Нийтлэл 09 сарын 28, 2015

ХАЛХ ГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫН ҮНЭ ЦЭНЭ 5 БАРИМТААР

Би өмнө нь Нүд алдам Халх голын тал нутгийг фото зургаар танилцуулсан. Энэ удаа Халх голын бүс нутаг түүх, угсаатны зүй, соёлын хувьд ямар үнэ цэнэтэй газар болох тухай 6 баримтаар хүргэе.

Нэг. Түүхийн дурсгалт газрын ач холбогдлыг Түүхэн газар зүй, хэл шинжлэл буюу Топонимикийн судалгаагаар авч үздэг. Үүнд: 15-р зууны эцэст түүх сурвалжид тэмдэглэгдэх болсон ХАЛХ хэмээх газар, усны нэрний гарлыг энэ газартай холбож үздэг.

Хангай ханд сууж Харин ирэхийн хайгуул болсон

Халуун аминд түшээ болсон Халх түмэн

гэсэн эх сурвалжийн мэдээнд ХАЛХ гэдэг нэршил 15-р зуунд үүссэнийг батлах цорын ганц түүхэн газар байдаг. Энэ бүс нутгийн газар усны нэр бүгд монгол хэлний язгуур нэртэй. Мана уул, Нөмрөг, Хэрээ, Хамар даваа, Хайлааст манхан, Мэнэнгийн тал, Тамсагбулаг, Сүмбэр гэх мэт. Монгол нэрийн язгуурыг хадгалсан Мана уул энд байдаг учир түүхэн хэл шинжлэл, түүхэн ач холбогдлынхоо хувьд их чухал газар.

Хоёр. Мөн энэ бүс нутагт Монголын Нууц товчоонд тэмдэглэгдсэн олон газар усны нэрс байдаг бөгөөд 13-р зууны язгуур нэршил өгч сэргээх боломж маш их байдаг. Домог, түүх агуулсан газар усны нэрс дотоодын аялал жуулчлал болон эх орон, түүхийн боловсролын аялал, хүмүүжилд онцгой ач холбогдол үзүүлэх боломжтой.

Гурав. Халхын сүм: Монгол орны зүүн хязгаарын хамгийн ариун дагшин газар гэж ХАЛХ ГОЛ-ыг нэрийдээд Сэцэн хаан аймгаас тэнд ХАЛХЫН СҮМ-ийг байгуулж, Барга, Манж нартай тохиролцож Халхын сүмд ээлжлэн тахилга өргөдөг байсан тухай түүхэн баримт байдаг. Халхын сүм болон Тоо Вангийн байгуулсан Их Бурхантын цогцолбор нь Монгол улсын зүүн хязгаарын дархлаа, ТАМГА болж байсан байна.

Дөрөв. Археологийн судалгааны арвин их өв энэ бүс нутагт байсан. ХАЛХ ГОЛ болон БУЙР нуурын сав нутаг  МОНГОЛЫН АРХЕОЛОГИ, УГСААТНЫ ЗҮЙН их том “судлагдаж хараахан гүйцээгүй газар” гэж тодорхойлж болно. Энэ бүс нутагт түүхийн бүхий л үеийн судалгааны сан хөмрөг байна. Тухайлбал, 1-рт, Шинэ чулуун зэвсэгийн соёлын харуулах хамгийн том Тамсагбулагийн Соёл цаашлагдаагүй хэвээрээ л байна. 2-рт, Мохей, Хятан, Дорнодын нүүдэлчдийн археологийн олдворыг илрүүлэх, судлах малтлага судалгаа энэ бүс нутагт маш бага хийгдсэн. Манай археологичдын эдийн засаг, хөрөнгө мөнгөний боломж хүрэлцээгүй байгаагаас судалгаа хийгдэж чадахгүй байна. Монгол язгууртны дурсгалд Шонх таван толгойн хүн чулуу (XIII-XIV зуун) Халх гол сумын төвөөс өмнө зүгт 7 км-т бий. 3-рт, Байлдааны талбарын археологи гэдэг цоо шинэ судалгааны салбарыг энэ бүс нутагт эхлүүлэх бүрэн боломжтой. Дэлхий дахинд ийм судалгаа хийх цөөхөн талбарын нэг нь ХАЛХ ГОЛ бөгөөд сайн судлагдсанаар Халхын голын дайны түүхэн ач холбогдол болон олон улсын нэр хүндийг шинээр гаргаж ирэх бүрэн боломжтой. 4-рт энэ бүс нутагт Дэлхийн дайны түүхэнд хамгийн том агаарын тулаан, хамгийн олон зэвсэг техник нэгж талбайд хэрэглэсэн, хамгийн бага газрыг хамарсан хамгийн том тулалдаан зэрэг олон үзүүлэлтээр дэлхийн түүхэнд үлдсэн. 5-рт, Түүхэнд хэцүү Тоо ван(1859-1864 он) гэж алдаршсан Соён гийгүүлэгчийн Халх гол сумаас хойш 30 км-т  байх Их Бурхант  цогцолбор нь Монгол улсын хосгүй үнэт дурсгал . 30м урт хэвтээ Жанрайсэг, 200 110см хэмжээтэй 12 суварга, 20 жижиг бурхад  бүтээсэн нь Соёлын түүхийн Цогцолбор байдаг. 6-рт Халх голын бүс бол Монгол угсаатны нүүдлийн зүүн хэсгийн гол зангилаа (халх, буриад, барга, үзэмчин) нутаг. Энэ бүс нутагт угсаатан, нийгэм – соёлын антропологийн судалгааны сонирхолтой судалгаа хийх хэрэгтэй чухал газар.

Тав. Энэ бүс нутаг ТҮҮХ СОЁЛ – БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР газар нутгийн хувьд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох бүрэн боломжтой газар. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ хөгжүүлэхийн тулд: Тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлж болно. Хөх цэрэг буюу цэрэг эх орны сэдэвтэй аялал, Монголын түүхийн сэдэвчилсэн аялал, адал явдалт аялал зохион байгуулж болно. Олон улсын аялалын хувьд Зүүн хойд Азийн аялал жуулчлалын бүс нутагт энэ газар ордог учир Торгоны замын аяллын сүлжээнд оролцуулах бүрэн боломжтой.

Зах зухаас нь дурдахад ийм их түүх соёлын арвин өв агуулсан газар нутгийг Монгол улс чөлөөт бүсийн статусаар глобалчлах биш харин ч Монголын түүх, соёлын дахин давтагдашгүй өв газар гэдэг утгаар ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon