очлоо. Нэг хүний 130,000 төгрөг гэнэ. Яарахгүй бол 80,000 төгрөг. Би ч яарч байсан болохоор хоёр хүн гээд 230,000-аар захив.
Одоо машинаа янзлах л үлдээд байв. Миний болон манай ажлын машинууд ихэнх нь байгууллагын нэр дээр байдаг болохоор хилээр зөвхөн өөрийнхөө нэр дээр байгаа машинаар л гарах ёстой байв. Тэгэхгүй бол хэн дуртай нь хэн нэгний машиныг хулгайлаад унаад гарчихна шүү дээ. Ингээд машингүй болж яах учраа мэдэхгүй байтал нэгэн мэргэн арга орж ирлээ. Улан-Үдэд байх ах руугаа залгалаа:
- Ахаа нэг литр газ ямар үнэтэй байна наана чинь?
- 18 рубль байна.
Энэ нь ойролцоогоор 982 төгрөг. Манайд нэг литр газ чинь 1250 шүү дээ.
Ингээд байрны гадаа байх Kia-гийн газан машинаа асаалаа. Гэтэл яг тэр өдөр нь гурав дахь өдөр байсан тул "Өгөөмөр" худалдааны төв ажиллахгүй байж таарав. Виз ч гурав хоногийн дараа гарна гэсэн тул энэ хооронд амжихгүй ажлуудаа сайхан амжуулах боломж гарч ирлээ. Маргааш нь бие биенийхээ хийсэн засварыг голж, аанай л аа чамайг хулхитсан байна. Энийг ингээд янзалчихсан байна гэх "Өгөөмөр" захын гадаа байрлах засварчдаар цоо шинэ 4 амортизатор, рулын гидрийн насос, гээд хэрэгтэй зүйлээ авч солиуллаа. Өмнөх ажлаа бараагүй байж, минийх дээр баахан цаг алдсан засварчид их л нервтэй дуртай дургүй янзална. Бүр хожим янзалж дууссаных нь дараа амаржинаа шалгахад 4 боолтыг нь чангалаагүй байх жишээтэй. Тийм л толгой цустахаар юм хийдэг хүмүүс байна лээ шүү. Машин ч бэлэн боллоо.
Маргааш өгөө 8 цагт эртлэн босож визээ аваад жаал жуул хүнс бас (Манай ах Оросод 23 жил болж байгаа, Буриад эхнэртэй хүн) ахын эхнэрт нь бэлэг бэлдэж аваад гарлаа даа. Эндээс шулуухан 210 км давхиж Дархан ороод газаа дахин дүүргэлээ. Дарханаас цааш 130 км яваад Сэлэнгэ. Сэлэнгээс цааш 22км яваад Алтан булаг орлоо. Орос Монголын хил 24 цаг ажилладаг юм байна лээ. Тиймээс бид хоёр Дарханд ахындаа саатаж 00:00 өнгөрч байхад хилээр гарсан юм. Би чинь Азийн олон орноор, ялангуяа өмнөд зүгийн олон улсаар аялж байсан ч Орос руу долоон наснаасаа хойш очоогүй юм. Би тэнд уг нь дөрвөн жил амьдарсан хүн шүү дээ. Улан-Үдэд байх өөрийн хуучин байр, тоглоом, хүүхдийн паркаа бас харах давхар зорилго өвөртөлж яваа нь энэ. Иймд гадаад паспорттайгаар анх удаа Орос руу гарч байгаа гэсэн үг юм.
Манай " Буянт Ухаагийн нисэхийн шалганыхан их бүдүүлэг харьцаатай. Намайг дандаа биш байна гэдэг учраас би гарах болгондоо маргалддаг юм. "Замын Үүдийнх" ч ялгаагүй. Гэтэл манай "Алтан булгийн" шалганыхан тийм биш юм. Бүгд л эелдгээр инээмсэглэж, шөнө оройн цагаар биднээс өөр гарах хүн байгаагүйн дээр анх удаа гарч байсныг ч хэлэх үү маш тайван угтлаа. Ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зааж өгөн, очоод айл байгаа юу? гэх зэргээр олон зүйл дээр тусалж, дардсаа даруулж авав.
