Шинэхэн өглөө хөглөрсөн хогтой гудмаар алхахад ямар муухай мэдрэмж төрдөг гээч
. Энэ мэдрэмж олон хүнийг бухимдуулан, тавгүйтүүлж эхэлдэг. Гэрийнхээ хаалгаар гаруут ууттай эсвэл талын нэг тарсан хог хөлөөр нэг хөглөрөхтэй таарахаар “Хогоо гаргаж хаяад хогийн савандаа хийгээч ээ” гэж өөрийн эрхгүй цухалдангуй хэнд ч юм бэ хэлдэг. Энэ нь ганц орон сууцныхны зовлон биш. Гэр хорооллынхон хашааныхаа гадна хогоо хаяж, угаадсаа асгачихдаг нь нийтлэг үзэгдэл. Тэр орцоор, бохир нь нэлийсэн гудамжаар бид явж, хүүхдүүд нь гүйлдэж, тоглож нааддаг. Гэрийнхээ хаалгыг л давуулсан бол манайх биш гэсэн энэ сэтгэлгээний золионд хүмүүс эрүүл мэндээ хохироож байгаагаа ухаардаггүй нь харамсалтай. Сая давсан хүн амтай их хотын иргэн гэж бахархах дуртай мөртлөө хотын төвөөр машинтайгаа зорчихдоо цонхоороо хогоо хаядаг хүмүүс ч цөөнгүй. Надтай адил энэ асуудалд хүн бүр санаа зовнидог мөртлөө дор бүрнээ ухамсартай хандаж “муухай” дадал зуршлаа өөрчилж чадаж байгаа нь хэд бол?!Би цахим ертөнцөд идэвхтэй байдаг хүмүүсийн нэг. Эндээс өөрт хэрэгтэй мэдээллээ авахын зэрэгцээ санаа оноогоо бусадтай хуваалцах үзэл бодлын минь талбар болдог. Саяхан би “ХогBucketChallenge” аяныг хэдэн залуус санаачлан бусдыгаа уриалсан тухай мэдээллийг цахим ертөнцөөс олж хараад алга ташсан. Тэдний санаачилсан ажил амьдрал дээр бодитоор хэрэгжиж, хувь хүн, байгууллагууд идэвхийлэн оролцож буйд талархаж байна. Гол нь бид нэгнийхээ санаачилгыг хэсэгхэн хугацаанд дэмжих төдий өнгөрөх бус түүнээ дадал зуршил болгох л чухал.
Хүн бүр хогоо дуртай газраа тавьж, таарсан газраа хаядаг дадал зуршлаа л гээчихмээр байна
. Хэзээ ч билээ дээ, нэг ийм түүх сонсож байсан юм. Нэгэн ядарсан хүн сайхан амьдрахын тулд хичээгээд л байхад ядуу хэвээрээ л байгаад байж. Энэ тухайгаа бурханд хэлэхэд “Чамтай нэг гол таарна. Тэр гол руу чулуу аваад л шидээд бай. Тэгэхэд нэгэн онцгой өнгөтэй чулуу таарна. Тэрийг олж аваарай, тэгвэл чиний амьдрал сайхан болно” гэж бурхан хэлэв. Нөгөө хүн хэлснээр нь чулуу аваад шидээд байж, их олон өдөр шидэж л дээ. Гэсэн ч бурханы хэлсэн чулуу олдсонгүй. Өнөөх эр“ Би их олон хоног чулуу шидлээ. Гэвч таны хэлсэн тэр чулуу олдсонгүй” гэж. Бурхан хариуд нь “Тэр чулууг чи олсон. Гэвч бусад чулууны адил гол руу шидчихсэн шүү дээ” гэсэн байна. Яахав мань хүний хувьд чулуу шидэх нь дадал зуршил болчихсон байсан учраас хэрэгтэйгээ олж авчихаад шууд шидчихсэн хэрэг. Тэгэхээр хүний дадал зуршил тийм хүчтэй байх нь. Муу дадал зуршлаа сайнаар л сольж, бид тархинынхаа хогийг цэвэрлэвэл орчны хог аяндаа арилах нь.
Ганц хог бус хотынхны хувьд замын хөдөлгөөнд оролцох байдал бас л мөнхийн асуудал. Явган хүний гарцгүй газраар эсвэл явган хүний гарцаар улаан гэрлээр хүүгээ тэвэрсэн аав, охиноо хөтөлсөн ээж, оюутан залуус гээд нийтээрээ шахуу зам хөндлөн гарчихдаг. Жолооч нар нь ч явган зорчигчдоо зам тавилгүй улаан гэрлээр давхилдана. Хааяа харахаар яг л гарааны зурхайнаас уралдахаар гарч буй хурдан морьд шиг л инээдтэй бөгөөд эмгэнэлтэй санагддаг. Аль аль нь хэдхэн секунд тэвчээгүйгээсээ болж олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Статистик тоог энд бичмээргүй байна. Дайнтай улсад амиа алдаж буй хүмүүсээс даруй илүү хүн манай улсад зам тээврийн ослоос болж нас бардаг гэсэн мэдээллээс бодоход ойлгомжтой. Үүнээс гадна бэртэж гэмтсэнийг тоочвол нэлээд тоо гарна. Хүүхдээ хүртэл улаан гэрлээр, гарцгүй газраар чирч гарахаар “Аан ингэж болдог юм байна” гэсэн ойлголт багаас нь суугаад дадал зуршил болчихож байгааг томчууд бид тоолгүй өнгөрөх. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг шиг бид дүү нартаа, хүүхдүүддээ ийм л үлгэр дууриалал үзүүлэх юм даа.
Нийслэлийн удирдлагаас дээрх байдлыг зогсоохоор улаан эрэг шонгууд хүртэл босгосон. Гэсэн ч жолооч нар замын дундаас эргэж, иргэд гарцгүй газраар “бэлчээд” байхаар нь цагаан төмөр хайс, хашлагыг замын голоор хүртэл тавилаа. Удаагүй дээ, насанд хүрсэн эрчүүд төмөр хашаан дээгүүр нь давж, жаахан хөвгүүд “би юугаараа дутах вэ” гэсэн шиг доогуур нь цүнхтэйгээ шургасан дүр төрхөөр солигдож билээ.
Орчлон ертөнцийг орвонгоор нь эргүүлж сайхан болгох тухай шаналах бус зүгээр л өөрийнхөө буруу дадал зуршлаа хаячих
вал өөрсдийгөө, үр хүүхдээ ч аюулаас хамгаалж чадна гэдгийг л толгойдоо “хийе”.Хамгийн сайхан шүлгийг энгийн үгээр бичдэг, хамгийн сайн ваарыг энгийн шавраар хийдэг гэдэг. Үүнтэй адил хамгийн сайн үйл, дадал зуршил хэн ч анзаарамгүй хамгийн энгийн зүйлээс л эхэлдэг. Наанадаж л хогоо ил задгай хаяхгүй, улаан гэрлээр зам хөндлөн гарч болохгүй зэргийг ухамсарлаж, түүнийгээ байнгын дадал зуршлаа болгож чадвал эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд нэг алхмаар урагшлах биз ээ.
Сэтгэгдэл бичих