Нийтлэл 11 сарын 04, 2015

Боломж үргэлж таныг дагаж явдаг

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган "Шинэ Монгол Тренд" анхны номоо хэвлүүлэн уншигчдын хүртээл болгожээ. Тэрээр номын эхлэл хэсэгтээ "Аугаа зүйл бүхэн энгийнээс эхэлдэг. Энгийн зүйлсээс эхлэх, өөрөөс хамаарах өөрчлөлт, зөвд тэмүүлэх хандлагыг бий болгодог" хэмээн бичжээ. Тиймээс нийгэмд бугшсан асуудлууд, бидний сэтгэлгээний хоцрогдлоос үүдэлтэй бүхэнд зөв хандлагыг хамтдаа трэнд болгохыг хүсч энэхүү номоо бичжээ. Та бүхэндээ уг номын "Боломж үргэлж таныг дагаж явдаг"  хэсгийг хүргэж байна. 

Боломж их багадаа биш, хэдийн хэмжээгээр хүсч байгаадаа л учир нь байдаг 

Саяхандаа саяхан сошиал ертөнцөд хамгийн их дуулиан тарьсан мэдээлэл бол Л.Баяржаргал хэмээх залуу эрдэмтний ахалсан олон орны судлаачдын баг хямд төсөр аргаар алмаз ургуулах аргыг нээсэн явдал байлаа. Шинээр алмаз ургуулж, эсвэл шинэ төрлийн ордыг тусгайлан хайж олох нөхцөлд бүрдэхийг нээж чадсан түүний амжилт Нобелийн шагналыг дагуулж магадгүй гэж монголчууд, германчуудад нууцхан хүлээлт үүсгэсэн гэх. Монголчуудын хувьд дэлхийн эрдэмтэдтэй шинжлэх ухааны салбарт хүч тэнцүү өрсөлдөж байгаа залуу эрдэмтний тухай сонсоод цөс нь хөөрч, чих тавин анзаарч байв.

 “Алмаз үүсэх нөхцлийг ойлгож авахад энэхүү шинэ аргын ач холбогдол нь оршиж байгаа” гэж нээлтээ даруухнаар тайлбарлах эл залуу бусдын л адил монголдоо боловсрол эзэмшиж, дундаж гэж тодотголтой айлд хүмүүжсэн нэгэн. Үүнийг тодотгохын учир Л.Баяржаргалын амжилт шинэ залуу үеийнхэнд ирээдүйн амьдралынхаа сайн сайхны төлөө зорилго тэмүүлэлтэй байж, тууштай хөдөлмөр зүтгэлээр жигүүрлэж чадвал амжилтад хүрдгийн яруу тод жишээ юм гэж бодсонд байгаа юм.

Яг энэ цаг үе, нийгэмд зорилготой, мөрөөдөлтэй, түүндээ хүрэх зүтгэлтэй, итгэлтэй, хүчтэй нэгэн үе ус агаар шиг хэрэгтэй байна. Учир нь хүчирхэг бие хүн гэдэг улс орны хөгжлийн үндэс нь. Тархи нь хоосон хүн өдрийн хоолоо, толгойдоо бодолтой хүн ирээдүйн үүцээ давхар бэлтгэдэг гэсэн алдуул үг ч бий.

Тэгвэл өнөөдөр монгол хүний хөгжил ямар түвшинд байгаа бол... Өнгөрсөн жил Японы Токио хот НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төвөөс танилцуулсан дэлхийн улс орнуудын хүний хөгжлийн индексээр Монгол Улс маань дундаж гэсэн үзүүлэлттэй орнуудын нэгд буюу 134-т бичигдсэнийг хаанаас ч харж болно. Угтаа үүнийг монгол хүнийг эрүүл саруул байж урт удаан наслах, бүтээлчээр ажиллах, таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн байдал нь ямар түвшинд байгааг харуулсан хэрэг гэж ойлгож болох юм. Үнэндээ өнгөрсөн хугацаанд бидэнд эрүүл саруул байх, аюулгүй орчинд амьдрах, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшихээс эхлээд хүнээ хөгжүүлэх бодлого, хүртээмжийн хүрээ тааруу байсныг би шүүмжилмээргүй байна.

