Өмнөх удаагийн Байгалийн ухааны суурь боловсрол– Олон улсын практик ба онолын жишээ өгүүллээрээ байгалийн ухааны салбарууд хоорондоо салшгүй холбоотой тухай, цаашилбал энэ дотор математик ямар чухал үүрэг гүйцэтгэдэг тухай бичсэн билээ. Мөн үүний нэг илрэл, Япон улсын Токиогийн Их сургуульд байгалийн ухаан (үүнд хэрэглээний шинжлэх ухаан багтана) болон инженерчлэлийн чиглэлээр сурдаг оюутнууд ялгаагүй байгалийн ухааны суурь хичээлүүд үздэг тухай бичсэн. Тэгвэл энэ удаа тэд элсэн орохдоо ямар шалгалт өгдөг тухай өөрийн ажилладаг салбар болох математикийн салбараар жишээ авч танилцуулъя.
Токиогийн Их Сургуулийн элсэлтийн шалгалт нь дараах гурван үндсэн байр суурийг барьдаг. Үүнд:
- Шалгалтын агуулга нь ахлах ангидаа эзэмшвэл зохих мэдлэг чадварыг шалгана.
- Элсэн орсныхоо дараа амжилттай суралцахад хүрэлцэхүйц мэргэжлийн чиглэл хамааралгүй олон зүйлд суралцах чадвар болон гадаад хэлээр өөрийгөө илэрхийлэх, ойлголцох чадвар суусан байхыг шаардана. Иймд байгалийн ухаанаар суралцахыг хүсэгчдээс нийгмийн ухааны суурь мэдлэгийн, нийгмийн ухаанаар суралцахыг хүсэгчдээс байгалийн ухааны суурь мэдлэгийн, мөн бүх сурагчаас гадаад хэлний суурь мэдлэгийн шалгалт авна.
- Зөвхөн
мэдлэг хураагаад зогсохгүй, олсон мэдлэгийнхээ уялдаа холбоог харж, түүнийгээ хэрэглэж чадах чадварыг чухалчилна
. Тийм учир Токиогийн Их сургуульд элсэн орохыг хүсвэл ахлах ангидаа аль болох олон зүйлийг аль болох гүнзгий судлахыг зөвлөдөг. Үүн дотор математик нь байгалийн ухааны суурь болоод зогсохгүй нийгмийн ухааны бүхий л салбарт өргөн хэрэглэгддэг. Иймд зөвхөн ахлах ангийн математикийн агуулгаа сураад зогсох биш ирээдүйд математикийг хэрэглэж чаддаг болохын тулд элсэн орохоосоо өмнө дараах чадваруудыг эзэмшсэн байхыг зөвлөдөг.
Үүнд:
- Математик сэтгэх чадвар.
Төрөл бүрийн бодлогыг математик аргаар бодохын тулд тухайн бодлогын гол асуудлыг математикаар ойлгон илэрхийлж түүнийгээ математикийн ойлголтууд ашиглан томьёолох чадвар хэрэгтэй. Энэ нь аль болох олон теорем болон томьёо цээжлэх, эсвэл тэднийгээ ашиглан бодлого бодох аргачлалд суралцах гэсэн үг биш
юм. Энд шаардагдах чадвар нь өгөгдсөн бодлогын мөн чанарыг олж харах чадвар өөрөөр хэлбэл математикаар сэтгэх, ойлгох чадвар юм. Тус сургуулийн элсэлтийн шалгалтад ахлах ангийн хичээлийн агуулгаас давсан математикийн мэдлэг эсвэл техник шаардах бодлого ирэхгүй. Харин “математик сэтгэх чадварт” илүү ач холбогдол өгөгдөнө.
- Математик илэрхийлэх чадвар.
Математикаар бодлого бодно гэдэг нь зүгээр л томьёо ашиглан тооцоо хийгээд хариуг нь олно гэсэн үг биш
юм. Юу сэтгэж, ямар аргаар яаж бодсоноо математикийн зөв илэрхийлэл ашиглан логиктой, дэс дараатай тайлбарлах хэрэгтэй. Элсэлтийн шалгалтад ч гэсэн өөрийн хийсэн бодолтоо бусдад ойлгомжтой тайлбарлах буюу “математикаар илэрхийлэх чадварыг” шалгана. Ийм учир жирийн үед хичээл хийхдээ ч зөвхөн бодлого бодох биш, бодолтоо үнэн зөв, товч тодорхой, дэс дараатайгаар цаасан дээр хүнд ойлгомжтойгоор буулгах дасгал сайн хийх хэрэгтэй байдаг.
- Өргөн хүрээний математик чадвар.
Математик ашиглан төрөл бүрийн асуудлыг шийдэхэд математикийг хэл, хэрэглүүр болгон ашиглах чадвар шаардагдахтай нэгэн зэрэг бусад олон салбарын мэдлэг, чадвартай нийлүүлээд “асуудал шийдвэрлэх өргөн хүрээний чадвар” шаардлагатай. Элсэлтийн шалгалтаар математик сэтгэлгээ, илэрхийлэл болон өргөн хүрээний чадварыг тэгш эзэмшсэн эсэхийг шалгана. Ямар төвшний бодлогуудаар шалгалт авдаг болохыг 2013 оны элсэлтийн шалгалтыг жишээ болгон харъя. Та ч гэсэн (нэг бодлогыг дунджаар 25 минутад) бодож чадах эсэхээ сориорой. Эхнийх нь байгалийн ухааны (байгалийн шинжлэх ухаан, хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэл) чиглэлээр суралцахыг хүссэн сурагчдын, дараагийнх нь нийгмийн ухааны (нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухаан) чиглэлээр суралцахыг хүссэн сурагчдын шалгалтын бодлогууд шүү.
Manaid konkursyn bodlogyg zov bodsonoo neg jijig duguig harandaagaar harluulj ilerhiilne (yamar ch bilee huulind tegej zaasan baidag, undsen huuli biluu yuu bilee). Yuun setgeh, yuun emotsi, yuun daraalal, yuuny ilerhiilel yariad bainaa. Bodoh arguud, bas bodoltoo bichih daraalal gej bas neg bogloh test baival zugeer yum. Chi nadad baigaliin uhaany 5-r bodlogyg bogloh test bolgood ogooch. Bodoj bishee bogloj bolohgui baina.