Ердөө 300м цаана байх Оросын хилээр орлоо. Манайхаас ялгаатай нь эелдэг биш, бас ууртай ч биш. Илүү дутуу үггүй асуух юмаа л асуудаг юм байна. Шалганых нь байрууд гэрэлтүүлэг ихтэй, замын цагдаагийн павильон шиг жижигхэн хоёр байртай аж. Үүнийх нь гадаа зогсож үйлчлүүлсэн учраас нэлээд даарав. Бүгдийг нь шалгасан хирнээ л их олон зүйл нэмж шаардах аж. Бид хоёрын унаж гарсан машин эхнэрийн нэр боловч би унаад явж байлаа. "Та яагаад барьж яваа юм бэ? Энэ хашаанаас гараад та жолооны ард сууж байвал машиныг чинь хурааж аван журмын хашаанд хийнэ. Бас 5000 рублиэр торгоно" гэв. Би ч за л гэлээ. Машин тэрэг, ачаа тээш бүр эгчид авсан бэлгийг хүртэл шалгалаа. Ингээд 40 минут шалгуулсны эцэст ашгүй нэг юм дардсаа даран, явууллаа шүү.
Хилийн дээс алхаад хамгийн их гайхшруулсан зүйл нь замын тэмдгүүд. Тэнэг хүн ч ойлгомоор. Зам нь манайхаас нэг их ялгагдах зүйлгүй ч хаа очиж нэг ширхэг ч нүхгүй юм
. Би цаашаа зөрүүд зандаа хөтлөгдөн машинаа өөрөө барьсаар 110 км явсны дараа Гусины озера буюу Монголоор "Галуут нуур" гэдэг хотод ирлээ. ДПС. Энэ нь замын цагдаа гэсэн үг. Намайг дохих нь ойлгомжтой.
- Сайн байна уу?
- Сайн байна уу? (Би чинь хүүхэд байхдаа дөрвөн жил амьдарсан учир хагас хугас Оросоор ярина.)
- Бичиг баримтаа.
- Май.
- Та буугаад ир. Ард яваа эмэгтэй чинь яагаад суудлын бүсээ зүүгээгүй юм. Арын номерын чинь гэрэл асаагүй байна, та яагаад даатгалаа хийлгүүлээгүй байгаа юм. Нэг холын гэрэл чинь асахгүй байна. Та яагаад жолоо барьж байгаа юм зэргээр асууж гарлаа. Би уучлаарай. Алдаа дутагдлаа заснаа л гэлээ.
Нааш ир гээд яг л Монголын цагдаа нар шиг машиндаа суулгав. Та 5 дүрэм зөрчсөн байна. Хамгийн багадаа нэг зөрчил 800 рубль. Нийлээд 4000 рублиэр торгоно гэв. Би ч мөчөөгөө өгсөнгүй.
- Би бол жуулчин. Танайд анх удаагаа ирж байна. Та миний паспортыг харж байна. Би одоо эхнэрийнхээ бүсийг зүүлгэж, Улан -Үдэд очоод гэрлээ солиулна. Шөнө хоёр өнгөрч байхад би хаана даатгал хийлгэх болж байнаа гэлээ.
- Тэр таны асуудал. Та Оросын хил дээр хоноод тэнд байрлах даатгалын газрыг онгойнгуут нь хийлгэж болох л байсан. Ингээд намайг нэг цаг байцаалаа. Яг л Монголын цагдаа нар шиг баахан зүйл л тэмдэглэж авлаа. Хотод байрлах гэрийн хаягаас өгсүүлээд дөрвөн хуудас юм бичлээ.
-Та ямар мэргэжилтэй вэ?
Өмнө нь Оросын ялангуяа Гусинийх мөн Буриадууд буддын шашин их шүтдэгийг нь санаад, мөн айдгийг нь санаад өөрийгөө зурхайч гээд хэлчихлээ. Тэгсэн удтал намайг харж байснаа
- За таныг би торгохгүй. Та энэ гэрээ нь дээр гарын үсгээ зур гэв. Энэ гэрээ гэхээсээ илүүтэйгээр амлалт юм. Гэрлээ засуулна. Арын хүн байнга бүсээ зүүнэ. Та болон танай хүн чинь заавал даатгал хийлгэнэ гэсэн заалтуудын ард гарын үсгээ зураад бичиг баримтаа аван, цааш хөдөллөө. Ингээд 260км цааш давхихад үүрийн 5:50 болж байхад Улан-Үдэ хотод ирлээ. Буриадын нийслэл. Улан-Үдэ.
Намайг хүүхэд байхад Красовкий брите гээд пүүз зардаг байсан газар. Утсаар заалгаж, заалгаж Сэлэнгэ мөрний эргээр давхиж ахынхаа гэрт ирлээ. МТС гэдэг утасны карт авч гарсан юм. Ах ч тосч авлаа. Эгч өглөө 06:00 цагт ажилдаа явсан учир ах биднийг Орос борщ, укроптой чанасан төмс, утсан загасаар дайллаа. Би ч шөнөжингөө жолоо барьсан учир унтахын түүс болон унтаад өгөв. Нэг мэдсэн 13:00 цаг хүртэл унтаж орхисон байна. Тиймээс босоод хувийн бэлтгэлээ хангаад гарлаа.
Ахтайгаа олон жил уулзаагүй ч гэрээс гармагцаа л намайг загнаж эхэллээ.
- За Дөлгөөн гуай, чи Улаанбаатарт байгаа юм шиг жолоо барьж болохгүй. Оросод жолооч нар бүгд гэрлээ асааж явдаг. Өдөр ч гэсэн. Бүх хүн суудлынхаа бүсийг зүүнэ. Мөн эгнээгээрээ яваарай. Дүрмээ сайн баримталж, замын тэмдгээ сайн хараараа гээд л үглэж гарав.
Би ч амьхандаа л хичээнэ. Гарц дөхөхөөр 40 км цагийн хурдтай явна.... нэг ч сигнал байхгүй. Хэн ч урдуур дайрч эгнээ байр булаахгүй. Бүгд урагшаа явна.Дохио өгөхөд арын машин шууд л надад хариу мэдэгдэж би эгнээ байраа чөлөөтэй солино.
Төв замын машинаа ямагт хүндэлж, хэзээ ч урдуур нь дайрахгүй. Явсаар даатгалын компани дээр очиход заавал жилээр нь даатгуулах ёстой, дээр нь гадаадын иргэн заавал өндөр үнэ төлнө гэсэн хууль дүрэм тэнд үйлчилдэг аж. Жилийн 8830 рубль гэнэ. Тэр нь оролцоогоор 436,300 төгрөг. хайж явсаар 15 хоногийн 2800 рубль буюу 138,800 орчим төгрөгөөр арай гэж даатгалаа хийлгэлээ.
Ингээд цаашаа газны клонк ороод газ авах гэтэл хушуу нь таарахгүй гэнэ. Машиндаа газ авч чадахгүй болохоор ингээд л дуусаа гэж бодлоо. Гэтэл ах ярьсаар байгаад эндээс холгүй 500м цаана нэг засварын газарт толгой сольдог болохыг олж мэдэв. Очтол дөрвөн Орос миний машиныг үзэж байгаад шланкаар нь сугалан авч солино 2000 рубль гэлээ. Тэр нь 99,000 төгрөг. Яах ч арга байхгүй тул Монголдоо очиж байгаад л учрыг нь олно гэж бодоод солиуллаа. 20 минутад цоо шинэ хошуу тавиулж, газаа дүүргэж авлаа. Хотоор бага зэрэг зугаалж, өнөөх амьдарч байсан газраа очиж зураг хөргөө даруулсны дараа цааш хөдөлж Торговый центр гэх (манайхаар бол "НОМИН" гэсэн үг) том дэлгүүр орж далай дээр очих хүнсээ цуглууллаа. Бөөний төв гэсэн хирнээ юмнууд нь хэтэрхий үнэтэй юм. Талхнууд нь халуунаараа, төрөл бүрээрээ 40-290 рубль аж. 1980-14300 төгрөг гэсэн үг. Ундаа жүүснүүд нь 59-200 рубль, мах нэг кг нь 130-370 рубль. Хиамнууд нь 120-780 рубль. Цэвэр ус 5л нь 50 рубль гээд л ....Бүх зүйл нь хавьгүй үнэтэй байв. Тиймдээ ч хүмүүс нь илүү дутуу зүйл биш зөвхөн өөрийн хэрэгцээ шаардлагад таарсан зүйлээ л авна.