Шүүмжлэх шиг амархан зүйл үгүй. Тиймээс төр засгаас, хэн нэгнээс загас өгөхийг хүлээх бус өөрөө загас барих аргад суралцах нь амжилтын үндэс. Хүчирхэг эдийн засагтай, олон орны залуусаас урьтаж барианд орохын тулд маш их зүтгэх хэрэгтэй гэдгийг дахин дахин сануулмаар санагддаг.

Италид бизнесийн сургуульд хамт сурч байсан оюутнуудаас би нэг зүйлээрээ онцгой ялгарч байлаа. Тэдний дийлэнх нь бизнесээ өвлөн авч байгаа, гялалзаж яваа бизнесмен, эсвэл томоохон компани, корпорацид менежерийн төвшинд хүрэхээр ажиллаж байгаа ирээдүй, зорилго нь тодорхой нөхдүүд байлаа. Над шиг шинээр бизнес хийнэ ээ гэж хэлж байсан хүн байгаагүй. Тэдний хувь би буурай орноос тэтгэлгээр суралцаж байгаа, гэр бүлтэй, ядуу ази залуу. “Язгууртан” гаралтай, зиндаархах дуртай тэдгээр залуус толгой дээгүүр, харц өндөрт явж мань мэттэй үл харьцана. 

Тиймээс би энэ сургуулийг нэр төртэйгөөр дүүргэх зорилгыг өөртөө тавьсан юм. Суралцаж байгаа тэдгээр нөхдүүд бүгд итали хэлтэй. Миний хувьд англи хэлтэй байсан маань бага зэрэг давуу тал олгож байлаа. Гэхдээ хичээлийн 85 хувь нь итали хэлээр ордог болохоор би итали хэл яаралтай сурах шаардлагатай болсон учир “Эрчимжүүлсэн Итали хэлний сургалтад хамрагдав. Өдөр бүр есөн цаг үндсэн хичээлдээ суучихаад хэлний эрчимжүүлсэн сургалтандаа дахиад гурван цаг хичээллэдэг байлаа. Ингээд шөнийн бор хоногтоо гэрийн бараа харна. Жаахан хоол цай идэж аваад л хичээлээ давтаж, даалгавраа нухсаар байгаад үүрээр багахаан нойр авдаг байв. Чимххэн нойрны ямар амттайг тэгэхэд үнэхээр мэдэрдэг байсан. Дээр нь гэр бүлээ тэжээх хоол ундыг нь дөхүүлж өгөх гээд гэрийн эзний үүргээ амжуулна.

Хичээсэн минь талаар өнгөрөөгүй ээ. Зургаахан сарын дараа би анхны шалгалтандаа онц дүн авч билээ. Нөгөө хэнийг ч үл тоодог “дээгүүр толгойт”-нууд анх удаа намайг сониучирхан харах тэр харцыг би одоо ч тодхон санадаг. Удалгүй тэдэнтэйгээ нөхөрлөж, бас өрсөлдөж эхэлсэн юм. Өөрийнхөө унаж босч явсан эл дурсамжийг энд өгүүлэхийн учир нь монгол залуус хүрэх өндөрлөгөө л харчихвал түүндээ хүрэх тэмүүлэл, сэтгэлийн хат тэвчээр бас оюуны ямар их бяд байдгийг хэлэх гэсэн хэрэг л дээ. Цэгээ мэдэхгүй нисч байж цагаа бололгүй унахгүйн тулд зорилгоо зөв тодорхойлчихвол хүрэхэд хялбар байдаг юм билээ. Хүн бүхэнд боломж яг адил заяадаг.