Манай ах хувийн байшинд амьдардаг юм. Хашаандаа 10м ухаад л цэвэр ус гаргаж тахиа, гахай тэжээж дээр нь хүлэмж, төмс, лууван, укроп гээд л олон зүйлийн нарийн ногоонууд тариалдаг байна. Бусад айлууд нь ч тийм санагдсан. Юмны үнэ өндөр учир ихэнх ногоо болон хоолоо өөрсдөө тарьдаг. Бид хоёр тосгоны олон ч айлаар ороход нэг ч бохир айл тааралдаагүй, гэрээ их цэвэрхэн авч явдаг аж.Дандаа том, том мод түлнэ. Нүүрс ч түлэхгүй. Шалны болон цахилгаан эсвэл газан тень хэрэглэдэг байна.
Цаашаа бид нар Сэлэнгийн постоор гарч хөдөллөө. Зам дээр зогсох цагдаа болгон биднийг зогсооно. Тэр болгон дээр ах бухимдана. Гадаад дугаартай болохоор ч тэр үү цагдаа нар бүх бичиг баримтыг шалгаж, хаашаа явж байгааг хүртэл асууна. Улан-Үдэ хотоос гараад хувийн ажлаа амжуулахаар Оросын тосгоны дунд сургууль болон сүмүүдээр нь орж судалгаа хийсэн юм. Мөн хүүхдүүдийнх нь унших ном болон сурах бичгийн талаар судаллаа. 230км цааш аялаад Далай дээр шөнө 00:00 цаг болж байхад ирлээ. Мөнхөө гэх сайхан зантай Монгол ах биднийг угтаж авав.
Яг л далайн эрэг дээр Монгол хонь, ямаа аваачиж гаршуулан тэжээжээ. Тоо толгой нь ч нэлээд өссөн байна.
Сайн байна уу? Ахын дүү хонь гаргаж чадах уу гэсэн яриагаар бидний яриа эхлэв. Ах ч авчирсан бэлгээ Мөнхөө ахад өгч биднийг Орос цөцгий, өөрсдийн хийсэн талх, шинэхэн сүүгээр дайллаа. Ингээд биднийг гэрт орох уу, байшинд орох уу? гэхэд нь бид гэрийг сонгож орлоо. Тэнд 8 таван ханатай гэр 1 найман ханатай их гэр барьжээ. Шөнө дээр нь цэлмэг, битүү нарсан ойд очсон бид агаарт нам цохигдож, нойр хүрч эхэллээ. Яг далайн эрэг дээр гэрээ барьсан тул далайн хүчтэй давлагаа сайхан сонсогдож, цэвэр агаар нарсан ойн үнэр хамар онгойлгож, тархи сэргээнэ. Баяраа гэх залуу бид хоёрт үйлчилж, гал түлж гэр дулаацуулж, цагаан хэрэгсэл авчирч өгөв
Нэг мэдсэн өглөө болжээ. Гадаа тогтуун сайхан байлаа. Есдүгээр сарын 20-24 хүртэл бүх рашаан, булаг, гол горхи Байгаль далайд цутгаж байгаль тэр чигтээ рашаан болдог
гэсэн яриа байдаг тул Оросууд эргээр нь битүү амарч байв. Зарим нь бүр сэлж байлаа. Бид хоёр гутлаа тайлж, адис авч толгойдоо уснаас хүргээд эргээр нь жаал туулж алхлаа. Хөвсгөр зөөлөн элсэн дээр дэвсгэр дэвсэн унтахад сайхан байв. Мөн тэр хавийн амралтын газрууд хогийн савыг хаа сайгүй байрлуулсан байдаг аж. Эрэг дээр бүгд л янз бүрийн үзэмжтэй сандлууд болон хогийн савнууд байрлуулсан нь их таалагдсан. Номхон далайд очиж үзсэнээс биш ийм сайхан цэнгэг далайд анх удаа ирж байгаа болохоор бид хоёрын сэтгэл их хөөрнө. Моторт завиар аял гэхээр нь барьж чадахгүй учир эелдгээр татгалзлаа. Мөнхөө ахынд Модерн номадсийн тогооч хийж байсан Баяраа гээд залуу ажиллаж байна. Мод түлээ хагалахын дээр 25 минутад л бууз, цуйван хийдэг залуу аж.