Түүнчлэн залуусдаа англи хэлийг эх хэл шигээ эзэмших хэрэгтэй гэж зөвлөмөөр санагддаг. Англи хэлтэй болчихвол та гартаа тамга хөзөртэй боллоо л гэсэн үг. Англи хэл хэн нэгэнтэй ярилцах ойлголцох хэрэглээг чинь хангахаас гадна түүнийг өөрийгөө хөгжүүлэх зэр зэвсгээ болгох хэрэгтэй. Өнөөдөр цахим мэдээллийн нэг товчлуурыг дарахад л та англи хэлнийхээ буянд ямар ч мэдээллийг олон эх сурвалжтай харьцуулан авч чадна. Хүсвэл та дэлхийд гайхагддаг сургуулиудын номын сан руу нэвтрэхэд ч саадгүй.

Товчоор хэлбэл, та англи хэлнийхээ амжилтад хүрэх, хувь хүнээ хөгжүүлэх оюуны шавхагдашгүй уурхайтай боллоо гэсэн үг. Энэ бол боломж. Боломж үргэлж таныг дагаж яваа. Олж хараад шүүрч ав. Эцэст нь би залуучууддаа цаг хугацааны боол нь биш эзэн байж, их амьдралын урсгалыг дагаж бус сөрж зүтгэхийг л уриалаад байгаа санаатай. Харин залуу хүн та хийе гэсэн хүнд арга нь, хийхгүй гэсэнд нь шалтаг олддогийн үнэнийг гүйцэлдүүлж өөрөөсөө хамаарах бүхнийг уйгагүй хийх зөв дадлыг эзэмших хэрэгтэй.

“Амьд атлаа үхсэн мэт хүн байна, үхсэн атлаа амьд мэт хүмүүс байх юм” гэж яруу найрагч О.Дашбалбар агсаны нэгэнтээ хэлсэнчлэн хэрхэн амьдрахаа сонгох эрх таны гарт гэдгийг сануулах гэсэн юм. 

 

 

Сэтгэгдэл бичих

    • сурагч
    • 2020-11-13

    zayagdsan bolomjoo zub ashilglana gedeg ni hubi hunees l shaltgaalna. unuudr yamr net ni baydlaar gemtej bertlee gehed ta bi yu c hiij cadhaa bailaa gj hebtehees ger bulteigee iluu ih tsagaa hamt unguruulj, shiniig surc medej uuriiguu uur 1 talaas ni hugjuuleh BOLOMJTOY yum.

    • Shudraga irgen
    • 2015-11-19

    Huniig yu hiine gesneer ni bish yu hiisen be gedgeer ni gedeg ug bii. Ulsiin tetgelgeer (ard tumnii tatvariin mongoor) gadaadad surch uul uurhain ded said gedeg hen buhnii hurch chadahgui suudald bhdaa YU HIISEN BE? Eh ornii buyan gazriin tosondoo gants filter olood tavichihaj chadaagui bugdiig ni hujaa ruu ursgaj bhdaa ter onts sursan medlegneesee hereglesen bol nomiig chini avch ishleluudiig chini twitterleh bailaa.

    • Zochin
    • 2015-11-12

    Zuv bodoltoi zuv sanaatai zaluudaa ulam ih amjilt husie.zaluu uedee ulger duurailal bolj zuvluj uls ornoo zuv zamaar l hugjuuleh l chuhal bn da negen duugaar negdej chin setgeltei l ajillah l heregtei8 yumiig bagaas l ehleh zuv goldilold oruulah n chuhal bh gej bodoj bn.

    • Зочин
    • 2015-11-06

    iim l zaluus olon bh heregtei yum shig.

    • asdf
    • 2015-11-05

    saihan bichsen baina. amjilt husye

    • byambaa
    • 2015-11-05

    Bayarlalaa, urgelj saihan sanaa, ololt amjiltiig bidend tugeej baigaarai. Bidend baitugai ur huuhded maani sanaa abah zuil ih bn.

    • ...
    • 2015-11-05

    Bygd l temchej surch bga, business chini yu bolson

    • urgust sarnai
    • 2015-11-04

    shan bichijee temtsel hanhalj bn shuu

    • Зочин
    • 2015-11-04

    сайхан бичиж

arrow icon