Өглөө нь бүх үхрүүдээ сааж, саасан сүүгээ машинд хийж цөцгий болгоно. Өдөр бүр талх хийж зочдоо дайлна. Ганцаараа гэхэд их сэргэлэн, маш гялалзуур ажлаа амжуулна. Орой нь 56 градусын халуун болоход бид хоёр хүхэртэй рашаанд орлоо. Сайхан дүнзэн байшинд бассейн шиг зүйл хийжээ. Үүнд ороход хамаг биеийн ядаргаа гарч, хоёр хоног сайхан амраад Мөнхөө ахад талархсанаа илэрхийлж цааш 30 км байх Красандарс тосгонд очиж зорьсон ажлаа амжуулаад буцав. Өглөө эртлэн гарсан учир Улан-Үдэ хотод эрт ирэв. Тэгээд зочломтгой буриад айлаараа дахин нэг ороод ах эгч хоёрт баярласан, талархсанаа илэрхийлээд эх орны зүг хөдөллөө. Замд өнөөх л сурсан заншлаараа цагдаа нар зогсооно. Цагдаатай газруудыг сайтар тэмдэглэсэн байсан учир 1 километрийн наана ирээд л эхнэрээ жолоон дээр суулгаж цагдаа өнгөрөхөөр би өөрөө барьсаар хил рүүгээ орж ирэв.
Гэтэл Хиагтын Оросын шалган дээр Сэлэнгийн машин ухарч ирээд л манай машиныг мөргөчихлөө. Орос цэрэг сандарч хэчнээн удаа "Стоп" гэж орилоод ч нэмэр байхгүй мөргөв. Би ч бууж ирээд сүйдтэй эвдэрсэн зүйл байхгүйн дээр хүний нутагт нэгнийхээ мууг үзээд яахав гэж бодоод хар цагаан үггүй уучлаарай гэдэг үгтэй хамт эргэж суулаа. Монголын хилээр орж ирэхэд сайхан шижгэнэсэн залуучууд маш эелдгээр мэндчилж бид хоёрт тусална. Эх оронд минь ямар нэгэн хууль дүрэм тэр болгон үйлчлээд байдаггүй ч ямар сайхан юм бэ? Ёстой л нэг дунд чөмгөөрөө дураараа дургиж давхиж гарав. Өнөөх олон нүх. Ямар сайндаа нүхнүүдээс нь бултаж явсаар араггүй эрхэнд нэг том нүх дайрч дугуйгаа зад авсныг эс тооцвол өөр зүйл тохиолдсонгүй. Манай улс хөгжсөн ч юм шиг. Улан-Үдэ хот манай хөгжлийн хаана ч хүрэхгүй юм шиг. Тэгсэн мөртлөө тэнд хууль дүрэм, явган зорчигчоо дээдлэх хүсэл, аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг хүмүүс ихтэй санагдсан. Лав л тэр "Өгөөмөр"ийн нөхдүүд шиг намайг хулхитаагүй. Эсвэл бид муу муухай газраар нь ч яваагүй байж болно. Маш олон адал явдалтай зүйлс тохиолдсон ч уншигч таныг чилээхгүйн тулд хөгтэй аяллынхаа талаар товчхон бичихэд ийм байна. Жич: Визгүй болохоос сарын өмнө аялсан болно.
iluu ihiig niitleerei sonirholtoi baina bayrlalaa